Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

   2021         03           05                                       2021/ШЦТ/139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Х.А,

шинжээч эмч О.Болороо /онлайн/

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Д овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 20100 1221 1091 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, “....” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ... дүүргийн 6 дугаар хороо 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Г-н Б. /РД: /

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” пабын террас дээр үйлчлүүлж байхдаа иргэн Х.Аийг цохиж унагаан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дипломоо хамгаалаад орой нь багш нартай болон ангийнхантай нийлэхээр болсон. Би багш нарыг гэрт нь хүргэж өгөх байсан учир архи, согтууруулах ундааны зүйл бага хэмжээтэй хэрэглэсэн. Лондон пабад сууж байгаад төлбөр тооцооны асуудлаас болж Б, А 2 маргалдаад Бг 2-3 удаа цохиод цамцаар нь боож байхад Л салгасан. Би Аийг яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд босож ирээд над руу дахиад дайрсан учир өөрийгөө хамгаалах гээд өөрөөсөө зайлуулах үйлдэл хийсэн, гараараа цохисон зүйл байхгүй. Хохирогч нь эрх зүйч мэргэжилтэй цагдаагийн албан хаагч байгаа. Би иргэнийхээ үүргийн хувьд 2 хүн маргалдаж байхаар нь салгах үйлдэл хийсэн...” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 15-нд төгсөлт болсон. 2020 оны 6 дугаар сарын 14-ны өдөр намайг ангийн нийллэгийн тооцоо барь гэсэн. 2020 оны 6 дугаар сарын 15-нд Хөдөө аж ахуйн их сургуулийн Магистр хамгаалаад Б-г багш нарыг хүргэж өгнө шүү гэж хэлсэн ч Б багш нартай хамт виски ууж байсан учир Э багш нарыг хүргэж өгсөн. Б өнөөдөр архи уугаагүй гэж хэлээд байна. Зөөгч тооцоо авч ирж өгөхөд БС өөр хүний данс руу тооцооны мөнгө шилжүүлэх гэхээр нь анхнаасаа данс барьсан хүнээрээ тооцоо хийлгэдэггүй юм уу гэж хэлээд авч ирсэн зүйлээ хураах гэтэл Б /миний мөрөн дээр гараа тавиагүй/ намайг шууд өвдөг рүүгээ доошоо дарсан. Би босох гээд зууралдаад боль гээд дийлэхгүй байж байгаад босоод хүн танихгүй байгаа юм уу гээд хацар луу зөөлөн алгадаад боль гэхэд гараас атгаад тавихгүй байсан учир нүүр лүү нь 2 удаа алгадсаны дараа АБ ирээд салгаад аваад явсан. Б салгаагүй, зэрэгцэж суусан ч зүйл байхгүй. Б болон БС нар хамт ажилладаг хүмүүс байгаа. Би Бг цамцнаас нь боосон зүйл байхгүй. Бг АБ авч явсны дараа Б над руу хүн зоддог хэн бэ гэж хэлээд намайг түлхсэн. Миний 2 гараас бариад зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд хөлөө татаж оруулаад унагаасан. Намайг Б гараараа цохисон зүйл байхгүй. Миний хөл гэмтчихлээ түргэн тусламж дуудаад өгөөч гэж хэлэхэд хэн ч түргэн тусламж дуудаж өгөөгүй, миний тавхай гадагшаа эргээд сууж байтал худлаа баашлаад гэж байсан. Би өөрөө босож чадахгүй байсан учир цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь зүүн тахилзуур яс, шагайн дотор хашлага ясны хугарал, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн хэсэгт мохоо зүйл үйлчилсний улмаас үүснэ. Том ясны хугарлаас болоод жижиг яс нь хугарна. Шагайн дотор хэсэгт хүч үйлчилсний улмаас үүснэ. Тухайн хэсэг буюу зүүн шилбэний дотор хэсэгт цус хуралт байгаа. Энэ хэсэг болон дээш хэсэгт цус хурсан учир гадны нөлөөллөөс үүсэх боломжтой. Өөрөө хазгай гишгээд тухайн гэмтэл үүссэн гэвэл тухайн хэсэг газар болон түүнээс доошоо цус хурна. Цус хуралт нь хугарлын түвшингээс дээшээ үргэлжилж байгаа. Өөрөө унасан бол тухайн хэсэгтээ болоод цус хуралт нь доошоо нүүдэг. Энэ тохиолдолд хугарлын хэсгээс дээшээ байрлаж байгаа учир гадны үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 20100 1221 1091 дугаартай хэргээс:  

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,

 

2. Хохирогч Х.Аийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сард Дотоод хэргийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Эдийн засгийн аюулгүй байдал судлал”-ын хөтөлбөрт элсэн орсон. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө төгсөлтийн болон Хөдөө аж ахуйн их сургууль дээр магистрын зэрэг хамгаалах үйл ажиллагаа болж, хамгаалалт дуусаад багш нарыгаа хоолонд оруулаад тарсан. Багш СЦ, БР болон манай ангийн БС, Б, СЖ, Э, АБ, Б бид нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” пабын гадаа террас дээр үйлчлүүлсэн. Бид юм ярьж архи уусан. 21 цагийн орчим “Лондон” пабын ажилтан сүүлчийн захиалга гэж хэлэхээр нь захиалга өгчихөөд СЦ багшийг Э, АБ бид гурав машинд суулгаж өгөөд эргээд ирсэн чинь Б ширээн дээр ганцаараа сууж байхаар нь би нөгөө хэд чинь хаачсан юм бэ, тооцоо хийх болсон чинь бүгдээрээ алга болчихсон юм биш биз гэж хэлсэн чинь Б намайг тэврээд толгойг доошоо өвдөг рүүгээ дарсан. Тэгэхээр нь зүгээр бай, тавь гэж хэлсэн чинь тавихгүй байхаар нь би түлхээд холдуулаад чи хүн танихгүй байгаа юм уу гэж хэлээд хацар луу нь зөөлөн алгадсан. Б нэлээн согтчихсон ширээ дэрлээд унтаад байсан. Тэгсэн чинь Б миний хоёр гарын тохой хэсгээс хүчтэй базаад чамайг тавихгүй гэвэл яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи намайг дээрэлхээд байгаа юм уу, яагаад эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрээд байгаа юм гэж хэлээд нүүр лүү нь гараараа хоёр удаа хүчтэй алгадсан чинь АБ гүйж ирээд Бг дагуулаад доошоо буугаад явсан. Тэгээд би явъя гэж бодоод байж байтал Б ирээд чи хүн зоддог хэн бэ гээд намайг гараараа түлхсэн. Тэгэхээр нь би Бод чамд ямар хамаатай юм гэж хэлээд түлхсэн чинь Б хоёр гарнаас бариад хөлөө миний хөлийн завсар оруулаад хөлөөрөө миний зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд миний хөлийг дэгээдээд татсан чинь хөлийн тавхай хэсэг гадагшаа эргэсэн. Тэгээд би орилоод доошоо суусан, миний хөлийг хугалчихлаа яаж байгаа юм бэ гэж хэлтэл Б надад ямар нэгэн юм хэлэлгүй цаашаа явсан. БС намайг түшиж босгоод сандал дээр суулгаад хөлөөрөө битгий гишгээрэй гишгэвэл хөлийн яс чинь зөрчихдөг юм шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би БСыг түргэний эмч дуудаад өгөөч гэж хэлсэн. БС яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт манай найз хөлөө эвгүй болгочихлоо гэж дуудлага өгсөн. Эмч ирэхгүй нэлээн удсан, тэр хооронд Э ирээд миний өсгийтэй гутлыг авч гялгар уутанд хийж өгөөд Б-г яаж байгаа юм бэ гэж хэлтэл Б наадхын чинь шагай нь мултарчихсан эмч ирээд буцаагаад хийгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б миний сууж байсан ширээний арын ширээнд суугаад намайг пизда гээд чангаар орилоод байсан. Өөдөөс хараад сууж байсан танихгүй эмэгтэй Б-г эмэгтэй хүнийг яаж байгаа юм наад хүн чинь хөлгүй болчихлоо, насаараа хазгар доголон болчихвол чи хариуцах юм уу гэж хэлсэн чинь Б чамд хамаагүй гээд маргалдаад байсан. Түргэн ирэхгүй удаад байхаар нь БСыг цагдаад дуудлага өгөөдөх, цагдаа ирж байж 103-т дуудлага өгнө биз гэж хэлээд дуудлага өгүүлсэн. Удалгүй цагдаа ирсэн, араас нь түргэний эмч ирсэн. Эмч намайг үзээд хөл нь хугарсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Бтой би хэрэлдэж маргалдаагүй. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Б, БС, Б, БР багштай 4 шил виски хувааж уусан, нэлээн согтсон байсан. Тэр үед би 2 пиво уусан. Маргааш нь ажилтай байсан учраас архи уугаагүй. Би эмчилгээ хийлгэсэн мөн хоёр сарын цалин аваагүй байгаа. Баримтаа гаргаж өгнө. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, хохирогч Х.Аийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 78-90/,

 

            3. Гэрч Б.СЖын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...багш нарыг суулгаж өгөхөөр Б явсан. Тэр хооронд тооцоо хийх болсон. БС дансаа өгчих би чамд 450.000 мянган төгрөг өгчихье гэж хэлсэн. Тэгтэл А би хоёр жилийн хугацаанд та нар луу байнга утсаар залгаж хичээлдээ суу гэдэг байсан. Мөн хичээлийн танхимд интернетийн сүлжээ цацаж та нарын суралцах нөхцөл бололцоогоор хангадаг байсан. Тийм байхад яагаад миний данс руу шилжүүлэхгүй байгаа юм гээд орилж эхэлсэн. Тэгэхээр нь би Ад надад дансаа өгчих, би чам руу шилжүүлчихье гэж хэлсэн боловч үгүй гэж хэлээд орилоод сууж байсан Бг нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгтэл Б Аийн толгойг тэврээд чимээгүй бай гэж хэлтэл гараараа түлхсээр байгаад босч ирээд Бгийн ард гараад цамцаар нь боогоод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед Э, Б хажууд нь очоод салгах гэсэн боловч салахгүй Бтой маргалдаад цохих гээд дайрсан. Б тэвэрч аваад дээшээ өргөөд босгоод ирсэн чинь А миний хөл мултарчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед А Б руу өс хонзонтой юм шиг орилоод дайраад хөл мултарчихлаа гэж хэлэхээр нь би түргэн тусламж дуудсан. Түргэн ирэх хугацаанд А хамт байсан хүмүүс рүүгээ хэл амаар дайрч доромжилж заналхийлж байсан. Түргэн ирээд Аийг аваад явсны дараа би гэр лүүгээ явсан. Одоо А ангийнхаа групп чатад намайг заналхийлсэн өнгө аястай мессеж бичээд байгаа. 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой Б А хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. А Б рүү дайраад байхаар нь голоор нь орж салгахад Б руу дайрч эхэлсэн. Тухайн үед бид нар гурван шил виски уусан, их согтоогүй байсан. А нэлээн согтсон байсан байх гэж бодож байна. Яагаад гэхээр хүн болгон руу маш их дайрч давшлаад Бгийн ард гарчихсан хувцасны захаар боож байхад нь Б салгахаар очиход Б руу дайрч эхэлсэн. Миний харснаар Б цохиж зодоогүй, харин А Б-г цохиод байсан. Тухайн үед А өндөр өсгийтэй гутал өмссөн байсан. Б руу дайрч байхдаа хөлөө эвгүй гишгээд хөлөө гэмтээсэн байх гэж бодож байна. А Б руу дайрч байхад Б, БС, Э бид нар байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

 

            4. Гэрч С.БСы 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06-р сарын 15-ний өдөр ДХИС, ХААИС хоёрын хамтарсан “Эдийн засгийн аюулгүй байдал”-н магистрын ангийн төгсөлт болж би магистрын зэрэг хамгаалж төгссөн. Манай ангийн хэсэг нөхөд багш нараа хоолонд оруулахаар явсан. Б, СЖ, Э бид дөрөв “Лондон” пабад хоол идээд пиво уугаад сууж байтал цагийг нь санахгүй байна манай ангийн А, Б, АБ, багш Сараа, бас нэг багш /нэрийг санахгүй байна/ ирсэн. Бид нар “Лондон” пабын гадаа ширээнд нь суугаад  гурван шил виски уугаад хоёр багшийг Б, АБ нар машинд суулгаж өгөхөөр явсан. Тэр хойгуур А миний хүчинд та нар сургуулиа төгслөө гэж хүн болгон руу агсраад муудалцаад байхад нь хажууд нь сууж байсан Б одоо тайвшир гээд мөрөн дээр нь гараараа хүрсэн чинь эмэгтэй хүний биед халдлаа гээд уурлаад Бг алгадсан, тэгснээ ард нь гараад цамцных нь захаар боогоод араас нь өшиглөөд байх шиг байсан. Бид нар салгаад суулгасан чинь ахиад Бг алгадсан. Тэгтэл Б голоор нь ороод одоо болилдоо гэж хэлтэл А Б руу дайрч байгаад унасан. Миний харснаар бол А өөрөө унасан. Тэгээд А хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид нар Аийг өргөж сандал дээр суулгаад түргэн дуудсан. Түргэн ирээд Аийг аваад явсан. Түргэн ирэхээс өмнө А та нар нэгнийгээ нийлж байгаад хөлгүй болголоо, би та нарын төлөө зөндөө гүйж байсан гээд босох гээд байхаар нь хөл хугарсан бол босож болдоггүй юм гэж хэлээд дараад суулгаж байсан. Харин А дахиж босож нөгөө хэд рүү дайрах гээд байсан. Б А хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. А, Б рүү дайрч байхад нь Б голоор нь орж салгахад Б руу дайрч эхэлсэн. Б, А нар согтолттой байсан. Хир зэрэг согтсоныг нь мэдэхгүй. Ямар ч байсан бүгдээрээ уусан. Мөн тэр орой Б Аийг цохиж зодсон зүйлгүй. А Б руу дайрч байхад Б, СЖ, Э бид нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

 

5. Гэрч А.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Хоёр багш нэг цаг гаран сууж байгаад явахаар болоод АБ, Б хоёр машинд суулгаж өгөхөөр явсан. Тэгээд сууж байтал А дуу нь чангараад бүх хүн рүү “би та нарыг төгсгөлөө” гээд агсарч эхэлсэн. Тухайн үед явцгаая гэж ярилцаад тооцоогоо хийх гээд байж байтал зөөгч тооцооны хуудсыг Ад өгсөн чинь харж байснаа би энэ хоолыг идээгүй, энийг ч уугаагүй гээд байсан. Тухайн өдөр их бухимдалтай байгаад байсан. Тэгээд байж байтал БС босож ирээд за тэгвэл нийт тооцооных нь талыг Б бид хоёр хийчихье гэж хэлээд СЖын данс руу мөнгө шилжүүлсэн чинь А яахаараа миний данс руу шилжүүлдэггүй юм, би тооцоог нь хийх байсан гээд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би Аийн хажууд сууж байгаад мөрөн дээр нь гараараа хүрээд, одоо тайвшраа гээд хэлчихсэн чинь эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрлээ гэж хэлээд араас нуруу, гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгснээ цамцаар боосон. Би тухайн үед нь тоглоод өвдөж байна гээд инээгээд байсан чинь хамт байсан хүмүүс боль гэж хэлээд салгаад сандалд нь суулгасан. Тэгтэл Б хүрээд ирсэн чинь А дахиад миний нүүр, цээж рүү гараараа цохиод авсан. Тэгтэл Б босож ирээд Аийг чи одоо болилдоо гэж хэлсэн чинь Б-г өшиглөх гээд дайраад байсан. Тухайн үед би хувцсаа янзалж байтал А газар унасан шиг санаж байна. Тэгээд А гэнэт орилоод хараал хэлээд байсан, хамт явж байсан хүмүүсээс түргэн дуудаад Аийг сандал дээр суулгасан. Түргэн ирээд Аийг авч явсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой Б А хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед би согтсон байсан. Харин Б-г хэр зэрэг согтсон гэдгийг мэдэхгүй. А нэлээн согтсон байх шиг байсан, гэхдээ би сайн мэдэхгүй. Б Аийг цохиж зодсон зүйлгүй. Х.А Бтой маргалдаж байгаад унасан. Тухайн үед өндөр өсгийтэй гутал өмссөн байсан. Тэр гуталнаасаа болж л гэмтсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7138 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- Х.Аийн биед зүүн тахилзуур яс, шагайн дотор хашлага ясны хугарал, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/,

 

7. Шүүгдэгч Г.Бын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Аийн биед халдаагүй.  

Болсон хэргийн талаар гэвэл 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр магистрын дипломоо хамгаалчихаад ангийнхантайгаа Хан-Уул дүүргийн “Лондон” пабын гадаа террас талбай дээр тэмдэглэсэн. Манай ангийнхан долуулаа, хоёр нь сургуулийн багш байсан. Бид нар нэг шил виски аваад хүн бүр хэрэглэсэн. Баярын үйл ажиллагаа дундаа орж хоёр багшийг би гаргаж өгч машин суулгаж явуулчихаад буцаад ирэхэд Аийн дуу нэлээн өндөрссөн хүн болгон руу үгээр дайрсан байдалтай байсан. Х.Аийн хажууд Б сууж байхдаа жоохон тайвшир гэсэн чинь А дайрч чи яагаад надад хүрч байгаа юм бэ гээд босож ирээд Бгийн нүүр лүү 2-3 удаа алгадаж, цамцных нь хойд талын захнаас хойшоо татаж өшиглөхөөр нь би дундуур нь орж салгасан. Тэр үед бүгд л халамцуу согтуу байсан. Гэхдээ ухаан алдатлаа согтсон хүмүүс байхгүй байсан. Болсон асуудлыг бүгд харсан мэдэж байгаа. Тэгсэн чинь А Боо яах гээд байгаа юм бэ холдооч гэхээр нь за одоо болио тайван бай гэж шаардлага тавихад над руу дайраад зүүн гарын эрхий хурууны дээд талд хумсаараа шигтгэж намайг өшиглөхөөр нь гараа татаад хойшоо ухарсан чинь А газар унаад, унасныхаа дараа хөл эвгүй болчихлоо гэхээр нь бид нар босгох гэхэд харааж зүхээд та нарыг бүгдийг чинь үе удмаар чинь хараана гээд ойртуулахгүй байсан. Тэгээд ангийн хүүхдүүдээс түргэн тусламжид дуудлага өгсөн. Зүүн хөл эвгүй болчихлоо гэж байсан. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Х.Аийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй. А өөрийн балмад зан авираасаа болж унаж гэмтсэн. Тухайн өдөр өсгийтэй гуталтай, согтуу хүн болгон руу дайраад байсан. Х.А өөрөө миний биед халдаж дайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-99/,

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Г.Бын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105-109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69/, түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүгдэгч Г.Бод хохирогчийг гэмтээх сэдэл санаа байгаагүй. Хохирогчийн зүй бус үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж өөрөөсөө холдуулах гэсэн сэдэлтэй байсан тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг цагаатгах байр суурьтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” пабаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэг ангийн хүмүүстэйгээ хамт үйлчлүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт сурч байсан Х.Атэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар түүний хөл рүү өшиглөж, дэгээдэн унагаж эрүүл мэндэд нь “зүүн тахилзуур яс, шагайн дотор хашлага ясны хугарал, шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 11/,

- Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б хоёр гарнаас бариад хөлөө миний хөлийн завсар оруулаад хөлөөрөө миний зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд миний хөлийг дэгээдээд татсан чинь хөлийн тавхай хэсэг гадагшаа эргэсэн. ...Эмч намайг үзээд хөл нь хугарсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

            - Гэрч Б.СЖын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б тэвэрч аваад дээшээ өргөөд босгоод ирсэн чинь А миний хөл мултарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

            - Гэрч С.БСы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б голоор нь ороод одоо болилдоо гэж хэлтэл А Б руу дайрч байгаад унасан. ...Тэгээд А хөл хугарчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

- Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б босож ирээд Аийг чи одоо болилдоо гэж хэлсэн чинь Б-г өшиглөх гээд дайраад байсан. Тухайн үед би хувцсаа янзалж байтал А газар унасан шиг санаж байна. Тэгээд А гэнэт орилоод хараал хэлээд байсан.  Хамт явж байсан хүмүүсээс түргэн дуудаад Аийг сандал дээр суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7138 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,

- Шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Боос хохирогч Х.Аийн биед халдаагүй, хохирогч өөрөө унаж гэмтсэн гэж гэм буруугийн талаар маргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Г.Б нь хохирогчийг гэмтээх сэдэл санаа байгаагүй. Хохирогчийн зүй бус үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж өөрөөсөө холдуулах гэсэн сэдэлтэй байсан тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг цагаатгах байр суурьтай байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү асуудлыг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

 

            Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Х.А нь согтуурсны улмаас зүй бус харьцаа гаргаж, маргаан үүсгэсэн нөхцөл байдал байгаа хэдий боловч хохирогч Х.Аийн биед шүүгдэгч Г.Б халдсан, гэмтэл учруулсан болохыг хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлсэн “Г.Б нь Х.Аийг өшиглөх гээд дайраад байсан, хөлийг нь дэгээдсэн, Х.А унаад босож ирэхдээ хөл хугарчихлаа гэж байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, шинжээч эмч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ”...цус хуралт нь хугарлын түвшингээс дээшээ үргэлжилж байгаа. Өөрөө унасан бол тухайн хэсэгтээ болоод цус хуралт нь доошоо нүүдэг. Энэ тохиолдолд хугарлын хэсгээс дээшээ байрлаж байгаа учир гадны үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

             Хууль зүйн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч, хохирогч нарын хувьд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газраар үйлчлүүлж байхдаа зүй бус харьцааны шинжтэй маргаан үүсгэсний улмаас шүүгдэгч Г.Б нь хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Тус хэргийн улмаас хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хэрэгт ирүүлсэн баримтаар хохирогчийн эмчилгээний зардалд 990.577 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Г.Быг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа буюу шүүх хуралдаанд түр завсарлага авч, шүүгдэгч Г.Б нь хохирогч Х.Ад 991.000 төгрөгийн төлбөр нөхөн төлсөн, хохирогч хүлээн авсан талаарх баримтыг бичгээр гаргаж, гомдол саналгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Харин хохирогч Х.А нь энэ хэргийн улмаас гарсан цалин хөлсөө болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Д овогт Г-н Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Г-н Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.  

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргасугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигаа болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

              8. Шүүгдэгч Г.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

           

              9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

             11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН