Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0743/З |
Дугаар | 221/МА2023/0058 |
Огноо | 2023-01-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2023/0058
Д.Б-Оын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б-О
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/244 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 787 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0743/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б-Ооос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/244 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-Ооос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/244 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Д.Б-Оын хувьд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн дагуу улсын байцаагч Н.А, С.С-А нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 7 аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийхээр болсон.
Хяналт шалгалтын явцад “Ө м т” ХХК нь 2018 оноос үйл ажиллагаа явуулаагүй, тухайн байгууллага нийт 8 хөргүүртэй, эдгээрээс 7 хөргүүр нь хоосон, үлдэх нэг хөргүүрт 1тн орчим хураалгаатай эд зүйл байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүний танилцуулж удирдамжийг гардуулах ажиллагааг хийх гэсэн боловч дээрх компанийн захирал нь ирээгүй хэрнээ өөрийн нэрийн өмнөөс өөр хүн уулзуулаар ирүүлсэн нь хяналт, шалгалтыг зохих журмын дагуу явуулахад хүндрэл үүсгэсэн.
Хэсэг хугацаанд хүлээсний үр дүнд хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн, ийнхүү шалгалтын явцад илэрсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шалгалтын танилцуулгыг дарга нарт хүргүүлсэн бөгөөд тухайн танилцуулгад дээрх компанийн хоосон агуулахуудыг нэг мөр дурдсан байх төдийгүй мах байж болзошгүй нэг хөргүүрийг шалгаж чадаагүй болохоо илтгэх хуудсанд дурдсан болно.
Гэтэл мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын Б/244 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 ,37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1, 27 зүйлийн 27.4.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 зүйлийн 10.6, 10.7, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1, 3.3.1, 3.4.3, 3.4.5, 6.1, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/83 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1/78 дугаар дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хийсэн тухай танилцуулгыг тус тус үндэслэн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан” юм.
Ингэхдээ “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1тн орчим махны зөрчил илэрснийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11-д тус тус заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэлийг дурдсан байна.
Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 12-т “...Төрийн албаны тухай хуулийн 37.1.6, 37.1.15 дахь заалт болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн хэрэгжүүлээгүй” хэмээн тус тус дүгнэжээ. Улсын байцаагч албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хяналт, шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүний танилцуулж удирдамжийг гардуулах ажиллагааг хийх ёстой.
Гэтэл “Ө м т” ХХК-ийн захирал хяналт, шалгалтын явцад ирээгүй, өөрийн өмнөөс өөр хүн ирүүлсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн тул хяналт, шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахад баримталсан хуулийн заалт нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.“Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1 тн орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-От төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон, албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дүгээр Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу нэхэмжлэгч Д.Б-О нэр бүхий 2 улсын байцаагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын танилцуулгадаа “Ө м т” ХХК-ийн талаар “2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, агуулах хөргүүр хоосон” гэх тайлбар бүхий 4 ширхэг фото зураг оруулсан боловч бодит байдалд тус компанийн 7 дугаар агуулахад дулааны аргаар боловсруулсан 1 тн орчим хаяг шошгогүй мах байсан болох нь дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон, үүнийг ч нэхэмжлэгч Д.Б-О хүлээн зөвшөөрчээ.
Өөрөөр хэлбэл тухайн үед хаяг, шошгогүй, савласан хайрцагны битүүмж алдагдсан махыг хадгалж байсан 7 дугаар агуулахыг битүүмжилж лацдаагүй, зөвхөн махыг хөдөлгөхгүй, шилжүүлэхгүй байх чиглэлийг тус компанид ямар хамааралтай болох нь тодорхойгүй Ж.Ө гэгчид өгснөөс өөрөөр бодит нөхцөл байдлын талаар танилцуулгад огт тусгаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-ын “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” 37.1.15-ын “харьяа дээд шатны албан тушаалтныг …асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх хангалттай үндэслэл болно.
2.Давж заалдах гомдолд “…нэг хөргүүрт 1000 кг орчим хураалгаатай зүйл байсан боловч компанийн захирал нь ирээгүй өөр хүн явуулсан учраас шалгалтыг дуусгаж, зөрчлийн хэрэг нээж шалгахаар болсон, …мах байж болзошгүй нэг хөргүүрийг шалгаж чадаагүй тул илтгэх хуудсаар өгсөн…” гэх боловч хэрэгт энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, мөн “…“Ө м т” ХХК-ийн захирал ирээгүй, өөр хүн явуулсан нь хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлийг бий болгосон…” гэж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээ бусдаас шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл тухайн үед захирал нь ирсэн эсэхээс үл хамааран дээрх компанийн бусад хоосон агуулахуудыг шалгасан атлаа 1 тн орчим мах хадгалж буй агуулахыг шалгалгүй үлдээж, улмаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй өгөөгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-ын “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах”, 10.9.10-ын “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, …хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-ийн “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн, зөвийг бүрэн хариуцах” гэснийг тус тус зөрчжээ.
Түүнчлэн хяналт шалгалтын явцад 1 тн орчим гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй, хайрцагны битүүмж алдагдсан мах илэрсэн талаар тухайн үед тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтын танилцуулгад тусгаагүй, уг махнаас дээж аваагүй талаар дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулгад хангалттай тусгагдсанаас гадна нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо үүнийг үндэслэлтэйгээр үгүйсгэж чадсангүй.
3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжаар уг шалгалтын “зорилго”-ыг илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
-“хяналт шалгалтын арга”-ыг түүхий эд бүтээгдэхүүнээс дээж авч лабораторын шинжилгээнд хамруулах;
-“хяналт шалгалтын хийх чиглэл, хамрах хүрээ”-г мах, түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээнд хамруулж чанар, аюулгүйн үзүүлэлтийг шинжлүүлсэн, сорилтын дүнтэй эсэх, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, бүртгэл хөтлөлт, …махыг технологийн дагуу хурааж, эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж байгаа эсэх, дулааны аргаар боловсруулалт хийж буй махыг технологийн зааврын дагуу боловсруулж гүн температурыг хэмжиж бүртгэл хөдөлдөг эсэх, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн савлагаа нь хаяг шошготой, шошгонд мэдээллийг бүрэн тусгасан, шошгын стандартын шаардлага хангасан эсэх гэх зэргээр тус тус тодорхойлсон байна.
Гэтэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Д.Б-О дотоод хяналт шалгалтын явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “…хөргүүрт байсан 1 тн орчим махны хайрцаг болон битүүмж алдагдсан тул тусад нь хураасан, ашиглахгүй гэж иргэн Ж.Ө мэдэгдэж байсан, хаяг шошго байхгүй байсныг зургаар баримтжуулсан. Тухайн үед лац тавих чиглэл өгөөгүй, дээж аваагүй…” гэх тайлбар гаргасан нь илэрсэн зөрчилд холбогдуулан газар дээр нь таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүйн хангалттай нотолгоо болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН