Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

   2021         03           05                                      2021/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 овогт Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20030 0481 0455 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч-н М. /РД:/,

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ч.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Форше” авто машины худалдааны төвийн хойд замд “Хьюндай портер” маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Хово” маркийн ... СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийж байсан явган зорчигч С.Бийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Маас:“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оэс: “...9 дүгээр сарын 30-ны шөнө хэрэг гарах үед хамт байгаагүй. Шөнийн 02 цаг 50 минутад дүү О Зүүн хараагаас болсон асуудлын талаар утсаар хэлсэн. Гэмтлийн эмнэлэг рүү очиход ухаангүй байсан. Эмчтэй нь уулзаж тусламж авах боломжтой талаар асуухад найдваргүй, хүнд гэмтэл байна гэж хэлсэн. Амь хохирогч 2 хоног эмчилгээ хийлгээд 10 дугаар сарын 02-ны орой 21:00 цагийн үед нас барсан. Эхнэр бид хоёр нь ярилцаад нийт 16.000.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ч 14.000.000 төгрөг гэж үзсэн. Машинтай холбоотой ямар ч нэхэмжлэл гаргаагүй. Нэг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байна гэсэн. Бат-Өлзий суманд эвдэрсэн машинд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаа гэж бодож байна. Гэнэтийн цочролд орсон байсан тул машин ямар байдалтай байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл хэний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл гэдгийг ч мэдэхгүй байна. Шүүгдэгчийн зүгээс ядарсан, амьдралын хувьд боломж муутай болохоор нэхэмжлэлээ шаардаж хэл ам хийгээгүй. Шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд 5.000.000 төгрөг, өнөөдөр 7.700.000 төгрөгийг авлаа. Үлдэгдэл 1.549.638 төгрөгийг нэг сарын дотор өгнө гэсэн...” гэв.

 

Эрүүгийн 2003004810455 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

2. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/,

 

3. Цогцсонд гадна үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/,

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ний 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би осол хэрэг болоход байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ослын талаар манай төрсөн дүү О утсаар ярьж хэлэхээр нь мэдсэн. ...Талийгаачийн эмчилгээ болон оршуулгын зардал 16.219.638 төгрөг болсон. Жолооч бэлнээр болон дансаар нийт 5.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардлыг хүүхдийнх нь нэр дээр данс нээж хиймээр байна. Оршуулгын зардал барагдуулвал өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,  

 

5. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн зүүн талын барилгаас барилгын хог ачаад Хангарьд Сити 2 хорооллын хашаанд буулгахаар явж байтал Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчдын гудамж, “FORSHE” авто машины худалдааны төвийн хойд замд машины аппаратурын зөөлөн холбоо тасарч машин унтраад замаа чөлөөлөөд зогссон. Миний жолоодож явсан HOWO маркийн ... СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл талийгаачийн машин байгаа юм. Тэгээд би машин эвдэрсэн талаар хэлэхэд яваад очъё, ойрхон байна гээд ирсэн. Талийгаач бид 2 машиныхаа аппаратурыг янзлаад би машины буруу талд аппаратураа боогоод талийгаач болохоор машины зөв талд зорчих хэсэг талдаа урд дугуйны харалдаа кабинаас гэрэл авах гээд хаалга онгойлгох гээд машинууд өнгөрөөгөөд зогсож байтал түс хийх чимээ гарсан. Хартал Портер маркийн машинд мөргүүлээд газар унасан харагдсан. Би очиход газар ухаангүй хэвтэж байсан. Би сандраад 103 болон 102-т дуудлага өгсөн. Портер машин нэлээн хол зогссон харагдсан. Тэгснээ хөдөлж яваад аюулгүйн тойргоор тойрч ирсэн. Хөдлөөд явахаар нь араас ирж байсан том тэргийг зогсоогоод Портер машины дугаарыг хараарай гэж хэлсэн. Тэр машины жолоочийг бол танихгүй. Удалгүй 103 ирээд үзлэг хийгээд ГССҮТ-н эмнэлэг рүү авч яваад дараа нь цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Түргэний эмч биеийн байдал хүнд байна гэхээр нь талийгаачийн талаар эгч болон эхнэрт нь хэлсэн. Би машины урд засвар хийж байсан болохоор ирж байсан машиныг хараагүй, харах боломж байгаагүй. Би талийгаачийн машиныг 2 cap хөлсөөр барьж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №2069 дугаар дүгнэлтэд:

- Талийгаачид дух, зүүн ухархайн дээд хананы хугарал, духны зүүн дэлбэнгийн няцралт хүнд зэрэг, хоёр тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн зовхины шарх, цус хуралт тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу цохих үед үүсгэгдэнэ.

- Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

- Талийгаач нь духны дэлбэнгийн няцрал, аалзны хальс доорх цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46/,

 

7. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59630 дугаар шинжээчийн:

  “Портер маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны аппарат хэвийн, гар тоормос  ажиллахгүй, жолооны механизм явах анги, дуут дохио хэвийн, гэрэл гэрлийн тусгал зүүн талын гэрлийн тусгал стандарт шаардлага хангахгүй, баруун урд дохио болон оврын гэрэл байхгүй, зүүн урд дохионы гэрэл хагархай, шил арчигч хэвийн, дугуйн хээний гүн стандарт шаардлага хангахгүй. ...Баруун урд дохио болон оврын гэрэл байхгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй, зүүн урд дохионы гэрэл хагархай, зүүн их гэрэл хэвийн бус ажиллагаатай, гар тоормос ажиллахгүй гэх эвдрэл гэмтэлтэй. ...Баруун урд дохио болон оврын гэрэл байхгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй, зүүн их гэрэл хэвийн бус ажиллагаатай, гар тоормос ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд ослоос өмнө үүссэн байх магадлалтай, зүүн урд дохионы гэрэл хагархай нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. ...Баруун урд дохио болон оврын гэрэл байхгүй, ухрах арааны гэрэл ажиллахгүй, гар тормоз ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг осолд нөлөөлөх боломжгүй гэмтлүүд юм. Зүүн их гэрэл хэвийн бус ажиллагаатай байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. ...Уг тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны систем нь бүрэн бус байна. Уг гэмтлийг хэзээ хэрхэн яаж үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй. ...60-27 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ABS шингэн дамжуулгат тоормосны системтэй, тоормос гишгэх үед замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ. ...Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл алга байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-57/,

 

8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Портер маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн,

б/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

-Явган зорчигч амь хохирогч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 62-64/,

 

9. Амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 74-113/,

 

            10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, жолоочийн үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-72/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Мт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ч.Мын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.М нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  “Форше” авто машин худалдааны төвийн хойд замд “Хьюндай портер” маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 02 цаг 30 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан  буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт эвдэрч зогссон “Хово” маркийн ... СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийж байсан явган зорчигч С.Бийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/,

- Цогцсонд гадна үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би осол хэрэг болоход байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ослын талаар манай төрсөн дүү О утсаар ярьж хэлэхээр нь мэдсэн. ...Оршуулгын зардал барагдуулвал өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

- Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач машины зөв талд зорчих хэсэг талдаа урд дугуйны харалдаа кабинаас гэрэл авахаар хаалга онгойлгох гээд машинууд өнгөрөөгөөд зогсож байтал түс хийх чимээ гарсан. Хартал Портер маркийн машинд мөргүүлээд газар унасан харагдсан. Би очиход газар ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2069 дугаар дүгнэлт /хх-ийн 44-46/,

- Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59630 дугаар шинжээчийн: “...зүүн урд дохионы гэрэл хагархай нь ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. ...Зүүн их гэрэл хэвийн бус ажиллагаатай байгаа нь уг зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм...” гэх дүгнэлт /хх-ийн 54-57/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Портер маркийн 60-27 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, б/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх-ийн 62-64/, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх74-113/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь насыг хохироосонгэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон бусад зардалд нийт 14.249.638 төгрөгийг нэхэмжилж, зарим баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

 

Шүүх нотлох баримтыг судлан үзвэл 1.614.10 төгрөгийн /хх-ийн 89, 90, 94, 96, 100, 104, 108/ зардлын нотлох баримт нь хүлээн авагч, гарын үсэг тодорхойгүй, засвартай зэргээр хуулийн шаардлага хангахгүй байх тул 12.515.236 төгрөгийн баримтыг хуулийн шаардлага хангасан гэж дүгнэж, үүнээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.000.000 төгрөг, шүүхийн шатанд 7.700.000 төгрөг, нийт 12.700.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр хүлээлгэн өгч төлсөн байна.

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нар нь 1.549.638 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн хэдий боловч шүүх хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд гэм хорын хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж, шүүгдэгч Ч.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

 

- шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...Ч.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын мөнгийг төлж барагдуулж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцож үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж үүрэг хүлээлгэж тэнсэж өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

   Иймд шүүгдэгч Ч.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

 

   Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Мт “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

   Бусад асуудлаар: Шүүгдэгч Ч.Мын В, С, Е ангиллын ... дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ч-н М-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овогт Ч-н М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BCE ангиллын 342892 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсүгэй.

 

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.М нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН