Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганчимэг /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч Б.Адалбек,

шүүгдэгч К.Н-, түүний өмгөөлөгч Э.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Х-гийн Н-д холбогдох эрүүгийн 20100210700000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, казах, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ******* дүүргийн 14 дүгээр хороо ******* ******* 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Х- овогт Х-гийн Н-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч К.Н- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” нэртэй цэцэрлэгийн хашаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч А.А-ыг ажилчдад буруу мэдээлэл өглөө гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч К.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2010021070000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,

Хохирогч А.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11, 12-13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №11504 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч К.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч К.Н-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч К.Н- нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” нэртэй цэцэрлэгийн хашаанд хохирогч А.А-ыг “ажлын хөлстэй холбоотой” асуудлаас  маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  болох нь:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,

Хохирогч А.А- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүк-д “ажилд авна” гэсэн зар байхаар нь ******* дугаар руу холбогдоод зарын дагуу ажлын нөхцөлийг асуухад “өдрийн 45.000 төгрөг, өдрийн хоолтой, барилгын дээр будгийн ажил хийнэ” гэж тохирсон. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натурын хажуу талд Ивээл гэх зоогийн газрын гадаа очоод нөгөө дугаар руу залгахад “0000000 гэх дугаартай холбогдоод ярь” гэж хэлсэн. Би 0000000 дугаараар холбогдож К.Н- гэх залуутай уулзсан. К.Н- нь намайг Старекс машинаар аваад Зайсангийн А- гэх цэцэрлэгийн хашаанд ирсэн. Би  нөгөө залуугаас “өдрийн 45.000 төгрөг биз дээ” гээд асуутал нөгөө 0000000 гэх дугаартай үл таних залуу “үгүй 30.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чадахгүй явлаа” гэтэл “чи яагаад байгаа пизда вэ” гээд намайг цохисон. Би доошоо тонгойтол миний нүүр рүү өвдгөөрөө өшиглөсөн. Би эрүүл мэндээрээ хохироод байна. Эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг болоод байна. Энэ мөнгийг тухайн хүнээс гаргуулж авмаар байна. Маш их гомдолтой байна. Эмч миний хамрыг хугарсан байна, цаашдаа амьсгалж чадахгүй толгой өвдөөд байвал наркозод ороод хагалгаа хийлгэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11, 12-13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №11504 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд: 1.А.А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч К.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч К.Н- нь хохирогч А.А-ын нүүрэн тус газарт цохисны улмаас хохирогчийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи хамрын нуруунд цус хуралтбүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч К.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч К.Н- болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол хор уршгийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн зовхи хамрын нуруунд цус хуралт гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл учирсан.

Шүүгдэгч К.Н-, түүний өмгөөлөгч Э.Гомбо нар гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардлын талаар мэтгэлцэж оролцов.

Хохирогч А.А- нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 7.376.480 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгчийн төлсөн 350.000 төгрөгийг хасаж тооцоод 7.026.480 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлжээ.

Хохирогч А.А-ын гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлахад: “Заяа” эмийн сангаас  2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр эм, тариа худалдаж авсан, нийт 212.950 төгрөг /хэргийн 50-р хуудас/, мөн “ЭМЖЖ” эмнэлэг, “Сонгдо” эмнэлэгт  эмчилгээ оношилгоо хийлгэсэн нийт 375.000 төгрөгийг эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй зардалд хамаарч байх тул хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин нь “Заяа” эмийн сангаас 2021 оны 01 дүгээр сарын 02, 09-ний өдрүүдэд нийт 328.650 төгрөгийн эм тариа худалдаж баримт ирүүлсэн боловч дээрх эм тариаг хохирогч эмчийн заавраар хэрэглэсэн эсэхийг нотолсон баримтаа ирүүлээгүй байна. Хохирогч нь “Хүслэн хаус” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын туслах ажилтнаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж олох байсан орлого 2.970.000 төгрөг нэхэмжилж “Хүслэн хаус” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримт ирүүлсэн боловч хохирогч А.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалан дээрх хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлгийн чөлөөтэй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заажээ. Хохирогч А.А- нь “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж оношилгоо, шинжилгээ хийлгэсэн байх ба хамрын хагалгааны зардалд 3.311.480 төгрөг нэхэмжилсэн баримт ирүүлсэн байна. Шүүгдэгч К.Н- нь хохирогч А.А-д хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул хохирогчийн “хамрын хагалгаа хийлгэх” зайлшгүй зардлыг шүүгдэгч К.Н-оор урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд хохирогч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас 3.899.430 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэснээс шүүгдэгчийн төлсөн 350.000 төгрөгийг хасаж тооцоод шүүгдэгч К.Н-оос 3.549.430 төгрөг гаргуулж хохирогч А.А-д олгохоор шийдвэрлэв.

         

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч К.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргав.

 

Шүүгдэгч К.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.Н-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч К.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Х-гийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.Н-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч нь хохирогч А.А-ын эмчилгээний зардалд 350.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч К.Н-оос 3.549.430 төгрөг гаргуулж хохирогч А.А-д олгосугай.

 

5. Хохирогч А.А- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч К.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч К.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР