Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 487

 

С.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энхжаргал,

яллагдагч С.О,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр С.От холбогдох 1803000010111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт  С.О, 1978 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, эхнэр, хүүхдийн хамт .......................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................................../;

С.О нь 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 10 дугаар байрны хойд замд “Toyota Ist” загварын, 43-50 УНЭ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах...”, 9.2. “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс С.От холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг дараахь үндэслэлүүдээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

          1. Замын цагдаагийн албаны техникийн шинжээч яллагдагч С.Оыг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, е, 2.3а, 2.1а заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байхад прокурор дээрх заалтууд дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.

          Мөн дээрхи тогтоолыг яллагдагч С.От танилцуулж, түүнээс мэдүүлэг авахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, е, 2.3а, 2.1а-д заасан заалтуудыг зөрчиснөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, мэдүүлэг авсан /хх-51/, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд заагаагүй, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а гэсэн заалтыг зөрчсөн гэж түүнд тайлбарлаж мэдүүлэг авсан, харин тогтоолд заасан Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн талаар тайлбарлаж, мэдүүлэг аваагүй зэрэг зөрүүтэй зөрчил тогтоогдсон бөгөөд яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

          Мөн Тээврийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч С.Оыг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, е, 9.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй заалтыг зөрчсөн гэж яллагдагчид холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэгийн шинжээч шаардлагагүй бол томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. Гэтэл яллагдагч С.От холбогдох хэрэгт техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсан атлаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а-г зөрчсөн гэснийг хэрхэн ойлгож үзсэн, хариуцлага тооцсон нь тодорхой биш, нөгөө талаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй заалтаар буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг яллагдагч зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна.

          Иймд яллагдагч С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар техникийн шинжээчээр нэмэлт дүгнэлт гаргуулах, эсхүл бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээч Б.Э.ийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг нэг мөр болгох шаардлагатай байна.

          2. Яллагдагч С.От Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.3а заалтыг зөрчсөн гэх үйлдэлд холбогдох хуулиар хэрхэн хариуцлага тооцсон эсэхийг тодорхой болгох.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-7.9 дүгээр зүйл хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох яллагдагчийн эдлэх эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзэхээр байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.От дээрх хуулийн 7.1, 7.2, 7.7, 7.8 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулаагүй мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байгаа нь яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй нөхцөлд хүргэсэн.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж тус тус заасан.

          Тус хэрэгт зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх иргэн Ц.Сыг хохирогчоор тогтоож, мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлэг авахдаа С.О гэх хүнийг байлцуулж, улмаар хохирогч Ц.Сын гарын үсэг зурсан хэсэгт мөн С.О гэх хүн гарын үсэг зурсан нь ойлгомжгүй, С.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогчоор оролцож буй нь тодорхой бус байх бөгөөд хохирогчоос мэдүүлэг авахдаа тус этгээдийг байлцуулсан, түүгээр гарын үсэг зуруулсан нь хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх боломжгүй, мөн 33, 48 дугаар талд байгаа гарын үсэг нь хохирогч Ц.Сын өөрийн гарын үсэг мөн эсэхийг тодруулах, шаардлагатай бол зохих ажиллагааг хийх.

          Нөгөө талаас хохирогч Ц.С нь эрх зүйн чадамжгүй, өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй талаар хэрэгт баримтгүй, энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад түүний бэр гэх С.О гэх хүнийг ямар үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

          Түүнчлэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолууд, мөн шүүх эмнэлгийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус С.От танилцуулах ажиллагаа хийсэн нь, мөн хэргийн оролцогч биш С.О нь яллагдагчаас хохирлын төлбөр нэхэмжилж хүсэлт ирүүлсэн нь ойлгомжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилла          гааны ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

          5. Яллагдагч С.Оын жолоодон явсан “Toyota Ist” загварын, 43-50 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Бадамсүрэн байна.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан, хохирогч Ц.Ст учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй байх тул тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байна.

          Тиймээс дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлыг бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх тул яллагдагч С.От холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж ...” шийдвэрлэжээ.

          Прокурор Ж.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Эрүүгийн 1803000010111 дугаартай хэргийн яллагдагч нь Б.Мягмаржав, мөрдөгч нь Ч.Баярсайхан биш бөгөөд яллагдагч нь С.О, мөрдөгч нь цагдаагийн дэд хурандаа Т.Амгаланбаатар нар болно. Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Т.Амгаланбаатар нь дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн аваад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байсан ба хэрэг бүртгэлтийг дуусган С.От холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татуулах саналыг прокурорт гаргасан. Прокурор хэргийг хянаад С.О нь техникийн шинжээчийн 127 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас 2.1.а, 2.3.а дахь заалтууд нь уг зам тээврийн хэрэг гарахад нөлөөлөөгүй болох нь, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг жолооч ослоос өмнө аваагүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байсан тул С.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, е, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэлт хийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч” гэсэн бие даасан субъектүүд нь тус тусын шийдвэрийг гаргаж шинжилгээ хийлгэхээр заагдсан бөгөөд тухайн асуудлаар мөрдөгч шинжилгээ хийлгэсэн л бол прокурор заавал шинжилгээ хийлгэхээр заагаагүй ба прокурор миний хувьд нотлох баримтыг үнэлсэний үндсэн дээр уг асуудлаар заавал шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг зөрчсөн талаар тогтоолдоо тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд нийцэж байгаа болно.

          Мөрдөгч Т.А нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.От танилцуулж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг авсан, яллагдагч нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт яллагдаж байгаагаа тодорхой, сайн мэдсэн талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн.

          Иймд яллагдагч С.Оыг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүх шинжилгээг дахин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шинжилгээг хийлгэх боломжтой, эсхүл гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан шинжээчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан ба процессийн энэ ажиллагаа нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт тусгагдсан байдаг.

          2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч нь дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь заалтыг зөрчиж “бүрэн бус” тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 15 дахь заалтаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан баримтыг хавсаргасан, шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг баримтыг хэлэлцүүлсэн.

          Харин яллагдагч нь хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй боловч биедээ авч яваагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь заалтыг зөрчсөн.  Гэвч Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол захиргааны шийтгэл оногдуулна” гэсэн заалт байхгүй, нөгөөтэйгүүр яллагдагч С.О нь жолоочийн үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж үзсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

          3. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дугаар тушаалын хавсралтаар баталж өгснийг прокурор, мөрдөгч хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд яллагдагч С.Оаас мөрдөгч Т.Амгаланбаатар нь яллагдагчаар мэдүүлэг авч эрх, үүрэг танилцуулсан хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2, 7.7, 7.8 дугаар зүйлүүд тусгагдаагүй байгаа боловч 7.1, 7.2 дугаар зүйлд заасан эрхийг яллагдагч танилцаж ойлгосон байдал нь түүний мэдүүлгийн агуулга, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “надад яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсан, гомдол, хүсэлт байхгүй” гэснээр тогтоогдож байна.

          Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7, 7.8 дугаар зүйлд заасан эрхийг шүүхийн шатанд танилцуулах боломжтой бөгөөд мөрдөгч нь тухайн яллагдагчид холбогдох хэргийг шүүхээр зайлшгүй шийдвэрлэх эсэх талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд хийгдэх мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эрх, үүргийг танилцуулсан нь яллагдагчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          4. Хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой ажиллагааны нотлох баримтуудад хохирогчийн гарын үсэг доор түүний бэр С.Оаар давхар гарын үсэг зуруулсан хариуцлагагүй үйлдэл гаргасан байсан боловч энэ нь хохирогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу уг гарын үсгээс шалтгаалж хохирогчийн хохирсон болохыг нотолсон нотлох баримтуудыг хүчингүй болгох боломжгүй байсан тул С.Оын нотлох баримтуудад яагаад гарын үсэг зураад байгаа, хохирогчтой ямар харилцаатай болох талаар гэрчийн мэдүүлэг авсан.

           Гэтэл шүүгч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэрэгт авагдсан хохирогчийн гарын үсгүүдийг хохирогч өөрөө зурсан эсэх нь эргэлзээтэй гэсэн асуудлыг гарган тавьж хохирогч Ц.Саас хэрэгт авагдсан гарын үсэг тус бүрийг нэг бүрчлэн өөрөө зурсан эсэхийг тодруулахад, хохирогч Ц.С нь “... хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцаж, өөрөө гарын үсэг зурсан, мэдүүлгийнхээ үнэн зөвийг өөрөө батална” гэж мэдүүлсэн, мөн хэрэгт авагдсан байдлаар шүүхийн шатан дахь баримтуудад мөн гарын үсгээ зурсан байдаг зэргээс дүгнэлт хийхэд хохирогч Ц.Сын өөрийн гарын үсэг мөн эсэхийг тодруулах, шаардлагатай бол зохих ажиллагааг хийх гэж захирамжид заасан нь үндэслэлгүй.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч өөрийн биеэр оролцож, мэдүүлэг тайлбараа өгсөн бөгөөд хохирогчийн эрх зүйн чадамжгүй, өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй гэж үзэх, эргэлзэх байдал гаргаагүй байхад шүүгч хохирогчийн чадвар, чадамжийн талаар дүгнэлт хийж нотлох баримтыг дахин цуглуулах ажиллагаа хийх гэсэн нь ойлгомжгүй байна.

          Хэрэгт С.Оын өгсөн гэрчийн мэдүүлэг нь хохирогчтой нэгдмэл ашиг сонирхолтой байдаг ба шүүх хуралдаанд С.Оыг гэрчээр, аль эсвэл иргэний нэхэмжлэгчээр тогтоож оролцуулан хэрэгт зурагдсан гарын үсэг болон, иргэний нэхэмжлэлийн талаар тодруулах боломжтой болно.

          5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх заалтууд нь “заавал” гэсэн утгыг илэрхийлээгүй бөгөөд энэ хэргийн хувьд гэмт хэрэг үйлдсэн хүн бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах үүргээ сайн дураараа биелүүлсэн, цаашид ч нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, яллагдагч нар иргэний нэхэмжлэлийн талаар харилцан тохиролцож эвлэрсэнээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн тул тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татан хэрэгт оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ...” гэв.

          Яллагдагч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бичиг хийж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Прокурор миний үйлдсэн хэргийн талаар үнэн зөв ярьж байна ...” гэв.

                                                ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад С.От холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.

 Анхан шатны шүүхээс “... С.От техникийн шинжээчийн дүгнэлтээр буруутгаагүй зүйл, заалтаар  яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх, үүргийг нь бүрэн танилцуулалгүй эрхийг нь хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч биш хүнийг оролцуулж, хохирогчоос авсан мэдүүлэг болон түүнтэй холбоотой баримтуудыг танилцуулснаас гадна, хохирлын нэхэмжлэлийг гаргуулж, хууль зөрчсөн, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийгээгүй, шинжээчийн дүгнэлтээр С.Оыг Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байхад хэрхэн хариуцлага хүлээлгэсэн нь тодорхой бус байна...” гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх ба шүүх хуралдаанаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.  

            Дээрх үндэслэлүүдээс яллагдагч С.От Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а заалтыг зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд 20.000 төгрөгөөр торгох шийтгэл /хх-55/ хүлээлгэсэн байгаа нь хэргээс тогтоогдож байх тул энэ талаар тодруулах шаардлагагүй юм.

          Харин шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэлүүдээр хэргийг шалгах нь зүйтэй байх тул прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 562 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энхжаргалын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ  

               ШҮҮГЧИД                                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН