Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

 

 

 

 

 

   2021        03           23                                       2021/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,  

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ч овогт М-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0291 0120 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт М-н Ч. / РД:/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн агуулга:

Яллагдагч М.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны баруун хойд талын бариер хаалт төмрийг санаатай хугалж гэмтээн 767.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр: Эрүүгийн 21100 0291 0120 дугаартай хэргээс хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 1 дүгээр цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

 

2. Хэргийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08/,

 

3. Камерын бичлэгт 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр үзлэг хийсэн “...хар хувцастай эрэгтэй баруун талын барриер хаалтыг дээш өргөж тавиад зүүн талын барриер төхөөрөмжийг гадна тийш түлхэж буцаад баруун талын барриер хаалтыг гараараа гадагш түлхэн нугалаад явж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 9-12/,

 

4. “Дамно" ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХУ1-21-62 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/,

 

5. Хохирогч “Хүннү Хотхон” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-н 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхоны баруун хойд талын хаалганы хаалт төмөр буюу барриер төхөөрөмжийг М.Ч гэх залуу согтуу байх үедээ эвдэж явсан тул гомдол гаргасан. Хотхоны хаалт төмөр барриер төхөөрөмж нь “Хүннү хотхон” ХХК-ний эд хөрөнгө бөгөөд манайх харж хамгаалах үүрэгтэй. ...Манай байгууллага өөрсдийнхөө хөрөнгөөр барриер төхөөрөмж шинээр 1.100.000 төгрөгөөр авч тавьсан. Манай хохирлыг барагдуулаагүй байгаа. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

6. Гэрч О.Б-ны 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн ... дугаар хороо “...” хотхонд харуулын ажил хийдэг. 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж ажлаа хийж байсан. ...Барриер төмрийг үл таних 32-35 насны эрэгтэй, хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай залуу согтуу явж байгаад гараараа түлхэж хугалж гэмтээсэн тул хяналтын камераар шүүж олж хойноос нь явж харуулын өрөөнд авч ирж уулзахад эвдсэн эд зүйлээ төлж барагдуулна, маргааш эрүүл болоод ирнэ гээд утасны дугаар овог нэрээ хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

7. Шүүгдэгч М.Чгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би барриер хаалт төмрийг эвдэж санаатай хугалж гэмтээсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Уг барриер төхөөрөмжийг төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

            8. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч М.Чгийн гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 56-60/,

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суух  хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-51/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Ч нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

             Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Ч нь Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” орон сууцны  хотхоны баруун хойд талын барриер хаалт төмрийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн өдрийн 23-нд шилжих шөнө санаатай хугалж гэмтээн 767.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хан-Уул дүүргийн 1 дүгээр цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Хэргийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08/,

- Камерын бичлэгт 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр үзлэг хийсэн “...хар хувцастай эрэгтэй баруун талын барриер хаалтыг дээш өргөж тавиад зүүн талын барриер төхөөрөмжийг гадна тийш түлхэж буцаад баруун талын барриер хаалтыг гараараа гадагш түлхэн нугалаад явж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 9-12/,

- “Дамно" ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХУ1-21-62 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/,

- Хохирогч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн ... дугаар хороо “...” хотхоны баруун хойд талын хаалганы хаалт төмөр буюу барриер төхөөрөмжийг М.Ч гэх залуу согтуу байх үедээ эвдэж явсан. ...барриер төхөөрөмж нь “Хүннү хотхон” ХХК-ний эд хөрөнгө бөгөөд манайх харж хамгаалах үүрэгтэй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19

- Гэрч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж ажлаа хийж байхад ...барриер төмрийг үл таних 32-35 насны эрэгтэй, хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хар өнгийн гуталтай залуу согтуу явж байгаад гараараа түлхэж хугалж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

- Шүүгдэгч М.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би барриер хаалт төмрийг эвдэж санаатай хугалж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Чгийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 767.400 төгрөгөөр тогтоосон буюу энэ нь хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээтэй байх тул Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Ч нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бусаар гэмтээсэн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Чгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч “...” ХХК-ний барриер төмөр хугарч, 767.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-аас шүүгдэгч М.Ч нь “хохирлоо бүрэн төлж барагдуулсан” талаарх баримтыг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр бичгээр ” /хх-ийн 57/ хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Чтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч М.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч М.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Чг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт М-н Ч-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овогт М-н Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Чд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч М.Чд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН