Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

 

2021            03            01                                     2021/ШЦТ/145

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч П.Б- түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Пүрэвдоржийн Б-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005029240059 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо .. дугаар байрны .. дүгээр орцны ... тоотод түр оршин суух, Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Пүрэвдоржийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Б- нь Баянгол дүүргийн ...  дугаар хороо ... дугаар байрны .. дүгээр орцны ... тоот гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 08 цагийн орчим С.Тулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эх Ж.Тунгалагаас мөнгө нэхсэн, хэл амаар доромжлон зүй бус авирлан агсам тавилаа гэж С.Т-тай маргалдаж, улмаар байрны орцонд ноцолдох явцдаа шатны уруу унагааж С.М-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б- мэдүүлэхдээ: Т-а ах 26-ны өдрийн өглөө согтуу гэрт орж ирсэн. Ээжээс мөнгө гуйгаад авах гээд байсан. Ээж мөнгө өгөхгүй байсан чинь ээжийг янз бүрээр хэлж гараас нь татаж зулгаагаад өшиглөсөн. Тэгээд би очоод яагаад байгаа юм бэ гэж хэлтэл намайг заамдаж аваад чамд хамаагүй, би мөнгөө авна гээд хараалын үгээр намайг хэлсэн. Ээж намайг том өрөөнд ороод байж бай гэсэн. Би цагдаад бариад өгчих гэсэн юм. Тэгээд яг хаалгаар гарах гэж байсан чинь миний утсыг авсан байсан. Тэгээд миний гар утсыг шидэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь миний нүүр лүү самардсан. Тэгээд шатан дээр зууралдаад нүүр лүү хазах гээд дайраад байсан. Бие бие рүүгээ түлхэлцээд шат руу унасан. Ээж хойноос гарч ирээд босгоод би гэр лүү ороод Т-а ах гарсан. Буцаад орж ирэхэд нь цагдаа ирээд нэг цагдаа нь бид нараас мэдүүлэг авч байхад зугтчихлаа гэсэн. Ийм үйл явдал болсон гэв.

 

Шүүгдэгч П.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 7-10 дугаар хуудас/

 

Гар утсанд үзлэг хийсэн  “... Үзлэгээр 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 34 минутад Энхжин Пүрэвдорж гэх facebook /фэйсбүүк/ хаягаас Бааска гэх facebook хаяг руу “Tulga ahtai zodoldsnoo helj boljguia shuu” гэсэн утгатай чат бичсэн байсныг үзлэгийн явцад 3 кадр зураг авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 11-12 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн “ ... П.Б- нь туранхай биетэй, цагаан царайтай, хар өнгийн хөмсөгтэй, нүүрний хамарны баруун талын хэсэгт 5х6 см урттай шинэ тав тогтсон шархтай байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 13-17 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн “...Гэрч Ж.Тунгалагийн биед үзлэг хийж ажиллагааг ... баруун гарын шууны дотор дунд хэсэгт 2х0,5 см хэмжээтэй хүрэн өнгийн бүдэг цус хуралт үүссэн байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 20-24 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... П.Энхжингээс хураан авсан LG маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Одгэрэл “... Намайг хааяа нэг гэрт нь очиход ах маань Тунгалагийн том 2 хүүхэдтэй нь үл ойлголцдог, таарамжгүй харьцаатай юм шиг санагдсан.

... Бид нар сая буяны ажилд 1,507,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Тэрийгээ буруутай этгээдээс нэхэмжилж байна. Үхсэний араас үхэх биш. Гомдол санал гэх юм байхгүй. Хэргийг үнэн зөвөөр л шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 60-61 дүгээр хуудас/

 

Гэрч П.Анхбаярын “Би 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Анд авто засварт хамт ажилладаг ажлын хамтрагч Эрдэнээ гэх залуу гадаа хашаан дотор согтуу эрэгтэй хүн байна, гар гэсэн чинь гарахгүй байна гээд ороод ирэхээр нь би зөрж гараад сэрээх гэж үзээд босохгүй байхаар нь орхиод өөрөө сэрээд гарна биз гэж бодоод буцаад ажил руугаа орсон. Тэгээд ажлаа хийж байгаад орой 18 цаг өнгөрч байхад бие засах гээд харахад нөгөө эрэгтэй хүн хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 63 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Эрдэнэбаатарын “... Тэгээд би өглөө 10 цагийн үед нойл орох гээд ажлаасаа гараад алхаад явж байтал ажлын хашаан дотор 40-50 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Би тухайн хүнд хандан энд байж болохгүй ээ ахаа, та эндээс гарна уу гэж хэлсэн. Надад ямар нэгэн хариу үйлдэл хэлээгүй. Тэгээд би ажил руугаа буцаж ороод манай хашаанд согтуу хүн байна гэж хэлсэн. Ажлын газрын хүнтэй буцаж очоод хашаанаас гарах шаардлага тавьсан боловч босохгүй тухайн газраа хэвтчихсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 66 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Очгэрэлийн “ ... Манай эмнэлэгт ирэх үед 4 мөч нь чангарсан байдалтай ирсэн. Үзлэг хийж үзээд ухаан санааны байдал 7 оноо буюу ухаангүй комын байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 69 дүгээр хуудас/

 

Гэрч Ж.Тунгалагийн “... Манай нөхөр С.Т- бид хоёрын цалин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буусан юм. Тэгээд орой гэртээ байж байгаад 21 цаг болох гэж байхад охин Энхжин, Т- бид гурав дэлгүүр орж хүнсний зүйл авсан юм. Энэ үед Т- 1 шил 0,33 граммын Хараа архи аваад гэртээ ирээд талыг нь ганцаараа уусан юм. Архиа ууж байхдаа надад мөнгө өг гээд би түүнд өгөхгүй гэхэд тэр уурлаад бид хоёр маргалдсан.

...Ингээд өглөө 08 цаг болж байхад Т-а дахиад хаалга нүдээд орж ирсэн. Их согтуу байсан бөгөөд архи их үнэртэж байсан. Тэр бас л орж ирээд мөнгө нэхээд надтай маргалдаад утсаа өг, би мобайлдаж мөнгө авна гээд байсан. Би өгөхгүй байрны мөнгө төлнө гээд уурласан. Би түүнд чамайг цагдаад барьж өгнө гэж хэлсэн. Т- тэгтэл чи тэр цагдаадаа барьж өг гээд над руу дайрсан. Энэ үед манай 2 хүүхэд босч ирээд Б- Тулгыг хацран дээр нь гараараа 2 удаа алгадсан. Энэ үед Т- гал тогооны өрөөнд сандал дээр сууж байсан юм. Т- алгадуулаад босож ирээд Б-ийн энгэрээс хувцаснаас нь заамдаад бариад авсан. Би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад Б-ийг том өрөө лүү ор гээд Тулгыг үүд рүү гар гээд хөөсөн. Т- тэгтэл миний баруун гарын бугуйнаас бариад утсаа өг гээд мушгисан. Энэ үед Б- том өрөөнөөс гарч ирээд Тулгыг энгэрээс нь заамдаад хаалгаар гарах гээд түлхэхэд Т-а Б-ийг татаад хаалгаар гаргаад тэр хоёр давхралдаж шатны тавцан дээр унаад доошоогоо шатаар хамт өнхөрөөд унасан. Тэр хоёр өнхөрөөд 1-2 давхрын тавцан дээр өнхөрч очоод тогтсон. Би хөл нүцгэн араас нь очиход тэр хоёр босоод ирэхээр нь хүү Б-ийг ор гээд гэр лүүгээ оруулаад хаалга хаагаад эргээд дурангаар харахад Т- доошоо буугаад явсан. Би тэгээд цонхоор харахад Т- гадаа саравчны хажууд цонхон доор зогсоод шүгэлдээд байсан. Тэгээд 10 минутын дараа Т- орж ирээд бие засах өрөөнд ороод би гар нүүрээ угаачихаад гарлаа гэсэн.Энэ үед нь би тагтан дээр гараад цагдаад дуудлага өгсөн. Би дуудлага өгчхөөд ороод ирэхэд Т- гал тогоонд сууж байсан. Би түүнийг аргадаад хоол ид гээд суулгаж байхад дуудлагаар ирсэн 2 цагдаа орж ирсэн. Жижиг биетэй туранхай цагдаа нь Тулгыг аваад гарсан. Нөгөө цагдаа нь надаас ямар учраас дуудлага өгсөн талаар асуугаад цаасан дээр тэмдэглэж авсан. Ингээд би мэдүүлэг өгч байхад тэр цагдаа утсаа аваад ярьсан. Энэ үед Тулгыг авч гарсан цагдаа нь нөгөө хүн чинь орцны үүдэнд машинаас гараад зугтаачихлаа гэж хэлж байгаа нь надад сонсогдсон.

...Т- алгадуулаад сандал дээрээс босож ирээд Б-ийг хувцасны энгэрээс нь заамдаж аваад чи их том болжээ гээд зууралдаад ширээнд тулаад зогссон. Энэ үед би боль гэж салгаад Б- том өрөөндөө орсон юм. Хаалгаар гаргах гэж түлхэхэд Т- Б-ийг зуурсан чигээрээ нүүрийг нь хазах гээд дайраад байсан. Тэгж зууралдаж байгаад хоёулаа давхаралдаад шат руу унасан. Тэгээд унаад босоод гэрт орж ирсэний дараа харахад Б-ийн хамрынх нь хажуу хэсэг шатанд нидрэгдээд арьс нь зулгарсан байсан. Т- гадаа шүгэлдэж зогсож байгаад эргэж орж ирэх үед нь харахад түүний хүзүүний хажууд арьс нь бага зэрэг зулгараад улайсан байсан. Уруул нь жаахан бондойж хавдсан харагдаж байсан. Манай нөхөр Т- нь уухаараа л гэртээ агсан тавьдаг юм. Их олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. 2014 онд л намайг нэг удаа зодож байсан. Түүнээс хойш надад гар хүрч байгаагүй. Харин агсан тавиад маргалдахаараа л хоолой боогоод гар их мушгидаг байсан. Түүнээс зодож цохиж байгаагүй. Би түүнээс салах гэж үзсэн. Гэрээсээ хөөж ч үзсэн. Байраа сольж бас үзсэн. Утсаар яриад уучлалт гуйгаад ирэхээр нь буцаад нийлдэг байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 77-78 дугаар хуудас/

“... Б-ийг хазах гээд амаа ангайгаад өөр лүүгээ татаад хойшоо чирээд хаалгаар гарангуутаа шатны уруу хөл алдаад давхаралдаад шатны уруу өнхөрөлдөөд 1,2 дугаар давхрын дунд хэсэгт унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 79 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч П.Энхжингийн “... Тэгээд өглөө унтаж байхад 08 цаг 30 минутын үед орж ирээд ээжээс бас мөнгө нэхээд маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байхад нь манай Б- ах босож ирээд ээжийг өмөөрөөд гал тогоонд Т- ахыг сууж байхад нь хацар луу нь 2 удаа алгадсан. Т- ах босож ирээд Б- ахыг заамдаад авсан. Ээж тэр хоёрыг салгасан. Түүний дараа дахиж Б- ах Т- ах хоёр барьцалдаж аваад хаалгаар гарсан. Тэгээд эхлээд ээж, Б- ах хоёр орж ирсэн. Дараа нь нэлээн удаж байгаад Т- ах орж ирсэн. Тэгээд түүний дараа ээж цагдаа дуудаад цагдаа орж ирээд Т- ахыг аваад явсан. Б- ахын хамар нь шалбарсан. Өөр гэмтэл харагдаагүй. Т- ахын биед гэмтэл шарх харагдаагүй. Ээж надад цагдаа асуувал гадаа гараад Т-а ахтайгаа зодолдсон гэж битгий хэлээрэй гээд чат руу нь биччих гэж хэлсэн юм. Тэгээд би ах руу чат бичсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 80 дугаар хуудас/

 

Гэрч М.Ганбаатарын “...Тухайн үед эхнэр нь нөхрийг энэ урьд шөнө унтуулж амраасангүй, манай хүүтэй хэрэлдэж зодолдоод ерөөсөө болохгүй байна гэж хэлсэн ба тэр үед тухайн этгээдийг авч гараад машины ард суулгасан. Тэгтэл 17 дугаар байрны оршин суугч машинаа гаргая гэж хэлэхэд Хөдөлгөөнтийн албаны машиныг хөдөлгөөд хөдөлгөөнд оролцож байх үед гэнэт машинд суулгасан хүн гараад гүйсэн. Би машинаа шууд тэр даруй машинаа зогсоогоод араас нь гарсан боловч хаашаа гүйсэн нь тодорхойгүй байсан ба тэр үед тэр хавиар хайгаад олдоогүй шууд эргүүлийн офицер Н.Амарсанаа руу утсаар залгаад нөгөө хүн зугтаачихлаа гэж хэлээд дахин тэр хүнийг хайж байтал эргүүлийн офицер Н.Амарсанаа дуудлагаас гарч ирээд бид хоёр дахин 10 дугаар хороолол орчмоор хайсан боловч олдоогүй ба тэр дуудлагаа материалжуулаад дараагийн дуудлагадаа явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 82 дугаар хуудас/

 

Гэрч Н.Амарсанаагийн “ 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өглөө 09 цагт Хорооллын эцсийн цагдаагийн хэсгээс үүрэг чиглэл ээлжээ авч Бугат-116 буюу Баянгол дүүргийн 4,5,6 дугаар хороонд үүрэг гүйцэтгэсэн.

...Т- гэх согтуу гал тогооны өрөөнд гадуур хувцастайгаа зогсож байсан ба дуудлага өгсөн Тунгалаг гэх эмэгтэйтэй уулзахад энэ хүн шөнөжингөө агсан тавьж дарамталлаа, хүүгийн маань гар утсыг шидэж хагалсан хэцүү байна гэхээр нь дуудлага мэдээллээ материалжуулахын тулд Т- гэх иргэний гадаа гаргахаар түүнд шаардлага тавьж байрнаас гаргасан ба тухайн үед манай цагдаа жолооч Ганбаатар Тулгыг машинд суулгаад харин би Тунгалагаас мэдүүлэг авахаар үлдсэн.

...манай жолооч цагдаа над руу залгаад нөгөө хүнийг алдчихлаа, Хөдөлгөөнтийн машиныг гаргах гээд хөдөлгөж байтал тэр хүн машинаас гараад гүйсэн, хаашаа зугтаасанг мэдэхгүй байна, би араас нь хайгаад явж байна гэж хэлэхээр нь би эхнэрт нь Т- гэх хүнийг тэр даруй зугтаасан талаар хэлэхэд Тунгалаг гэх эмэгтэй надад хэлэхдээ Т- байнга зугтаадаг өмнө нь эрүүлжүүлэхээс зугтааж байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаа, шүүхээс зугтаасан гэж хэлсэн ба дуудлага мэдээллээ материалжуулсан төлөвт хаагаад Тулгыг 10 дугаар хорооллын орчим хайсан боловч олдоогүй удалгүй дараагийн дуудлагадаа явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...П.Б- нь шатаар өгсөн 2 давхраас доош буух шатны хэсгийн дээрээсээ 3 дахь гишгүүр дээр зогсоод энд хохирогч бид хоёр дээрээс зууралдаад ирж зогсоод бид энд хөл алдаад хойш унасан гэж 1-2 давхрын шатны дунд хэсэгт байрлах тавцанг заав. Мөн тэрээр унасны дараа хохирогч энд суугаад толгойгоо бариад байсан гэж тавцангийн голд сууж үзүүлэв. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 91-95 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2025 дугаартай:

“1. Талийгаач С.Тулгын цогцост зүүн зулай, дух ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн няцрал, зүүн зулайн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн чихний дэлбээ, дух, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн зулай, дух ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн няцрал, зүүн зулайн хуйхны дотор гадаргуудах цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад зүүн чихний дэлбээ, дух, баруун хацар, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач дээр зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цус хурааны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ.

4. Талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачид спиртийн болон хорт бодис илрээгүй.

6. Талийгаач А/II/ бүлгийн цустай байна.

7. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч амьдрах боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 100-104, 108-109 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №94 дугаартай:

“1. Талийгаач С.Тулгын цогцост зүүн зулай, дух ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн няцрал, зүүн зулайн хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтэл нь тус тус 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дэлбээ, дух, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх гавал тархины гэмтэл болох зүүн зулай дух ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн няцрал, зүүн зулайн хуйхны дотор гадаргуудах цус хуралт гэмтэл нь нэг болон түүнээс олон удаагийн мохоо том талбайтай зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн зулай хэсгээр унах үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ноцолдох зууралдах цамцны малгайнаас татах үед үүсэж болно.

3. Дээрх зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа нь тархийг дарж, шаантаглах хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Уг цусан хураа нь мэс заслаар авагдсан байсан тул үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Бусад зүүн чихний дэлбээ, дух, баруун хацар, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 135-140 дүгээр хуудас/

 

Шинжээч Т.Номинцэцэгийн “Дээрх гэмтлүүд нь буюу зүүн зулай, дух ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэнгийн суурийн няцрал, зүүн зулайн хуйхны дотор гадаргуунд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хүний хүчнээс давсан үйлдлээр үүсгэгдэнэ. Гараар цохих үед үүсэх боломжгүй. Шатны уруу унах үед үүсч болно. Зүүн чихний дэлбээ, дух, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ үүссэн гэмтэл байна. Гараар цохих үед үүсэх боломжгүй. Шатны уруу унах үед үүсч болно. Нас барахаас хэдэн цагийн өмнө үүссэнийг тогтоох боломжгүй. Ийм гэмтлийг авсан хүн тухайн хүний биеийн чадамжаас хамаарч идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 155-156 дугаар хуудас/

 

Гэмтэл согсог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар. /хэргийн 178-186 дугаар хуудас/

 

П.Б-ийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө манай хойд эцэг Т- нь согтуу шөнөжингөө ээжээс мөнгө авмаар байна гэж агсам согтуу тавьж байгаад шөнө гадагшаа гараад явчихсан юм.Тэгээд маргааш өглөө нь буюу 26-ны өглөө 08 цагийн үед Т- надаас согтуу орж ирээд бас л ээжээс мөнгө төгрөг нэхээд ээжийг янз бүрээр хэлээд гал тогооны өрөөнд ээжид агсам согтуу тавиад байхаар нь би том өрөөнөөс босоод гал тогооны өрөөнд ороод очтол Т- ээжийн гарыг мушгичихсан зогсож байхаар нь би та болиоч дээ гэсэн чинь чамд хамаагүй, чи цаашаа зайл гэхээр нь би та дандаа ингэж байх юм гэж уурлаад Тулгын баруун хацар луу нь нэг удаа алгадаад, чамайг цагдаад барьж өгнө гэж хэлтэл Т- би тэгвэл явлаа гээд миний утсыг аваад хаалгаар гарахаар нь би утсаа авах гээд хойноос нь хаалга руу очсон чинь өөдөөс миний утсыг шидчихээд миний нүүрийг маажчихаад цаашаа зугтахаар нь би яаж байнаа гээд хойноос нь гарсан чинь орцонд шатан дээр тэврээд авсан. Тэгээд л бид хоёр хөл халтираад шатны уруу унасан юм. Бид хоёр 1-2 дугаар давхрын хоорондох тавцан дээр унасан юм. Тэгтэл ээж гарч ирээд бид хоёрыг босгоод ээж бид хоёр ороод Т- гадагшаа гарч явсан юм. Би гэртээ орж ирээд цонхоор харахад Т- байрны гадаа сааданд сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 30 орчим минутын дараа Т- буцаад ороод ирэхээр нь ээж цагдаад дуудлага өгөөд дуудлагаар 2 цагдаа ирээд 1 цагдаа нь Тулгыг түрүүлээд авч гараад, 1 цагдаа нь ээжээс мэдүүлэг аваад байж байтал Тулгыг авч гарсан цагдаа буцаж орж ирээд Тулгыг зугтаачихлаа гэж хэлж байсан юм.

...Т- бид хоёр барьцалдаад шатан дээр зэргэлдээ зэрэгцээд зогсож байсан ба Т- намайг тэвэрчхээд хазах гээд дайраад байсан. Тэгээд л бид хоёр хөл алдан шатны уруу хамт унасан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 175-176 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршигт учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Б- нь хойд эцэг болох С.Тулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эх Ж.Тунгалагаас мөнгө нэхсэн, хэл амаар доромжлон зүй бус авирлан агсам тавилаа гэж С.Т-тай маргалдаж, улмаар байрны орцонд ноцолдох явцдаа С.Т- шатны уруу унасны улмаас түүний амь насыг нь хохирооход хүргэжээ.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсч, тухайн ноцолдооны улмаас шатны уруу унаж хохирогч гэмтэл авч болно гэдгийг урдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарна.

Иймд шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Одгэрэлийн “... талийгаач С.Тулгын буяны ажил явдлын зардал болох 1,507,000 төгрөгийг иргэн Тунгалагаас бүрэн гүйцэд хүлээн авсан тул миний бие цаашид ямар нэгэн гомдол саналгүй. ...” гэсэн хүсэлт /хэргийн 2 дугаар хавтас 8 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч П.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Гэхдээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэлд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

          Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалт нь хорих ялтай гэмт хэрэгт холбогдсон этгээдэд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр зохицуулсан ба мөн тэнсэх боломжтой бөгөөд харин ямар нэгэн ял оногдуулах талаар нь уг хуулийн 1.1, 1.2 дахь заалтуудад зохицуулаагүй юм.

          Иймд прокуророос “шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэх санал” гаргасан боловч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “тэнсэх” нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн LG маркийн гар утсыг П.Энхжинд буцаан олгож, шүүгдэгч П.Б- 48 цаг баривчлагдсан болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар П.Б-ийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар П.Б-ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, П.Б- 48 цаг баривчлагдсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн LG маркийн гар утсыг П.Энхжинд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ