Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 737

 

Д.Даариймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00293 дугаар шийдвэртэй,

                                                                                               

Нэхэмжлэгч Д.Даариймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Түвшинтөрд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

Хариуцагч Ш.Түвшинтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Даариймаа шүүхэд гаргасан нэхэмжпэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Даариймаа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ш.Түвшинтөрд 3 сарын хугацаатайгаар 4 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 0.5 хувийн алдангитайгаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид дараах байдлаар мөнгө зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 3 удаагийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэ зээлээс 900 000 төгрөг авах дутуу байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 хоногийн хугацаатайгаар 1 000 000 төгрөгийг өмнөх зээлтэй адил нөхцөлтэйгөөр зээлсэн. Уг зээлийн нийт алдангийг 100 хоногоор тооцсон бөгөөд хариуцагч нь зээлийн алдангиас 300 000 төгрөгийг төлсөн байдаг. Алдангид төлөх 200 000 төгрөгийг дутуу төлсөн байгаа. Энэ зээлийн дагуу төлөх ёстой байсан 1 600 000 төгрөгөөс зээлийн хүү 100 000 төгрөг, алданги 300 000 төгрөг нийт 400 000 төгрөгийг хариуцагчаас авсан байдаг бөгөөд энэ зээлийн үлдэгдэл 1 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг хариуцагч нь зээлсэн бөгөөд энэ мөнгөнөөс 1 350 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 1 000 000 төгрөг өгсөн бөгөөд энэ мөнгөнөөс хариуцагч нь 400 000 төгрөгийг л буцааж өгсөн. Нэхэмжлэгч нь энэ 1 000 000 төгрөгийг хариуцагчид өгөхдөө зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагч руу дансаар шилжүүлсэн байдаг учраас тус мөнгөнд хүү алданги тооцоогүй. Энэ мөнгөнөөс 600 000 төгрөгийг хариуцагч төлөх дутуу байгаа. Эхний зээлийн үлдэгдэл 900 000 төгрөг, дараагийн зээлийн үлдэгдэл 1 350 000 төгрөг, гурав дахь зээлийн үлдэгдэл 1 200 000 төгрөг, 4 дэх зээлийн үлдэгдэл 600 000 төгрөг, нийт 4 050 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Түвшинтөр шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 3 удаагийн зээлийн гэрээний дагуу 20 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авч байсан. Нэхэмжлэгч нь сүүлд хариуцагчийн дансруу шилжүүлсэн 1 000 000 төгрөгийн хувьд Д.Даариймаа нь Ш.Түвшинтөрд ОХУ-аас бараа захисан юм. Мөн 150 000 төгрөгөөр нэхэмжлэгч нь ОХУ-аас хүүхэддээ эм тариа захиж байсан. Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Б.Уранцэцэгтэй хамт 2 удаа ОХУ-руу явж, эхлээд 600 000 төгрөгийн бараа дараа нь 400,000 төгрөгийн бараа авчирж өгөөд 1 000 000 төгрөгийн тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас зээл 4 500 000 төгрөгийг 150 000 төгрөгийн хүүтэй нь гаргуулж өгнө үү гэсэн байдаг. Хариуцагч нь нийт 3 394 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр төлсөн байдаг. Нэхэмжлэгч Ш.Түвшинтөр нь өөрийнхөө дансаар 1 590 000 төгрөг, бэлнээр 1 170 000 төгрөг, бараагаар 384 000 төгрөг, суутгалаар 250 000 төгрөг төлсөн. Ш.Түвшинтөр нь хариуцагчаас мөнгө зээлдэг учраас тус болж, өвлийн хүйтэнд ОХУ-аас бараа авч ирж өгч байсан. Нэхэмжлэгч нь ОХУ-аас бараа захисан мөнгөө хариуцагчид зээлсэн мөнгө болгож, нэхэмжилж байгаад гайхаж байна. Хариуцагч нь нийт 394 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд 3 удаагийн зээлийн гэрээнм дагуу зээлсэн 3 500 000 төгрөгөөс 3 394 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлчихсөн. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 106 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгөн дээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү 150 000 төгрөг нийт 256 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Түвшинтөрөөс 2 175 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 89 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Түвшинтөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 49 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Даариймаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00293 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.Даариймаа хариуцагч Ш.Түвшинтөр нарыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцон, тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд 10 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн атлаа хариуцагч нь нийтдээ зээлийн хүү алдангид нийт 2 550 000 төгрөг өгсөн бөгөөд түүнийг үндсэн зээлнээс бүгдийг нь хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагч нь нийт зээлийн төлбөрт 2 550 000 төгрөг өгсөн бөгөөд үүний 1 940 000 төгрөг нь хэрэгт авагдсан эргэн төлөлт хийгдсэн дансны хуулгаар ютлогдсон бөгөөд үддэх 610 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасч тооцсон бөгөөд чг ямар зээлийн гэрээнээс хасч тооцож байгаа нь ойлгомжгүй нийт үнийн дүнгээс сассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн болон үнэн бодит үнэлэлт дүгнэлтийг өгч чадаагүй гэж үзэж байна.

Мөн зээлийн гэрээнээс алдангид суутган авсан 1 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хуулийг буруу тайлбарлан шийдвэрийн тогтоох хэсэгт ашигласан нь хууль буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий биш болжээ.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00293 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Уранцэцэг нь Ш.Түвшинтөрийн мөнгө төгрөг, өрний асуудлыг сайн ойлгоогүйгээс “Ш.Түвшинтөр нь Д.Даариймаа гэж хүнд өрөндөө бараа авч ирж өгсөн” гэснийг үндэслэл муутай байна гээд үндсэн өрнөөс 1 сая төгрөгийг хасч тооцоогүй. Гэвч Ш.Түвшинтөртэй хамт Д.Даариймаад 2 удаа нийт 1 000 000 төгрөгийн барааг аваачиж өгөлцсөнийг, мөн Улаан-Үд хотоос Д.Даариймаа гэж хүнд бараа авсан гэдгийг хангалттай нотолж байна. Шүүхийн шийдвэр нь 2 175 000 төгрөгийг Д.Даариймаад төлөхөөр гарсан ба дээрх дүнгээс 1 000 000 төгрөгийг хасуулахаар гомдол гаргаж байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, талуудын хоорондох маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Даариймаа нь хариуцагч Ш.Түвшинтөрт холбогдуулан гаргасан ба анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 050 000 төгрөг болгосныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 256 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөгийг тус бүр 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээнүүд бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд нийцсэн байх бөгөөд хариуцагч мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нь талуудын тайлбараар тогтоогджээ.

/хэргийн 3-5 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн нэр дээрх ХААН банкны дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн нь Депозит дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд харин уг мөнгийг зээлээгүй бараа захиж худалдан авах зорилгоор шилжүүлсэн мөнгө ба барааг нь авчирч өгсөн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Гэрчээр оролцсон Б.Уранцэцэг нь нэхэмжлэгчид хариуцагч бараа өгсөн гэж тайлбарласан байх боловч хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн бараа өгсөн болон зохигчийн хооронд 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу бараа захиж худалдан авах зорилгоор шилжүүлсэн мөнгөнд тооцон өгсөн гэдгийг нотлохгүй байна.

 

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь 3 394 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн ХААН банкин дахь 5065249988 тоот дансанд 1 940 000 шилжүүлсэн болон 610 000 төгрөгийг бэлнээр, нийт 2 550 000 төгрөгийг өгсөн болох нь дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогджээ. Уг хариуцагчийн төлсөн мөнгийг нэхэмжлэгч хүү, алдангид тооцож авсан гэх тайлбар нь төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэхээр зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн дүнгээс хоногоор тооцон алданги төлүүлэхээр зохицуулсан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Дээрх 4 удаагийн зээлийн гэрээний дагуу хариуцагч 4 850 000 төгрөг төлөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх 4 575 000 төгрөг гэж буруу тооцож, 2 175 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү нийт 4 850 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 550 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 2 300 000 төгрөг, алдангийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ болох 150 000 төгрөгөөр тооцож, нийт 2 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Мөн зээлийн хүү, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүсэж байхад шүүх анзыг тодорхойлсон, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахыг зохицуулсан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу байгааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00293 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2 450 000 төгрөгийг хариуцагч Ш.Түвшинтөрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Даариймаад олгож, үлдэх 2 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “49 750” гэснийг “54 150” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Даариймаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундралын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Ш.Түвшинтөр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Даариймаагаас төлсөн 54 550 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        С.ЭНХТӨР