| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2021/0163/э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
шүүгдэгч Б.М- түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
хохирогч У.А-,
гэрч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батсүхийн Б-, Боржигон овогт Б-ы М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905045711681 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсүхийн Б-.
Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо ... дугаар байр .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ы М-
Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Б-, Б.М- нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Буянт-Ухаа 2 цогцолборт баригдаж буй орон сууцанд урьдчилгаа 30 хувийг авч, сугалаа тааруулах нөхцөлөөр байр авч өгнө” гэж иргэн У.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч У.А-аас Б.М-ын эзэмшлийн Хаан банкны 5041219202 дугаартай дансанд 11.250.000 төгрөгийг шилжүүлэн авч, аав Б.Б-ы Хаан банкны 5163030567 дансанд дамжуулан өгсний улмаас хувьдаа захиран зарцуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Ийм зүйл болсон. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 89,9 тэрбум төгрөгийн Улаанбаатар хот болон, Дундговь, Дархан уул аймаг, Говь-Алтай зэрэг дөрвөн аймагт нийтдээ 1560 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнээс 972 айлын орон сууц нь Улаанбаатар хотод Буянт-Ухаа 2 цогцолборт хэрэгжиж байсан. Энэ ямар нөхцөлтэй, яаж ордог, ямар төлбөртэй гэдгийг судалж үзээд хүмүүст түрээслэх юм бол Хөгжлийн банкнаас гарч байгаа төслийг арай өөрөөр зарцуулах боломж байгаа гэдгийг олж хараад үүн дээрээ судалгаа тооцоо хийсэн. 1560 айл гэх болон 2220 айлыг хамрагдуулж болох юм байна гээд төсөл хийсэн. Гол санаа нь бол ийм байна. 1560 айлын 580 айл нь хөдөө орон нутагт, 972 хотод байсан. Улаанбаатар хотын иргэд дунд урьдчилгаа 30 хувийг төлөөд байранд хамрагдах боломжтой 34,000 айл байна гэсэн Төрийн орон сууцны корпораци болон Нийслэлийн орон сууцны корпорацын судалгаа гарсан байсан. 1500 айлын орон сууцнаас урьдчилгаа 30 хувийг төлчих юм бол дахиад 660 айлын орон сууц барьж болох боломж харагдаж байсан. Энэ 660 айлын орон сууцыг урьдчилгаа төлөх боломжгүй айлд түрээслэх юм бол Хөгжлийн банкнаас гарсан 89 тэрбум төгрөгийн зардлыг 1560 айл биш, 2220 айл орон сууцтай болох боломжтой. Эцсийн зээлдэгч нарт ирж байгаа ачааллыг бууруулах юм байна гэсэн тооцоо судалгаа хийгээд тухайн үеийн Төрийн орон сууцны корпорацын захирал Хичээнгүй дарга дээр ороод танилцуулсан. Тэгээд болохгүй зүйл байхгүй юм байна гэж хэлээд хэлтсийн дарга, ахлах эдийн засагч хоёртойгоо намайг уулзуулаад энэ хүний ажлыг судлаадах гэж хэлсэн. Тэгээд би Төрийн орон сууцны корпорацитай 3 сар хүртэл яриад тэгээд таны хэлж байгаагаар эхний ээлжинд 1560 айлыг 30 хувийн урьдчилгааг нь аваад орон сууцанд хамруулъя, тэгээд саяны ярьж байгаа санхүүжилтээр үлдсэн 660 айлыг барих юм бол Буян-Ухаа 3 гэдэг цогцолборыг Буянт-Ухаа 2 хорооллын цаана барихаар газар нь бэлэн шийдэгдсэн. Ямар нэгэн асуудалгүй байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эргэлзэх зүйл алга гээд хэлтсийн дарга, эдийн засагч, Хичээнгүй даргад хэлээд бид нар холбогдох журмыг боловсруулъя гэхдээ танайд ямар ашигтай вэ гэхэд би олон улсад тогтсон зардлын 2 хувь дээр татгалзах зүйлгүй гэсэн. 2220 айлаас 40 хувь гэхээр би тооцоо гаргаад 19 байр захиран зарцуулах боломжтой гэж байсан. Би хүү, охин, хүргэнийгээ байртай болгоё гэж бодож байсан. Манай хүү аав манай найз ганц хүн байгаа яах уу гэсэн. Тэгээд би үнэхээр ганц хүн юм бол тусалъя өөр хүн амьтанд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн нэг хүнтэй яриад би өөртөө итгэлтэй байсан. А- гэж хүнээс 30 хувийг нь авхуулсан. Би 5 дугаар сарын 23-ний өдөр Увс аймаг руу ажлаар явах болоод явчихаад 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлаар ирэхэд Төрийн орон сууцны корпорацын ажлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” -руу шилжүүлсэн байсан. Тэгээд наадмын дараа А- руу ийм зүйл болчихлоо, байр чинь бүтэхгүй байна гэж хэлүүлсэн. Төлбөр мөнгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр багтаагаад буцааж өгнө гэж хэлсэн. Би тэр үед хөдөө явахдаа хамтарч ажиллах компаниас 100,000,000 төгрөгийн ажлын гэрээ байгуулаад 48,000,000 аваад явсан. Үлдэгдэл 52,000,000 төгрөгөө аваад А-д мөнгийг нь өгье гэсэн юм. Гэвч нөгөө компанийн мөнгө нь бүтэхгүй болоод би А-д мөнгийг нь өгч чадахгүй болоод машинаа өгөөд 4 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг өгнө гэж бичгээр тайлбар бичиж өгсөн. Би Эрдэнэс таван толгойд нүүрсний тээвэрт машин оруулна гээд зүтгүүлэх болсон чинь Эрдэнэс таван толгой ХХК сүүлийн 3 сар Нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай гэж хэлсэн. Тийм учраас 2020 оны 01 дүгээр сараас эхлээд 8 жолоочийнхоо Нийгмийн даатгалыг төлж эхэлсэн. Тэгсэн ноднингийн 02 дугаар сарын 10-ны өдрөөс Цар тахлын улмаас Монгол улс хилээ хаасан. Тэгээд үйл ажиллагаа зогссон. Энэ талаараа баримтаа авчирсан. Яагаад 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн бэ гэхээр би ажил хийхээр гэрээ байгуулсан байсан. Урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан. Түүнийгээ өгсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Анхнаасаа залилах бодол байгаагүй. Тооцоотой судалгаатай ажил явагдаж байсан. Гэнэт хариуцаж байсан байгууллага зогссон тул ийм зүйл болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “2019 оны эхээр манай аав эгч бид хоёрт байр авч өгөх зохицуулах талаар ярьж байсан. Тухайн үед Буянт-Ухаа 2 хороололд боломжтой байна гэж хэлсэн. Тэгээд би Анхбаяр найздаа хэлсэн. Тэгсэн манай найз цаашаа явж байгаад А-д хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд А- надаас байранд хамрагдах боломж байна уу гэсэн. Би ааваасаа асуусан чинь боломжтой гэж хэлсэн. Би А-тай уулзсан. Тэгээд аавынхаа хэлсэн үгийг дамжуулж хэлсэн. Тэгээд аавынхаа хэлснээр урьдчилгаа 30 хувийг нь авсан. Залилах бодол байгаагүй найздаа туслъя гэж байртай болгоё гэж бодсон. Тэгээд энэ явсаар байгаад ийм юм болсон. Энэ явдалд гэмшиж байна харамсаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.А- мэдүүлэхдээ: “2019 оны хавар манай дүү А- утсаар яриад хамт тоглодог багийн найзын найз Анхбаяр ийм юм ярьж байна. Түрээсийн орон сууцанд сугалаагүй оруулах боломжтой гэсэн. Би тэгээд холбогдоод орох боломжтой гэхээр нь М-ыг ажлаас нь аваад бид хоёр явж Буянт-Ухаа хороолол орж байрыг сонирхсон. Тэр үед миний хажууд аавтайгаа яриад байсан. Би мөнгөн дүнг нь судалж байгаад 7 дугаар сард өгөх боломжтой юу гэхэд өмнө нь өгвөл боломжтой гэсэн. 7 дугаар сард “Нийслэлийн орон сууцны корпораци” хариуцах боломжтой болсон гэдгийг мэдээд 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд 9 сар гаргаад Б- ахтай холбоо бариад надад тийм зүйл болсон гэж хэлээд сүүлдээ алга болсон. Тэгээд цагдаад хандсан. Би 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд мөнгөний чинь хугацаа хэтрүүлсэн тул гэж хэлээд 2020 оны 01 дүгээр сард автомашин өгсөн. Надад бичиг хийж өгсөн 11,250,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг өгсөн. 1,000,000 төгрөгт автомашин авсан. Нийт мөнгөнөөс 2,000,000 төгрөг хасагдана” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, шүүгдэгч Б.Б-, Б.М- нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Хохирогч У.А-ы “Би 2019 оны 3 дугаар сарын үеэс байр сонирхож байсан. Тухайн үед надад байр авахаар бэлдэж байсан 15,000,000 төгрөг байсан. Ингээд энэ тухайн найз М-даа хэлтэл манай аав Б- нь Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, чи байр сонирхож байгаа бол урьдчилгаа өгөөд орчих юм байна лээ гэхээр нь М-ын аав Б-тай 86095689 дугаарын утсаар холбогдоход сугалаан дээр чиний нэрийг тааруулья, харин чи 11,250,000 төррөгийн урьдчилгаа өгнө, тэгээд байрандаа орно гэхээр нь энэ санал надад боломжийн санагдахаар нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр М-тай уулзаад М-ын өгсөн Хаан банкны 5041219202 гэсэн данс руу зээл гэсэн утгаар 11,250,000 төгрөг хийсэн. Уг нь байранд орох хугацааг хамгийн сүүл гэхэд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрандаа орчихно гэсэн зүйл ярьсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын сүүлээр гэртээ зурагт үзээд байж байтал Төрийн орон сууцны корпорацын байр Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжиж байгаа тухай ярьсан. Ингээд энэ тухай Б- ахаас асуухад бүтэхээргүй болсон нь үнэн. Мөнгийг чинь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээгээд өгөх шинжгүй болохоор нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Их дэлгүүрийн урд Б- ахтай уулзахад ирэх 7 хоногоос өгье гэж хэлсэн. Ингээд дахин 7 хоногийн дараа Спортын төв ордон дээр уулзахад ах нь мөнгө болохгүй байна, тооцолсон мөнгө орж ирэхгүй байна гээд дахин 7хоносон. Ингээд 7 хоногийн дараа Соёл Урлагийн их сургуулийн урд уулзахад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд мөнгийг чинь өөр зүйлд зарцуулсан гэж хэлсэн. Тэгээд мөн л хэлсэн хугацаанд нь хүлээсэн ба хугацаа болоход утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Мөн М- ч утсаа авахаа больсон. Одоо М-ыг болон аавыг нь хаана байгааг би мэдэхгүй байна. Утаснууд нь ерөөсөө холбогдохгүй байна.
... Би мөнгө өгөх үедээ М-тай уулзсан ба М- утсаар аав руугаа буюу Б- ах руу залгаж яриад байсан. Тэгээд урьдчилгаа мөнгийг нь яаж авах ямар дансанд хийх талаар яриад байсан. Би аавтай нь тулж ярьж байгаагүй. Харин М- л энэ тухай аавдаа дамжуулж хэлээд байсан. Би Б- ахтай уулзахад Төрийн орон сууцны корпораци хэвээрээ байсан бол болох байсан. Харин одоо Нийслэлийн орон сууцны корпораци болчихлоо ингэхээр хэцүү байна, мөнгийг чинь өгнө гэхдээ болоогүй, өөр юманд хэрэглэчихээд байна гэхээр нь та юу яриад байгаа юм бэ урьдчилгаа мөнгөө өөр зүйлд зарцуулдаг нь яаж байгаа юм гэхэд санаа зоволтгүй мөнгийг чинь өгнө гэж яриад байсан. Би Б- ахад өгсөн 11,250,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөнгөө авчихвал гомдолгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 27-31 дүгээр хуудас/
“... Намайг мөнгөө өгөхийн өмнө буюу М- эхлээд надад аав чамд байр олж өгнө чи харин өөрөө байрныхаа сонголтыг хийгээдэх м2 болон давхар өрөөний байрлал зэргээ хар гэж хэлсэн. Тэгээд М- надад хэлэхдээ аль ч байрыг авч болноо, сонголтоосоо шалтгаалаад урьдчилгаа мөнгө өгөх нь хамаарна гэж хэлээд би М-тай хамт 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Буянт-Ухаа 2 цогцолбор луу миний машинтай М-тай хамт очоод гадна талаас нь харуулаад буюу тухайн үед баригдчихсан засалдаа орчихсон байсныг харуулаад гаднаас нь харсан ба 3-7 давхрын хооронд байр авна, бас дээр нь чатаар над руу Буянт-Ухаа 2 цогцолборын танилцуулга зай хэмжээний сонголтыг явуулсан. Тэгээд Би 40м2-тай байрыг сонгож байсан. Тэгээд тэрийгээ М-д хэлсэн ба хөгшин нь энэ байрыг авъя гэж хэлсэн. Тэгэхэд М- асуудал байхгүй. Аав мэдэж байгаа. Наад байрыг чинь авч өгнө гэсэн. Тэгээд миний өмнө мэдүүлсэн явдал болсон буюу би энэ талаараа өмнө хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр өдөртөө надад М- урьдчилгаа 11,250,000 төгрөг болно шүү, тэрийгээ өгөөрэй гэсэн ба хэлснийх нь дагуу маргааш нь М-тай уулзаад М-ын данс руу шилжүүлсэн. ...”гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дугаар хуудас/
Банкны харилцах дансанд үзлэг хийсэн “... 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 5041219202 дугаартай дансанд 13:06 минутад zeel гэсэн утгатай зарлага 11,250,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж дансанд 726,923.16 төгрөг үлдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 40-41 дүгээр хуудас/
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Харилцагч Б-ы М-, Батсүхийн Б- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 58-72 дугаар хуудас/
Гэрч Б.А-ын “Би Б-ы М- гэх залуутай багийн найз бөгөөд 10 жилдээ 40 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн багт хамтдаа бэлтгэл хийдэг байж байгаад танилцсан.
... Надад 2019 оны 4 дүгээр сард М- Төрийн орон сууцны компанид манай аав захирал хийж байгаа. Найдвартай гэсэн ганц нэг хүнээ түрээсийн одоо баригдаж байгаа Буянт-Ухаа 2 цогцолборт оруулна, олон хүнд битгий хэлээрэй, сугалаанд нь албаар тааруулаад өгнө гэж хэлсэн. Би тэгэхээр нь итгэсэн ба надад М- хэлэхдээ аав бүгдийг нь мэдэж байгаа, хянаж байгаа, тэнд угаасаа ажилладаг юм чинь гэж хэлэхээр нь итгэсэн хэрэг. Итгээд өөрийн төрсөн ах болох А- байр хайж байсан болохоор нь хэлээд ах маань мөнгөө өгөөд одоо байрч үгүй, мөнгө ч үгүй болоод энэ эцэг хүү хоёрт залилуулаад байнаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 101 дүгээр хуудас/
Төрийн орон сууцны корпорацын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1/1032 дугаартай “... Батсүхийн Б- РД:ХП70040270/ нь тус Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллаж байгаагүй болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг. /хэргийн 113 дугаар хуудас/
Гэрч Ч.Т-ийн “ ... 10, 11 сар болохоор нь би нөгөө байр чинь яачихсан юм бэ, улсын юм болохоор жоохон хугацаа нь хоцорч ордог л юм, яасан талаар асуусан уу гэж хэлэхэд хоёр хүү чимээгүй юм хэлэхгүй дүлэгнээд байсан. Тэгээд 12 дугаар сард А- надад ээжээ нөгөө байр чинь худлаа болчихлоо, мөнгө авсан хүн нь байхгүй болчихлоо, гэртээ ч байхгүй, утсаа авахгүй байна гэж хэлсэн. Манай хоёр хүүхэд надаас санаа зовоод эрт хэлэхгүй цагдаад хандсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 125-126 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.
Тодруулбал, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.М-, Б.Б- нар нь урьдаас үгсэн тохиролцож, шүүгдэгч Б.Б- нь Буянт-Ухаа 2 цогцолборт баригдаж буй орон сууцтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө өөрийн хүү Б.М-аар дамжуулан хохирогч У.А-ы орон сууцтай болох хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн “Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, чи байр сонирхож байгаа бол урьдчилгаа өгөөд орчих юм байна лээ, ... сугалаан дээр чиний нэрийг тааруулъя” гэж итгүүлэн үнэмшүүлж, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуусны улмаас түүнийг төөрөгдүүлэн 11,250,000 төгрөгийг шилжүүлсэн авсан нь залилах гэмт хэргийг шинжийг бүрнээ хангасан тул бүлэглэн үйлдсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “... шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокуророос шүүгдэгч Б.Б-, Б.М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-, Б.М- нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн нь шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч У.А-аас Б.М-ын эзэмшлийн Хаан банкны 5041219202 дугаартай дансанд 11,250,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар Б.М- нь өөрийн эцэг Б.Б-ы Хаан банкны 5163030567 дансанд дамжуулан шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн улмаас 11,250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн хугацаанд завсарлуулсан бөгөөд хохирогч У.А-д 11,250,000 төлж барагдуулсан талаар хохирогч У.А- эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд мэдүүлсэн, энэ талаар “Иргэн Б.Б-аас авах төлбөрөө бүрэн барагдуулж дууссан тул миний бие У.А- гомдолгүй болно. Хэргийн холбогдогч нарт хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн баримтыг хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргажээ.
Харин шүүгдэгч Б.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-д хамаарахгүй болно.
Шүүх, шүүгдэгч Б.Б-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Б-г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт Б-ы М-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-, Б.М- нарыг торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-, Б.М- нарыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ