Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0063/З |
Дугаар | 221/МА2022/0793 |
Огноо | 2022-12-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2022/0793
Ж.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Э.Ж
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Гуравдагч этгээд Ц.Н
Нэхэмжлэлийн шаардлага:
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А-213 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахыг даалгах,
-Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрын 300 дугаартай Ц.Нт олгосон газар ашиглах гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаяг бүхий газарт нэхэмжлэгчид шинээр гэрчилгээ олгуулахаар санал явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардлагатай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад явуулахыг даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 739 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Э.Ж, Х.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0063/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Баас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А-213 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахыг даалгах, “Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрын 300 дугаартай Ц.Нт олгосон газар ашиглах гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаяг бүхий газарт нэхэмжлэгчид шинээр гэрчилгээ олгуулахаар санал явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардлагатай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад явуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 739 дүгээр шийдвэрээр:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Ж.Бы нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А-213 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахыг даалгах, “Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай Эрээний адаг гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрын 300 дугаартай Ц.Нт олгосон газар ашиглах гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаяг бүхий газарт нэхэмжлэгчид шинээр гэрчилгээ олгуулахаар санал явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардлагатай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад явуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Э.Ж нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчид газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу үүсээгүй байгаа энэ тохиолдолд шүүхээс түүний эрхийг хариуцагч байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байна гэж буруутган дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас маргаан бүхий 2010 оны А-213 дугаар тушаал гарсан хугацаанаас хойш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2012 оноос эхлэн 2015 оны 5 дугаар сараас хандаж байсан, газраа бодитоор ашиглаж байгаагүй, гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчийн 2010 онд хүчингүй болсон гэрчилгээг үндэслэн мөнгө зээлсэн, зээлийн барьцаанд тухайн газрыг авсан гэх боловч хууль ёсны дагуу баталгаажаагүй, гэрчилгээг барьцаалсан, түүнчлэн хуулиар шилжүүлэхийг хориглосон газрыг шилжүүлэх агуулгаар гэрээ, хэлцэл байгуулж байсан, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дээрх гэрээ, хэлцлийг үндэслэн хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, мөн маргаж буй 300 дугаар гэрчилгээг сайдын 2011 оны А-466 дугаар зөвшөөрөл олгосон тушаалын дараа гарсан байдлаас болон нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй энэ тохиолдолд түүний гаргасан нэхэмжлэлээр гуравдагч этгээдийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:
3.1.Нэхэмжлэгч Ж.Бы газар ашиглах талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:
-Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б болон түүний ар гэрийнхэн 1988 оноос хойш маргаан бүхий газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар мал маллаж амьдарсаар ирсэн. 2003 онд Налайх дүүргийн Засаг Дарга, 2008 онд Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга 48 тоот тушаалаар 5 жилийн хугацаатайгаар 305 дугаар газар ашиглах гэрчилгээг олгосон байдаг,
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2010 оны А-213 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон, улмаар 2011 оны А-466 дугаар тушаалаар Засаг даргын судалгааг үндэслэн өвөлжөө, хаваржаа бүхий газрыг ашиглаж буй иргэдийн тухайн газрыг гэрчилгээжүүлэх зөвшөөрөл олгосон,
-Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа /өмнө Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байсан/ нь дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгч Ж.Бд танилцуулаагүй, түүний гомдол гаргах эрхээр хангаагүйгээс болж нэхэмжлэгч Ж.Б газар ашиглах гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж чадаагүй.
3.2.Гуравдагч этгээд Ц.Нт хууль ёсоор газар ашиглах эрх үүсээгүй тухайд:
-Ж.Б нь гуравдагч этгээд Ц.Нээс мөнгө зээлээд, барьцаанд өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг тавьсан. Гэтэл Ц.Нээс зээлийн барьцаанд газрыг түр хугацаанд шилжүүлэх шаардлага тавьсны дагуу газар шилжүүлэх хүсэлтийг гаргасан.
-Хэрэгт авагдсан Ц.Нийн газар ашиглах гэрчилгээ нь огноо дугааргүй, мөн хаанаас олгосон нь тодорхойгүй, тамга, тэмдэггүй байдаг.
-Хариуцагч болон гуравдагч этгээдээс Ц.Нийн газар ашиглах гэрчилгээг 2015 онд олгосон гэж хэлдэг боловч тус гэрчилгээ дээр Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа гэсэн байдаг. Гэтэл 2015 онд маргаан бүхий газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцаж эхэлсэн байсан.
-Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж заасныг Ц.Нийн газар ашиглах гэрчилгээ зөрчиж байгаа юм.
-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 21/507 тоот албан бичгээр “...Ц.Нт олгосон 2015 оны 300 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн тул хүчингүй болгуулах санал”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 02/2012 тоот албан бичгээр “зөрчил арилгах” мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ямар нэгэн арга хэмжээг аваагүй.
3.3.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа /өмнө Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байсан/ нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд:
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-213 дугаар тушаалаар Ж.Бд олгосон 305 дугаар “газар ашиглах” гэрчилгээг хүчингүй болгосон. Харин энэхүү шийдвэрийг хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа нь дээрх шийдвэрийг эрх нь зөрчигдсөн этгээдүүдэд танилцаагүй, тэдгээрийн гомдол гаргах эрхээр хангаагүй болно. Мөн сайдаас 2011 онд өмнөх гаргасан шийдвэрээр тогтоосон зөрчлийг арилгах арга хэмжээг авч А-466 дугаар тушаалаар дахин гэрчилгээжүүлэлт хийх зөвшөөрлийг олгосон байхад мөн л Ж.Бд мэдэгдээгүй,
-Энэхүү эс үйлдэхүй нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны тус тус албан бичгүүдээр нотлогддог,
-Харин хариуцагч нараас Ж.Быг “2012, 2015 онуудад газар ашиглах эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан” хэмээн тайлбарладаг бөгөөд тэдгээр хүсэлтүүд болон газар дээрх хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч тухайн газартаа амьдарч байгаа нь нотлогддог,
-Төрийн байгууллагаас Ж.Бы шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж заасныг зөрчсөн,
-Эдгээр нөхцөл байдлуудаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа нь Ж.Бд газар ашиглах шийдвэр гаргуулах санал, судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.
3.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-213 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болох тухайд:
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/213 дугаар тушаалаар Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга 2008 онд газар ашиглах гэрчилгээ олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн буюу өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн хэмээн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон,
-Уг шийдвэрийг буруу байсан болохыг хүлээн зөвшөөрч дараа жил нь буюу 2011 онд А/466 дугаар тушаал гаргаж дахин гэрчилгээжүүлэлт хийх зөвшөөрлийг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд олгосон,
-Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглах эрхийг олгодоггүй, зөвхөн гэрчилгээжүүлэлтийг яамнаас олгосон чиг үүргийн дагуу хэрэгжүүлдэг. Энэ нь сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар хэрэгжүүлдэг байхад мөн сайдаас 2010 онд А-213 дугаар тушаал гаргаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-9.1.9-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй юм.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Бд дээрх сайдын шийдвэрүүдийг албан ёсоор танилцуулж, түүний дагуу гомдол гаргах, мөн газар ашиглах талаар хүсэлт гаргах боломжоор хангаагүй хэрнээ газар ашиглах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж байгаа нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 7-ны өдөр 739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-213 дугаар тушаалаар нэр бүхий 319 иргэн, түүний дотор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч тушаалын 3 дахь заалтаар “Тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах үед уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж хууль тогтоомжид нийцүүлэн асуудлыг шийдвэрлэхийг Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон, улмаар сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрчилгээжүүлэлт хийх тухай” А-466 дугаар тушаалаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны саналыг үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт өвөлжөө, хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж, координатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргад зөвшөөрчээ.
Харин үүнээс хойш буюу нэхэмжлэгч Ж.Б 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд хандаж “…удаан хугацаагаар гадаад оронд амьдрах болсон тул өөрийн хамаатан болох эгч Ц.Нт газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгөх” хүсэлт гаргасан, 2015 онд ч мөн адил агуулга бүхий хүсэлт гаргасныг тус тус үндэслэн түүнд өмнө олгосон газрын гэрчилгээг гуравдагч этгээдэд олгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт маргаан бүхий 2010 оны А-213 дугаар тушаалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн гаргасан талаар зөв дүгнэсэн байна.
2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан, гэтэл иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх явцад нэхэмжлэгчээс газраа үргэлжлүүлэн ашиглах бус харин ч дээрх байдлаар 1 бус удаа бусдад шилжүүлэх хүсэлт гаргасантай холбогдуулж 2015 онд гуравдагч этгээд Ц.Нт 300 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосонд хариуцагчийг буруутгах боломжгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн газар ашиглах гэрчилгээг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлтийг давж заалдах гомдлын хүрээнд үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
3.Иймд нэхэмжлэгчээс Эрээний адагт 2600 м.кв хэмжээтэй газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн энэ тохиолдолд шүүхээс түүнд уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг, мөн шинээр гэрчилгээ олгох саналыг Сайдад хүргүүлэхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй, учир нь өөрийнх нь хүсэл зоригын илэрхийлэл, хүсэлтийн дагуу гаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээг илт хууль бус гэж дүгнэхгүй.
Хэрэгт нэхэмжлэгчээс өөрийн газар ашиглах эрхээсээ сайн дураар татгалзаж, гуравдагч этгээдэд шилжүүлэн олгохыг зөвшөөрсөн талаарх баримт, гэрчийн мэдүүлэг хангалттай авагдсан тул анх газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон Сайдын 2010 оны А-231 дугаар тушаалыг танилцуулаагүйгээс түүний эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
Тухайлбал давж заалдах гомдолд “…дээрх шийдвэрийг тухайн үед танилцуулаагүйгээс газар ашиглах гэрчилгээ авах хүсэлтийг гаргаж чадаагүй…” гэх боловч өөрийнх нь гэрчилгээ хүчингүй болсон эсэхээс үл хамааран газраа Ц.Нт шилжүүлэх хүсэлт гаргасан, хэдийгээр гэрчилгээг нь хүчингүй болгосон байсан ч өмнө нь амьдарч байсан иргэний хувьд газрыг нь гэрчилгээжүүлэх хүрээнд Ж.Бгийн 2012, 2015 онд гаргасан хүсэлтийг хариуцагчаас харгалзан үзсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Э.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН