Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0030

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Н.Г-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 768 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0230/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Э-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Н.Г-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Нэхэмжлэгч Н.Э би 1991 онд Намын төв хорооны авто баазад жолоочоор ажиллаж байхдаа, баазаасаа Намын төв хорооны лагерьт 2 давхар зуслангийн сууцаар шагнуулсан. Энэ зуслангийн сууцандаа өнөөдрийг хүртэл зундаа зусаж амьдарч байна. Гэтэл 768 дугаар шийдвэрээр энэ зуслангийн сууцандаа 31 жид амьдарчхаад бас л хашаа, байшингаа авч чадахгүй 31 жил хохирч байна.

            Шүүгч 768 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Н.Э миний эсрэг юу л байна бүгдийг нь түүгээд нийлүүлээд бичсэн байна. Би шүүх хурал дээр аргаа бараад захиргааны хэргийн 3 шатны шүүх, хэзээ газрын албаны авлигачин, ашиг сонирхлын зөрчил ихтэй газар зохион байгуулагч нараа гүйцдэг, олж хараад шударгаар шийдвэрлэдэг болох вэ? гэж асууж байсан.

            Нэхэмжлэгч Н.Э намайг Чингэлтэй дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч, гуравдагч этгээд нарын дараах байдлаар доромжилсон. Намайг зуслангийнхаа хайсан хашаа, байшиндаа 11 жил амьдарч байхад буюу 2002 онд анх Н.Г гэх эмэгтэй манай хайсан хашаанд надтай хэрүүл хийж байгаад дайрч буусан. Тухайн үед манай баазын ажилтан биш болохоор би цагдаад, Авлигатай тэмцэх газарт гомдлоо гаргаж байсан.

            Ингээд би Чингэлтэй дүүргийн газрын албаны газар зохион байгуулагчтай уулзаад “Би 3 хүүхдүүддээ зуслангийнхаа газрыг тэнцүү 3 хувааж өгөх гэсэн юм болох уу? гэж асуухад болно” гэхээр нь санаа амарсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч нь аль хэдийнээ Н.Г гэх эмэгтэйгээс авлигалаа аваад, зуслангийн хашааны газрыг минь бусдад эзэмшүүлэхээр өгчихсөн байсныг би бага хүүгээ 2015 онд 18 нас хүрэхэд нь 3 хүүхдүүддээ газрыг тэнцүү өмчлүүлэх гэтэл бусдад эзэмшүүлсэн байсныг мэдсэн.

            Манай хайсан хашаанд дайрч буусан Н.Г гэх эмэгтэй нөхрөөсөө салаад, нэрээ Н.С гэж солиод зуслангийн газар эзэмшиж байсан төлбөрөө төлж байгаад зуслангийн газрыг минь зараад газар зарсан мөнгөөрөө өнөөдөр Ирланд улсад ажиллахаар явсан байна.

            Өнөөдөр авлига авсан, өгсөн, худалдаж авсан хүмүүс нь сайхан амьдраад байдаг. Шударгаар амьдардаг Н.Э миний нэр дээр 31 жил амьдарсан зуслангийн хашаа байшин маань ямар ч бүртгэлгүй, Чингэлтэй дүүргийн газрын алба дээр 5 хуудас материалаа өгсөн ч ямар ч бүртгэлгүй, өөрөөр хэлбэл газрын албанд авлига өгөхгүй л бол таны хашаа байшин хэзээ ч таны нэр дээр ирэхгүй. Бас 31 жил амьдарсан өөрийнхөө хагаа байшингаа авах гэж байгаа хүн бол хэнд ч авлигал өгье гэж бодохгүй.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 768 дугаар шийдвэрт засвар оруулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжид байгаа Н.Г, н.О, н.Б, А.А нарт холбогдох газар эзэмших захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Н.Э-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Н.Г-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Яргайтын зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгчийн хувьд 1991 онд байгууллагаасаа авсан зуслангийн сууцыг газрын хамт эзэмшихээр 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар Яргайтад 460 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.3. Харин маргаан бүхий 2002 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гуравдагч этгээд Н.Г-д Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Яргайтад 500 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Н.Г-ээс 2005 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “зуслангийн газрын эзэмших хугацааг сунгуулах” тухай хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 153 дугаар захирамжаар дээрх Яргайтын богинод байрлах 500 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.

2.4. Мөн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/227 дугаар захирамжаар Н.Г-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2005 оны 153 дугаар захирамжийг хүчингүй болгож 18641323803726 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв зуслангийн газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд А.А-д шилжүүлсэн байна.

2.5. Газрын тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно ...” гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтдээ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтыг хавсаргахаар тус тус хуульчилжээ.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.Г-ээс өөрийн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг дээрх хуульд заасны дагуу гуравдагч этгээд А.А-д шилжүүлсэн нь тогтоогдож байх төдийгүй энэ нь нэхэмжлэгч Н.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.7. Түүнчлэн гуравдагч этгээд А.А нь дээрх газраас гадна уг газрын хойд талд залгаа байрлах 18641323800752 нэгж талбарын дугаар бүхий 526 м.кв зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжаар Ц.Б-ээс шилжүүлэн авч, эзэмших эрхтэй болжээ.

2.8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “өөрийн зуслангийн сууц бүхий 460 м.кв газраас гадна гуравдагч этгээд А.А-ны эзэмших эрх шилжүүлэн авсан 2 нэгж талбар газрыг эзэмшихээр 2004 онд хүсэлт гаргаж байсан, гуравдагч этгээд А.А-ны хашаалсан дээрх 2 айлын газар нь бүхэлдээ өөрийнх нь эзэмшил газар, хүүхдүүддээ хувааж өгөх гэж байсан” гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг газруудыг эзэмшихээр гуравдагч этгээд нараас цаг хугацааны хувьд өмнө хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.9. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2004 онд гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдөлдөө газрын хэмжээг “20х23” метр гэсэн байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх төдийгүй гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий тус тусдаа нэгж талбарын дугаар бүхий 2 газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэх байдал тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

2.10. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаас үзэхэд, гуравдагч этгээд А.А-аас эзэмших эрх бүхий 2 газраа нийлүүлэн блокоор хашаалсан болох нь мөн нэхэмжлэгч Н.Э-ын эзэмших эрх бүхий 460 м.кв газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй болох нь тус тус тогтоогджээ.

2.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Э нь өөрийн эзэмшлийн 460 м.кв газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “Чингэлтэй дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч нь аль хэдийн Н.Г гэх эмэгтэйгээс авлигалаа аваад, зуслангийн хашааны газрыг минь бусдад эзэмшүүлэхээр өгчихсөн байсныг би бага хүүгээ 2015 онд 18 нас хүрэхэд нь 3 хүүхдүүддээ газрыг тэнцүү өмчлүүлэх гэтэл бусдад эзэмшүүлсэн байсныг мэдсэн” гэх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

2.12. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан “...1991 онд үнийг нь тушааж байгууллагаасаа авсан гэх зуслангийн зөвшөөрөлтэй сууц бүхий газрыг 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 20х23 м хэмжээгээр эзэмших хүсэлтээ гаргаж, дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар захирамжаар 460 м.кв хэмжээгээр эзэмшиж байгаа, энэ нь Н.Г-ээс А.А-д шилжүүлсэн газартай давхцалгүй, зэргэлдээ байршилд тул газарт эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газарт нь халдсан захиргааны аливаа шийдвэр гараагүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН