Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Цэцэгмаа,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2003004300368 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жудо бөхийн багш-дасгалжуулагч мэргэжилтэй, одоо “*******” ХХК-д карьерын засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт ******* тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр зарлигаар “Шударга журам” медалиар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 398 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 595 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон,

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 253 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон Боржигон овогт *******гийн *******, /РД: *******/;

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Мод үржүүлгийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Mercedes benz S500” маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2а-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, энэ гэмт хэргийн улмаас “Toyota Passo-Sette”  маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.ий амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийн зорчигч Ч.*******, Э. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Н.******* нь мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр найз , түүний эхнэр нартай хамт Туул голын эрэг дээр хонохоор болсон юм. Ингээд тай хамт пиво ууж байхад манай найз руу утсаар яриад шөнийн 00 цагийн орчимд нь эхнэртэйгээ ирсэн. бид гурав нэг шил 0.750 граммтай архи хувааж уусан. Бид 3 архи хувааж уугаад 03 цаг 30 минутын орчимд унтаж амарсан. Өглөө бид нар 08 цагийн сэрээд эхнэртэйгээ явахаар болоод ыг сэрээгээд цуг явах гэтэл явах боломжгүй гэсэн. Тэгтэл намайг “манай эхнэр бид хоёрыг Биокомбинатын автобусны буудал хүргээд өгчих” гэхээр нь би эхлээд “та нар өөрсдөө өөр унаа дуудаад явчих” гэж хэлэхэд “ явахгүй гээд байгаа учир чи бид хоёрыг хүргээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би өөрийн унаж байсан Мерседес бенз маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Биокомбинатын автобусны буудал хүргэж өгсөн. Би тэр хоёрыг буулгаад замаараа дэлгүүр ороод хүнсний зүйл аваад машинаа бариад явж байхад урд ачааны улаан өнгийн Хово маркийн машин яваад байхаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн талаар нь гарах гээд харахад машин харагдахгүй болохоор нь зүүн дохиогоо өгөөд гэрлээ асаагаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд урд явж байсан машины зүүн хойд талын дугуйны харалдаа явж байхад урдаас гэнэт нэг машин гараад ирэхээр нь зүүн гар тал руугаа дараад хөвөө рүү ортол тэр машин ч гэсэн баруун дараад хөвөө рүү орж ирээд мөргөлдсөн. Миний машин замаас гараад доошоо орж зогссон байсан. Би машинаасаа буугаад ирэхэд нэг хүн ирээд цагдаа түргэн дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 243-244-р хуудас/

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өглөөний 11 цаг өнгөрч байхад бэр Б.******* над руу залгаад “ээжээ бид  аваарт орчихлоо, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Би хэрэг болсон газарт очтол цагдаа нар очсон байсан. Миний хүү маань жолооны хүрд дээрээ хэвтсэн байдалтай хөдөлгөөнгүй байсан. Манай бэр арын суудалд хавчуулагдсан байдалтай байсан. Нэг цагдаа намайг “та хүүхдээ аваад яв” гэж хэлсэн учир би түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү ач охиноо аваад явсан. Би 2 хүүхэдтэй байсан. Талийгаач миний ганц хүү, дээрээ нэг эгчтэй. Миний охин сэтгэцийн эмчийн хяналтад группд байдаг. Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бол ийм осол гарч миний хүү амь насаа алдахгүй байсан. Би насны эцэст ганц хүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Гомдолтой...” гэв. 

 

            Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн өдрийн 11:00 цагийн үед гэрээсээ нөхөр, охины хамт ээжийндээ очихоор явж байсан. Манай нөхөр жолоо бариад охин урд талын суудалд, би ард талын суудалд суугаад явж байсан. Бид “Био комбинат” орох замд урд талд Хово машины хажуугаас гэнэт нэг машин хурдтай гарч ирсэн. Машины хаазлаад хурдаа авч байгаа чимээ сонсогдоод жингүйдлийн байдалд орсон. Манай охин машины урд талын шилэнд зоогдсон байсан. Би нөхрөө дуудахад чимээгүй, хөдлөхгүй байсан. Би өөрөө ч хөдлөх боломжгүй байсан. Доор байсан цүнхнээсээ утсаа гаргаад ээж рүүгээ залгасан. Манай нөхрийн компанийн хүмүүс ирэхээр нь “манай охиныг аваад яваач” гэж хэлсэн. Түргэний машин ирээд охин бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Охин бид хоёр хоёулаа хагалгаанд орсон учраас би нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэж чадаагүй. Эмнэлгээс 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Миний охины нүүрний нэг тал бүхэлдээ сорвитой болсон. Охин маань аавыгаа байнга ярьдаг болохоор маш хүнд байна. Би хагалгаанд орсноосоо хойш удаан сууж чадахгүй, бие засаж чадахгүй болсон. Би энэ осолд орж гэмтсэний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон, охины биеэс хөлс гараад “толгой бариад өг” гээд толгой нь өвдөөд байдаг болсон. Охин бид хоёр цаашдаа хэрхэн яаж амьдрах нь тодорхойгүй хэцүү байдалтай байна. Маш их гомдолтой...” гэв.

 

            Эрүүгийн 2003004300368 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 1 дүгээр хавтас 6-18-р хуудас/

Хохирогч Ч.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 40-42, 45-46-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 52-53-р хуудас/

Иргэний хариуцагч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 59-60-р хуудас/

Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62-63-р хуудас/

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 65-р хуудас/

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 67-р хуудас/

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 69-р хуудас/

Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1695 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 89-92-р хуудас/

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 102-109-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9452 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 116-118-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9453 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 123-125-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4476 дугаартай  дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 148-149-р хуудас/

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 1 дүгээр хавтас 156-158-р хуудас/

Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 243-244-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 173-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 172-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 174-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 175-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 176-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 177-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 178-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 179-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 182-189-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Мод үржүүлгийн урд талын замд “Mercedes benz S500” маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2а-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Н.ийн амь нас хохирч,  хохирогч Ч.*******, Э. нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 1 дүгээр хавтас 6-18-р хуудас/

 

Хохирогч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нөхөр хүүхэд бид гурав Морингийн даваанд нөхөр э том машинаа засах гээд миний эзэмшлийн Toyota Passo Sette маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр э жолоодоод охин Э. жолоочийн хажуу талын суудал дээр суугаад би жолоочийн арын суудалд суугаад 10 цаг 40 минутын үед хөдөлсөн. Ингээд Биокомбинат орох замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байхад нөгөө урсгалд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чигт том ачааны машин явж байсан. Тэр машины араас гэнэт нэг хар өнгийн машин манай машины явж байсан урсгал руу ороод ирэхээр нь би “хүүе ээ өөдөөс машин гараад ирлээ” гэж хэлэхэд манай нөхөр э тоормосоо гишгээд, жолооны хүрдээ баруун дараад тэр машинтай зорчих хэсгийн урд талын шороон дээр мөргөлдсөн. Нэг мэдэхэд би амьсгалж чадахгүй байсан. Манай нөхөр урд талын суудал дээрээ хүзүү нь доошоо гудайсан харагдахаар нь би “ханиа охиноо аваач ээ” гэж хэлэхэд хариу өгөхгүй байсан. Охиноо харахад урд талын цонхыг толгой хэсгээрээ мөргөөд шилэнд нь зоогдсон байсан. Удалгүй охин уйлаад би охиноо авах гэтэл миний хоёр гар хугарсан хөдөлж чадахгүй байсан. Удалгүй машины гадна талд хүмүүс ирэхээр нь би “миний охиныг аваарай” гэхэд урд талын цонхыг хаглаад охиныг авч байсан. Намайг хүмүүс арын суудал дээр хэвтүүлсэн. Удалгүй эмч ирээд манай нөхрийг үзээд дараа нь намайг охинтой минь машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Миний дух шалбарсан, амны дотор талд оёо тавьсан, цээж их хөндүүрлэж өвдсөн, баруун гараа даахгүй байсан, баруун хөлийн дунд чөмөг ташаа хэсэг хугарсан, зүүн хөлийн шилбэнд оёдол тавьсан. Одоогоор байнга янгинаж өвдөнө, бие засаж чадахгүй байгаа, босож сууж чадахгүй их өвдөлт өгч байгаа, суга таяг хэрэглэж байна. Тэр хар өнгийн машиныг ачааны автомашины араас гараад ирэхэд нь харахад нэлээн ойрхон харагдаж байсан. Тэгээд манай нөхөр хурдаа хасаад явж байтал тэр машины урдаас хурдаа нэмж байгаа хаазны дуу гарч байсан. Миний нөхөр хурдаа хасаад явж байгаад жолооны хүрдээ баруун дарахад тэр машин ч гэсэн манай машины дарсан зүгт орж ирээд мөргөлдсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 40-42, 45-46-р хуудас/,

 

          Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нисэхийн шувуун фабрикийн 7 дугаар хэсэгт зулан руугаа явж байх замд замын хэсэг дээр бороо ороод зам харагдахгүй байсан. Гэтэл замд 2 машин мөргөлдсөн нэг залуу “ахаа уучлаарай” гээд улсын дугаартай автомашины хаалгыг татаад зогсож байсан. “Дуудлага өгсөн үү” гэж асуухад нэг залуу түргэн дуудсан, харин би цагдаад 11 цаг 10 минутад дуудлага өгсөн. ...Анх намайг ирэхэд жолооч нь дуугараад хөдөлж байсан, эхнэр нь бололтой эмэгтэй хүн орилоод ард нь тонгойгоод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62-63-р хуудас/

 

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нисэхээс Шувуун Фабрикаас хайрга авах зорилгоор явсан. Миний мэдэж байгаагаар надаас гадна миний урд 2 Хово маркийн машин явж байсан. Энэ мөргөлдсөн хар Бенз маркийн автомашин миний хажуугаар Биогийн хурд сааруулагч дээр гүйцэж түрүүлээд явж байсан. Удалгүй тухайн хар Бенз, машинтай мөргөлдөөд замаасаа гарсан байсан. Тухайн хар Бензийн жолооч бууж ирэнгүүт, би машинаа зогсоогоод осол гарсан газар ирэхэд жолооч нь “туслаач, түргэн дуудаад өгөөч” гэхээр нь би 11 цаг 04 минутад түргэн дуудсан. Мөргөсөн машин дээр очиход охин хүүхэд шилээрээ бүлтрээд гарчихсан байхаар нь хүмүүстэй нийлээд тухайн хүүхдийг гаргаж аваад хар Бенз дотор арын суудал дээр нь хэвтүүлээд УНК улсын дугаартай автомашины ард талын суудал дээр нэг эмэгтэйг том тэрэгний обуд, нуух, элгэвч нь дарсан байхаар нь бүгдийг нь машинаас буулгаад тухайн эмэгтэйг суудал дээр хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 65-р хуудас/

 

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ нөхөр 2 хүүхдийн хамт нөхрийн эзэмшлийн Тоёота Пирус-30 маркийн 30-51 УНХ улсын дугаартай автомашинтай гараад нөхрийн найз болох *******гийн ажилладаг газар очсон. *******гийн төрсөн өдөр гээд салхинд цуг гарья гээд Биогийн тэнд Туул голын хажууд майхан бариад сууцгаасан. Би 2 хүүхдээ аваад машиндаа 22 цагийн үед орж унтсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад нөхрийн бас нэг найз Нараа гэдэг ах эхнэрийн хамт ирж байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад манай нөхөр машиндаа орж ирээд унтсан. Харин *******, Наран түүний эхнэр 3 майханд ороод унтсан. Би өглөө сэрээд харахад *******гийн машин байхгүй болохоор нь майхан очоод харахад хэн ч байхгүй байхаар нь *******гийн утас руу нөхөр бид 2 ээлжилж залгаад 5,6 удаа дуудуулж байгаад утсаа аваад манай нөхөртэй ярьсан. ******* манай нөхөрт аваар хийчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 67-р хуудас/

 

Гэрч Ж.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн Тоёота Пирус-30 маркийн 30-51 УНХ улсын дугаартай автомашинтай эхнэр 2 хүүхдийн хамт найз Н.*******гийн ажилладаг Био комбинат дээр очсон. Бид нар салхинд гарахаар болж Н.******* өөрийн хар өнгийн Бенз машинтай явсан. Бид нар Биогийн тэнд голын хажууд найрласан. Шөнө 03 цагийн үед амраад 11 цагийн орчимд сэрэхэд Н.******* байхгүй өөрийн унаж явсан машинаа унаад явчихсан байсан. Н.*******гийн 94080815 дугаарын утас руу залгахад авахгүй байж байгаад 6 удаа залгасны дараа аваад “найз нь аваар хийчихлээ, хүрээд ир” гэхээр нь би эхнэр хүүхдээ аваад майхан саваа хураагаад шууд ослын газар очсон. Намайг очиход Бенз машин замаасаа гарчихсан, нөгөө машин нь эгц өөдөөсөө мөргүүлсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 69-р хуудас/

 

Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний танил э эхнэр тайгаа ирээд “энэ машиныг авах уу” гэж хэлээд уг тээврийн хэрэгслийг надад үзүүлсэн юм. Ингээд үзэж хараад авахаар болоод э болон тай ярилцаад уг тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр авахаар болсон. Би эхнэр Бадамцэцэгтэй ярилцаад урьдчилгаа 4.500.000 төгрөгийг өгөөд үлдсэн 2.500.000 төгрөгийг хувааж өгөөд нэр дээрээ шилжүүлж авахаар болсон юм. Ингээд уг тээврийн хэрэгслийг аваад манай эхнэрийн дүү ******* машингүй учир би эхнэртэйгээ ярилцаад уг тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******д “бэлэглэж байгаа шүү” гэж хэлээд хүлээлгэж өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа ******* унаж яваад осол хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1695 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Н.ийн цогцост хийсэн шинжилгээгээр өвчүү, хоёр талын хавирганы хугарал,  зүрх урагдал, үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины доод дэлбэнгийн урагдсан шарх, цээжний хөндийн цочмог цус алдалт /2500мл/, элэгний язрал, баруун дунд чөмөг, тойг, зүүн тавхайн хугарал, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн бүхээгт үүссэн байх боломжтой.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна, цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 89-92-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9452 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ч.*******гийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүү болон дунд 1/3 хэсгээрх хугарал, баруун шилбэнд шарх, баруун сарвуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 116-118-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9453 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Э.ийн биед дух, баруун шанаа, чамархай, баруун чихний дэлбэнг нэлэхүйд нь хамарсан, баруун хацар, эрүү, хамрын нуруу, дээд доод уруулд эдийн дутмагшил бүхий шарх, зүүн хацар, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, 52, 75, 85-р шүдний булгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

           2.  Дээрх “дух, баруун шанаа, чамархай, баруун чихний дэлбэнг нэлэнхүйд нь хамарсан, баруун хацар, эрүү, хамрын нуруу, дээд доод уруулд эдийн дутмагшил бүхий шарх, зүүн хацар, зүүн гарын сарвуунд зулгаралт” гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, “баруун шилбэнд цус хуралт, 52, 75, 85-р шүдний булгарал, тархи доргилт” гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 123-125-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4476 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн СО1381690 гэсэн кодтой цуснаас 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1, 2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 148-149-р хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: 1.Мерседес бенз маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******гийн ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино мөн дүрмийн 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Toyota Passo-Sette маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Нэргүйгийн э /4083062574/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 156-158-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 16-нд 12-13 цагийн орчим миний 86724505 гэсэн утас руу бэр ******* 88038450 гэсэн утсаараа өөрөө над руу залгаад ээжээ, ээжээ гээд байсан. Тэгэхээр нь “яасан бэ” гэсэн чинь “хурдлаач ээ бид 3 аваарт орчихлоо” гээд орилоод байсан. Хаана болчихвоо гэхэд Биогийн цаана шүү гээд утас нь тасарсан. Би өөрийн эзэмшлийн Имприза маркийн автомашинтайгаа зээ Пүрэвсүрэнг суулгаад ослын газар руу явсан. Ослын газар очиход цагдаа ирсэн харагдсан. Машин руу ойртоход хүү үрүүлээ дэрлээд, бэр ******* урагшаа тонгойгоод сууж байсан. Тухайн үед охин харагдаагүй. Намайг нэг эмч нь “ямар хүн бэ” гэхээр нь ээж нь, эмээ нь байна гэхэд намайг түргэний машинд суу охинтойгоо цуг явъя гээд гэмтлийн эмнэлэг дээр очсон тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Хүргэн Саруулсайхан миний утас руу залгаад “ээжээ та сэтгэлээ бариарай э тэссэнгүй дээ” гэж хэлсэн. Бид гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл их байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 52-53-р хуудас/

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/674 дугаартай албан бичигт: Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг Буянт-Ухаа орчимд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08 цагаас 14 цагийн хооронд аадар бороо 8.0-18.0 мм орж байсныг ажиглалтын мэдээг үндэслэн тодорхойлов /хх-ийн 1-р хавтас 193-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “амь хохирогч Э.ийн жолоодож явсан “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай автомашины багажид том оврын автомашины сэлбэг хэрэгсэл ачиж явснаас хохирогч Б.******* нь суудлын завсар хавчуулагдаж гэмтсэн, мөн насанд хүрээгүй хохирогч Э.ийг зориулалтын суудалд суулгаагүйн улмаас урд шил мөргөж гэмтсэн зэрэг байдлаас үзэхэд амь хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн тул дахин шинжээч томилж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн санал гаргаж улсын яллагчтай мэтгэлцэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Н.*******гийн цусанд 1.2 промилли спиртийн агууламжтай “хөнгөн” зэргийн согтолттой байхдаа замын хөдөлгөөнд оролцож, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд явж байсан “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж замын тээврийн осол гаргасны улмаас “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай автомашиныг жолоодож авсан Н.ийн амь нас хохирч, уг автомашинд явсан хохирогч Б.*******, насанд хүрээгүй Э. нарын биед хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ, аадар бороо орж байсан цаг агаарын болон үзэгдэх орчны байдалд тохируулаагүй, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд аюул, саад учруулахгүй, хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарахгүйгээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн шууд буруутай үйлдлээс энэхүү зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт тухай буцаах” хүсэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Иймд шүүгдэгч Н.*******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

          Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан өөрт болон насанд хүрээгүй хохирогч Э.д учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь амь хохирогч Н.ийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг тус тус нэхэмжлэх эрхтэй байна. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 506, 508, 510 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.

          Улсын яллагчаас: хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг Мерседес бенз маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д., шүүгдэгч Н.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах дүгнэлт гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Ч. нь Мерседес Бенз маркийн ******* УБС улсын дугаартай автомашиныг Д.аас 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар 4.500.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 2.500.000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан байх ба Ч. нь уг тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэрийнхээ дүү Н.*******д бэлэглэсэн талаар гэрч Ч., иргэний хариуцагч Д. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мерседес Бенз маркийн ******* УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.ын нэр дээр бүртгэлтэй боловч уг тээврийн хэрэгсэл нь Н.*******гийн эзэмшилд байсан бөгөөд түүний шууд буруутай үйлдлийн улмаас энэ зам тээврийн осол гэмт хэрэг гарсан тул хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Н.*******гээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Зам тээврийн осол хэргийн улмаас Н.ий амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******  нь шүүгдэгчээс нийт 6.463.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж холбогдох /хэргийн 1-р хавтас 197-209-р хуудас/ баримтыг ирүүлжээ. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* нь бэр  Б.*******д био нойл худалдаж авч өгсөн гэх  “Мөнхийн хүндлэл” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 225.000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 2 дугаар хавтас 159-р хуудас/ нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд хамаарахгүй. Түүнчлэн Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа тул түүнийг асарч сувилахтай холбоотой зардлыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 225.000 төгрөгийг хасаж тооцов. Шүүгдэгч Н.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******т амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 6.070.000 төгрөг төлсөн /хх-ийн 2 дугаар хавтас 158-р хуудас/ байх тул төлөгдөөгүй үлдсэн 168.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******гийн биед “баруун дунд чөмөгт ясны хүзүү болон дунд 1/3 хэсгээр хугарал, баруун шилбэнд шарх, баруун сарвуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Э.ийн биед дух, баруун шанаа, чамархай, баруун чихний дэлбэнг нэлэхүйд нь хамарсан, баруун хацар, эрүү, хамрын нуруу, дээд доод уруулд эдийн дутмагшил бүхий шарх, зүүн хацар, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, 52, 75, 85-р шүдний булгарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байна.

         Хохирогч Б.*******гаас гэм хорын зардалд нийт 26.057.388 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 2 дугаар хавтас 161-177-р хуудас/ баримтуудыг шинжлэн судлаад дараах зардлыг шүүгдэгч Н.*******гээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Үүнд:

1.Хохирогч Б.*******гийн эмчилгээний зардалд 2.373.160 төгрөг,

2. Насанд хүрээгүй хохирогч Э.ийн эмчилгээний зардалд 1.706.749 төгрөг,

3. Хохирогч Б.*******, насанд хүрээгүй хохирогч Э. нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явсан тээврийн зардал буюу шатахууны зардалд 1.378.879 төгрөг,

4. Хохирогч Б.******* нь “Жи Эл Эф” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр сарын 920.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан /хх-ийн 2 дугаар хавтас 165-р хуудас/ бөгөөд осолд орсны улмаас 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд эмнэлгийн чөлөөтэй байсан ба Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Б.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоож 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд тэтгэмжийн хэмжээг сарын 350.000 төгрөгөөр тогтоосон болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлгийн чөлөөний хуудас, нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олголтын баримт /хэргийн 2-р хавтас 59-65-р хуудас/ зэргээр нотлогдож байх тул дутуу авсан цалин хөлс 1.200.600 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан 13 сарын хугацааны цалингийн зөрүү 7.410.000 төгрөг,  

5. Хохирогч Б.*******гийн эзэмшлийн “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай автомашины үнэ 8.183.000 төгрөг, Автомашины зах зээлийн дундаж ханшийгАшид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 8.183.000 төгрөгөөр үнэлгээг тогтоожээ. /хх-ийн 1 дүгээр хавтас 102-109-р хуудас/

6. Хохирогч Б.******* нь “Toyota Passo-Sette” маркийн УНК улсын дугаартай автомашины үнэлгээний зардалд 390.000 төгрөг, автомашины ачилт 120.000 төгрөг, оношилгоо, задаргаа хийлгэсэн зардал 123.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл журмын  хашааны төлбөрт 755.000 төгрөг, нийт 1.390.000 төгрөг /хэргийн 1-р хавтас 228, 229-р хуудас, 2-р хавтас 80-р хуудас/

7. Бичиг баримт бүрдүүлэхэд нотариатын зардалд 21.300 төгрөг, нийт 23.663.688 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэснээс шүүгдэгчийн төлсөн 3.500.000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэх 20.163.688 төгрөгийг шүүгдэгч Н.*******гээс гаргуулж хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.  

          Хохирогч Б.*******гийн гар утасны төлбөр 138.700 төгрөг, Гандан хийдэд ном уншуулсан 255.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.ийн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 2.393.700 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцлоо.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, Н.*******гийн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жилийн хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл хэмжээг хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Н.*******д ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын хэр хэмжээ, мөн шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг дүгнэж үзэхэд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар  шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.*******гийн биечлэн эдлэх ялыг 7 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Н.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тээр өндөр настай эхийн хамт ам бүл 2-уул амьдардаг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул “В” ангиллын №279019  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******гийн *******г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,  хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.*******гийн биечлэн эдлэх ялыг 7 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д оногдуулсан 7 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс тоолсугай.

 

 7. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******т 6.070.000 төгрөг, хохирогч Б.*******д 3.500.000 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Г.*******гээс нийт 20.331.688 төгрөг гаргуулж амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд төлөгдөөгүй үлдсэн 168.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******т, хохирогч Б.*******д 20.163.688 төгрөгийг тус тус олгосугай.

 

           9. Хохирогч Ч.*******, насанд хүрээгүй хохирогч Э. нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүгдэгч Н.*******гийн “В” ангиллын №279019 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР