Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 486

 

    Т.М, Э.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цгийн өмгөөлөгч М.Х,

шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Т.М, Э.Ө нарт холбогдох 1708000000230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Т.М, 1997 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн мал эмнэлэг, био технологийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .............. оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ..................../.;

Б овогт   Э.Ө, 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

Э.Ө, Т.М нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ийн цээжин тус газарт нь цохиж газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б-ийн толгойд зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт бүхий битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Э.Ө, Т.М нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ө, Т.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж дүгнэн хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаажээ.

          1. Тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хамтран оролцоо, үйлдлийг ялгаж зааглаагүй бүрэн гүйцэт тогтоогдоогүй.

          Шүүгдэгч Э.Ө, Т.М нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, мөн шүүгдэгч нар нь сэжигтнээр, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр мэдүүлэг өгсөн байх тул тэдгээрийн мэдүүлэгт дурдсан зарим эргэлзээ бүхий асуудлыг шалгаж эх сурвалжийг тодруулах шаардлагатай байна

          Учир нь, Э.Ө, Т.М нар нь хамт явсан тээврийн хэрэгсэл, явсан гэх газар цаг хугацааны талаар, мөн өөр бусад хүмүүстэй хамт явсан, хамтран оролцооны талаар ярьснаас гадна амь хохирогчийн биеийн аль хэсэгт цохисон талаар өөрөөр мэдүүлсэн байна.     

          2. Гэрч Л.Б-гээс дараах зүйлийг асуух нь зүйтэй. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Т.М, Э.Ө нарыг Нарангийн гол гэх газар хүргэж өгсөн эсэх, хүргэж өгсөн бол хэдэн цагийн үед хүргэж өгсөн болох, тухайн үед дээрх хүмүүсээс гадна өөр хүмүүс хамт явсан эсэх, тодруулбал Шаамбига гэх хочтой хүн хамт явсан эсэх, ийм нэртэй хүн байдаг бол уг хүн нь хэн болохыг олж тогтоон улмаар Э.Ө, Т.М нартай хэрэг учрал болох үед хамт байсан эсэх, хэргийн талаар мэдэх зүйл байгаа эсэхийг асууж тодруулах.  

          Э.Ө, Т.М нар нь салахгүйгээр хамтдаа явсан зүйл байгаа эсэх, хэрэв хамт яваагүй бол тэд нараас хаана салсан, хэдэн цагийн үед Т.М, Бодьхүү нар руу хүрээд ир гэж дуудсан болох, очихдоо өөр бусад хүмүүстэй хамт очсон эсэх, Бодьхүү нь хэдэн цагийн үед Э.Ө, Т.М нарыг хаана байхад нь очиж авсан болох, ирсэн, явсан цаг хугацааг нарийвчлан тодруулах, гэмт хэрэг үйлдэхээр хоорондоо ярьж тохиролцсон эсэх, машинаар үйлчилсэн зэрэг асуудлыг тодруулах.

          Мөн 5 шарын автобусны буудал дээр хонох болсон шалтгаан нь юу болох, тухайн үед хэн хэнтэй хамт хоносон болох, Э.Ө, Т.М нарын хэн нь улаан куртик, гар утас зэргийг авч явсныг харсан болохыг асуух,

          3. Амь хохирогч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдөр хүртэлх хугацаанд хэн хэнтэй хамт архи уусан, хаагуур явсан, энэ хугацаанд бусадтай маргалдаж, зодолдсон зүйл байгаа эсэхийг хамт архи уусан гэх Б, У, Б.Б нараас асууж тодруулах,

          4. Шинжээчийн 2264 дугаартай дүгнэлтэд: “... талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж тархи хавганаж, гүүрэнд хоёрдогчоос цус хуран үхэлд хүргэжээ” гэсэн  

          Шинжээч эмч Ц.Г-ын мэдүүлэгт: “... шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан бөгөөд 2015 онд учирсан гэмтэлтэй хамааралгүй, уг гэмтлүүд нь цохих үед үүснэ. Гэмтлүүдийг харахад хоёроос гурван удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм гэжээ

          Дээрх шинжээчийн 2264 дугаартай дүгнэлтэд хохирогчид учирсан гэх дээрх гэмтлүүдийг гэмтлийн зэрэг тогтоох журмын хэд дэх заалтад зааснаар ямар гэмтэл /хөнгөн, хүндэвтэр, хүнд/ болохыг тодорхойлоогүй, амь насыг аврах боломжтой эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх гэмтэл болох нь тусгагдаагүй байх тул нэмэлтээр дүгнэлт гаргуулж хохирогчид учирсан гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн ямар зэрэгт хамаарах дээрх олон гэмтлийн аль нь хөнгөн, хүндэвтэр, хүнд болохыг зааглах, амь насанд аюултай эсэх, амь насыг аврах боломжтой байсан эсэх, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр уг гэмтэл учирсан болохыг тусгах шаардлагатай байна.

          Түүнчлэн шинжээчээс гүүрэнд хоёрдогчоос цус хуралт гэж юуг хэлж байгаа болох, хохирогчийн биеийн аль хэсэгт хүч үйлчилснээс хохирогчид учирсан гэмтлүүд нь үүсэх, учрах боломжтой болох, цээжинд өшиглөх, цохих үед үүсэх эсэх, цээжинд цохих, өшиглөх явцад хохирогч газарт унах үед уг гэмтэл учрах боломжтой эсэх, эсхүл хохирогчийн нүүр, толгойн аль хэсэгт цохих, өшиглөх, ямар нэг байлаар өөр бусад зүйлээр цохих үед үүсэх боломжтой эсэхийг шинжээч эмч Д.Ганболдоос асууж тодруулах нь зүйтэй.

          5. Прокурорын яллах дүгнэлт шаардлага хангаж байгаа эсэх. Шүүгдэгч нар нь удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчийн нүүр хэсэг, эсхүл цээжин хэсэгт цохисон гэх мэтээр өөр өөр мэдүүлсэн, шинжээчийн амь хохирогчид учирсан гэмтлийг биеийн аль хэсэгт цохих үед учрах боломжтой эсэх талаар ямар нэг дүгнэлт мэдүүлэг өгөөгүй байхад яллах дүгнэлтэд амь хохирогчийн цээжин хэсэгт цохисноос тархинд үүссэн гэмтлийг учруулсан гэх мэтээр бичсэн, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан оношийг зөрүүтэй байдлаар бичсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог салгалгүйгээр ерөнхийлсөн байдлаар бичсэн нь учир дутагдалтай, эргэлзээ бүхий байна. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.Ө, Т.М нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар буцааж, хэргийг прокурорт очтол Э.Ө, Т.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн куртик 1 ширхэгийг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын яллах дүгнэлтэд Э.Ө, Т.М нарыг бүлэглэн Ц.Б-ийн цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч Ц.Б-ийн толгойд зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт бүхий битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн.

          Түүнээс биш  Т.М, Э.Ө нарыг амь хохирогчийн цээжин хэсэгт цохисноос тархинд гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийгээгүй, харин тухайн болсон хэрэг, үйл баримтыг яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэж бичсэн болохыг тунгааж ойлгохыг хүсье, мөн шүүгдэгч Т.М, Э.Ө нарын хувьд талийгаачийн “Nokia” загварын гар утас, түүний өмсөж явсан улаан куртик зэргийг авсан болох нь гэрч Л.Б, С.Ц нарын мэдүүлэг, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарын хэн нь дээрх зүйлүүдээс алийг нь авсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

          Яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Иймд  шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цгийн өмгөөлөгч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ө мэдүүлэгтээ “улаан куртиктай хүнийг цохиж унагаасан. Цохиж унагаасны дараа энгэрээс нь татаж, өндийлгөж байгаад нүүрэн тус газарт нь цохисон” гэж мэдүүлсэн. Дараа нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мөн  дээрхи мэдүүлгээ өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт өөрөөр буюу “Б улаан куртиктай хүнийг зааж өгсөн, Т.М түүнийг цохиж унаган нүүрэн тус газарт нь цохисон” гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “бид хоёр эд зүйлийг нь авсан, Б, Ш нар бүгд байсан. Хүн дээрэмдэхэд эдгээр хүмүүс харсан, Бодьхүү дээрэмдэхэд автомашинтайгаа тусалсан” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт огт авагдаагүй өөр мэдүүлэг өгсөн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байсан. Шүүгдэгч Т.Мгийн мэдүүлэгт “хүн алхаад өнгөрсөн Э.Ө түүний цээж рүү цохиж унагаасан, би очиод куртикийг нь тайлж авсан, тэр үед 00 цаг болж байсан” гэж мэдүүлсэн. Т.М яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “хүнийг зодож, цохиж, эд зүйлийг нь авахад Э.Ө бид хоёр хамт байсан” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт “тэр хүнийг цохиж, зодож, эд зүйлийг нь авахад Э.Ө бид хоёр л байсан. Э.Ө түрүүлж цохиж унагаад, би куртикийг нь авсан” гэж мэдүүлсэн. Мөн тогтоолын 2 дахь хэсэгт Бодьхүүгээс мэдүүлэг авах шаардлагатай гэсэн. Бодьхүү гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Бодьхүүг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тогтоолын 3 дахь хэсэгт амь хохирогчийг 2017 оны 11 дүгээр сарын 10-аас 13-ны өдрүүдэд хэн хэнтэй архи ууж, хэнтэй маргалдсныг олж тогтоох шаардлагатай гэсэн. Энэ үед хэнтэй ч зодолдож маргалдаагүй гэдгийг гэрч Будсүрэн тодорхой мэдүүлсэн. Будсүрэнгийн гэрт архи уух гээд олж чадаагүй. Дараа нь Будсүрэнгийн картанд байсан 10.000 төгрөгөөр 0,5 грамм архи авч уусан. Тэр үед Уламбаяр түрүүлээд гараад явсан байсан. Орой талийгаач гарч тамхи татчихаад ирье гэж гараад шөнийн 01 цагийн үед нүүр, ам нь цус болсон орж ирэхэд нь “яасан бэ” гэхэд “би куртик юмнуудаа хүнд алдсан” гэсэн. Хэнд зодуулсан юм бэ гэхэд “маргааш яръя” гэсэн байдаг. Тогтоолын 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтэд “гүүрэнд хоёрдогчоор цус дүүрч үхэлд хүрсэн” гэдэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарласан. Тэр өөрөө эмч хүн юм.Үүнийг тогтоох шаардлагатай гэвэл шинжээч эмч Ц.Г-ыг асууж тодруулах боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нарын оролцоог салгаж бичээгүй гэсэн асуудал тавьсан. Цээжинд нь цохисон гэдгийг, нүүрэн тус газарт нь цохисон гэдгээр яллах дүгнэлт бичсэн байсан. Шүүгдэгч Т.М, Э.Ө нараас өөр гэрч байгаагүй. Талийгаач “намайг тийм царай, зүстэй хүн зодсон” гэж хэлэлгүй, маргааш нь ухаан алдсан, ухаан алдсан хэвээрээ байж байгаад амь хохирсон. Тэгэхээр оролцоо нь яллах дүгнэлтэд маш тодорхой бичигдсэн. Тийм учраас гэрч, шинжээч эмч нарыг оролцуулж, асууж тодруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж, прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна  ...” гэв.

          Шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг нь шүүх хуралдааны явцад эрс өөрчлөгдсөн тул анхан шатны шүүх аль нотлох баримт болох мэдүүлгийг үнэлэхэд, мөн гэрч Бодьхүүгийн мэдүүлэгт эргэлзээ төрсөн учраас хэргийг буцаасан гэж үзэж байгаа тул   хэргийн үйл баримтыг тодруулж, Т.М, Э.Ө нараас өөр хүн байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан үхлийн шалтгаан бүхий гэмтлээс гадна гэмтлүүд гэмтлийн ямар зэрэгт хамаарах, түүнийг хэн учруулсан талаар нарийвчлан тогтоогоогүй, бүгдийг нь Т.М, Э.Ө нар учруулсан гэдгээр ял халдааж байгаа асуудал байна. Т.М, Э.Ө нар нь бие биенийгээ цохисон гэж мэдүүлдэгээс өөрөөр тэднийг амь хохирогчийг цохиж байсан талаар мэдүүлсэн гэрч байхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

          Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлогдож тогтоогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёрдугаарт, энэ хэргийг хэн, яаж үйлдсэн бэ гэдэг нь тогтоогдоогүй. Яллах дүгнэлтэд цээжинд цохиж гэж ерөнхийлөн дүгнэсэн, хэргийг хэн, яаж үйлдсэн, ямар хохирол учруулсан бэ гэдэг талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлээс гадна олон төрлийн гэмтэл учирсан байдаг. Уг гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын аль заалтад хамаарч байгаа талаар дурдаагүй. Мөн шүүхийн тогтоолд зааснаар гэрч Бодьхүүг гэрчээр асуух шаардлагатай. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд яллагдагч Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Э.Ө, Т.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Болор-Эрдэнийн цээжин тус газарт нь цохиж газарт унагаад зодож “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч Ц.Болор-Эрдэнийн толгойд зүүн зулай чамархайн хатуу халс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт бүхий битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокурорт буцаасан үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагагүй байна.

Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд гэрч, шинжээч эмч, бусад оролцогч нарыг бүрэн оролцуулан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн хэмжээний дотор хууль зүйн дүгнэлт хийн шүүхийн тогтоолд дурьдсан асуудлуудыг тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 Иймд  прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Т.М, Э.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                          ШҮҮГЧИД                                                 Д.ОЧМАНДАХ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН