Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01883

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01006 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1672 дугаар магадлалтай,

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

ЗГАБ УТҮГ-т холбогдох, 

Эд хөрөнгө засан сайжруулалтын зардалд 71.138.146 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ЗГАБ УТҮГ нь өөрийн оффисын байрны хойд талын хэсэгт байрлах байранд засвар, үйлчилгээ хийх, уг засвар үйлчилгээг хийхэд төсөвлөгдсөн 100.857.146 төгрөгийг Р ХХК гаргаж, барилга угсралтын ажлыг Фоунтэйн снип ХХК гүйцэтгэхээр хамтран ажиллах 13/02 дугаар гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Фоунтэйн снип ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн байрны 180 м.кв талбайд засвар үйлчилгээ хийж дуусгаад хүлээлгэж өгсөн. Уг засварын ажлыг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн талаар ЗГАБад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шалгалт хийсэн материалд тодорхой дурдсан. Засварын ажлыг дууссаны дараа Р ХХК нь уг 180 м.кв талбайгаас 80 м.кв талбайг нь түрээслэсэн. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө хөлслөх нэмэлт гэрээг ЗГАБ УТҮГ болон Р ХХК нар байгуулагдсан. Энэ гэрээний гол зорилго нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор түрээсийн төлбөрийг сард 1.100.000 төгрөг байхаар тохиролцсон. Р ХХК нь 26.900.000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж авсан. Манайхыг бусдад түрээслээд явж байх хугацаанд хариуцагч нь Пикатили  ХХК-тай манай байгуулсан гэрээг таслан зогсоогоод 2018 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ байгуулж түрээсийн төлбөр авсан. Манай компанийн хөрөнгө оруулсан 100.857.146 төгрөгөөс 71.138.146 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд засварын ажилд хөрөнгө оруулсан мөнгөний үлдэгдэлд 71.138.146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЗГАБ УТҮГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээгээр Р ХХК нь 80 м.кв талбайг сард 1.100.000 төгрөгөөр түрээслэсэн боловч өнөөдрийг хүртэл ЗГАБад нэг ч төгрөг төлөөгүй. Төлөөгүй шалтгаанаа 100.857.000 төгрөгийг хөрөнгө оруулалт буюу засварын ажлын хөлсөнд суутгасан гэдэг боловч энэ мөнгийг Фоунтэйн снип ХХК-д өгсөнөө нотлоогүй. Нөгөө талаар ийм тохиролцоо хийгдээгүй нь ЗГАБаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод илгээсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр талуудын хооронд хөрөнгө оруулалтын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгана гэсэн хүсэл зориг байгаагүй нь харагдана. Сангийн яамнаас хариу өгөхдөө 29.719.420 төгрөгийг засварт тооцож түрээсийн төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэн. Иймд түрээслэгч буюу нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 02-ноос хойш 27 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Талуудын хооронд гэрээ хийгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 50 сар болсноос Сангийн яамны зөвшөөрсөн 27 сарыг хасахад 23 сарын түрээсийн төлбөрийг Р ХХК манайд өгөх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т нийцүүлэн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 13 дахь заалтад төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа Сангийн яамнаас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно гэж зохицуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь энэ журмын 2 дахь заалтын түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал урсгал засварыг хариуцах бөгөөд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэснийг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Эрх бүхий байгууллагад түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагад нийцээгүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус гэрээгээр нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийг 23 сар ашиглан, дур мэдэн бусдад дамжуулан түрээслээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, 26.900.000 төгрөгийг бусдаас үндэслэлгүй олж авсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу бусдаас үндэслэлгүйгээр олж авсан 26.900.000 төгрөгийг ЗГАБад төлөх, хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан үр дагаврыг тооцож авах хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь бодитоор манай талбайг эзэмшсэн тул энэ хугацааны төлбөрийг төлөх учиртай. Манай байгууллага дээрх журамд нийцүүлэн 55 м.кв талбайг Пикадили ТМХ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн түрээсийн гэрээ байгуулан ашиглуулж байгаа тул уг талбайг нэхэмжлэгчээс хүлээн авсан. Харин үлдэх талбайг нэхэмжлэгч чөлөөлж өгөөгүй, одоог хүртэл Үүри авто сервис ХХК-д түрээслүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗГАБ УТҮГ-аас 48.908.146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22.230.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 402.491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1585 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т гэснийг Иргэний хуулийн 286.2.5-д гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалд “хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд гэрээгээр төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө болох оффисын байрыг бүхэлд нь биш, 80 мкв талбайг түрээсэлсэн байна. Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Засгийн газрын 134 дүгээр тогтоолын хавсралтын 2.14 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй учир хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзнэ” гэж хариуцагчийн гомдлын нэг үндэслэлд дүгнэлт өгсөн боловч, гомдлын гол үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл заалт, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 13, 16, 20 дахь заалтыг хэрхэн дүгнэсэн талаараа магадлалд огт дурдаагүй. Мөн “...төсвийн дагуу 100.857.146 төгрөгийг 2014 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авсан тухай баримтыг Р ХХК, Фоунтэйн снип ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх ба хариуцагч тал уг баримтыг няцаагаагүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт гүйцэтгэгч Фоунтэйн снип ХХК-д Д.Батболд гэх хүн ямар хамааралтай болохыг нотолсон баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх ийнхүү таамгийн шинжтэй, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх “хэргийн 12-13, 46 дахь талд авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь засвар хийхийг зөвшөөрч байсан нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч нь засвар хийхийг зөвшөөрөх эрхтэй этгээд биш юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ бусдад дамжуулан түрээслэхийг хариуцагчид мэдэгдсэн, түүнээс зөвшөөрөл авсан баримт хэрэгт байхгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэрнээ нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлж, үндэслэлгүйгээр олж авсан орлого болох баримтаар нотлогдсон 26.900.000 төгрөгийг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй ба давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх гүйцэтгэгч Фоунтэйн снип ХХК нь ажлын үр дүнгээ захиалагч болоод хөрөнгө оруулагч талуудад хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримт байхгүй байхад зөвхөн ТӨБЗГ-ын 2016.10.22-ны өдрийн 133 дугаартай тогтоол, түүний хавсралт болох 2016.10.22-ны өдрийн ЗГАБын түрээсийн асуудалд хяналт шалгалт хийсэн тайлан зэргээр нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шалгалтын тогтоол, тайлан нь үнэн баримт болох нь тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь бусад баримтаар давхар нотлогдоогүй байхад шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгчийн зүгээс хэргийн 70 дугаар талд авагдсан “Засварын ажил хүлээн авсан акт” ямар учиртай баримт болохыг тодруулж байсан ба энэхүү баримтад гарын үсэг зурсан этгээдүүд тухайн үед хариуцагч байгууллагатай ямар хамааралтай байсан нь баримтаар тогтоогдоогүй, тус байгууллагад ажилладаггүй хүмүүсийн нэрсийг жагсаагаад гарын үсэг зурсан байдаг. Түрээсийн объектод 100.8 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй, энэ ажилд мөн хэмжээний өртөг шингэсэн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч хууль болон гэрээгээ зөрчиж түрээсийн объектыг бусдад дамжуулан түрээсэлж ашиг орлого хангалттай олсон болох нь тогтоогдсон байхад хариуцагчаас 48.908.146 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

            Р ХХК, Засгийн газрын автобааз УТҮГ-с байрны засварын зардалд  71.138.146 төгрөг шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “хамтран ажиллах гэрээ”,  2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “эд хөрөнгө хөлслөх түрээсийн гэрээ”-гээр    Засгийн газрын автобааз УТҮГ-ын оффисын байрны хойд талын хэсэгт байрлах байрны 180 м.кв талбайд Фоунтэйн снип ХХК нь  засварын ажил хийж гүйцэтгэх, Р ХХК нь  ажлын хөлс 100.857.146 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлж, улмаар засвар хийсэн талбайгаас 80 м.квг 10 жилийн хугацаатай түрээсэлж, сар бүр түрээсийн төлбөрт төлөх 1.100.000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн мөнгөөс  суутгахаар талууд тохиролцсон нь тогтоогджээ.
            Зохигч эдгээр 2 гэрээ байгуулагдсан, Фоунтэйн снип ХХК гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн үр дүнг Засгийн газрын автобааз УТҮГ-т, Засгийн газрын автобааз УТҮГ-с Р ХХК-д түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн, Сангийн яамнаас 2016 оны 05 дугаар сарын албан бичгээр түрээсийн төлбөрөөс 29.719.420 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн тухайд маргаагүй байна.

            Нэхэмжлэгч нь засварт төлсөн зардлаас дээрх түрээсийн төлбөрийг хасч үлдэх 71.138.146 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөхдөө “...Р ХХК нь Фоунтэйн снип ХХК-д 100.857.146 төгрөгийг бүрэн төлсөн эсэх нь эргэлзээтэй, ...түрээсийн 29.719.420 төгрөгийг суутгаж, талуудын тооцоо дууссан, анх түрээсийн гэрээ байгуулахдаа зохих байгууллагын зөвшөөрөл аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус” гэж маргажээ.

            Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч засварын зардлын зарим хэсгийг шаардах эрхтэйг хуульд нийцүүлэн дүгнэжээ.

            Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Зохигчийн хооронд байгуулагдсан “ эд хөрөнгө түрээслэх” гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулгатай байна.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байна.

            Зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд харин түрээсийн зүйл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй юм.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээг хүчин төгөлдөр бус” гэж үзсэн үндэслэлд зааж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.” гэжээ.

            Төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх журам тогтоох эрхийг Засгийн газарт хуулиар олгосон байх тул тухайн асуудлыг журамласан Засгийн газрын тогтоол нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болно.

            Зохигчийн хооронд гэрээ байгуулагдах хугацаанд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор зохицуулж байсан бөгөөд тогтоолын 12, 13, 14-т зааснаас үзвэл төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгож, түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр  байна.

            Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар баталгаажуулаагүй байх боловч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах боловч хэргийн баримтаас үзвэл Сангийн яам засвар хийснийг үгүйсгээгүй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар тогтоол, түүний хавсралтад зааснаар нэгэнт байгуулагдсан гэрээг эсэргүүцээгүй харин цаашид дээрх алдаа зөрчлийг арилгаж, гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулахыг даалгасан байна.

            Анхан шатны шүүх хариуцагчийн эд хөрөнгө түрээсэлсэн хугацаа, төлөх төлбөрийг тооцож, засварын зардлаас нийт 22.230.000 төгрөгийг хасч үлдэх 48.908.146 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь хууль зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх зохигчийн хоорондох шаардлагыг харилцан тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль болон гэрээнд нийцсэн боловч, шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүй байна.

            Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хорин долдугаар  бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхийг хөлслөгч эдлэхийг мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан.

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг үндэслэлтэй тодорхойлж шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар  өөрчлөлт оруулахаар дүгнэсэн хэдий ч  магадлалын тогтоох хэсэгт хуулийн зохицуулалтыг алдаатай  бичжээ. Иймд уг алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1672 дугаар магадлалын 1 дэх заалтад “Иргэний хуулийн 286.2.5-д” гэснийг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ