Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0031

 

“Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Б.Б

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч К.Н

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн төлөөлөгч Б.Н

Гуравдагч этгээд “Т” ТББ-ын төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох хүчингүй болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Д.Д

Хариуцагч С.У

Гуравдагч этгээд Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.Б-гийн өмгөөлөгч С.Н

Гуравдагч этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Б.З

Гуравдагч этгээд “У” ХХК, “Т” ТББ-иудын өмгөөлөгч Ч.А, А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 124/2022/0008/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х о” ХХК-иас Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох хүчингүй болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр: 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24, 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “Х о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/128 дугаар захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/90 дүгээр захирамжийн “Э” ХХК, “У” ХХК, “Т” ТББ, иргэн Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гол үндэслэлээ хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан, сонсох ажиллагааг хийсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдоогүй гэсэн үндэслэл болгосон. Гэтэл дээрх 3 аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, нэг иргэнд эзэмшүүлсэн гэх газрыг гуравдагч этгээдүүд эзэмших эхэлсэн гэж зүйл дээрээ нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд эндээс сонсох ажиллагааг хийгээгүй, мэдээгүй байсан гэх тайлбарууд үндэслэлгүй юм.

3.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ “...хариуцагч 2018 оны жилийн эцсээр гэрээгээ дүгнээд нэхэмжлэгчид газрын төлөх мэдэгдэл нэхэмжлэх өгөх аргаар газрын төлбөрийн талаар холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах байсан гэж нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу 3 жид ашиглаагүй, улмаар газрын төлбөр тооцоогоо хийгээгүй байдлыг зөвтгөж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.3. Учир нь иргэн, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлэх ёстой бөгөөд үүргээ биелүүлээгүй болон хууль мэдэхгүй зэрэг байдлууд нь хууль болон гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ю.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Манай компани олон жил газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 2019 он Баруунтуруун сумын Засаг даргад тариалангийн газар хүссэн өргөдөл өгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Цагаан эрэг гэх газарт 100 га газар хууль ёсны дагуу эзэмших болсон. Ингээд газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу уг газартаа уринш хийж, улмаар 2020 онд тариа тарьж ургац хурааж авсан. Гэтэл “Х о” ХХК нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Манай компани дээрх захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр манай газар эзэмших эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.2. Шүүх хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэснийг биелүүлээгүй буруутай гэсэн байна.

4.3. Нэхэмжлэгч “Х о” ХХК нь 2016 оны 03 дугаар сард дээрх Цагаан эрэг гэх газарт 420 га газар авсан боловч 2019 оны байдлаар буюу Засаг даргын захирамж гаргах хүртэл уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан төдийгүй уг газрыг өөр газарт буюу усалгаатай компанид шилжүүлэх талаар зөвшөөрч байсан. Ийм байхад гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагааг хийгээгүй, мэдээгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм.

4.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ашиглаж байсан талбай болон манай компанид олгосон ашиглаагүй талбайнуудыг ялгаж салгаж зааглаагүй мөн дан ганц хариуцагчийн мэдэгдэл хүргүүлсэн баримт газрын даамал мэднэ гэх хариуцлагагүй тайлбарыг үндэслэж хууль ёсоор шударгаар газар эзэмших эрх авсан бидний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

4.5. Учир нь дээрх хариуцагчийн тайлбар үнэн эсэх талаар нягтлах талаар шүүхээс арга хэмжээ авах байсан. “Х о” ХХК нь 2019 оноос хойш сонсох ажиллагааг мэдээгүй боломжгүй юм.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Т” ТББ, “У” ХХК-ийн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/128 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг баримтлан “Х о” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн нутагт Цагаан эрэгт байрлалтай 34 дугаартай 420 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

5.2. “Х о” ХХК нь дээрх 420 га газрыг анх авснаасаа хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэлх хугацаанд огт ашиглаагүй бөгөөд энэ нь нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай сумын газар тариалан эрхэлдэг хуулийн этгээд, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, иргэд бүгдээрээ “Х о” ХХК дээрх газрыг огт ашиглаагүй гэдгийг сайтар мэддэг. Мөн газрын төлбөрөө дээрх хугацаанд бүрэн болон дутуу төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.3. Иймд газраа зориулалтын дагуу 2 болон түүнээс дээш ашиглаагүй, газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн үндэслэлээр “Х о” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

5.4. Анхан шатны шүүх “Х о” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан баримтыг хэрэгт авагдсан байхад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

5.5. Газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдлийг хуульд зааснаар хүргүүлсэн байдаг бөгөөд сумын бичиг хэргийн зохион байгуулалт хариуцлагагүйн улмаас хэзээ өгсөн талаарх мэдэгдэл тодорхой бус байдаг юм. Сумын газрын даамал холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч сонсох ажиллагааг явуулсан эсэх, газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн эсэхийг тодруулах ажиллагааг шүүх явуулаагүй гэж үзэж байна.

5.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, иргэдэд газар эзэмшүүлэхдээ танил тал албан тушаалын байдлаа урвуулж газар авсан, газар эзэмших өргөдөл өгөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд “Т” ТББ нь холбогдох бичиг баримтаа бүрдүүлж хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ өгч маргаан бүхий газраас 100 га газар эзэмшиж байгаа болно.

5.7. Манай төрийн бус байгууллага нь дээрх 100 га газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд тариалалт хийхийн тул Белорусс-1221 тракторыг дагалдах хэрэгслийн хамт авч хагалж тариад нэг га газраа 12 цент будаа хураан авч ажилласан. Одоогоор дараа жилийнхээ уриншийг хийн ажиллаж байгаа болно. Газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлж ирсэн болно.

5.8. Дээрх газрыг ашиглахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирох болоод байна.

Иймд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж “Х о” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Х о” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Анх нэхэмжлэгч “Х о” ХХК-иас Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ““Х о” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.[1]

2.2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлүүдээр “Х о” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг баг, Цагаан эрэг гэх газарт байрлалтай 34 дугаартай 420 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар сумын Засаг дарга огт мэдэгдээгүй бас 2020 оны зун талбайдаа уринш хийх үедээ газар эзэмших эрхийг хүчингүй болгож бусдад эзэмшүүлснийг олж мэдсэн”[2] талаараа дурдсан байна.

2.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлүүдийн тухайд, хэрэгт авагдсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/525 дугаар албан бичгээс[3] үзэхэд “...2016 онд төлбөл зохих нийт 439 698 төгрөгөөс 50 000 төгрөг, 2017 онд төлбөл зохих 826 719 төгрөгөөс 28 134 төгрөг, 2018 онд төлбөл зохих нийт 1 287 283 төгрөгөөс 0 төгрөг, 2019 онд төлбөл зохих 1 912 288 төгрөгөөс 303 365 төгрөг төлсөн” буюу төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх төдийгүй газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2016 оноос 2020 он хүртэл үр тариа тарих боломжгүй байсан, ... хулгана оготно ихтэй учраас мэрэгчдийн хорыг цацсан. Зөвхөн тариа тарьснаар ашигласан гэж үзэж болохгүй...”[4], “...2020 оны 09 дүгээр сард уринш хийсэн”[5]гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” бөгөөд нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх талаар өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй энэ тохиолдолд анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

2.7. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.2.6-д “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх” гэж тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч компаниас дээрх хуульд заасны дагуу газраа ашиглахгүй өнжөөсөн эсхүл уринш хийсэн талаарх мэдээ, тайлан өгч байсан эсэхийг хариуцагчаас тодруулахад мэдээ, тайлан өгч байгаагүй талаар дурдсан төдийгүй энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

2.8. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч “Х о” ХХК нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.9. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр “хариуцагч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, баримтжуулсан зүйл байхгүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзэхэд тухайн хуулийн заалтыг хариуцагч хэрэгжүүлж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.10. Нэгэнт нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамж хуульд нийцсэн байх тул гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамж нь нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/128 дугаар захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээд “Э” ХХК, “У” ХХК, “Т” ТББ-уудын төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээд “Э” ХХК, “У” ХХК, “Т” ТББ-уудын төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 59 дүгээр талд,

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр талд,

[3] Хавтаст хэргийн 130 дугаар талд,

[4] Хавтаст хэргийн 144 дүгээр талд,

[5] Хавтаст хэргийн 141 дүгээр талд,