Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

2021            02            24                                     2021/ШЦТ/128

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч Н.Мөнхбат,

шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Бодонгууд овогт Намсрайн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105001220088 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ...  тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр торгох ялыг биелүүлсэн, Бодонгууд овогт Намсрайн С-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.С- нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 31 тоотод байх гэртээ хохирогч Б.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зулайнд хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан дараах баримтуудыг шинжлэн судлагдав. Үүнд:

 

Хохирогч Б.Д-ийн “Би 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Өлзийтэй найз нараараа ойрд уулзаагүй гэж өмнө нь тохирсон байсан тул тухайн өдөр намайг гэртээ байхад С-, Г- нар манай гэрт ирээд өдөр 14 цагийн үед авсан. Тэгээд бид нар нийлээд замаараа дэлгүүр орж жаахан мах энэ тэр зүйл аваад Хорооллын эцэст байдаг С-ийн гэрт очсон.

... Тэгээд хэсэг байж байхад Гэрлээгийн гэрээс ээж нь гар утсаар залгаад байсан бөгөөд Гэрлээ бид нартай хамт байна гээд намайг хүртэл ээжтэйгээ утсаар яриулсан. Мөн С-тэй бас ярьж байсан. Тэгээд ээж нь ахин дахин залгаад байсан чинь Гэрлээ гар утсаа Содоод өгөөд ярь гэж хэлсэн чинь Содоо согтуу байна гээд ярихаас татгалзсан. Энэ асуудлаар Гэрлээ, С- нар муудалцаад байсан. Тэр үед Содоо шилэн ширээ гараараа цохиод босоод ирсэн бөгөөд энэ үед ширээ нь хагарсан. Тэгээд би аминдаа тайвшруулах санаатай чи ярихгүй яах гээд байгаа юм гээд хэлсэн. Ингээд Содоо бид хоёрын дунд маргаан болсон.

... Тухайн үед олон жил ганцаараа байсан найзыгаа одоо суух гэж байгаа хүн чинь догшин авиртай байхад гээд хэлсэн чинь цаана нь сонсоод хэл ам хийгээд байсан. Энэ үгэнд Содоо, Н- нар хоёулаа уурлаад байсан. Тэгээд маргалдаж байгаад би гэртээ харих гээд хаалганы дэргэд хувцсаа өмсөөд зогсож байсан бөгөөд цаанаас С- гарч ирээд намайг гараараа цохиж байсан бөгөөд энэ үед хажуугийн хувцасны шүүгээний ирмэг толгойн зүүн дагз хэсгээрээ мөргөсөн бөгөөд хүзүү дагаад цус гараад эхэлсэн. Тэгээд би гараараа хүзүү хэсгээ шалгахад ямар нэг бэртэл байхгүй байхаар нь толгойноос цус гараад байна гэж хэлсэн.

... Би дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд надад дүгнэлттэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Дүгнэлтийн хариуг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтэл бэртлийг надад С- учруулсан.

...Надад одоо баримтаар авч ирсэн 1,048,036 төгрөгийн баримт байгаа. Дээрээс нь нүдний ухархайн цахилгаан бичлэг өг гэж хэлсэн. Тэрийг үзүүлээгүй байгаа. Тэдгээр зардал мөнгө ойролцоогоор хэд болох талаар мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 45-47 дугаар хуудас/

“... Надад учирсан хохирол болох 1,500,000 төгрөг С- бүрэн барагдуулсан байгаа бөгөөд энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг гомдол санал байхгүй болж бид нар эвлэрсэн. Хэрэг маргаанаа хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54-55 дугаар хуудас/

 

Гэрч Б.Н-гийн “... Г-гийн гар утас дугараад ээж нь залгаад манай найз С- болон Д- нар ярьсан. Тэгээд надаа өгөхөөр нь би ярихгүй, байна уу гээд утсыг нь салгаад үлдээсэн. Гэтэл ахиад залгахаар нь Содоо ярихгүй гээд хэлсэн. Тэгээд би та нар хөгшин хүн рүү уусан идсэн гэж байгаа юм шиг яах гээд байгаа юм гэж хэлсэн бөгөөд Содоо мөн ээжтэй нь ярихаас татгалзсан болохоор Г-, Содоо нар ам мурийгаад хэрүүл маргааны шинжтэй зүйл болж эхэлсэн. Тэгээд Д- Г-г аргадаад би Содоотой жаахан юм ярьж тайвшруулсан.

... Удаагүй байж байхад хаалга цохиод байхаар нь С- хаалга тайлж өгсөн. Гэтэл цаанаас нь Дөлгөөнөө орж ирээд С-ийг алгадаад цохиж аваад ороод ирсэн. Энэ үед С- өөдөөс нь гараараа түлхээд байх шиг байсан бөгөөд гадагшаа гарах талдаа өрөөнд байсан болохоор нарийн сайн харагдаагүй юм. Би араас нь очиж С-ийг аваад том өрөөнд орсон бөгөөд боль тайвшир гэж хэлээд байж байхад ард толгойноос нь цус гараад байна гэж хэлээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/

 

Гэрч Б.Г-гийн “ ... Тэгээд Дөлгөөнөө маргаан гаргаад чи гэртээ авч ирээд агсан тавьж ширээ цохидог хэн бэ гээд байсан. Энэ үед Н-, С-ийг аваад цааш өрөөнд оруулаад хаалган дээр зогсож байхад Дөлгөөнөө чи зайлаач гээд хэлсэн чинь Н- хариуд нь чи өөрөө зайл, би багын найзынхаа гэрээс хөөгдөхгүй гэж хэлсэн бөгөөд харин Дөлгөөнөө тэгвэл би явъя гээд гарсан. Тэгээд нээх удаагүй байж байгаад эргээд хаалга цохисон бөгөөд энэ үед С- хаалга тайлсан. Манай гэр үүдний өрөө хаалга шууд харагддаг тул бид нар хараад байж байхад өөдөөс нь зууралдаад байсан бөгөөд энэ үед Н- С-ийг мөн дагуулаад нөгөө өрөөндөө орсон. Гэтэл Дөлгөөнөө миний толгойноос цус гараад байна, та нар нийлээд намайг ингээд байгаа юм уу гэж хэлээд уурлаад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-21 дүгээр хуудас/

 

Гэрч Ж.Н-гийн “ ... С- хаалга тайлаад өгсөн чинь Дөлгөөнөө өөдөөс нь нилээд ууртай орж ирээд алгадаж цохиод байсан бөгөөд харин С- өөдөөс нь зууралдаад авсан. Хэрхэн яаж байгааг харах боломж ар талд нь байсан учир нарийн харагдаагүй. Тэгээд манай найз Н- С-ийг аваад нөгөө өрөөндөө ахиад орсон бөгөөд харин Г- бид хоёр Д-ийг аргадаад зогсож байхад Д- миний толгой хагарсан байна, цус гараад байна, юун цус бэ гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-26 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №372 дугаартай:

“1. Б.Д-ийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Уг гэмтлүүд нь нийлээд болон дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 33-35 дугаар хуудас/

 

Н.С-ийн яллагдагчаар өгсөн “... утсаа салгаад нээх удаагүй байхад 5 орчим минутын дараа ээж нь ахиад залгасан бөгөөд намайг утсаа ав гэж Г- хэлсэн. Тэгэхээр нь би ярихгүй гэж хэлсэн чинь Г- надад уурлаад хэрүүл тэмцэл болсон.

... 5-10 минут болоод Д- эргэж хаалга цохиод байсан. Тэгээд би гэртээ байгаа хүн учир хаалган дээр очиж хаалгаа тайлахад Д- орж ирээд та нар намайг гаргадаг хэн бэ гэж хэлээд шууд алгадаад цохиод байсан. Тэгэхээр нь би уурандаа Д-ийг эрүүний доод хэсгээс жаахан дээш алгадах маягтай алгаараа түншсэн юм. Тэгээд өөдөөс ахиж дайрах гээд байхаар нь тулаад байж байхад манай найз охин болон Н-, Н- нар ирж Н- намайг том өрөөнд оруулаад битгий тэнэгтээд бай гэж хэлээд тэнд байлгасан.

... Хэсэг байж байгаад би цаашаа тагтан дээр гарсан. Тэгээд байж байхад Нямдааа над дээр ирээд Дөлгөөний толгойноос цус гараад байна гэсэн бөгөөд намайг гэрт ороход Д- манай дүүг дууд, ахыг дууд, цагдаа дууд гээд та нарыг харна энэ тэр гэх зүйл яриад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болно.

 

          Прокуророос шүүгдэгч Н.С-ийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 31 тоотод байх гэртээ хохирогч Б.Д-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зулайнд хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болох:

Гэрч Б.Н-гийн “... Удаагүй байж байхад хаалга цохиод байхаар нь С- хаалга тайлж өгсөн. Гэтэл цаанаас нь Дөлгөөнөө орж ирээд С-ийг алгадаад цохиж аваад ороод ирсэн. Энэ үед С- өөдөөс нь гараараа түлхээд байх шиг байсан бөгөөд гадагшаа гарах талдаа өрөөнд байсан болохоор нарийн сайн харагдаагүй юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14-16 дугаар хуудас/

гэрч Б.Г-гийн “... Тэгээд нээх удаагүй байж байгаад эргээд хаалга цохисон бөгөөд энэ үед С- хаалга тайлсан. Манай гэр үүдний өрөө хаалга шууд харагддаг тул бид нар хараад байж байхад өөдөөс нь зууралдаад байсан бөгөөд энэ үед Н- С-ийг мөн дагуулаад нөгөө өрөөндөө орсон. Гэтэл Дөлгөөнөө миний толгойноос цус гараад байна, та нар нийлээд намайг ингээд байгаа юм уу гэж хэлээд уурлаад байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-21 дүгээр хуудас/

гэрч Ж.Н-гийн “... С- хаалга тайлаад өгсөн чинь Дөлгөөнөө өөдөөс нь нилээд ууртай орж ирээд алгадаж цохиод байсан бөгөөд харин С- өөдөөс нь зууралдаад авсан. Хэрхэн яаж байгааг харах боломж ар талд нь байсан учир нарийн харагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-26 дугаар хуудас/ зэргээс дүгнэж үзвэл хохирогч Б.Д- нь эхэлж илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж Б.С-ийн нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр халдсан бөгөөд түүний үйлдэл нь Б.С-ийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Д- нь “хаалга тогшиж орж ирээд өөрөө эхэлж илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж Б.С-ийн нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр халдсан нь Б.С-ийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учирах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсон бөгөөд хохирогчийн энэ үйлдэлд Б.С- хариу үйлдэл хийсэн нь өөрийгөө хамгаалсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ийн хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учуулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д- “... Тэгээд маргалдаж байгаад би гэртээ харих гээд хаалганы дэргэд хувцсаа өмсөөд зогсож байсан бөгөөд цаанаас С- гарч ирээд намайг гараараа цохиж байсан бөгөөд энэ үед хажуугийн хувцасны шүүгээний эрмэг толгойн зүүн дагз хэсгээрээ мөргөсөн бөгөөд хүзүү дагаад цус гараад эхэлсэн. ...” /хэргийн 45-47 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн боловч дээрхи уг үйл явдлыг харсан анхдагч, шууд нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, хохирогч Б.Д- “ ... би гэртээ харих гээд хаалганы дэргэд хувцсаа өмсөөд зогсож байсан бөгөөд цаанаас С- гарч ирээд намайг гараараа цохиж байсан бөгөөд энэ үед хажуугийн хувцасны шүүгээний эрмэг толгойн зүүн дагз хэсгээрээ мөргөсөн бөгөөд хүзүү дагаад цус гараад эхэлсэн ... “ гэж мэдүүлж байгаа боловч гэрч нар “ .... Удаагүй байж байхад хаалга цохиод байхаар нь С- хаалга тайлж өгсөн. Гэтэл цаанаас нь Дөлгөөнөө орж ирээд С-ийг алгадаад цохиж аваад ороод ирсэн. Энэ үед С- өөдөөс нь гараараа түлхээд байх шиг байсан ... “, “ ... Тэгээд нээх удаагүй байж байгаад эргээд хаалга цохисон бөгөөд энэ үед С- хаалга тайлсан ... “, “ ... С- хаалга тайлаад өгсөн чинь Дөлгөөнөө өөдөөс нь нилээд ууртай орж ирээд алгадаж цохиод байсан бөгөөд харин С- өөдөөс нь зууралдаад авсан ... “гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад дүгнэж үзвэл хэрэг гарсан нөхцөл байдлын талаар хохирогч Б.Д-ийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан үндэслэл бий болжээ.

 

Шүүгдэгч Н.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бий болсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.С- нь хохирогч Б.Д-ийг санаатай өдөөн хатгаж, түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Намсрайн С-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ