Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч “ГӨ ” ХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Э.Ж  нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ГӨ ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д , түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “ГӨ ” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Б  шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нар “ГӨ ” ХК-ийн НӨАТ-ийн 2015 он, 2016 оны ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийгээд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №1102201869 дугаартай шийтгэлийн хуудсаар 29,090,909 төгрөгийн нөхөн татвар, түүнд 8,727,272 төгрөгийн торгууль, 12,945,450 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Манай “ГӨ ” ХК нь 2015 оны 12-р сард “Монгол гранд эйнжил инвэст” ХХК-иас үйлдвэрийн байранд засвар хийх зорилгоор 290,909,090 төгрөгийн бараа материал худалдан авч 0018958500 тоот 1 ширхэг падааныг анхан шатны баримт болгон авсан.

Гэтэл татварын алба бараа материал худалдаж авахад дагалдаж ирсэн "Монгол гранд эйнжил инвэст” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүчин төгөлдөр бус гэж зөрчилд тооцож нөхөн төлбөр, торгууль, алданги ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. “Монгол гранд эйнжил инвэст” гэдэг компанийг Татварын алба өөрөө Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгээд, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгож, албан ёсны нууцлалтай дугаарлалтай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын байгууллага өөрөө олгосон. Энэ падааныг авахдаа Татварын ерөнхий газар луу кодыг нь явуулж шалгуулсан, албан бичгээр бол өгөөгүй.

Ийм компаниас манай байгууллага анхан шатны баримт авсан байхад уг падааныг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Татварын албанаас “Монгол гранд эйнжил инвэст” ХХК-д олгосон Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бараа материалын баримт болгож авснаараа одоо манай компани хохирох эрсдэлд ороод байна. Бид тус Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг баталгаатай эсэхийг тогтоож ялгах боломжгүй. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэг, мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн зүйл заалт зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нарын “ГӨ ” ХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГӨ ” ХК-нд холбогдуулан Татварын газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1102201869 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж тус шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу зөрчил хаана, хэзээ үйлдэгдсэнийг харгалзахгүйгээр тухайн ажиллагааг явуулах ёстой байтал хуулийн дагуу ажиллагааг явуулаагүй гэж үзэж байгаа.

Тус ажиллагаатай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Энэ тэмдэглэл нь хуулийн дагуу явагдаагүй, хөндлөнгийн гэрчээр Өмнөговь аймгийн Татварын хэлтэст бичиг хэргийн ажилтай С овогтой С.У  гэж хүнийг оролцуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэгийг зөрчиж энэ ажиллагаанд хувийн сонирхолтой, өөрөөр хэлбэл улсын байцаагчийн доод албан тушаалтан буюу тухайн байгууллагад ажилладаг нэг сонирхолтой хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан.

Хоёрдугаарт тэмдэглэл үйлдэх талаар хуульд тодорхой хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар 1.2 дахь хэсэгт зааснаар ажиллагааг явуулсан газар, эхэлсэн дууссан он, сар, өдөр, цаг, минутыг хэрэгжүүлэх явцад  хугацаа тасалдсан түүний шалтгаан нөхцөл зэргийг тэмдэглэлд зайлшгүй тусгахыг хуульд заасан. Гэтэл тухайн тэмдэглэлд хэзээ энэ ажиллагааг явуулаад байгаа, хэдэн цаг, хэдэн минутад эхлээд хэдийд дуусаад байгаа, энэ тэмдэглэлийг хаана үйлдээд байгаа талаар тодорхой заагаагүй байгаа учраас хуульд үл нийцсэн гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл дээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан. Тус хуулийн 2 дахь хэсэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил  үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авна. Тус хуулийн 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтална гэж заасан.

Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ эхлээд зөрчилд холбогдогч зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардаж байна. Гэтэл “ГӨ ” ХК зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар явуулсан байна. Хэрвээ зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн зөрчил үйлдсэнийг нь нотолж тогтоох шаардлагатай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулах үндэслэлийг зайлшгүй шалгаж тогтоосон байхыг шаардаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3 дахь хэсэгт тухайн үйлдэл, эс үйлдэхүйн нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцэж байгаа эсэх гээд зайлшгүй тодруулах шаардлагатай зохицуулалтуудыг хуульд оруулж өгсөн байдаг.

Гэтэл эдгээрийг шалгаж тогтоолгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгаж шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах шийдвэр, түүнд тавигдах шаардлага, хэлбэр, шийтгэлийн хуудаст юу тусгагдах ёстойг бүгдийг хуульчилсан. Үүнийг мөн зөрчсөн. Иймд тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шийтгэлийн хуудсан дээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3 дахь хэсэгт заасныг журамлаж торгууль, алдангийг оногдуулсан байдаг. Гэтэл Татварын ерөнхий хуульд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулаад тухайн зүйл заалт, зохицуулалт өөрчлөн найруулагдаж өөрчлөгдсөн байгаа.

Энэ асуудал энэ хуульд өөрчлөлт орсноос хойш болсон. Оногдуулж байгаа шийтгэл нь хүртэл Татварын ерөнхий хууль өөрчлөн найруулагдсанаас хойш болсон. Гэтэл хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг баримтлан тухайн аж ахуйн нэгжид торгууль, алданги оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзэж байгаа учраас эдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тухайн зөрчлийг үйлдсэн гэж үзэж байгаа бол зөрчлийг нотолж тогтоочихоод дараа нь шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл шийтгэл оногдуулсныхаа дараа холбогдогчоор тогтоодог хуулийн процесс, дараалал байхгүй.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд тухайн үйл явцад шууд ямар нэгэн баримт цуглуулалгүйгээр “ГӨ ” ХК-ийг зөрчил гаргасан гэдгийг нотолж тогтоолгүйгээр шууд шийтгэл оногдуулчихаад нэхэмжлэгч талаас гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсний дараагаас эхлээд нотлох ажиллагаа хийгдэж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа учраас шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 албан бичиг, Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ы өдрийн 07/778 дугаартай албан бичгүүдийн дагуу Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Б , Э.Ж  нар нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2016311 тоот регистрийн дугаартай “ГӨ ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201869 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

           “Монгол гранд эйнжил инвэст” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0018958600 дугаартай падаанаар 290 909 090 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Уг 0018958600 дугаартай падаан нь татварын албанд бүртгэлтэй хэдий ч, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын ЭЗГХТХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгээр хий бичилттэй падаан гэдэг нь нотлогдон ирсэн болно.

           2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”.

           Гэвч “ГӨ ” ХК-ийн гаргасан зөрчил нь 2015 онд гаргасан зөрчил байх бөгөөд 2015 онд дагаж мөрдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 74 дэх заалтын дагуу шийтгэлийн хуудсыг гаргасан татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн. 2015 онд дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дэх заалт нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын санкц нь ижил байгаа тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн болно. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн мөн зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа хэдий ч зөрчил үйлдсэн хугацаа нь 2015 он байгаа тул 2015 онд дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн заалтаар татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн.

Иймд 2018 оны 06 сарын 20-ны өдөр “ГӨ ” ХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201869 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ГӨ ” ХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нарт холбогдуулан гаргасан “Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №1102201869 дугаартай, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагч Э.Б , Э.Ж  нар нь гомдол гаргагч “ГӨ ” ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын, ногдуулалт, төлөлтийн тайланд 290,909,090 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 29,090,909 төгрөгийн нөхөн татвар, 8,727,272 төгрөгийн торгууль, 12,945,454 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч талаас “...шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөгдөж хасагдсан Татварын ерөнхий хуулийн 74.1.4, 74.3 гэсэн заалтуудыг хэрэглэсэн, худалдан авалт хийсэн падааныг хуурамч гэдгийг шалгаж тогтоогоогүй байж хий бичилттэй падааныг худалдан авалтад тусгаж татвар ногдох орлого бууруулсан гэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан” гэж,

Хариуцагч тал “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “МГЭИ ” ХХК-иас 0018958600 дугаартай 290,909,090 төгрөгийн худалдан авалт хийсэн падаан нь татварын албанд бүртгэлтэй хэдий ч ЦЕГ-ын ЭЦА-ны ЭЗГХТХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгээр хий бичилттэй падаан гэдэг нь нотлогдон ирсэн, “ГӨ ” ХК 2015 онд зөрчил гаргасан учир 2015 онд дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийтгэлийн хуудас гаргаж, татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн...”[1] гэх агуулгаар тус тус маргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж заажээ.

Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, татвар төлөгч нь татварын улсын байцаагч нарын хянан шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар татварын улсын байцаагч нарын маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийг гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нарын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс[2] нотлогдож байна.

Татварын улсын байцаагч нар “ГӨ ” ХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10/3388 тоот албан бичгээр ирүүлсэн тус хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт нь Р.Батсуурьд холбогдох эрүүгийн хэргийн санхүүгийн баримтад /”Дашиншил” ХХК, “МГЭИ ” ХХК/ шинжилгээ хийсэн дүгнэлт байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 53 дугаар 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг татварын улсын байцаагч нар зөрчин зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгаланд явуулсан 2018 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгээр “...хий бичилттэй падаан гэдэг нь нотлогдсон” гэж үзэн уг албан бичгийг болон Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг зэргийг[3] үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус болно.

Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй тул хариуцагчийн “ЦЕГ-ын ЭЦА-ны ЭЗГХТХ-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгээр хий бичилттэй падаан гэдэг нь нотлогдон ирсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад гаргасан татварын улсын байцаагчийн маргаан бүхий “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хуулийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр зохицуулсан байх ба Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/-ийн 74 дүгээр зүйлийг өөрчилсөн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хууль Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр “ГӨ ” ХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нарын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Ж , Э.Б , тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох А.Долгормаа, Б.Баттогтох нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гомдол гаргагч “ГӨ ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн/ 53 дугаар 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ГӨ ” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж , Э.Б  нарын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1102201869 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б , Э.Ж  нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч “ГӨ ” ХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 26-27 дугаар хуудас

[2] Хэрэгт авагдсан 1102201869 дугаартай зөрчлийн хэргийн 1-2, 22-27 дахь хуудас

[3] Хэргийн 108-121, хэрэгт авагдсан 1102201869 дугаартай зөрчлийн хэрэгт