Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/ШШ2019/0013

 

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/ШШ2019/0013

Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О овогтой С-ийн Ж /РД:--********/

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолгох 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ж нь 2018 оны 11 дүгээр сард банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага, баримт бичгийн бүрдүүлбэрүүдийг судлуулах, зөвлөгөө авахаар хуульч Н.Ө-д хандаж, хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Хууль Н.Ө нь мэргэжлийнхээ дагуу надад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байх явцдаа 2018 оны 11 дүгээр сард банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр батлагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд /захиргааны хэм хэмжээний акт/ нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж батлагдсан болохыг тайлбарлаж мэдэгдсэн тул уг асуудлыг захиргааны журмаар урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр хуульч Н.Ө намайг төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан.

Дээрх гомдлын дагуу Хяналтын зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот дугаартай албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөхөн бүртгүүлсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй байна хэмээн дурджээ.

Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн шаардлага, холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан гэж үзэж байгаа тул дараах үндэслэлүүдээр уг тогтоолуудыг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд нь анхнаасаа батлагдаж гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62, 64.3, 64.4, 65, 66, 67 дугаар зүйлүүдэд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй батлагдсан. Тухайлбал: Миний 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлын дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд нөхөж бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн тогтоолоор тогтоосон захиргааны хэм хэмжээний акт нь батлагдсанаас хойш хоёр жил гаруй хугацаанд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэлгүй хэрэгжиж ирсэн байна. Үүнийгээ ч Санхүүгийн зохицуулах хороо хүлээн зөвшөөрч нөхөж бүртгүүлсэн байна.

Дээрх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг батлахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж, олон нийтээс санал авсан талаар байх ёстой ба энэ талаарх баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу дээрх тогтоолоор тогтоосон хэм хэмжээний актын төслийг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бүлгийн хүрээнд буюу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, тэдгээрийн удирдлагын хүрээнд танилцуулж, холбогдох санал, хүсэлтийг нь тусгах зорилгоор урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж байгаа этгээдүүд оролцох боломж олгосон байх ёстой. Гэтэл тухайн хэм хэмжээний актуудыг батлахдаа дээрх ажиллагааг огт хийлгүй баталсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасны дагуу дээрх хэм хэмжээний актуудыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлэх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэснээс хойш 10 хоногийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд”-д нийтлэх ба хуулийн 67.2-т зааснаар хүчин төгөлдөр болохоор зохицуулсан.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр бололгүйгээр 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд 550 орчим банк бус санхүүгийн байгууллагын эрх , хууль ёсны ашиг сонирхолд харшилсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам ямар үндэслэлээр батлагдаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад нөхөж бүртгэсэн, ямар бичиг баримт /хийгдээгүй хэлэлцүүлэг, хэлэлцүүлгийн тэмдэглэл, протокол, цахим хуудсанд огт байршаагүй төсөл болон бусад тухайн үед хийгдэх ёстой баримт материалыг нөхөж бүрдүүлсэн байх боломжгүй/ дээр үндэслэж бүртгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай ба үүнд Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62, 66, 67 дугаар зүйлүүдэд заасан шаардлагуудыг хангасан  эсэх нь эргэлзээтэй байна.

Хороо нь хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-т зааснаар “аливаа асуудлыг Хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд дарга гарын үсэг зурах” хэлбэрээр шийдвэр гаргах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т зааснаар “хамтын удирдлага бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр гаргахыг” хориглодог онцлогтой. Хорооны гишүүн нь хорооны хуралд оролцож, санал өгөх эрх бүхий Улсын Их Хурлаас томилогдсон Хорооны удирдлага юм. Гэтэл Хорооны гишүүн Л.Э ярилцлагадаа маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 тоот тогтоолыг батлан гаргахдаа хууль зөрчсөн талаар дурджээ. Тухайлбал, тэрээр “Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д нь Хорооны хурлаар шийдэж гаргасан тогтоолыг утга найруулга, үг үсгийг нь өөрчлөөд гаргачихсан байгаа юм. Энэ бол гэмт хэрэг. Шинээр байгуулагдаж буй банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг өөрчлөх тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг цаасан дээр буулгаж албажуулж, хэлбэржүүлэхдээ агуулга, найруулгыг нь засаад гаргачихсан байгаа юм. Энэ тухай гишүүд бид тэр үед нь мэдээгүй, сүүлд хэвлэлээр гарсан мэдээллийн дагуу шүүлт хийхэд бидний гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоолоос шал өөр болсон нь үнэн байсан. Надад одоо тэр өөрчилж гаргасан материал байгаа” гэжээ.

Үүнээс харахад дээрх тогтоол нь батлагдахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин гарсан бол хэлбэржиж албажихдаа Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хэлэлцсэнээс өөрөөр хэлбэржиж гарсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Хорооны хурлаар оруулж, хэлэлцүүлж батлагдсан тогтоолын төслийн 1-д “Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргээс бусад дүүрэгт шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн ...” гэж байгаа бол хэлбэржиж гарсан 271 дүгээр тогтоолын 1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн ...” гэж гарсан буюу “Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргээс бусад дүүрэгт” гэсэн агуулгын томоохон хэсэг хасагдаж тогтоол гарсан  байна. Дээрх асуудлыг Хорооны гишүүн Л.Э хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдаж, холбогдох баримтууд нь мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байгаа тул батлагдсан процессыг холбогдох хуульд заасны дагуу тогтоох нь зүйтэй болов уу.

Миний бие С.Ж нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ буюу найман зуун сая төгрөгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан хамтрагчидтайгаа хамт бүрдүүлэн холбогдох бусад шаардлагуудыг хангаж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч Санхүүгийн зохицуулах хорооноос Захиргааны ерөнхий хууль зөрчиж гаргасан 2016 оны 271 тоот тогтоол нь энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 тоот тогтоол нь банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг найман зуун саяаас хоёр тэрбум таван зуун сая төгрөг болгон огцом өсгөсөн шийдвэр гаргасан бөгөөд 2017 оны 27 дугаар тогтоолоор үйл ажиллагаа явуулж байсан банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх хуваарийг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолын 3-т заасны дагуу гаргасан буюу энэ хоёр тогтоолууд нь нэг харилцааг зохицуулсан, үргэлжилсэн шинжтэй харилцааг зохицуулсан тул мөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 болон 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ж-ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч С.Ж нь Санхүүгийн зохицуулах хорооны  2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хууль бус гэж нэхэмжлэл гаргасан байх боловч өөрийн эрх ашгийг нь хэрхэн зөрчсөн талаарх нотлох баримт нэхэмжлэлд тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлд тавигдах шаардлага, мөн хуулийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Санхүүгий зохицуулах хорооны  2017 оны 27 дугаар тогтоол нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байсан хуулийн этгээдэд л хамааралтай тогтоол бөгөөд С.Ж нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байсан компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй тул түүний эрх ашиг нь  зөрчигдөөгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны  2016 оны “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 271 дүгээр тогтоол батлагдсанаас хойших хугацаанд С.Ж нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг тус хороонд гаргаж байгаагүй хорооноос 271 дүгээр тогтоолтой холбоотойгоор татгалзаж шийдвэрлэсэн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаагүй тул С.Ж-ын эрх ашгийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд иргэн С.Ж нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороо-нд хандаж байгаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд нь иргэн С.Ж-д хамааралгүй гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй байна.

2. Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хороо нь 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62, 64.3, 64.4, 65, 66, 67 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй гэсний тухайд:

 Дээрх тогтоолуудыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд батлан гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батлах зэрэг шаардлагыг хангасан акт тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж заасны дагуу Хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, эрсдэл даах чадвар, тусгай зөвшөөрөл авч байгаа хуулийн этгээдийн хөрөнгийн гарал үүсэл, банк бус санхүүгийн байгууллагын тооны өсөлт, бусад улс орнуудын зохицуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханш, салбарын өнөөгийн байдал, олон улсын зөвлөхүүдийн өгсөн зөвлөмж, нөхцөл байдал, шаардлагыг үндэслэн шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Банк бус санхүүгийн байгууллагын тооны өсөлт нь салбарын хөгжил, өрсөлдөөнийг дэмжих сайн талтай ч харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний өртөг өндөр, зээлийн хүү буураагүй, зээлийн чанар муудаж байсан нь томоохон эрсдэлийг дагуулж байсан.

Иймд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банк бус санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, банк бус санхүүгийн байгууллагын хөгжлийг зохих түвшинд хүргэхийн тулд 2016, 2017 онд банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож, үе шаттай нэмэгдүүлэхээр дээрх хэм хэмжээний актыг баталсан.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж заасан заалт бөгөөд дээрх тогтоолуудыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4120, 4121 дугаарт тус тус бүртгэсэн тул зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйл “Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх”, 66 дугаар зүйл “Хянан бүртгэх үйл ажиллагаа”-ийг  зөрчсөн гэсний тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 65, 66 дугаар зүйлүүд нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхтэй холбогдсон зохицуулалт бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь тус хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг хянах, бүртгэх үйл ажиллагааг явуулдаг субъект биш тул Санхүүгийн зохицуулах хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийг зөрчсөн гэсний тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйл нь захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсний дараа хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлүүлэх болон баталсан захиргааны байгууллага нь цахим хуудсандаа байршуулах зэрэг харилцааг зохицуулсан зохицуулалт байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаарт хэвлэсэн байдаг. Мөн дээрх тогтоолуудыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болох www.legalinfo.mn болон Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хаяг www.frc.mn-д байршуулсан байдаг.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд нь тус Хорооны Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан эрх хэмжээний дагуу батлан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актууд бөгөөд, мөн түүнчлэн иргэн С.Ж-ын эрх ашиг хохирсон гэх үндэслэл байхгүй байх тул С.Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ж-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байхаар шинэчлэн” тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь”-ийг баталжээ.

Нэхэмжлэгчээс “... тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй батлагдсан. Миний бие С.Ж нь ... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч ... 2016 оны 271 тоот тогтоол нь энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргаан бүхий тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.

1. Санхүүгийн зохицуулах хороо маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актуудыг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн эсэх тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн талаарх нотлох баримт гаргаж, нэхэмжлэлийн уг үндэслэлийг няцаагаагүй бөгөөд хуулийн дээрх шаардлагыг хангалгүйгээр маргаан бүхий актуудыг баталсан үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй ...” тохиолдолд үүссэн гэж шүүх хуралдаанд тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна. 

Учир нь дээрх хуульд заасан нэн даруй батлах шаардлагатай тохиолдлын үндсэн нөхцөл нь “аюултай нөхцөл байдал бий болсон, аюул нүүрлэсэн, аюулыг нэн даруй зогсоох, сэргийлэх үйлдэл хийх” шаардлага тулгарсан байхыг ойлгодог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарт дурдсан “санхүүгийн зах зээлд савлагаа үүсэх, эдийн засагт сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсэх” зэрэг нөхцөл байдлууд нь Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй, хойшлуулшгүй батлах үндэслэлд хамаарахгүй байна.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3-2/118 тоот албан бичгээр Н.Ө-д “маргаан бүхий тогтоолууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй” гэсэн хариу өгснөөс[1] үзвэл дээрх хуулийн заалт болон мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” заасан бөгөөд тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх нөхцөл шаардлагуудыг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч маргаан бүхий тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжтой байна.

2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эсэх тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ “Миний бие С.Ж нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ буюу найман зуун сая төгрөгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан хамтрагчидтайгаа хамт бүрдүүлэн холбогдох бусад шаардлагуудыг хангаж, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч дээрх тогтоол нь энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан.

Үүнээс үзэхэд хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл болохоор байна. Гэвч иргэн С.Ж-ын нэхэмжлэлд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдал үүссэн талаарх үндэслэлийг нотлох баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ үндэслэлийг зааж маргаагүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... бүрдүүлсэн баримт байхгүй, зөвхөн баримтаа бүрдүүлэхээр судалж байсан” гэж тайлбарласан.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “иргэн С.Ж нь 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолууд батлагдсанаас хойш болон батлагдахаас өмнө банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг тус хороонд гаргаж байгаагүй, уг тогтоолуудтай холбоотойгоор нэхэмжлэгч С.Ж-ын ямар нэгэн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн, эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаагүй” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч С.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ж-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН  

 


[1] Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4120 дугаарт, 2017 оны 27 дугаар тогтоол нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4121 дүгээр тус тус бүртгэгдсэн байна. Хэргийн 42-р тал.