Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 33/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч О.Б, өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00495 0314 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Угтаал Констракшн” ХХК-ийн харьяа “Руби” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газарт зайлшгүй үеийн цагийн ажилтан ажилтай, “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин ... тоотод оршин суух, урьд

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

            Х овогт О.Б /РД:уп9806-/.

           

            Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй нийт 0.9881 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн агуулгаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 327 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч О.Б-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт /хх56/, шийтгэх тогтоолын хуулбар /57-61/, иргэний үнэмлэхний хуулбар /хх71/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх69-70/, Сонгинохайрхан дүүрэг, Ирээдүй цогцолбор ахлах-2 сургууль 11/о ангийн сурагч О.Б-ний сурлага төлөвшлийн тодорхойлолт /хх68/, Улаанбаатар эрдэм их сургууль 3 дугаар курст суралцдаг нь үнэн талаарх тодорхойлолт /хх67/, Торгуулийн ялыг төлсөн тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримт /хх63/ зэрэг хувийн байдлыг тодруулсан  баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүх хуралдаанд шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “шавар” гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ авч явсан болох нь:

- Хүний биед үзлэг хийсэн тухай “...О.Б нь 178 см өндөр нуруутай, шар царайтай, халимаг үстэй байх ба архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байлаа. О.Б нь хар өнгийн жинсэн жакет, түүний дотор хар өнгийн ноосон цамц. Доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн пүүз тус тус өмссөн байлаа Иргэн О.Б нь “миний дээгүүрээ өмсөж байгаа хар жинсэн жакетний баруун энгэрийн халаасанд ахуйн газ ашиглан хийсэн шавар гэх нэршилтэй бодис байгаа гэх бөгөөд тус халаасанд байгаа эд зүйлсийг гаргуулж үзэхэд цагаан өнгийн асаагуур дээр нааж тогтоосон бор өнгийн шавар мэт зүйл, 100 төгрөгийн дэвсгэртийг ороож хуйлан гадуур нь хүнсний тугалган цаасаар ороосон зүйл, мөн бор өнгийн шавар мэт зүйл байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх6-8/.

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “...Тест ашиглан О.Б-ийн шээснээс дээж авахад урьдчилсан байдлаар ТНС хэсгийн түвшинд улаан зураас илэрч байгаа нь тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх9-10/.

- “Шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх11/

- О.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай “...О.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын “Хархорин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлалтай 19 дугаартай, бор өнгөтэй, 9 давхар үргэлжилсэн урт орон сууцыг зааж, “Намайг энд тоглож байхад Каби гэх залуу сэргээш гэх зүйлийг гаргаж сорсон” гэж заав...” гэсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх18, 19/

                -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5166 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйл “3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг өнгийн цаас, ^N4150703 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “О.Б УП9806-, 2020.09.20” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1" гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйл “3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг өнгийн цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н илэрч байна. “О.Б УП98061651,2020.09.20” гэж хаягласан шээснээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна. ZN4150703 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-д багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.2521 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.2287 грамм болно. “2” гэж хаягласан гялгар ууттай бөөрөнхий хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.7360 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.6936 грамм болов” гэсэн дүгнэлт, фото зургийн үзүүлэлт /хх24-26, 27-29/ зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг;

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно гэж заажээ.

Шүүгдэгч О.Б-ээс хураан авсан бор өнгийн шавар мэт зүйлс, гялгар ууттай мөнгөлөг өнгийн цаас зэргээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай бодис илэрсэн тул түүний биедээ авч явсан “шавар” гэх зүйл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдож гэж дүгнэлээ.

 

Мөн зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр зэрэгт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д хамруулж гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан. Шүүгдэгч О.Б-нийхувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Харин шүүгдэгч О.Б тухайн “шавар” гэх бодисыг Каби гэх хүнээс авсан гэх, мөн тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах  ажиллагаа хийгдсэн болохыг дурьдаж байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр мансуурах дон, хамаарал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эсвэл  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү? гэх дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Учир нь О.Б дээрх гэмт хэргийг анхнаасаа төлөвлөж, бэлтгэж үйлдсэн талаар баримтгүй боловч тэрээр өмнө  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын шинж ихтэй.

Тиймээс өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчид өөр хөнгөн ял эсхүл албадлага хэрэглэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б-ийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тэрээр оюутан, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нөгөөтэйгүүр шүүх сэтгэц эмгэг судлалын 989 дугаартай О.Б нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэсэн шинж, баримт үгүй байна” гэсэн дүгнэлт /хх31-32/, хувийн байдлыг тодруулсан баримтуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

   Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 0.9881 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу шилжүүлэн авч устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт О.Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Барс-Эрэнэд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримт болох ЦЕГазрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 0.9881 грамм жинтэй шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу шилжүүлэн авч устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ