| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
хохирогч Ө.*******, түүний өмгөөлөгч Н.Тайван /ҮД:0129/,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /ҮД:0205/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2010022911045 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “*******” ХХК-ийн хашаанд газрын маргаанаас үүдэн “*******” ХХК-ийн менежер Ө.*******тэй маргалдан улмаар түүний хоолойг боох, сэгсрэх зэргээр биед нь халдаж тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад цайндаа орох гэж байтал Мөнхбаяр, Энхбаатар нар барилгын ард талд кадастрын зургаа гараад ир гэсэн. Манай компанийн 2 хүн Алтаргана компаниас 2 хүн байсан. Кадастрын зургийг барьж очоод 10 дугаар цэгийг заагаад өгье гэж хэлтэл намайг зайл гээд түлхсэн. Би хашаа татах газрын дотор талд байхад манай газраас зайл гэж хэлээд заамдаад чирэх үед Мөнхбаяр, Энхбаатар 2 намайг салгасан. Шүүгдэгч нь араас ирээд дахиад заамдаад авсан учир цагдаа дуудсан. Цагдаа дуудах хооронд шүүгдэгч нь цагдаа дуудсан байсан. Би ажил руу очоод байж байтал цагдаа ирсэн...” гэв.
Эрүүгийн 2010022911045 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/
Хохирогч Ө.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,
Гэрч Р.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 12729 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд асап сангийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.******* нь “Алтаргана” ХХК-д, хохирогч Ө.******* нь “*******” ХХК-д тус тус менежерээр ажилладаг ба 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК болон “Алтаргана” ХХК-ийн эзэмшлийг газрын кадастрын зурагт заасны дагуу хашааг барьж байгаа эсэх талаар шүүгдэгч, хохирогч нарын дунд маргаан үүсэж улмаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ө.*******гийн биед халдаж хоолойг боож, сэгсэрсний улмаас хохирогчийн биед “биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримт хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/
Хохирогч Ө.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэгт: Би “*******” ХХК-нд 2019 оноос хойш менежер хийж байгаа. Манай компани нь оффисын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай оффис Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөөний нутаг дэвсгэрт байрладаг. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа 09 цагийн үед ирсэн. Ингээд 12 цагийн үед манай нярав Энхбаатар над руу залгаад “*******” компанийн хашааны баруун хойд талд “кадастрын зургаа аваад гараад ир” гэж хэлсэн. Түүний дагуу кадастрын зургаа аваад гараад очтол манай үйлдвэр хариуцсан захирал Мөнхбаяр, нярав Энхбаатар, Нямбаяр 3 байсан. Танихгүй 3-4 залуу байсан. Очтол “Алтаргана” ХХК хашаагаа хатгах гэж байна. Манай байгууллагын зураглал буюу кадастр хаагуур билээ” гэхээр нь би кадастрын зургаа үзүүлээд 10 дугаар цэг чинь дулааны шугамын хойд талын үзүүр дээр байгаа 8 дугаар цэг нь Алтаргана ХХК-ийн хойд талд нь 8 цэг байгаа гэж хэлсэн.” *******” ХХК-ийн баруун хойд талын хашааг 2020 оны 04 дүгээр сарын дундуур буулгасан. Манай байгууллагын хашааг янкалж өг гэж 5-6 удаа албан бичиг явуулсан боловч хариу ирээгүй. Буулгасан хашаагаа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буцаагаад Алтаргана ХХК-ийн хүмүүс барих гэж байсан юм байна лээ. Хашааг маань арай дотогшоо барих гээд байхаар нь кадастрын зураглалын дагуу барина гэж хэлсэн. Гэтэл нэг залуу намайг “авгай миний газар дээрээс зайл, би чиний ажилчин юм уу, чи ингэж хашаа барь гэж заадаг хэн бэ” гэж над руу дайрсан. Тэгэхээр нь тэр залууд кадастрын зургаа өгсөн. /кадастрын зургаа шидэж өгсөн/. Тэгсэн тэр залуу кадастрын зургийг ураад хаясан. Намайг заамдаж аваад дугтраад миний зүүн талын шанаа хэсэгт хөхрөл үүссэн. Энхбаатар, Мөнхбаатар хоёр ирж тэр залууг салгасан. Би энэ залууд алуулах юм байна гэж бодоод буцаад ажил руу явах гэтэл араас дахин хүрч ирээд заамдаад чирсэн. Манай 2 ажилчин ирээд дахиж салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Миний зүүн талын шанаа хавдаж, заамдах үед хүзүү хэсэгт зулгарал үүссэн. Мөн толгой доргисон байсан. Энэ гэмтлийг ******* гэх залуу учруулсан сүүлд нэрийн мэдсэн. Газрын маргаанаас болоод манай хашааг буулгаад барихдаа арай дотор тал руу бариад байсан. Манай талаас Мөнхбаяр, Энхбаатар, Нямбаяр нар байсан.Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,
Гэрч Р.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оноос хойш ******* ХХК-нд нярваар ажиллаж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед манай харуул над руу “хойд талын онгорхой хашааг Алтаргана компанийн хүмүүс хашаа татах гэж байна” гэж хэлсэн. Би Мөнхбаяр захирлын хамт яваад очсон. “Алтаргана” ХХК-ийн 5-6 хүн байсан. Ингээд баруун хойд талын хашааг барьж байхаар нь зогсоогоод, кадастрын зургийг харьж байж хашааг нь бариулъя гэж хэлсэн. Би менежер *******д “Кадастрын зургаа аваад ир” гэж хэлсэн. ******* кадастрын зураа авчраад “Алтаргана” ХХК-ийн ажилчдыг хариуцаж байсан 30-35 орчим насны залуутай уулзаад кадастрын зургаас болоод маргаан болсон. Ингээд сүүлдээ маргаан нь ширүүсээд тэр залуу “манай газар дээрээс зайл. Би чиний ажилчин юм уу” гэж хэлсэн. Ингээд нэг мэдэхэд тэр залуу менежер *******г заамдаад 2 гараараа хоолой руу нь шахаад дугтраад сэгсрээд байсан. Боосон байдалтай сэгсрээд байсан. Би салгаагүй бол тэр залуу эмэгтэй хүн зодох юм байна лээ. ******* цагдаа дуудахаар салаад явах гэтэл дахин заамдаж аваад дайраад байсан. Тэгэхээр нь салгасан. *******гийн хүзүү, шанаа хэсэг нь улайсан байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Маргааш нь менежер *******гийн хүзүү шанаа хэсэг нь хөхөрсөн байсан. Газрын маргаанаас болоод тэр залуу руу кадастрын зургаа хараач гээд ******* зургаа шидсэн юм. Гэтэл тэр залуу уурлаад тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 12729 дугаартай шинжээчийн: “...1. Ө.*******гийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/,
Шүүгдэгч Ц.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “*******” ХХК-ийн ертөнцийг зүгээр баруун хойд талын нурсан хашааг барих зорилгоор эхний хашааг барихаар хуучин суурь дээр байж байтал “*******” ХХК-ийн Отгоо эгч ирээд “наад хашаагаа барилгүй байж бай, кадастрын зургийн дагуу барина” гэж хэлсэн. Түүний дагуу ажлаа зогсоод байж байтал 30-40 минут хүлээх явцад хашаа янзлах байсан 3-4 ажилчдаа хоолонд нь оруулах зорилгоор явуулсан. “*******” ХХК-ийн ажилчин нэг эгч, 3 эрэгтэй дөрвүүлээ гарч ирсэн. Кадастрын зургийг нь харья гэж хэлтэл зургаа харуулаагүй. Тэр эмэгтэй “энэ кадастрын зургийг хараач” гээд миний цээж хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь “та яаж байгаа юм бэ” гэхэд кадастрын зургаа ураад миний нүүр рүү шидэхээр нь уур хүрээд тэр эмэгтэйг “ажлын талбай дээрээс гар” гэж хэлсэн. Хэл амаар доромжлоод байхаар нь тэр эмэгтэйг “хашаанаас гар” гэж түлхсэн. Ямар нэгэн зүйл шаардлагатай байгаа бол компани руу албан бичгээр ханд гэж хэлсэн. Тэр хооронд тэр эгч намайг “чи манай компанийн газар дээр зогсоод бид нарыг хөөдөг хэн бэ” гэж хэлсэн. Миний уруулаас цус гарсан байхаар нь тэр эмэгтэйг уурлаад 2 гараараа куртикнээс нь татаж аваад дахин татах гэтэл голоор 2 эрэгтэй орж ирээд салгах гэхээр нь өөр рүүгээ дахин татаад тэр эмэгтэйг заамдаад татсан. Тэгээд цааш нь түлхээд гараа тавьсан. Цагдаад дуудлага өгсөн. Өөрийн буруутай үйлдэлдээ харамсаж байна. Учирсан хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор хэргийг прокурорт буцаах байр сууринаас оролцохдоо “шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч хэргийг шалгахдаа хүйсийн байдалд хэт нэг талыг барьж шалгасан. Ц.*******гийн хувьд биедээ гэмтэл авсан тул хэн хэндээ хохирогч байх боломжтой. Мөн хохирогчийн хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Тайван мөн хэргийг прокурорт буцаах байр сууринаас оролцохдоо “шүүгдэгч нь хохирогч руу хоёр удаа дайрсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэхийг шалгаагүй. Энэ гэмт хэргийн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэх, мөн гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй. Хохирогч Ө.******* нь шүүгдэгч Ц.*******гийн орилж хашхирч буй байдлыг бичсэн бичлэгийг хийсэн боловч хэрэгт баримтаар авагдаагүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.
Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ба хавтаст хэрэгт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Тухайн хэрэгт Ц.*******г 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор байцаахад тэрээр “...Би шүүх эмнэлэгт үзүүлэхээр бэртээгүй. Надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 19-р хуудас/ ба хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Ө.******* нь Ц.*******гийн биед хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж шалгасан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь халдагч этгээдээс хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон эсхүл учруулсан гэмтлийн улмаас хохирогч зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий байдлыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг шинжээр илэрдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь “бүлэглэн” нийтийн хэв журмыг зөрчсөн, ...аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ө.*******гийн мэдүүлэг, гэрч Р.Энхбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 12729 дугаартай дүгнэлт зэрэг баримтаар: 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК болон “Алтаргана” ХХК-ийн эзэмшлийг газрын кадастрын зурагт заасны дагуу хашааг барьж байгаа эсэх талаар шүүгдэгч, хохирогч нар нь маргалдах явцдаа шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ө.*******гийн биед халдаж хоолойг боож, сэгсэрсний улмаас хохирогчийн биед “биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч, хохирогч нарын дунд үүссэн маргаан бүхий нөхцөл байдлаас “*******” ХХК болон “Алтаргана” ХХК-ийн үйл ажиллагаа алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэрч Г.Энхбаатар нь шүүгдэгч, хохирогч нарыг салгаж таслан зогсоосон байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.*******ий хохирогчид халдсаны дараах нөхцөл байдлыг харуулсан бичлэг нь шүүгдэгчийн гэм буруу хэлэлцэхэд зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэхгүй юм. Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх болон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл: Шүүгдэгч Ц.*******, хохирогч Ө.******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК болон “Алтаргана” ХХК-ийн эзэмшлийг газрын кадастрын зурагт заагдсаны дагуу хашааг барьж байгаа эсэх талаар маргаан үүсэж улмаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ө.*******гийн биед халдаж хоолойг боож, сэгсэрсний улмаас хохирогчийн биед “биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*******гийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Ц.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь “Алтаргана” ХХК-д менежерээр ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.
4. Хохирогч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд журмын дагуу шүүгдэгч Ц.*******гээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР