Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2017/00649

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, таван шар АЦ-ийн 164-р ангийн дэргэд өөрийн байранд байрлах “Грийнленд энтерпрайзес” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Сэтгэшгүй дриллинг” ХХК болон тус компанийн захирал Б.Батхолбоо нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Манай компани “Сэтгэшгүй дриллинг” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40,896,847 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хугацаа зааж түдгэлзүүлсэн боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч, түүнийг төлөөлөх этгээдүүд олдоогүй, оршин байгаа газрыг тогтоож чадаагүй. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч “Сэтгэшгүй дриллинг” ХХК болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Батхолбоо нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Грийнленд энтерпрайзес” ХХК нь хариуцагч “Сэтгэшгүй дриллинг” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 40,896,847 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, “Сэтгэшгүй дриллинг” ХХК болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Батхолбоо нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Сэтгэшгүй дриллинг” ХХК /рд:5503094/ болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Галзад овогт Баяртогтохын Батхолбоо /ХЙ82060415/ нарыг эрэн сурвалжилсугай.
  2. “Сэтгэшгүй дриллинг” ХХК болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Галзад овогт Баяртогтохын Батхолбоо нарыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 362,500 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 292,300 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Грийнленд энтерпрайзес” ХХК-нд буцаан олгосугай.

         4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш                   14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЛХАГВАСҮРЭН