Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 585

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00585

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, баруун түрүү 6-р гудамж, 65 тоотод оршин суух Сартуул овогт Пүрэврагчийн Эрдэнэтуяа /ИФ79092129/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32-р хорооны байранд байрлах “Амьдралын үр гучин хоёр” Хадгаламж зээлийн хоршоонд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг, Г.Гандөш,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

          “Миний бие Пүрэврагчаагийн Эрдэнэтуяа нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-нд нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл маш хүнд өвдсөн. 2016 оны 5 дугаар сарын 10-нд ажилдаа орох гэтэл таны оронд ажиллах хүнийг 3 сарын хугацаатай авсан тул та орох боломжгүй гэж хэлсэн. Тэргүүлэгчийн зөвлөлд гомдол гаргаад хурал 2016 оны 5 дугаар сарын    23-нд товлосон. Хурал хийгээд намайг 2016 оны 06 дугаар сарын 02-нд ажилдаа орохоор шийдвэр гарсан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгийн ээлжит үзлэг болох байсан. Ажилдаа өглөө эрт очтол хүн байгаагүй, захирал руу залгахад утсаа аваагүй. Дараа нь ажилдаа ирэхэд та цагтаа ирээгүй 2016 оны 07 дугаар сарын 02-нд ажилдаа ор гэсэн. Дахин тэргүүлэх зөвлөлд гомдол гаргаад тэргүүлэгчдийн зөвлөл дахин хуралдаад 2016 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар дахин ажилдаа эгүүлж орохоор шийдвэр гарсан. Гэтэл надад ажлаас халсан гэж хэлэхгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр халагдах тушаал өгсөн. Би юунд илүү гомдсон бэ гэвэл ажилдаа орох гээд очтол захирал руу намайг зайлаараа, тушаалыг чинь гаргана гэж хэлсэнд их гомдсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэж байгаа боловч энэ талаар эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлт гараагүй. Намайг ажиллаж байх хугацаанд байгууллагыг тайлан мэдээгээ хугацаандаа өгөөгүй гэж 50,000 төгрөгөөр торгосон боловч энэ торгуулийг миний нэр дээр гаргаагүй. Мөнхзул нь олон компанийн тайлан тэнцэл гаргадаг туршлагатай тул би түүнээс хоёр удаа тайлан гаргахдаа түүнээс туслалцаа хүсэж тайлангийнхаа хөлийг тааруулж байсан нь үнэн. Гэхдээ би хоршоонд ажиллаж байсан туршлага багатай учир санхүүгийн тайланг гаргахдаа өөр мэргэжлийн хүнээс туслалцаа авч байх талаараа анх ажилд орохдоо захиралд хэлж байсан, удирдлага ч энэ талаар тухайн үедээ мэдэж байсан шүү дээ. Тэр дагуу Мөнхзулаас тайлан гаргахдаа нэгдсэн дүнг тааруулж асууж байсан. Иймд намайг ажлаас хууль бусаар, үндэслэлгүйгээр халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Миний үндсэн цалин 400,000 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл хугацааны цалин 3,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

          Хариуцагч “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа

          “П.Эрдэнэтуяа нь анх хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Эрдэнэтуяа нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, хадгаламж зээлийн хоршоонд удаа дараа  чирэгдэл учруулж байсан. Энэ нь тайлан мэдээ хугацаандаа өгөөгүйн улмаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шийтгэвэрийн хуудас ирж 50,000 төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авсан тухай ирсэн шийтгэврээр нотлогддог. Эрдэнэтуяа нь Санхүүгийн зохицуулах хороо, төрийн сангийн тайланг хугацаанд нь өгсөн ч хоршооны энэ тайланг 7-р хоршооны нягтлан бодогч Мөнхзулаар хийлгэж, хоршооны санхүүгийн нууцлал бүхий кодыг бусад хоршооны нягтлан мэдэж байгаа нь нягтлан бодогчийн хувьд ёс зүйн зөрчилтэй асуудал гаргаж байсан. Мөн аудитын шалгалтанд орох хугацааг хоёр удаа хойшлуулж гурав дахь удаа орох үед албан бичиг, тайланг цэгцэлж өгөлгүй өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаа орхигдуулан явсан. Хоршооны хуучин захирлыг амаржсаны амралттай байхад нь нийгмийн даатгалын дэвтрийг 2017 он хүртэл бүтэн цалингаар бөглөсөн зэрэг зөрчил удаа дараа гаргасан байдаг. Удаа дараа алдаа, дутагдал гаргасан П.Эрдэнэтуяаг хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №24, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №27 тоот тогтоолоор зөрчил гаргасантай нь холбогдуулан өөрийг нь байлцуулан хоёр удаа сануулах арга хэмжээ авсан. Мөн өвчтэй байсан үеийн хугацааны тэтгэмжийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон нь дансны хуулгаар нотлогдоно. Дээрх зөрчлүүдээс үүдэн түүнийг ажлаас халсан ба ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл байхгүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийн хувьд листны дагуу нийгмийн даатгалын газраас бичилт хийгдсэн, ажил шалтгаангүй тасалсан нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хоршооны зүгээс бөглөх боломжгүй.” гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа нь хариуцагч “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, маргажээ. 

            Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулбал, нэхэмжлэгч П.Эрдэнэтуяа нь “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-нд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нягтлан бодогчийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, түүнийг хоршооны захирлын 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 2.2.8, 21.1.2, 21.1.3, Тэргүүлэгчдийн зөвлөлийн 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас халсан нь хавтаст хэрэгт авагдсан ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан эсхүл ажил олгогч санаачилсан үндэслэлээр цуцлахаар зохицуулжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлд зохицуулсан ба ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр гаргахдаа хуулийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх, ажлаас халж буй үндэслэлээ тодорхой заах шаардлагатай.

 

Хариуцагч нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэснийг баримталжээ.

 

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч П.Эрдэнэтуяаг тайлант мэдээг хугацаанд нь өгөөгүй, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн бичилт буруу хийсэн, холбогдох тайлан, тооцоог өөр хоршооны нягтлан бодогчоор хянуулсан ёс зүйн зөрчилтэй асуудал гаргасан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба энэ нь ажилтны гаргасан зөрчил, алдаа дутагдал мөн.

 

Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх ёстой.

 

Гэхдээ ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 24, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай тогтоолуудаар П.Эрдэнэчимэгт сануулах арга хэмжээ авч байсан боловч түүнийг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсныг нотолсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна.  

 

Мөн эрх бүхий байгууллагын болон ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар Л.Эрдэнэтуяа нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, хариуцлага алдаж, байгууллагын эд хөрөнгө, мөнгө, санхүүг дутаасан, үрэгдүүлсэн, хувьдаа ашигласан зэрэг зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр дуудагдсан А.Мөнхзулын             “ ... олон байгууллагатай хамтарч ажилладаг, тэр үүднээс Эрдэнэтуяатай 2015 оны 04 дүгээр сард, 2015 оны 01 дүгээр улиралд тайлан гаргуулах гэж танилцсан, “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-ны тайланг гаргаж өгч байсан ... “ гэх мэдүүлэг, П.Эрдэнэтуяагийн “ ... би хоршоонд ажиллаж байсан туршлага багатай учир санхүүгийн тайланг гаргахдаа өөр мэргэжлийн хүнээс туслалцаа авч байх талаараа анх ажилд орохдоо захиралд хэлж байсан ... “ гэсэн тайлбар зэргээр хоршооны тайланг гаргахдаа өөр этгээд буюу гэрч А.Мөнхзулаар хянуулж,  гаргуулж байсан нь тогтоогдож байх боловч үүнээс шалтгаалж ажил олгогч ямар байдлаар хохирсон, цаашлаад энэ үйлдлээр байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаарх нууцад хамаарах ямар баримт бичиг, мэдээлэл алдагдсан нь нотлогдогдохгүй, дээрх үйлдлийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй байна. 

 

Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ, 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.”,

хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.6-т “”нууцад хамаарах мэдээлэл” гэж хоршооны албан ёсоор олон нийтэд зарласнаас бусад хоршооны санхүү, бизнесийн холбогдолтой аливаа мэдээ, мэдээлэл болон хоршооны нийт гишүүд, тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүд, зээлийн хорооны гишүүд, гүйцэтгэх захиралтай хадгаламж, зээл, хувь нийлүүлсэн хөрөнгө, ногдох хувь хөрөнгө мэдээлэл болон Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулсан мэдээлэл”, мөн дүрмийн 8.3-т “Хоршоо нь улирал, жилийн эцсийн тайланг тогтоосон хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо бусад холбогдох этгээдэд хүргүүлнэ”, 8.4-т “ ... шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулна” гэж тус тус зохицуулсан.

 

Хууль, байгууллагын дотоод дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд улирлын тайланг байгууллагын нууцад хамааруулаагүй бөгөөд тайланг өөр этгээдээр хянуулсантай холбоотой байгууллагын нууцад хамаарах ямар мэдээлэл задарсныг хариуцагч нотлоогүй болно.     

 

Хавтаст хэргийн 33-р талд улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын   14-ний өдрийн шийтгэвэрээр санхүүгийн тайлан хоцроосон үндэслэлээр 50,000 төгрөгийн шийтгэлийг тухайн үед нэхэмжлэгчийг орлон ажиллаж байсан гэх  Сайханцэцэг гэж хүнд ногдуулсан байх ба энэ талаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... “ гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халах тухайгаа хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдсэн талаар баримт байхгүй ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн      “ ... Р.Эрдэнэчимэгт ажлаас халах тухай шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын   16-ны өдөр утсаар мэдэгдсэн ... “ гэсэн тайлбараас үзэхэд хариуцагч тушаал гаргахдаа хууль зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.Эрдэнэтуяаг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагчийн гаргасан цалингийн тодорхойлолт, тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 400,000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 8 сарын цалин 3,200,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байх хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хуулийн 71.1.1, 7.1.2-т заасны дагуу хариуцагч “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-ноос нийт 136,350 төгрөг /70,200+66,150/ гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Пүрэврагчын Эрдэнэтуяаг “Амьдралын үр гучин хоёр” Хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3,200,000 төгрөгийг хариуцагч “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-с гаргуулж, нэхэмжлэгч П.Эрдэнтуяад  олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Эрдэнэтуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Амьдралын үр гучин хоёр” ХЗХ-с улсын тэмдэгтийн хураамж 136,350 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН