Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 356

 

Т.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамдинпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат, Г.Энхтүвшин нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0459 дүгээр магадлалтай, Т.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 339 дүгээр шийдвэрээр:  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8 дахь заалтуудыг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоот, 130102266 дугаарын нэгж талбартай 740 м.кв газрын Буурайхүүгийн Одгэрэлийн нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Тэрбишийн Мөнх-Эрдэнийн нэр дээр улсын бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0496 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 740 м.кв газрын Буурайхүүгийн Одгэрэлийн нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Тэрбишийн Мөнх-Эрдэнийн нэр дээр улсын бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг ...” гэснийг “... 740 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Одгэрэлээс Т.Мөнх-Эрдэнэд шилжүүлснийг бүртгээгүй Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын өмчлөх эрхийн Г-2101000758 дугаар улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.8-д заасан журмын дагуу зохих өөрчлөлт хийхийг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргах нь:

1. Буурайхүүгийн Одгэрэл нь Орхон аймгийн Баян өндөр сум Булаг багийн 21-р гудамжны 06 тоотод байрлах 740 м2 талбай бүхийн газар хашааг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдсан байна. Өмчлөх эрх Т.Мөнх-Эрдэнэд шилжсэн байна гэж дүгнэн шийдвэрлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5, Эд хөрөнгө өмчлх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8 заалтыг баримталсан Б.Одгэрэлийг бусдад буюу Мөнх-Эрдэнэд худалдсан байна. Харин үл хөдлөх бүртгэлийн газар дугаарыг давхардуулж хувийн хэргийг алга болгосон байна гэж Үл хөдлөх бүртгэлийн газрыг буруутгасан. Харин нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн гэх Г-2101000600 тоот гэрчилгээ нь үнэн зөв бодитой бүртгэгдсэн эсэх, худалдах худалдан авах гэрээ байсан эсэх, бүртгэл үнэн зөв байсан эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5 дахь заалтуудыг баримтлахдаа ямар нотлох баримтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нь нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэний хувийн хэрэг бүртгэлийн газарт байсан, түүнийг үрэгдүүлсэн гэдгийг нотлоогүй,

2. 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 4-р хуудаст ...давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Одгэрэл нь маргаан бүхий газрыг 2005 оноос хойш эзэмшиж өмчилж байгаагүй ...гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Одгэрэл оролцоогүй бөгөөд хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцсон билээ.

Мөн маргаан нь улсын бүртгэлтэй холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг газрын өмчлөлөө бусдад шилжүүлээгүй, өмчлөх эрхийг зөрчиж байгаа нэхэмжлэгчийг өөрийн газраас албадан гаргуулах нэхэмжлэл гаргаснаар маргаан үүссэнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

З. Б.Одгэрэл нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу олгогдсон гэрчилгээгээ Үл хөдлөх бүртгэлийн газраас аваагүй байж байгаад 2015 онд эгчээрээ дамжуулан авсан байдаг. Энэ хэрэгт нотлогдсон. Үл хөдлөх хөрөнгийн газарт хандсан, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хэзээ авсан зэрэг нотлох баримтаар \12хх, 37-41хх, 71хх, 89хх, 92хх, 97хх\ нотлогддог. Энэ нь Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн улсын бүртгэлд Хувийн хэрэг байсан гэдгийг дээрх нотлох баримтаар үгүйсгэгддэг. Мөн Т.Мөнх-Эрдэнийн бүртгэлийн хувийн хэрэг байсан гэж үзэж байгаа бол Б.Одгэрэлийн Г-2101000758 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй, байгаагүй нь дээрх нотлох баримтуудаар нь нотлогдсон.

Уг газрын анхны өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь хэнд ч олгогдоогүй болох нь нотлогдож байгаа нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй болохоо үгүйсгэсэн нотлох баримт гэтэл шүүх нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэд Б.Одгэрэл нь газраа ямар баримтыг үндэслэн шилжүүлсэн талаар нэхэмжлэгч нотлоогүй, ямар хууль ёсны шаардлага хангасан баримт үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь нотлогдоогүй байхад тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна, энэ нь үл хөдлөхийн газрын бүртгэл, нотариатын бүртгэлээр нотлогдсон гэж анхан шатны шүүх үзэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.4, Эд хөрөнгө өмчлх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3 дахь заалтын дагуу газрын өмчлөх эрх шилжсэн байна гэж дүгнэсэн. Хэрвээ улсын бүртгэлд аль хэдийн өмчлөгчөөр шилжсэн байсан хувийн хэрэг нь байгаа Б.Одгэрэлийн өмчлөх эрх бусдад шилжүүлэгдсэн хэлцэл хийсэн гэж үзвэл Б.Одгэрэлийн хувийн хэрэгт нэмэлт өөрчлөлт орж, Б.Одгэрэлийн өмчлөх эрхийн бүртгэсэн хувийн хэрэг Т.Мөнх-Эрдэнэд эрх шилжих үед давхар шалгагдаж түүнд өөрчлөлт орох учиртай. Гэтэл уг хувийн хэрэгт ямар ч нэмэлт өөрчлөлт ороогүй үл хөдлөх бүртгэлийн газарт байгаа нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй.

4. Нотариатч Долгорсүрэнгийн гэрчилсэн гэх худалдах-худалдан авах гэрээ хийсэн бүртгэл байна гэж байх боловч үл хөдлөх бүртгэлийн байгууллагаас   жинхэнэ гэрчилгээ олгогдоогүй байхад ямар гэрчилгээг үндэслэн хийсэн хэлцэл үнэн зөв гэж үзэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Г-21010000758 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олгосон жинхэнэ гэрчилгээг үндэслэн ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй болох нь нотлогдож байхад өмчлөх эрхийг Т.Мөнх-Эрдэнэд шилжүүлж, Б.Одгэрэлийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т өмчилж авсан газраа кадастрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх,  ... гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх гэж заалтыг шүүх анхаарч үзээгүй. Бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх асуудлыг Т.Мөнх-Эрдэнэ нотлоогүй. Худалдах-худалдан авах гэрээ байсан эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.

5. Б.Одгэрэл нь "Засаг даргын шийдвэр кадастрын зураг гэрчилгээ" зэргийг үндэслэн гэрээ байгуулж байсан гэж тайлбарладаг бөгөөд дурдсан эдгээр баримт нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 2005.03.16-нд хураагдсан байсан нь нотлогдсон.Б.Одгэрэл нь хууль ёсны дагуу үл хөдлөх бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг үндэслэн худалдах-худалдан авах гэрээг байгуулсныг нотариат  гэрчилж, бүртгэлийн газар мөн дээрх гэрчилгээг үндэслэн гэрээ хэлцэл хийснийг баталгаажуулж бүртгэх учиртай. Гэтэл Б.Одгэрэл, Т.Мөнх-Эрдэнэ нарын хооронд гэрээ байсан уг гэрээ нь хууль ёсны байсан, түүнийг шалгаж бусдад өмчлөх эрхийг нь шилжүүлсэн гэдэг нь нотлогдоогүй байхад Б.Одгэрэлийн эрх ашгийг хохироож өмчлөх эрхийг бусдад шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйл, 183 дугаар заалтууд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь заалт, Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.2 заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 тоот магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоот хашааны 740 м.кв газар өмчлөх эрхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000030790 дугаартай гэрчилгээ Б.Одгэрэлийн, мөн уг газрыг өмчлөх эрхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000052059 дугаартай гэрчилгээ Т.Мөнх-Эрдэнийн нэр дээр тус тус бичигдэж олгогдсон, нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнээс “... уг газрыг Б.Одгэрэлээс худалдан авч, өмчлөх эрхийг шилжүүлсэн байхад Б.Одгэрэлд өмчлөх эрхийн гэрчилгээг архиваас олгосон ... нь хууль бус” гэж, гуравдагч этгээд Б.Одгэрэлээс “... хашааны газраа Т.Мөнх-Эрдэнэд худалдаагүй ...байхад түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ... нь хууль бус” гэж маргасан, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т.Мөнх-Эрдэнэд газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл байгаа ... /боловч/ бүртгэлтэй холбоотой нотлох баримт архивт байхгүй байна” гэх тайлбар гаргасан байна.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  “Т.Мөнх-Эрдэнэ, Б.Одгэрэл нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийснийг гэрчилсэн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын үйлдлийг бүртгэлийн 1629 дугаарт бүртгэсэн”, “2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т.Мөнх-Эрдэнэ нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасныг бүртгэсэн”, “2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т.Мөнх-Эрдэнэд газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг бүртгэсэн”, “Б.Одгэрэл нь маргаан бүхий газрыг 2005 оноос хойш эзэмшиж өмчилж байгаагүй” зэрэг үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдсоныг үндэслэж, маргаан бүхий хашааны газрын өмчлөх эрхийг Т.Мөнх-Эрдэнийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл “хууль ёсны”, харин өмчлөх эрхийг Б.Одгэрэлээс Т.Мөнх-Эрдэнэд шилжүүлснийг бүртгээгүй “Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын эс үйлдэхүйг хууль бус” болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр, Б.Одгэрэлийн нэр дээрх  өмчлөх эрхийн гэрчилгээ “... Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 онд гарч ирсэн”, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нотариараар гэрчлүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ Улсын бүртгэлийн архив, бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдаагүй үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн тогтоогдсон боловч энэ нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд “худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байж болзошгүй” дээрх үйл баримтуудыг бүрэн үгүйсгэхгүй байхын зэрэгцээ түүнтэй холбоотой шүүхэд авагдсан нотлох баримтуудыг няцаах үндэслэл болохооргүй байна.

Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл болсон “худалдах, худалдан авах гэрээ” –г нотариат гэрчилсэн үйлдэл тогтоогдож, холбогдох баримт нь шүүхэд нотлох баримтаар авагдсан байхад уг гэрээ эх хувиараа бүртгэлийн байгууллагын “архивт байхгүй” гэх үндэслэлээр тухайн үед  нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд “гэрээ байгуулаагүй байхад өмчлөх эрхийг шилжүүлсэн”  гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн,  гуравдагч этгээд Б.Одгэрэлээс маргаан бүхий хашааны газрын өөрийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллага болон шүүхэд өөр бусад баримтаар нотлоогүй, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Мөн-Эрдэнэд холбогдуулан “...хашааны өмчлөгч нь миний бие тул /Т.Мөнх-Эрдэнээс/ хашаа чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй”-гээс тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5212 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, 2005 оноос хойшхи 10-н жилийн хугацаанд маргаан бүхий газар дахь Т.Мөнх-Эрдэнийн эзэмшил ашиглалтын талаар маргаагүй зэргээс “... бүртгэлийн байгууллага Т.Мөнх-Эрдэнэд маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... худалдах худалдан авах гэрээ байсан эсэх нь тодорхойгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Хяналтын шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоот хашааны 740 м.кв газрыг хэн нь өмчлөх эрхтэй, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой аливаа асуудлаар маргах, зохих харьяалалын дагуу иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0459 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА