Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 488

 

      Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч О.М, түүний өмгөөлөгч Р.П,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.М, түүний өмгөөлөгч Р.П нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Эд холбогдох 1710000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт  Ч.Э, 1972 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Швейцарь улсын Женев хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

Ч.Э нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 82-04 тоотод хамтран амьдрагч О.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ч.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Ч.Эд оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Хохирогч О.М, түүний өмгөөлөгч Р.П нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.П гаргасан тайлбартаа: “... Хэдийгээр хэрэгт авагдсан нөхцөл байдал эргэлзээтэй гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримт нь хохирогчийн гэмтсэний улмаас буюу хохирсноос шууд үүдсэн хохирол болох нь хангалттай нотлогдсоор байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бодит байдалд нийцээгүй таамаглалд тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг  дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

          1. Шийтгэх тогтоолын “гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар” гэх хэсэгт “... эдгээр дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжээч эмч Г.Энхбаатарын “... Сингапур улсад үзүүлсэн гэх эмчийн дүгнэлтийг Монгол хэл дээр гэмтлийн улмаас тархины зүүн талын тараагуур болон хураагуур судасны уулзварт урагдалт авсан гэдгийг үндэслэлгүй гэж үзсэн. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэмтэл авсны улмаас тархины судсанд урагдалт үүссэн бол шууд цус алдаж эхлэнэ. Хохирогч 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн эмчийн дүгнэлт гартал удаан явах боломжгүй. Сингапур улсын эмнэлгийн эмчийн англи хэл дээрх магадлагаа дээр тархины артер венийн шунт гэж бичигдсэн байдаг. Гэтэл монгол хэл дээр тархины судасны урагдал гэж буруу орчуулсан байсан...” “... 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Сидиг уншуулахад тархины эдэд цус хуралтгүй гэсэн онош гарсан ба тархины артер венийн шунт буюу зангилаа үүссэн гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлтэй холбоо хамааралгүй гэж үзсэн.

          Тархины судасны шунт нь маш олон шалтгааны улмаас үүдэг. Даралт ихсэн, архаг толгойн өвчтэй, тархины цус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг хямрал, сэтгэл санаа хэвийн биш гэх мэт олон шалтгааны улмаас тархины судасны шунт буюу зангилаа үүсч болно. Хохирогч мэдүүлэхдээ усны урсгал шиг чимээ байнга сонсогддог гэж хэлсэн байна. Артер венийн холбоосын үед усны урсгал шиг чимээ сонсогдох нь энгийн үзэгдэл, илрэх ёстой шинж тэмдэг юм. Монгол хэл дээр шунт буюу зангилааг урагдал гэж буруу орчуулсан байна...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийн биед учирсан артер венийн эмгэг цорго гэмтлийг Ч.Э учруулаагүй, түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэв.

          Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн олон шалтгаантай гэснээс өөр тайлбарлаж чадаагүйг өөрийн санаачилгаар дэлгүүрлэн тайлбарлаж Ч.Эгийн учруулсан гэмтэлтэй холбоогүй гэснийг эс зөвшөөрч байнаа. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмтэл нь зөвхөн а. Гэмтлээс, б. Төрөлхийн, в. Эмнэлгийн аргаар мэргэжлийн мэс засалчаар зориуд үүсгэгддэг гэсэн үндсэн шалтгаанууд байдаг талаар хангалттай тайлбарласан төдийгүй уг судасны гэмтэл нь гэмтлээс үүссэн гэдгийг нотолсон Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн мэргэжлийн мэдрэлийн мэс заслын багийн чанарын албаны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

          Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Гэмтлийн зэрэг тогтоох журмыг мөрдлөг болгон хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоодог.  

          Гэтэл шинжээч эмч Г.Энхбаатар нь 2.4-т заасан хөнгөн гэмтэл нь хүнд болон хүндэвтэр гэмтлийн шинж чанарыг огт агуулаагүй байх ёстой гэсэн заалтыг огт тайлбарлаагүйгээр барахгүй хохирогчийн тархинд хурсан цус нь хэмжээний хувьд бага байсан гэсэн тайлбарыг өгч байсан. Түүнчлэн санаатайгаар “тараагуур хураагуур судасны зангилаанд үүссэн цорго буюу артер венийн шунтинг фистула” гэх оношийг “тараагуур хураагуур судасны шунт буюу зангилаа” гэж тайлбарлан фистула буюу цорго үүссэн хэсгийг бүдэгрүүлсэн, энэхүү онош нь гэмтлийн улмаас үүсэх, эсхүл төрөлхийн зангилаатай байх, эсхүл эмнэлгийн аргаар зангилаанд цорго үүсгэх тохиолдлууд хамгийн түгээмэл тохиолддогийг огт дурдаагүй байдаг.

          Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь шүүх эмнэлгийн сүүлийн гурван дүгнэлт гаргасан шинжээчдийн тогтоосноор  О.Мын  биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байна.

          Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатар нь шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ “гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл, тархины хүнд няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл хүнд зэрэгт хамаарна. Тухайн шинж илрээгүй тохиолдолд хүнд гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж хэлсэн байдаг.

          Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд “амь тэнссэн байдал илрээгүй бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн зүйл заалт үг өгүүлбэр байхгүй байгаа нь шинжээч эмч албан тушаалаа урвуулан ашиглаж шүүх хурал дээр гэмтлийн зэрэг тогтоох журмын зүйл заалтыг шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарласан харагдаж байна. Мөн хохирогч гэмтэл авах үедээ дараах байдлаар амь тэнссэн байдал илэрсэн байдаг. Үүнд:

          Хохирогч нь шүүгдэгчид нүүрний зүүн хэсэгт цохиулан баруун талаар хатуу гадаргатай биет мөргөсний улмаас тэр даруй ухаан алдаж цус харвалт явагдсан. Улмаар бөөлжиж, тархины хатуу хальсны дээр доор цусан хураа үүссэн /гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь заалт энд хамаарна/. Шүүгдэгч нь тухайн үед эмнэлгийн түргэн тусламж дуудаагүй бөгөөд өөрөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн шөнөжин хохирогчийн толгойг мөсөнд дүрж мөсөөр үрж хонуулан маргааш нь бүтэн хөдөлгөөнгүй хэвтэрт байлган их хэмжээний өвчин намдаах эм өгч, гэрийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгээ холбоо барьж гэмтсэнээ хэлэхгүй байхыг ятгаж байсан. Гэмтэл авснаас хойш 36 цагийн дараа биеийн байдал нэмж муудсанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэн даруй хэвтэж тархины эмчилгээнд орсон /гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2 дугаар заалт энд хамаарах/.

          Хохирогч би маргааш нь байнгын огиулж дотор муухай оргиж толгой даагдахгүй хөдөлж чадахгүй хэвтэрт байсан бөгөөд тухайн үед шүүгдэгчийн үзүүлсэн эмнэлгийн анхан шатны тусламж авч амьд үлдсэн нь шүүхийн шинжээч нарыг амь тэнссэн байдал үүсээгүй тул хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргахад хүрч өнөөдөр эмчилгээний хохирлоо ч барагдуулж чадахгүй байдалд хүрээд байна. Мөн шүүх эмнэлгийн шинжээчдийн бичсэн шиг “гэмтэл авах тухайн үед баруун нүдний зовхи хөхөрсөн, зөвхөн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт” биш бодит байдал дээр харин гавлын хатуу хальсны дээр болон доор цусан хураа үүссэн, тархинд хурсан цус нүүр лүү нүүснээс үүдэн гэмтэл авснаас хойш 6 хоногийн дараа баруун нүдний доод зовхи томоор хөхөрсөн, гэмтэл авах үед цохиулсан зүүн нүдний хөхрөлт огцом ихэссэн байдалтай байсан. Мөн цус харвасан талд тархины бяцрал үүссэн ба яг тэр хэсэгт тараагуур хураагуур судасны холбоос дээр цооролт үүссэн байсан.

          Гэмтэл авах үед тархины дүрс оношилгоо хийгдсэн, тархины судасны зураг авалт дүрс оношилгоо хийгдээгүй тул тухайн үедээ тараагуур хураагуур судасны холбоос цооролтыг оношилж гаргаж ирээгүй. Ингээд өдөр ирэх тусам толгойн өвдөлт намдахгүй улам хурц болох үед шинээр судасны шинжилгээ хийлгэхэд тараагуур хураагуур судасны хооронд үүссэн цоргыг илрүүлсэн бөгөөд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг, Сингапур улсын Глениглез эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нар дээрх судасны эмгэгийг гэмтлээс үүссэн гэдгийг тогтоосоор, дүгнэлтээ гаргаж өгсөөр байтал шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Энхбаатар шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ “шунт” гэж нэрлэн үүнийгээ судасны “судасны зангилаа” гэж тайлбарлан энэ нь янз бүрийн шалтгаанаар үүсэх боломжтой тул бид энэхүү гэмтлээс авсан гэж үзэхгүй байна гэж хэлсэн нь шүүгчийн шийдвэрт онцгой нөлөөлсөн гэж үзэж байна.

          Хохирогчийн тархины тараагуур хураагуур судасны цооролтыг наах мэс ажилбар 2 дугаар сарын 22-ны өдөр Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хийгдсэн.   Шинжээч эмч Г.Энхбаатар нь мэдрэлийн мэс засал, тархины судасны гэмтлээр дагнасан энэ талын нарийн мэргэжлийн эмч биш атлаа өөрсдийн багийн гаргасан гэмтлийн хөнгөн зэрэг гэсэн дүгнэлтийг хамгаалахын тулд нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтүүдийг үгүйсгэн ташаа мэдээлэл бүхий мэдүүлгийг шүүх хуралдаан дээр өгсөн нь шүүхийн тогтоол алдаатай гарч хохирогчийг сэтгэл санааны болон материаллаг хохиролд нэмж оруулах үндэслэл болсон гэж үзэж байна.

          Гэмтэл авснаас хойш гурван удаа таталт өгч ухаан алдан унасан бөгөөд 2 дахь уналтаас хойш байнга карбамазепин буюу уналтын эсрэг эмийг ууж байна. Эхний уналт
9 дүгээр сард Сингапур улсад, 2 дахь нь гэртээ, 3 дахь нь Түшиг үйлчилгээний төвд унасан бөгөөд танихгүй хүмүүс тусалж өрөөнд оруулж хэвтүүлэн түргэн тусламж дуудсан байдаг. Энэ тухай холбогдох гэрэл зураг, эмчийн бичиг, эмийн жор зэргийг Шүүх эмнэлгийн шинжээч нарт тухай бүр нь үзүүлж хэлж байсан боловч үүнийг шүүх эмнэлгийн дүгнэлт гаргахдаа баримтад тусгаагүй байсан. Мөн тархины судасны гэмтэл нь 2017 оны 12 дугаар сард оношлогдсон байтал тэр хүртэл тархины цус харвалтаас үүссэн цусан хураа, булчин суллах болон таталтын эсрэг шинжилгээ эмчилгээний зардлыг шүүгдэгчээр гаргуулахгүйгээр шийдсэн нь шударга үнэний зарчимд нийцэхгүй, илт шүүгдэгчид ашигтай байдлыг баримталсан шийдвэр гэж харагдаж байна.

          Хохирогч О.М нь гэмтэл авахаас өмнө зөвхөн хөхний доод шүүрлийн дааврын ажиллагаа болон цусны даралт ихдэх эмгэгтэй, даралтны эмээр цусны даралтаа тогтмол хянаж заншсан бөгөөд тархины болон эрүүл мэндийн бусад ямар нэг эмгэг асуудалгүй, энэхүү гэмтлийг авахаас өмнө болон авсны дараа ямар нэгэн гэмтэл тархиндаа авч байсан тохиолдол байхгүй.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А01 дугаар тушаалын хавсралт болох “Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл ажиллах журам”-ыг тус тус үндэслэл болгон мэргэжлийн салбар зөвлөлөөс гишүүд сонгон гэмтлийн зэрэг тогтоох ажиллагааг хийлгэх хүсэлтийг прокурорт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа гаргасан боловч хүлээж авсангүй.

          Иймд эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн багаар гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргуулуулахаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

          Хохирогч О.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эмчийн санал дүгнэлтийг үндэслэл болгосон. Үүнд, орчуулгыг буруу хийсэн гэж, Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсны дараа Сингапур улсад очиж эмчлүүлсэн зардлыг шийдэж өгөөгүй. Эмнэлгийн хэллэгээр судасны цоорлыг огт мэдээгүй, зөвхөн цус харвалтад эмчилгээ хийсэн. Түүний зардлыг огт шийдвэрлэж өгөөгүй. Тархины шинж зүгээр болохгүй муудаад байхад нь дахин оношлуулж байж судасны цоорол гэдгийг мэдсэн. Тэгээд мэс заслын дараа 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын чанарын албаны баг хуралдаж байгаад дүгнэлт гаргасан байхад шүүх эмнэлгийн шинжээч эмч Монгол улсад цөөхөн байдаг мэдрэлийн мэс заслын эмч нарын дүгнэлтийг баримт гэж авч үзээгүйд гомдолтой байна. Мөн зөвхөн судасны урагдалаас гадна тархины бяцралт, цусан хураа гэсэн гэмтлийн зэрэг тогтоох журам, сайдын тушаалуудыг үндэслэн дүрэм, заалтад бичигдсэн байгаа зүйлийг тайлбарлаж чадахгүй хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн. Шүүх үүнийг үндэслэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна ...” гэв.

          Шүүгдэгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие хийсэн үйлдэлдээ харамсаж, хүлээн зөвшөөрч эмчилгээний бүх зардлыг гаргаж өгч, өөрөө 10 хоног асрахаас гадна шүүхийн шийдвэр гарсан даруй холбогдох эмчилгээний зардлыг барагдуулсан. Би учруулсан хөнгөн гэмтлийн бүх зардлыг барагдуулсан бөгөөд хохирогчийн өөрт нь холбоотой, надад хамааралгүй тархины нарийн үйл ажиллагааг би хариуцах учиргүй. Мөн хохирогч өөрөө Тайланд улс руу эмчилгээний асуудлаар явж байсан. Тэр хооронд олон сар өнгөрсөн. Түүнийг би хариуцах учиргүй. Гомдлыг гол гаргаж байгаа шалтгаан нь хохирогч манай компаниас завшсан 37.300.000 төгрөгийн асуудал гэж үзэж байна. Энэ асуудлаар тусдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Үүнийг хаах гэж ийм гомдол гаргасан гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Эгийн өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч талаас гэмтлийн зэрэг дээр маргадаг. Энэ хэрэгт нийтдээ 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтүүд хүнд гэмтэл учруулсан гэж гарсан. Гэхдээ 1 шинжээчийн дүгнэлт нь дангаараа Золжаргал шинжээс эмч дүгнэлт гаргасан. 1 нь нэмэлтээр дүгнэлт гаргасан. Дараа нь 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дараа нь 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Нийтдээ 11 шинжээч эмч хохирогч талын гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байдаг. Эдгээр дүгнэлтүүд Сингапур явж ирсэн онош, сидиний бичлэг, шинжээч эмч нарын дүгнэлтүүд бусад эмчилгээний явц, амбулаторын эмч нарын дүгнэлтүүдийг үндэслэж гарсан. Эдгээр эмч нарт хууль сануулж, хуульд заасан эрх, үүргийнх дагуу дүгнэлтүүд гаргуулсан. Эдгээр дүгнэлтүүдийг тусгай нарийн мэргэжлийн эмч нар гаргасан тул худлаа гарсан гэж үзэхгүй байна. Хохирогч О.Мын тархины гэмтэлтэй байсан талаарх асуудал яригдаж байгаа. Хавтаст хэргийн 14 дүгээр талд хохирогч О.Мын эгч О.Мөнхтуяагийн мэдүүлэг байдаг. О.Мөнхтуяа “2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай ээж нас бараад удалгүй байж байтал О.Мын тархи нь өвдөөд, өнчин тархины хорт хавдар гэж Тайланд улс руу үзүүлэхээр явсан. Гэтэл хорт хавдар биш, тархиндаа уйланхайтай, уйланхай маягийн урт юм байна гэсэн шинж тэмдэг илэрч, хагалгаанд оролгүй, өдөр болгон уух эмээ бичүүлж ирээд өдөр болгон ууж байсан” гэж мэдүүлэг өгсөн. Энэ талаар Ч.Э хамт амьдарч байхдаа “толгой нь өвддөг байсан, эмчилгээнд байнга явдаг байсан” гэж мэдүүлдэг. Сүүлд Сингапур улс руу өмгөөлөгчтэйгөө хамт явсан. Өөрөөр хэлбэл энэ хэргийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өмнө өвдөж байсан өвчнөө Сингапур улсад очиж эмчлүүлж, Ч.Этай холбоотой гэж зардал гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж, анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Ч.Эгийн 37.300.000 төгрөг хохирогч О.Мад байгаа. Энэ нь “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн мөнгө юм. Хамт амьдарч байхдаа О.М өөрөө банкны захирал, өндөр хүүтэй мөнгө хадгалдаг. Мөнгө өсгөх зорилгоор хамт амьдарч байсан эхнэрийнхээ дансанд хийсэн байсан. Тэр мөнгийг өгөхгүй гэж одоо хүртэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Ч.Эгийн хувьд эмчилгээний зардлуудыг баримтын дагуу бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү  ...” гэв.

          Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ч.Эд холбогдох хэргийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч, түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж анхан шатны шүүхэд тайлбар хэлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн энэ талаар тайлбарлаж байна. Шинжээч эмчийн дүгнэлт нэлээдгүй олон гарсан. Хамгийн сүүлд 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хохирогчийн зүгээс ирүүлсэн 16 хуудас материал дээр үндэслэн, Сингапур улс руу явж эмчлүүлсэн баримт хавсаргасан. Өөрөө ирсэн, хүсэлтийг хүлээж авч, тэмдэглэл үйлдсэн. Энэ материалуудад үндэслэн дүгнэлтүүдийг гаргуулсан. Удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргаж байсан шинжээч нарыг ахалж байсан шинжээч нарыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой байцааж, дүгнэлтүүдийн талаар тодруулж мэдүүлэг авч байсан. Эцэст нь шүүх хуралдаанд 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй багийг ахалж байсан шинжээч эмчийг оролцуулан, гаргасан дүгнэлттэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн асууж, мэдээ мэдээллийг олж авч байсан. Ийм учраас гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ шинжээчийн дүгнэлтэд үндэслэж гаргасан прокурорын шийдвэр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэж гаргасан шүүхийн шийтгэх тогтоолыг мөн үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Эд холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж  үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоож чадаагүй байна гэж үзлээ. 

 Хохирогч О.Мад учирсан гэмтлийн талаар 1, 3, 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр, нийт 5 удаа дүгнэлт гаргуулсан байна.  Үүнээс эхний 2 удаад буюу шинжээч эмч      М.Золжаргалын дүгнэлтээр хүнд гэмтэл, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээгүй, үндэслэлтэй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.   

            Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн гэмт хэрэг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн, үүнээс хойш одоог хүртэл хохирогч нь удаа дараа     эмчилгээ шинжилгээ өгч эмнэлэгт үзүүлээд явж байгаа, биеийн байдал нь сайжраагүй гэх,   эдгэрэлтийн явц удаашралтай  байгаа зэрэг  нөхцөл байдалтай байна.     

            Гэтэл гэмтлийн зэргийг нь хүнд, хөнгөн гэж эргэлзээтэй дүгнэлтүүд гарсан, хохирогч  өвчний оношийг буруу орчуулж, тайлбарласан гэж  маргаж байгаа, мөн  Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын “О.М нь тархины доргилтын дараах хам шинж сэтгэцийн олдмол эмгэгтэй байна. 2017 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн толгойд авсан гэмлийн улмаас үүсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан /1хх-43/ байх ба энэ нь гэмтлийн улмаас үүссэн үлдэц уршиг болох эсэх талаар дүгнэлт өгөөгүй зэргээр эргэлзээтэй байдлуудыг үүсгэж байх тул дээрх нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр нэг мөр тогтоох шаардлагатай.

Тийм учраас гэмтлийн зэргийг бодитой тогтоолгох үүднээс тархины нарийн мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг бүрэн тогтоох шаардлагатай гэж үзлээ.

 Иймд хохирогч О.М, түүний өмгөөлөгч Р.П нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Эд холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Эд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН