Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 27

 

      Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Гомдол гаргагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Н” ХХК,

      Хариуцагч: МХГазар 

     Гомдлын шаардлага: Дорнод аймгийн МХГ-ын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 дүгээр шийтгэлийн хуудас, 12-05-031/95 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Н” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,  хариуцагч  МХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагч И.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Гомдол гаргагч “Н” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Монголын алт “М” компанийн хүсэлтээр Дорнод аймгийн МХГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/207 тоот хяналт шалгалтын удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Дорнод аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б ахалж, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Э, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Б, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч О.О, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Б.У, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э, Авто замын хяналтын улсын байцаагч М.Г нар “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт явуулж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан. “Н” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж ирсэн бөгөөд Дорнод аймгийн МХГ-ын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч И.Э нь тодорхойгүй нэмэлт тодотгол хийгдэж байгаа бичиг баримтын бүрдүүлбэрийг огт биелүүлээгүй, байхгүй мэтээр тодорхойлж зөрчил гаргасан гэж үзэн шийтгэл оногдууллаа.

       Иймд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчил гаргаагүй талаар тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин торгох, шийтгэхийг урьтал болгон асуудалд хандсан улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-ийг үндэслэн “Н” ХХК-д шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д  Ашигт малтмалын тухай хуулийг зөрчих гэсэн зүйл заалт байгаа. Тус хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.11 дүгээр зүйлийн 2.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй” гэсэн заалт байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахдаа ямар нийтлэг үүрэг хүлээх талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасан байдаг. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана” гээд, 35.3.1 “ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 35.3.2 “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 35.3.3 “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4 “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, 35.3.5 “хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ”, 35.3.6 “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”, 35.3.7 “газар, ус ашиглах тухай гэрээ” гэсэн үндсэн 7 баримт бичгийн талаар дурдсан байдаг. 1364 тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК энэхүү тусгай зөвшөөрлийг анх 1998 онд авсан байдаг. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ орд газар дээр олборлолт хийгдээд явж байгаа. 2018 оны 05 дугаар сараас өмнө “А” ХК-иар гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Ингэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээлгэсэн нийтлэг үүргийг 2 компани хамт хэрэгжүүлж, баримт бичгийн бүрдүүлбэрээ хангах, тайлан тооцоогоо гаргах зэргээр хамтарч ажиллаад явж байсан. Хоёр компанийн хамтран ажиллах гэрээ цуцлагдаад, “Н” ХХК бие даан олборлолт явуулж эхэлмэгц нь тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 10 сая төгрөгийн шийтгэлийг оногдуулсан байдаг. Баримт бичиг бүрдүүлэх процессын шатанд явж байгаа асуудлыг зөрчил гэж үзэж, 10 000 000 төгрөгөөр торгосонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа. Иймд дээрх актуудыг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэв.

          Хариуцагч МХГ-ын Улсын байцаагч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МХГ-ын даргын баталсан удирдамж,  хоёр компанийн гомдлоор “Н” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг шалгасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа мөрдөх баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрэн бүрдүүлж уурхай дээр байлгаж түүнийгээ мөрдөж ажиллахаар хуульчилсан байдаг. Гэтэл шалгалт хийхэд “Н” ХХК-ийн баримт бичгүүд нь уурхай дээрээ байгаагүй. 2012 онд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийг харуулсан. Энэ баримт бичгийг 5 жил тутамд боловсруулан баталж, мөрдөж явахаар заасан байдаг. Газрын хэвлийн тухай хуульд батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын 2012 оны 074 дүгээр тушаалаар батлагдсан “Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах журам”-ын 7.3-т “техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж аваад  5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага Техник эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу боловсруулах үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан байдаг. Иймд тухайн уурхай дээр байсан баримт бичиг нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус, шаардлага хангахгүй баримт бичиг байна гэж үзсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол мөн шалгалт хийх үед уурхай дээр байгаагүй. “Н” ХХК-ийн захирал Ш.М-ийн гарын үсэгтэй “...бид дутуу баримт бичгүүдийг бүрдүүлж ирүүлье. Шалгалтыг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. Гэтэл энэ хойшлуулсан хугацаанд ч ирүүлээгүй. Түүнээс хойшхи хугацаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний зөвхөн нүүр хуудасны хуулбарыг авч ирж өгсөн. Мөн 2018 оны уулын ажлын төлөвлөгөө байхгүй байсан. Ямар ч байгууллагаар хянагдаагүй, баталгаажаагүй, төсөл хэлбэрээр байгаа Уулын ажлын төлөвлөгөөг харуулж байсан, нэмж хэлэхэд 2019 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 2018 оны уулын ажлын төлөвлөгөө нь хянагдаж, зохих байгууллагаар баталгаажаагүй байсан. “Н” ХХК нь нүүрс олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх баримт бичиг байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт болон Байгаль орчны менежмент төлөвлөгөө талбай дээрээ байгаагүй. Дээрхи таван баримт бичгийг уурхай дээр байлгана гэдэг нь түүнийг мөрдөж ажиллана гэсэн  цаад агуулга явж байгаа. Зүгээр л хэн нэгэнд харуулах цаас биш юм. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д “...энэхүү нийтлэг үүргээ биелүүлээгүй бол 10 000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэж заасан байдаг. Иймээс энэ зөрчил дээр хуулийн дагуу хариуцлага тооцсон гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

         Гомдол гаргагч “Н” ХХК-иас  Дорнод аймгийн МХГ-ын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 дүгээр шийтгэлийн хуудас “Албан тушаалтны 12-05-031/95 тоот даалгавар” зэргийг  тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага[1] гаргасан болно.

       МХГ-ын  Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч нь “Н” ХХК-ийн  үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж,  Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан  ...уурхай дээр байх баримт бичгүүд байхгүй,  2018  онд батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгүй, газар, ус ашиглах гэрээ дүгнэлтгүй нүүрс олборлон борлуулж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 000 нэгж буюу 10 сая төгрөгийн торгуулийг[2] оногдуулсан байна.

         МХГ-ын Улсын байцаагчид нь  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/207[3] тоот удирдамжийн хүрээнд, МҮ-01364А дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд холбогдох хуулиуд болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан  “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор, ...хяналт шалгалтыг явуулж, гаргасан зөрчлийн дагуу “Дутагдлыг арилгуулах тухай” 12/04-003-246 дугаар  албан шаардлагыг[4] хүргүүлсэн байдаг.

        Ийнхүү уул уурхайн чиглэлээр хяналт шалгалтыг явуулахад: Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “ашигт малтмал ашиглах техник эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар батлуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 35.3.3-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт” 35.3.7. газар ус ашиглах гэрээ”  зэрэг бичиг баримтууд байхгүй байгаа нь  хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь бичиг баримтыг уурхай дээрээ байлгана” заасныг зөрчсөн, ...уулын инженергүй, баталгаажсан маркшейдерийн ажил явуулахад хэрэглэгдэх хэмжилтийн багажгүй байсан зэрэг  дээрхи  зөрчлүүдийг илрүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12-04-003-246 тоот албан шаардлага, тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”[5], Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материал[6], шийтгэврийн хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

       Ашигт малтмалын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл  Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” хуульчилсаны дагуу  Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нь  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК-ийг ...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь  хуульд нийцэж байна.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...бие даан үйл ажиллагаа явуулаад эхэлмэгц хяналт шалгалтыг хийж торгуулийн шийтгэл оногдуулсанд гомдолтой гэсний тухайд: “Н” ХХК нь MV-001364А тусгай зөвшөөрөл бүхий талбайд “А”ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаанд болон бие даасан үйл ажиллагаа явуулах үед ...тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдах юм. Тэрээр тус компанид Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Албан шаардлагын биелэлт”-ийг  2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлэхийг үүрэг болгосон байдаг. Энэ талаар хариуцагч МХГ-ын Улсын байцаагч нь ...тус компани нь тогтоосон хугацаанд биелэлтийг шалгуулаагүй, 2018 оны 11 дүгээр сард хяналт шалгалт явуулсанаас хойш 2019 оны  06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар  2018 оны уулын ажлын төлөвлөгөөгөө зохих байгууллагаар баталгаажуулаагүй, нүүрс олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ...баримт  бичиг байхгүйгээр ...олборлолт явуулж  байгаагаас үзэхэд,  ... холбогдох зөрчил арилаагүй гэж үзэхээр байна.

        Түүнчлэн мөн өдрийн 12-05-031/95  дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгавар”[7] нь  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д  заасан зөрчил  үйлдсэн зөрчлийн холбогдогч “Н” ХХК-д  оногдуулсан 10 000 нэгж буюу 10.0 сая төгрөгийн торгуулийг,  2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор Төрийн сан банкны ... тоот дансанд шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгаж, ...тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсэн” агуулга бүхий байгаа нь ... Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан ...шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” заасны дагуу Мэргэжлийн хяналтын  Улсын байцаагч нь ... ашигт малтмалын харилцаанд хууль ёсны хяналтын дагуу гаргасан   ...торгох  шийтгэлийн биелэлтийг хэрэгжүүлэх арга зам, эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон байна. 

       Иймд гомдол гаргагч “Н” ХХК-ийн,  Дорнод аймгийн  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  0165734 дүгээр шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-058-031/95 тоот даалгаврын хамт   хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3. 14,  107 дугаар зүйлийн 107.1, 107.5, дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3,  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д заасныг  тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн, Дорнод аймгийн МХГ-т холбогдох, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулсан 0165734 дүгээр шийтгэлийн хуудас”, мөн өдрийн “Зөрчил арилгуулах тухай”  12-058-031/95 тоот албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн  47.1 дэх хэсэгт зааснаар, “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн  70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар энэхүү  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш  таван хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОЮУН                    

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-4, 67-68-р хуудас

[2] Хавтаст хэргийн 23-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-8-р хуудас

[4] Хавтаст хэргийн 9-18-р хуудас

[5] Хавтаст хэргийн 53-59-р хуудас

[6] Хавтаст хэргийн 69-84-р хуудас

[7] Хавтаст хэргийн 24-р хуудас