| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
2021 03 04 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч З.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х- овогт З-ын М-д холбогдох эрүүгийн 21100029200000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээний 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Буянт-Ухаа хороолол 18 дугаар байрны 000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х- овогт З-ын М- РД:
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.М-шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 21100029200000 дугаартай хавтаст хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р хуудас/,
Хохирогч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-20-р хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25-р хуудас/
Шүүгдэгч З.М-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.М-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч З.М-нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч А.Бтой “автомашинтайгаа явсангүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* ******* худалдааны төвийн автомашины зогсоолд байрлуулсан хохирогчийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* 000 улсын дугаартай автомашины урд салхины шил, хажуугийн 2 ширхэг толь, дэлгэцийн 3 ширхэг товч, хөгжмийн товчлуур, голын толь зэрэг эд ангийг чулуугаар цохиж хагалах зэргээр устгаж, гэмтээсний улмаас 487.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлах цагаан өнгийн Тоёота Приус маркийн ******* 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр “баруун талын толины суурь хугарч унасан байсан, урд салхины шил зүүн талд 2 цохилтын ормоор үүсэж хагарсан, баруун талд нэг цохилтын ормоор үүсэж хагарсан, зүүн гадна толины гадна хэсэгт баруун доод булан хавтас хагарсан” байдалтай байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 4-8-р хуудас/,
Хохирогч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед З.М-гийн гэрт Уранбаяртай хамт хоол аваачиж өгсөн. Би машинтай явж байсан болохоор архи уугаагүй. З.М-гийн хажуу өрөө түрээсэлдэг Ану гэх охин орж ирээд бөөнөөрөө архи уусан. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед З.М-гийн гэрээс гараад Уранбаярын гэр болох Олимп хотхоны ойролцоо очоод бид 5 виски болон архи уусан. З.М-намайг “нэг татчих” гэхээр нь уусан. Тэгээд 06 цагийн үед З.М-гийн найз “хүнд зодуулчихлаа, цагдаа сэргийлэх болоод байж байна” гэсэн. З.М-бид хоёр очихоор явсан. Би архи уучихсан болохоор үнэртэж магадгүй гээд байрных нь гадаа байсан Тоёота Приус маркийн ******* 000 улсын дугаартай автомашинаа ******* ******* плазагийн зогсоолд байрлуулаад таксигаар явах гэтэл З.М-“чиний машинаар явъя” гээд уурлаад согтуурхаад байхаар нь машинаасаа буулгаад таксинд суулгах гээд зам руу очтол З.М-уурлаад ганцаараа цааш яваад өгөхөөр араас нь дагасан. Саран гүүрний зам тойроод миний машин дээр очоод урд салхины шил болон хоёр толийг газарт байсан том чулуугаар хагалж гэмтээсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Манай найз З.М-их хэмжээгээр ууж биеэ удирдах чадваргүй байсан. З.М-хохиролд 487.000 төгрөг өгсөн. Иймд надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцож чадахгүй бөгөөд дахин цагдаа шүүхийн байгууллагаар ирж чадахгүй. Би хөдөө орон нутагт байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй...” гэжээ. /хх-ийн 14-20-р хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайланд: Тоёота Приус маркийн ******* 000 улсын дугаартай автомашины урд салхийн шил, баруун болон зүүн толь, дэлгэцийн товчлуур, голын толь, хөгжим болон дэлгэц засан зэрэг нийт 487.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 25-р хуудас/
Шүүгдэгч З.М-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтуу байсан болохоор А.Бтой ойлголцож чадалгүй машины зарим зүйлийг гэмтээсэн тул гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлоо барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.
Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч З.М-г бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч З.М-нь хохирогч А.Бын эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* 000 улсын дугаартай автомашины урд салхины шил болон толийг чулуугаар цохиж хагалсан байх бөгөөд тухайн эд зүйлийг сольж засварлах талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Иймд шүүгдэгч З.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.М-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын эд хөрөнгөнд 487.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч З.М-нь хохирогч А. Батболдын эд хөрөнгөд учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч З.М-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч З.М-нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч З.М-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.М-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч З.М-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт З-ын М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.М-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.М-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР