Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01858

 

Ю.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00586 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1489 дугаар магадлалтай,

Ю.Б-ы нэхэмжлэлтэй

Ц.А-од холбогдох,

Хьюндай портер маркийн 05-61 УБГ улсын дугаартай автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.А-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ю.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ц.А-той 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн эзэмшлийн 05-61 УБГ улсын дугаартай цагаан өнгийн ачааны зориулалттай 2001 онд үйлдвэрлэсэн Хьюндай портер автомашиныг 7.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Ц.А-од ямар нэгэн өр төлбөргүй болно. Ц.А- нь автомашиныг Ө.Эрдэнэбилэг гэх хүнээр зуучилж авсан. Ө.Эрдэнэбилэгт ямар нэгэн өр төлбөргүй. Ц.А- нь надад нэг ч төгрөг өгөлгүйгээр автомашиныг авсан тул Ц.А-оос машинаа гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ө.Эрдэнэбилэг гэх хүнд их хэмжээний мөнгө залилуулсан бөгөөд тус эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа болно. Ө.Эрдэнэбилэг төлбөрийн тодорхой хэсэгт нь автомашин өгнө гээд Ю.Б- гэх ахынхаа портер машиныг худалдан авах гэрээ хийн шилжүүлж өгсөн. Мөн төлбөр барагдуулах бичиг үйлдсэн болно. Автомашин шилжүүлэх, өр төлбөр барагдуулах ажиллагаа хуулийн хүрээнд нотариатын газар баримтаар үйлдсэн. Одоо 05-61 УБГ дугаартай портер автомашин нь Ц.А- миний хууль ёсны өмч болно. Мөн Ю.Б- нь дүү Ө.Эрдэнэбилэгтэйгээ төлбөрийн тал дээр тохиролцоогүй байж намайг залилсан мэтээр хэлж ярьж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00586 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.А-оос 05-61 УБГ улсын дугаартай Hyundai porter маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1489 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А-оос Хьюндай портер маркийн /Huyndai porter/ 05-61 УБГ улсын дугаартай, ачааны автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Ю.Б-д олгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...хариуцагчаас 126.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ю.Б-, хариуцагч Ц.А- болон Ө.Эрдэнэбилэг бид гурвын дунд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийж 05-61 УБГ улсын дугаартай Хьюндай портер машиныг 7.000.000 төгрөгөөр бодож өрнөөсөө хасуулж өгсөн. Бидний энэ аман хэлцлийн үндсэн дээр нотариат орж худалдах-худалдан авах гэрээний хэлбэрт оруулж харилцан тохиролцож төлбөр төлөгдсөн, тооцоо дууссан гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж машинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ю.Б- Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд Хьюндай портер маркын машинаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэтэл бодит байдал дээр Ө.Эрдэнэбилэг гэдэг хүн надад 30.000.000 төгрөгийн өртэй эрүүгийн шүүх дээр хэрэг үүсэн мөрдөн байцаалтын шатанд явж байсан. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр намайг дуудаж уулзаж өгнө гээд байсан машинаа үзүүлсэн. Тухайн үед очиж уулзахад Ө.Эрдэнэбилэг түүний өмгөөлөгч Т.Даваажав, Ю.Б- нар өмгөөлөгч Т.Даваажавын амьдардаг байрны доод давхарт дулаан гражид портер машин байсан Т.Даваажав өмгөөлөгч чи энэ машиныг тодорхой үнэ тохироод авчих юм бол энэ хүний ял хөнгөрөх юм гэж хэлсэн тэгээд би үзэж хараад машины гэрчилгээг харсан Ю.Б- гэдэг хүний нэр дээр байсан энэ чинь хүний машин байна гэхэд Ю.Б- би Эрдэнэбилэгийн ахынх нь найз байгаа юм би чамд машинаа шууд нотариат ороод гэрээ хийгээд шилжүүлээд өгнө гэсэн нэр шилжүүлэх болоход торгууль төлбөр даатгал, тавар, оношилгоо зэрэг нь төлөгдөөгүй байсныг нь би бүгдийн төлсөн. Ю.Батчуулны өмгөөлөгч Т.Даваажав чи ав гэж байгаа дээр нь авсан дээр гэж ятгаж би хүлээн зөвшөөрч бид нотариат орсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ байдлыг хамгийн сайн мэдэж байгаа бөгөөд энэ бүх ажиллагааг эхнээс нь зохион байгуулж хийсэн хүний хувьд Ө.Эрдэнэбилэг Ц.А- бид хоёр зохион байгуулж Ю.Б-ыг залилсан гэж ярьж байгааг ойлгохгүй байна яагаад Ө.Эрдэнбилэгийн өмгөөлөгч байсан хүн үүнийг мэдэхгүй байгааг мөн Ю.Б-ы өмгөөлөгчөөр орж ирж байна, харин эсрэгээрээ намайг эд нар нийлж залилж худалдах худалдан авах гэрээ хийж өгчихөөд одоо болохоор Ю.Б-ы өмгөөлөгчөөр орж намайг залилсан би мэдэхгүй байна гэсэн хариу өгөөд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хурал дээр даргалагч нэхэмжлэгчээс та энэ үйл баримтыг үгүйсгэж байгаа юу? гэж асуухад нэхэмжлэгч “би гэрээ байгуулсны дараа Ө.Эрдэнэбилэгээс мөнгөө авчихна гээд хүлээгээд байж байгал мөнгөө авч чадахгүй болсон тул Ц.А-руу залгаад машинаа буцааж авна гэж хэлсэн” гэж хариулдаг бидний хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийж хэн аль нь хүлээн зөвшөөрч гэрээ хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ю.Б-,  Ц.А-оос 05-61 УБГ улсын дугаартай Хюьндай Портер маркийн автомашин нэхэмжилж, үндэслэлээ “...худалдах-худалдан авах гэрээний үнэ 7.000.000 төгрөг төлөөгүй...” гэснийг, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...өөрсдөө санал гаргаж Р.Эрдэнэбилэгийн төлбөрт харилцан тооцож өгсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “...Р.Эрдэнэбилэгийн Ц.А-од төлөх 7.000.000 төгрөгийн өрөнд Ю.Б- автомашинаа шилжүүлсэн. Р.Эрдэнэбилэгээс төлбөр нэхэх  Ц.А-ын шаардах эрхийг Ю.Б- шилжүүлэн авснаар зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол, давж заалдах шатны шүүх “зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үнэ төлөөгүйгээс гэрээнээс татгалзсан” гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, хоёр шатны шүүх гэрээний харилцааг өөр өөр байдлаар тодорхойлсон байна.

Хариуцагч Ц.А-ын магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1 Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь эрх зүйн хувьд алдаатай байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба  зохигчийн хоорондох тохиролцоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.

Ю.Б-, Ц.А- нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” гэж нэрлэгдсэн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу автомашины эзэмшил болоод эзэмших эрхийн бүртгэлийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Гэрээ худалдах-худалдан авах гэж нэрлэгдсэн хэдий ч энэхүү гэрээ байгуулах болсон үндэслэл, автомашины үнийг хэн, хэрхэн төлөх нөхцөл зэрэг хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт буй баримтыг нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлтэй холбогдуулан үнэлж чадаагүйгээс үүсэх үр дагаврыг буруу тодорхойлж нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцээгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

2. Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл Р.Эрдэнэбилэгийн Ц.А-од төлөх 7.000.000 төгрөгийн өрөнд Ю.Б- автомашинаа шилжүүлснээр тухайн өр төлөгдснөөр тооцож, Р.Эрдэнэбилэгээс төлбөр нэхэх  Ц.А-ын шаардах эрхийг  Ю.Б- шилжүүлэн авсан нь тогтоогджээ.

Дээрх байдлыг үндэслэн зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасантай нийцсэн байна.

Ю.Б-, Ц.А-, Р.Эрдэнэбилэг нарын хооронд хийгдсэн дээрх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул  хариуцагч Ц.А-ын хувьд нэхэмжлэгч Ю.Б-ы өмнө үүрэг хүлээгээгүй, үүрэг дуусгавар болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасантай нийцэх юм.

Дээрх байдлаас нэхэмжлэгч Ю.Б-д автомашиныг хариуцагч Ц.А-оос шаардах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн гэж үзлээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь хууль хэрэглээний болон найруулгын хувьд оновчтой болоогүй байгааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1489 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182 /ШШ2018/00586 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Ц.А-оос 05-61 УБГ улсын дугаартай Хюьндай Портер маркийн автомашин гаргуулахыг хүссэн Ю.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 126.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ