| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
2021 03 23 2021/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт А-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0113 0129 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт А-ийн Г. /РД: /,
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч А.Г нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.Б маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 21100 0113 0129 дугаартай хэргээс хэргээс:
2. Хохирогч Э.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ нөхрийн хамт онлайнаар муушиг гэх нэртэй тоглоом хамаатны 3 хүнтэй хамт тоглож байгаад шалихгүй зүйлээс болж нөхөр А.Г надтай маргалдсан. Маргааш өдөр нь буюу 2020.12.30-ны өдөр уг маргаан даамжирч нөхөр А.Г миний толгой руу цамцаар цохисноо гараараа 2-3 удаа цохихоор нь би уурлаж чамаас сална чи яв гэсэн чинь явахгүй гэхээр нь хүүхдүүдийн дэргэд хэрүүл хийгээд яахав гэж бодоод чи хүүхдүүдийнхээ дэргэд намайг зодсон шүү гэж хэлээд гараад хажуу хашааныхаа айлд орсон чинь араас орж ирээд гэр лүүгээ оръё гэж хэлээд миний энгэрээс татаад чирж байснаа цамцаар миний хоолойг боогоод газар унагаагаад нүүрний хамар, уруул хэсэг рүү өшиглөсөн. Уруулаас цус гарахаар нь би уйлаад газар суугаад цагдаа дуудна гэсэн чинь зодохоо больсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Би А.Гтой гэр бүлийн баталгаатай. 2012 оноос хойш гэр бүл болж дундаасаа 10 настай /эм/ 5 настай /эм/ 3 настай /эр/ гурван хүүхдийн хамт амьдардаг. Урьд нь 2018 оны 5 сард байх нөхөр А.Г архи ууж ирээд намайг зодож байсан. Өөр зодож байгаагүй. Манай нөхөр А.Г нь архи байнга уудаггүй. Жилдээ 1-2 удаа уудаг. Уухаараа авиргүй зантай агсам тавьдаг. Дараа нь өөрөө санахгүй байна гэж хэлээд өнгөрдөг байсан. Бид 2 байнга хэрүүл хийдэггүй, гэртээ зүгээр жирийн харилцаатай байдаг. Манай нөхөр түргэн уурладаг, огцом ууртай, хүүхдийн дэргэд янз бүрийн үг хэлдэггүй. Манай нөхөр гэрт хүүхдүүдтэйгээ энгийн зүгээр харилцаатай байдаг. Хүүхдэдээ гар хүрдэггүй. Сая тоглоомноос болж найзыгаа өмөөрч намайг зодсон. Миний бие Одоо зүгээр болсон. Тэр үедээ хамар толгой өвдөж байсан. Манай хажуу айлын хүн Банзрагч намайг зодуулж байхад харж байсан, боль гэж хэлж байсан, бас Сахияа мэдэж байгаа. Би шинжилгээний дүгнэлттэй уншиж танилцсан. Миний нөхөр Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхдаа намайг зодож байгаа юм чинь дахин зодохгүй байх баталгаа байхгүй. Би 3 хүүхдээ бодоод Гос салж чадахгүй байна хуулийн дагуу арга хэмжээ авхуулбал дахин миний биед хүрэхгүй, зодохгүй байх бол уу гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
3. Гэрч Ө.С-н 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Б-н ... дугаарын утас руу би өөрийн ... дугаараас залгахад Г-г эхнэрээ зодсон талаар ярьсан тул би Б-г гэртээ дуудаж юу болсон талаар асуухад Б хэлэхдээ Г тоглоомноос болж намайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед Бийн зүүн шанааны орчимд хөхөрч хавдсан байдалтай харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
4. Гэрч Ө.Б-н 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ амарч байхад манай гэрт Б уйлаад гаднаас орж ирсэн. Юу болсон талаар нь асуухад Г намайг үл ялих зүйлээс болоод зодчихлоо гэж хэлсэн. Удалгүй гаднаас Г орж ирээд Б-г гэртээ оръё гэж хэлээд орохгүй байхад нь Бийн нүүрэн тус газар баруун гараараа алгадаад Б-г манай гэрт үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 436 дугаартай:
- Э.Бийн биед зүүн нүдний зовхи, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-12/,
6. Яллагдагч А.Г-н 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ эхнэр Бийн хамт цахимаар муушиг тоглож байгаад эхнэр Бтэй маргалдсан. Уг маргаан нь маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үргэлжилж манай танай гэх дээрээ тулсан тул би биеэ барьж чадалгүй эхнэр Бийн нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. Би дээрх үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
7. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч А.Г-н гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал /хх-ийн 51-55/,
8. Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9-10/,
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 17-18/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч А.Г нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эсрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч А.Г нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.Бмаргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, эрүү, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр А.Г миний толгой руу цамцаар цохисноо гараараа 2-3 удаа цохихоор нь би уурлаж чамаас сална чи яв гэсэн чинь явахгүй гэхээр нь хүүхдүүдийн дэргэд хэрүүл хийгээд яахав гэж бодоод чи хүүхдүүдийнхээ дэргэд намайг зодсон шүү гэж хэлээд гараад хажуу хашааныхаа айлд орсон чинь араас орж ирээд гэр лүүгээ оръё гэж хэлээд миний энгэрээс татаад чирч байснаа цамцаар миний хоолойг боогоод газар унагаагаад нүүрний хамар, уруул хэсэг рүү өшиглөсөн. Уруулаас цус гарахаар нь би уйлаад газар суугаад цагдаа дуудна гэсэн чинь зодохоо больсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
- Гэрч Ө.Сахъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-н ... дугаарын утас руу би өөрийн ... дугаараас залгахад Г-г эхнэрээ зодсон талаар ярьсан тул би Б-г гэртээ дуудаж юу болсон талаар асуухад Б хэлэхдээ Г тоглоомноос болж намайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед Бийн зүүн шанааны орчимд хөхөрч хавдсан байдалтай харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
- Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ амарч байхад манай гэрт Б уйлаад гаднаас орж ирсэн. Юу болсон талаар нь асуухад Г намайг үл ялих зүйлээс болоод зодчихлоо гэж хэлсэн. Удалгүй гаднаас Г орж ирээд Б-г гэртээ оръё гэж хэлээд орохгүй байхад нь Бийн нүүрэн тус газар баруун гараараа алгадаад Б-г манай гэрт үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12/,
-Яллагдагч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ эхнэр Бийн хамт цахимаар муушиг нэртэй тоглоом тоглож байгаад эхнэр Бтэй маргалдсан. ...маргааш нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үргэлжилж манай танай гэх дээрээ тулсан тул би биеэ барьж чадалгүй эхнэр Бийн нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
- Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч А.Г-н гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал /хх-ийн 51-55/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Г нь хохирогч Э.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч А.Г, хохирогч Э.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Дээрх хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан ба шүүгдэгч А.Г нь гэр бүлийн харилцаатай эхнэр Э.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч А.Г нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Г-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 46/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч А.Гтой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-н Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт А-н Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Гд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч А.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН