Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 470

 

Б.Б, З.З, М.А, Н.Т,

Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба,

Н.Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч М.А,

шүүгдэгч М.А, А.Ба нарын өмгөөлөгч М.Ж,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч П.Ж,

шүүгдэгч З.Зын өмгөөлөгч С.Ч,

шүүгдэгч Н.Т, Г.Т нарын өмгөөлөгч Ш.М,

шүүгдэгч Н.Лын өмгөөлөгч Ю.С,

шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч О.Б,

шүүгдэгч Н.Э.Бын өмгөөлөгч Т.М,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарт холбогдох 201626023027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт  Б.Б, 1997 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн байлдааны хангалтын ротод тэсэлгээчин ажилтай, дэд ахлагч цолтой, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Б овогт М.А, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ...................... тоотод оршин суух,

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: .................../;

3. И овогт  З.З, 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулын дарга мэргэжилтэй, Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

4. Б овогт Н.Л, 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт ..........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

5. Н овогт А.Ба, 1995 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Их замын урсгал” ХХК-д гагнуурчин-туслах жолооч ажилтай, ам бүл 4, эмэг эх, ах нарын хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

6. П овогт  Э.Б, 1996 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 21настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч нарын хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;

7. Б овогт Э.Б, 1996 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;

8. Н овогт Г.Т, 1999 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүнсний технологийн политехник коллежийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

9. Б овогт Н.Т, 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилгын технологийн коллежийн барилгын мужааны 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эмэг эх, дүү нарын хамт .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Б.Б, Н.Л, З.З, М.А нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Теди-2 төвийн орчим иргэн М.Э, Б.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж М.Эын “Samsung Galaxy S4” загварын гар утас, түрийвч, Б.Тийн гар утасны повер банк зэрэг 190.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,    

Б.Б, З.З, М.А нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Зочин буузны баруун талын явган хүний зам дээр иргэн О.Хын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, биед хөнгөн гэмтэл учруулан, “Iphone 5” загварын гар утас, цэнэглэгч, чихэвч, мөнгөн гинж, уруул өнгөлөгч зэрэг 465.000 төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн,    

Б.Б, З.З, Э.Б, Н.Э.Б, А.Ба, Г.Т, Н.Т нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Винсвэй” нэртэй пабын замын эсрэг талд явган хүний зам дээр иргэн Б.Б, Э.Э нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж биед нь хөнгөн гэмтэл учруулан, Б.Бийн “Samsung Galaxy S3”, “Nokia 1110” загварын гар утас, түрийвч, Э.Эгийн “Samsung Galaxy S6” загварын гар утас, “Toyota Prius” загварын автомашины  “smart” түлхүүр, мөнгөн гинж, ноолууран ороолт, савхин бээлий, түрийвч зэрэг 1.345.000 эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газараас Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, З.З нарыг тус бүр 2 жил 5 сар хорих ял, шүүгдэгч М.Аыг 2 жил 1 сар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, А.Ба, Э.Б, Н.Э.Б, Г.Т, Н.Т нарыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолын “М.Аыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан” 5 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ат өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын нийт хугацааг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

          Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон М.Аын 76 хоног, Н.Э.Бын,  Э.Бын 46 хоног, Н.Лын 47 хоног, Б.Бийн 49 хоног, З.Зын 43 хоног, Н.Тийн 43 хоног, А.Баын 44 хоног, Г.Тгийн 7 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

          Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж,

          Хохирогч О.Х бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Б.Б, З.З, М.А нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цэнэггүй цахилгаан бороохой 1 ширхэг, урагдсан малгай 1 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлсэн. Би урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсныг анхан шатны шүүх сүүлийн шийтгэх тогтоолоор хүчингүй болгож, 3 жил 1 сарын хорих ялыг нэмж оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл анги гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн гэмт хэрэгт оногдуулсан ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялын хэмжээг багасгана” гэж заасан байдаг тул надад өмнөх шийтгэх тогтоолооор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас чөлөөлж өгнө үү. Уг ялыг нэмж оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна ...” гэв.

          Шүүгдэгч М.А, А.Ба нарын өмгөөлөгч М.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. М.А нь гэмт хэрэг үйлдээгүй тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн өмнөх ялыг нэмж нэгтгэн хууль буруу хэрэглэсэн байна. Харин А.Баын хувьд дээрэм хийе, хулгай хийе гэсэн ямар ч бодол байгаагүй, зодолдож байна гэж ойлгоод байж байсан. Иймд хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байж хүн яллаж болохгүй. Өмгөөлөгчийн зүгээс А.Ба нарыг гэмт хэрэг үйлдээгүй байхад хууль буруу хэрэглэж, ял шийтгэл оногдууллаа гэж үзэж байна ...” гэв.

          Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч П.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний үйлчлүүлэгч Б.Бт 2 жил 5 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Б.Б нь хохирогч О.Х, Энхжин, Г.Т нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ...” гэв.    

          Шүүгдэгч З.Зын өмгөөлөгч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй ...” гэв.

          Шүүгдэгч Н.Т, Г.Т нарын өмгөөлөгч Ш.Маам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. М.Аын хувьд гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нь үндэслэлгүй. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон ...” гэв.

          Шүүгдэгч Н.Лын өмгөөлөгч Ю.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

          Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч О.Ба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул Э.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

          Шүүгдэгч Н.Э.Бын өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд ял тохирсон гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй ...” гэв.

          Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.Аын  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон. Гэсэн хэдий ч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жил 1 сарын хорих ял оногдуулаад, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзсан байдаг. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэнссэн хугацаанд үүргээ биелүүлээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулна гэж заасан. Энэ заалтын дагуу анхан шатны шүүхэд М.Ат өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тогтоох саналыг гаргасан. Үүний дагуу шүүхээс 3 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

                                                                   ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б, Н.Л, З.З, М.А нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Теди-2 төвийн орчим иргэн М.Э, Б.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж М.Эын “Samsung Galaxy S4” загварын гар утас, түрийвч, Б.Тийн гар утасны повер банк зэрэг 190.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

    Б.Б, З.З, М.А нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Зочин буузны баруун талын явган хүний зам дээр иргэн О.Хын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, биед хөнгөн гэмтэл учруулан, “Iphone 5” загварын гар утас, цэнэглэгч, чихэвч, мөнгөн гинж, уруул өнгөлөгч зэрэг 465.000 төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн,

    Б.Б, З.З, Э.Б, Н.Э.Б, А.Ба, Г.Т, Н.Т нар нь бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Винсвэй” нэртэй пабын замын эсрэг талд явган хүний зам дээр иргэн Б.Б, Э.Э нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж биед нь хөнгөн гэмтэл учруулан, Б.Бийн “Samsung Galaxy S3”, “Nokia 1110” загварын гар утас, түрийвч, Э.Эгийн “Samsung Galaxy S6” загварын гар утас, “Toyota Prius” загварын автомашины  “smart” түлхүүр, мөнгөн гинж, ноолууран ороолт, савхин бээлий, түрийвч зэрэг 1.345.000 эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн болох нь:

Хохирогч О.Хын “... 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед Өргөө кино театрын орчим ганцаараа гэр лүүгээ явж байтал танихгүй 4 залуу гарч ирээд бордуу куртиктэй залуу гараараа миний шанаа руу цохиод намайг газар унагаасан. Тэд нар нийлээд миний толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг нь миний дээр гарч суугаад халаасыг ухаж байгаад халаасанд байсан бүх зүйлийг авсан. Тэгээд намайг нэг нь өргөөд булангийн харанхуй руу оруулаад дахин цохиж унагаагаад “гар утасныхаа кодыг хэл” гээд миний нүүр лүү хөлөөрөө цохиод байсан. Тэр үед манай эхнэр Уран над руу залгасан ба залгах бүрт нь салгаж байгаад сүүлийн нэг дуудлагыг нь авсан. Би гар утасныхаа кодыг хэлэхгүй байсан юм.  Тэгээд миний утсыг авсан залуу “хайрынх нь утасны код хэд билээ, би найздаа юм гаргаж үзүүлэх гэсэн юм” гэхэд манай эхнэр “хаана байгаа юм” гэж асуусан бололтой нөгөө залуу “Өргөөгийн хажуу талын 9-н давхар байрны хажууд байна” гэж хэлээд салгасан. Манай эхнэртэй ярьж байх хооронд нөгөө хэд нь “гар утасныхаа кодыг хэл, ямар зэвүүн, шазруун пизда вэ” гээд намайг хэсэг зодож байснаа хэдэн тийшээ гүйгээд гэнэт алга болсон. Би босч ирээд 2-3 алхаад унасан. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн...” /1хх-31-35/,

Хохирогч М.Эын “... 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед би найз Т , Э , А , Дэ нарын хамт Теди 2 төвийн урдуур алхаж байгаад Төгөлдөр бид хоёр бие засах гээд арк руу ортол бид хоёрын урдаас нэг өндөр залуу гарч ирээд намайг барьж аваад миний гэдэс рүү цохисон. Тэр үед манай найз Тө  тэр залуугийн араас татсан. Гэтэл цаанаас нь баахан хүмүүс гарч ирээд Т-ийг бариад авсан. Анх гарч ирсэн өндөр залуу  намайг цааш татаад аркны арагшаа аваад явсан. Би тэр залуугийн гарыг түлхчихээд зугтсан. Тэгээд нилээн цаагуур тойроод Э , Ам , Д нар дээр очиж хэлээд буцаад арк руу явж байтал Т нил цус болсон урдаас гарч ирсэн. Тухайн үед миний “Samsung Galaxy S4” загварын гар утас, хэтэвч, бичиг баримт зэрэг нь манай найз Төгөлдөрт байсныг дээрэмдэж авсан байсан...” /2хх-25-26/,

Хохирогч Б.Тийн “... 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Теди 2 төвийн аркны ойролцоо явж байгаад найз Энхбаярын хамт бие засах гээд ортол танихгүй 5-6 залуу Энхбаярыг барьж аваад татаад нааш ир гээд байхаар нь би араас нь очоод яасан талаар асуухад тэдгээр залуус бид хоёрыг газар унагааж байгаад цохиод дэвсээд байсан. Тэгээд босгож байгаад 2 залуу нь намайг 2 талаас барьж зогсож байхад нөгөө хоёр залуу нь миний халаасыг ухаад надад байсан бор өнгийн хэтэвч 1 ширхэг, повер банк 1 ширхэг, “Samsung Galaxy S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг авсан. Тэд миний эд зүйлийг авчихаад намайг дахин зодсон ...” /1хх-29-30/,

Хохирогч Б.Бийн “... 2016 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед найз Энхжингийн хамт “Winsway” нэртэй пабаас гараад Э-гийн гэр лүү явах гээд зам хөндлөн гараад явж байтал замын уулзвар дээр 2-3 залуу зогсож байгаад нэг нь намайг мөрлөсөн. Тэр үед манай найз Э тэр залуучуудаас зүгээр явуулчих гэж гуйсан. Гэтэл тэр залуусын нэг нь миний араас цохиод намайг шатны уруу унагаасан. Би босоод Э-тэй хамт зугтаасан. Гэтэл араас хоёр нь  хөөж бид хоёрыг 96 дугаар сургуулийн зүүн урд талд барьж аваад бүлэглэж зодсон. Зодсоныхоо дараа бид хоёрын халаасыг ухаад миний гар утас, хэтэвч зэргийг аваад явсан. Би хэсэг ухаан балартаад сэрэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” /2хх-65-67/,

Хохирогч Г.Э-гийн “... үл таних этгээдүүд эхлээд манай найз Б-ийг мөрлөөд, түлхээд унагаасан. Тэгэхээр нь би Б-ийг босгоод, би хагалгаанд орсон байсан учруус шууд зугтаасан юм. Гэтэл араас тэдгээр залуус хөөгөөд 96 дугаар сургуулийн хажуугийн хүнгүй гудамжинд биднийг барьж аваад зодсон. Би хагалгаанд орсон гэдгээ хэлээд тэд нараас гуйсан хэдий ч миний нүүр лүү нилээн хэд цохисон. Миний ухаан балартаад хэвтэж байх үед халааснаас эд зүйлсийг авсан. Намайг зодсоноос болоод миний 10 дугаар сард хийлгэсэн шүдний имплант хөдлөөд, хажуугийн шүдэнд хөдөлгөөн орсон байна. Мөн миний хамар хугарсан, гамритын хөндийд цус хурсан байсан. Энэ гэмтлүүд нь хэсэг хугацааны дараа хор нөлөө нь мэдэгддэг гэсэн...” /2хх-69-71/,

Иргэний нэхэмжлэгч Я.Б-ийн “... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би Теди төвийн гадаа зогсож байтал танихгүй 2 залуу ирээд “утас авах уу” гэхээр нь “ямар утас юм бэ” гэж хэлээд үзтэл “Samsung Galaxy S6” загварын гар утас байсан. тэгэхээр нь би тэр 2 залууд “бид нар хамаагүй ийм утас авч болдоггүй юм, ямар учиртай гар утас вэ” гэж асуухад “үгүй ээ, ахаа, бид нарын өөрсдийн утас байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд гар утсаа 380.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 330.000 төгрөг, “LG” загварын гар утсаа 50.000 төгрөгөнд тооцож өгсөн. Би худалдаж авсан гар утсаа хамаатны залуу Тамирт 400.000 төгрөгөөр зарсан...” /1хх-40/,

Гэрч А.Т-ын “... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Теди төв дээр гар утас борлуулдаг хамаатны дүү Батцэнгэлтэй утсаар ярьж гар утас худалдаж авах талаар ярилцсан. Тэр өдрөө 17 цагийн үед Теди төв дээр очоод Батцэнгэлээс “Samsung Galaxy S6” загварын хар хөх өнгийн 1 ширхэг гар утас, 400.000 төгрөгөөр худалдаж авсан...” /1хх-44-45/,

Гэрч Т.У-ийн “... 2016 оны 11 дүгээр сарын 24-ний би Х-ын утас руу зөндөө залгасан боловч миний дуудлагыг тасдаад байснаа сүүлийн дуудлагыг нэг танихгүй эрэгтэй хүн аваад “хайрынхаа утасны кодыг хэл дээ” гэж хэлэхээр нь би тэр хүнийг нөхрийгөө биш гэж мэдээд “чи юу яриад байгаа юм бэ, манай нөхөр хаана байна, чи хэн бэ” гэхэд тэр залуу шууд утсаа тасалсан. ... Билэг их дэлгүүр лүү алхаад явж байтал зам дээр Хосбаяр хувцас нь урагдсан, нүүр нь цус болсон, битүү хавдартай, ухаангүй хэвтэж байсан, дуудахад сэрэхгүй байсан. Би зам дээрээс машин зогсоогоод тусламж гуйхад жолооч нь миний дүү наад хүнээ хөдөлгөж болохгүй, цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” /1хх-48-49/,

Гэрч С.Г-ийн “... 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ихбаяр нь “Samsung Galaxy S4” загварын гар утсыг 10 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 100.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Ломбардны журмын дагуу хугацаа дуусч, И-ын 99615971 дугаарын утас руу залгасан боловч холбогдохгүй байсан тул утас худалдаж авахаар ирсэн хүнд зарсан ...” /1хх-93-94/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16130 дугаартай  дүгнэлт /1хх-105/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16222 дугаартай дүгнэлт /2хх-74/, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16280 дугаартай дүгнэлт /2хх-76/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-8/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-29/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-46, 3хх-13/, барьцаат зээлийн гэрээ /1хх-97/, хохирогч О.Хын өвчний түүх /1хх-108-112/, зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл /2хх-45-46/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /2хх-102, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-103-105/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-58-62/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-154-157/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

          Анхан шатны шүүхээс Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь болон , Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хуулийн үндэслэлтэй, хэргийг зөв зүйлчилжээ.   

          Мөн шүүгдэгч Б.Б, З.З, М.А, Н.Т, Г.Т, Н.Л, Э.Б, А.Ба, Н.Э.Б нарт хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч тус бүрийн тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ,  хувийн байдалд тохирсон байна.

          Харин М.А 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзжээ.

          Анхан шатны шүүхээс ялыг сэргээж, сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж, нийт биечлэн эдлэх ялыг тогтоосон нь М.Аын эрх зүйн байдлыг дордуулсан байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

          Учир нь шүүгдэгч М.Аын үйлдсэн танхайрах гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн “бүлэглэж үйлдэх” гэсэн үндсэн шинжийг агуулаагүй байх тул түүний үйлдлийн улмаас учирсан шууд үр дагаврыг харгалзан өөр гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

          М.А нь догшин авирлаж, танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд шинэчилсэн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн боловч хөөн хэлэлцэх хугацааг 1 жил болгон нэмэгдүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд М.Аын гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

 2. Прокуророос М.Аын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар М.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “... цагдан хоригдсон ... Н.Э.Бын, ...” гэснийг “... цагдан хоригдсон ... Н.Э.Бын 46 хоног, ...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                         Д.ОЮУНЧУЛУУН