Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 184/2016/00053/И |
Дугаар | 439 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 439
2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 184/ШШ2017/00439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд Г.Нямсүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 9-р хороо, горький 7 гудамж, 177 тоотод оршин суух Тайж овогт Шийвээгийн Жамсран /ШЗ51110573/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, хайрхан 17 гудамж, 42 тоотод оршин суух Олхон овогт Жамбажавын Хурцгэрэл /ДИ61102715/-д холбогдох 69,573,954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, О.Энхзол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жамсран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
“ ... 2013 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 24 цагийн үед гэртээ унтаж байтал Хурцгэрэл гаднаас согтуу орж ирээд шууд намайг зодсоноос болж миний хамар, нүд, ам, чих толгой, гар, хөл, гэдэснээс минь цус гарч, зүүн гарын хөмсөг задарч, уруул 3 хэсгээр сэтэрч, цусандаа будагдаж ухаан алдаж унах үед согтуу этгээд өөрийн хүргэн Жавхаа гэгчийн хамтаар манай гэрийн бүх эд хогшлыг нэг бүрийг ширхэг дараалан бүгдийг эвдэлж, сүйдлээд, бүх гэрэл чийдэнг тасалсан ... миний хэвтэж байгаа эмнэлгүүдийн гаднаас шөнө бүр Хурцгэрэл нь заналхийлж хашгирсанаас бусад өвчтүүдийг эмнэлэгт тайван хэвтүүлэхгүй байсан тул би Увс аймагт очиж тэнд эмнэлэгт хэвтсэн билээ. Цагдаагийн байгууллагын шийдвэрээр Гэмтэл согог судлалын төв эмнэлэг, мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн зэрэг газруудын эмч нарын үзлэг, шинжилгээнд орж хугархай гарандаа гипс тавиулж, толгой, нүд, урууландаа оёо тавиулж, хөдөлгөөн хязгаарлах боолтуудыг хийлгэж, өвчиндөө шаналэ хохирч байсан. Хурцгэрэлийн танхайн хэргийг 2013, 2014, 2015, 2016 онуудад удтал шалгасны эцэст хохирогч намайг өөрт учирсан хохирлоо шүүхэд нэхэмжлэл гаргаж гэмт хэрэгтнээр нөхөн төлүүлж авахыг бичгээр мэдэгдсэн. ... Хурцгэрэл нь зөвхөн намайг зодсон бус миний дөрвөн өрөө орон сууц, мөн 8 сая төгрөгийг минь зээл нэрээр авчихаад одоо хүртэл намайг хохиролгүй болгоогүй. ... иймд Хурцгэрэлээс эрүүл мэндэд учирсан хохирол 10,540,070 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 10,570,000 төгрөг, зээлж авсан 8,200,000 төгрөг, үндэслэлгүйгээр олж авсан орон сууцны үнэ 40,263,884 төгрөг нийт 69,573,954 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.
Хариуцагч Ж.Хурцгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа
“Ш.Жамсран нь 2013 онд манай төрсөн эгч Бадамхандтай хамтран амьдарч байсан. Тухайн үед эгч Бадамханд над руу залгаж Ш.Жамсран намайг зодоод байна чи хурдан хүрч ирээд намайг аваад яваач гэж хэлсэн. Би үүний дагуу Бадамханд эгчийнд ганцаараа очиход Ш.Жамсран манай эгчийг зодсон байдалтай байсан бөгөөд Ш.Жамсран над руу дайрч миний хоолойг бооход би гарыг нь салгах гээд түлхсэн. Тэгэхэд Жамсран орон дээрээ унасан. Ийм асуудал болсон. Би энэ хүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Энэ асуудлаар Ш.Жамсран цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд надаас эмчилгээний зардал нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Жамсрангийн эд хөрөнгийг эвдэлсэн бол тухайн үед цагдаад энэ талаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байхгүй. Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаагүй учир нь энэ үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй байна. Жамсран намайг 4 өрөө орон сууц, мөн 8 сая төгрөгийг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй гэдгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Жамсрантай сайн дураар, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 4-р байрны 11 тоот, 4 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж худалдаж авсан. Үүний дагуу 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тухайн орон сууцны ордер миний нэр дээр шижлсэн. Харин ч Жамсран нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй, тухайн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир арга буюу би шүүхэд хандаж тухайн орон сууцыг Жамсрангийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, өөрийн өмчлөлд авсан байдаг. Энэ талаар гурван шатны шүүхийн шийдвэр байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жамсран нь хариуцагч Ж.Хурцгэрэлд холбогдуулан гэм хорын улмаас учирсан хохирол, гэрээний үүрэг, үндэслэлгүйгээр олж авсан орон сууцны үнэ нийт 69,887,954 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 69,573,954 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохиролд 10,570,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрт 10,540,070 төгрөг, үндэслэлгүйгээр олж авсан орон сууцны үнэ 40,263,884 төгрөг, зээлийн гэрээний дагуу 8,200,000 төгрөг нийт 69,573,954 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.
2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ш.Жамсранг хариуцагч Ж.Хурцгэрэл нь хэл амаар дайрч, доромжилсон, танхайрсан зөрчил гаргасан талаар нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хариуцагчид 10,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч Ж.Хурцгэрэлийн дээрх зөрчил, хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн бие махбодид духанд өнгөц няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамар, баруун зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, тайлбар, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №508 актын дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан ба хариуцагчийн хууль бус үйлдэл ба нэхэмжлэгчид учирсан хохирол нь шалтгаант холбоонд байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөр шаардах эрхтэй.
Ийнхүү нэхэмжлэгчийн сайн сайхан байх эрх буюу эрүүл мэндэд нь халдсаны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч нь эд хөрөнгийн байдлаар хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүх учирсан хохирол, төлбөрийг баримтаар тогтоогдож буй хэмжээгээр тооцох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, хуулийн 40.1-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийн шалгуур шинжид гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан (түр), хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан байхаар заасан.
Хавтаст хэргийн 12-34 дүгээр хуудсанд авагдсан баримт, Увс аймагт зорчсон талаар онгоцны тасалбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, тухайн баримтаар гарсан зардал, төлбөр нь хариуцагч Ж.Хурцгэрэлийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой буюу тухайн хэрэгт хамааралтай нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч 2014, 2015, 2016, 2017 онуудад эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эрүүл мэндтэй холбоотой зардал гаргасныг үгүйсгэхгүй боловч энэ зардал нь уг хэрэгт хамааралтай, хариуцагчийн үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорыг арилгахад зориулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Харин тэрээр 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэгийн бичигт заасны дагуу “КТГ” шинжилгээ хийлгэсэн байх тул шинжилгээ хийхэд гарсан зардал 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Хурцгэрэлээс эд хөрөнгийн хохиролд 10,570,000 нэхэмжилж, нэхэмжлэлийн энэ шаардлагатайгаа холбогдуулж нотлох баримтаар авагдсан “Дельтамон” ХХК-ийн үнэлгээний тайланг гаргасан боловч уг хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгчид учирсан дээрх эд хөрөнгийн хохирол нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой буюу тухайн гэрийн тавилга, эд хогшлыг хариуцагч эвдэлж, сүйтгэсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.
Ж.Хурцгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Өнөржаргал, Ш.Жамсран нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1254 дугаар шийдвэрт “ ... Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 4-р байр, 11 тоот 44м2 4 өрөө Ү-2202000929 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ш.Жамсран болохыг тогтоосон байна. Хариуцагч Ш.Жамсран нь дээрх орон сууцыг Ж.Хурцгэрэлд худалдсан үнийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг Ж.Хурцгэрэлээс хүлээн авсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч Ж.Хурцгэрэл нь дээрх орон сууцны өмчлөгч болж Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000193593 тоот гэрчилгээг 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр авсан байна ... “ гэж дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу маргааны зүйл болсон орон сууц нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Ш.Жамсрангаас Ж.Хурцгэрэлд шилжсэн үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Зохигчдын тайлбараар дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогдож байх ба хариуцагч Ж.Хурцгэрэл нь тухайн орон сууцыг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 8,200,000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн энэ шаардлагатайгаа холбогдуулж Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк дахь өөрийн нэрийн зээлийн дансны хуулгыг баримтаар гаргажээ. Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Ш.Жамсран, хариуцагч Ж.Хурцгэрэл нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг нотлохгүй бөгөөд үүнээс өөрөөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрт 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Хурцгэрэлээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар, зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
Б.ХИШИГБААТАР