Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- овогт С-ын С-ад холбогдох эрүүгийн 2010004820000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* дүүргийн 7 дугаар хороо, *******гийн 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н- ургийн овогт С-ын С-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.С- нь тээврийн хэрэгсэл ашиглан, өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******ийн аманд баригдаж байгаа “С-” хорооллын 7 дугаар блокийн 1, 2 дугаар давхраас 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “С-” ХХК-ийн сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тастагч, халаалтын тень, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч С.С- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би*******ийн аманд байрлах “С-” хороололд сантехникийн ажил хийдэг байсан. Барилгын ажил зогссон байсан тул ******* дүүрэгт байрлах спорт зааланд сантехникийн ажлын санал ирэхээр нь би С-ад багажаа авах талаар хэлэхэд “очих боломжгүй, чи харуулд хэлээд авчих” гэсэн. Намайг барилга дээр очиход гэрэл нь асаалттай харуул нь согтуу унтаж байсан. Би С- руу залгаж хэлэхэд “чи мэдэж байгаа юм чинь ороод авчих” гэсэн. Миний багажаас гадна өөр бригадын багажууд байсан. Би эдгээр багажийг хэрэглэчхээд буцаагаад өгнө гэж бодож байсан. Ийм зүйл хийсэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна...” гэв.

                       

           Шүүгдэгч С.С- мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би өөрийн ажиллаж байсан С- 2 хорооллын 7 дугаар блокийн 1 давхраас өөрийн үлдээсэн байсан багажуудыг авахаар очихдоо С-ын эзэмшлийн пуужин халаагуур, цохилттой дрилл, сунадаг шат, гар тастагч, цахилгааны утас, молдок зэрэг эд зүйлсийг Г, С- нарыг зөөж машинд ач гэж хэлээд зөөлгөж авсан. Гэхдээ надад эдгээр багажуудыг зарж борлуулах ашиг олох санаа зорилго байгаагүй, түр хугацаанд хэрэглэж байгаад буцааж өгөхөөр бодож байсан. Г, С- нар нь намайг харуулд хэлээд өөрсдийн багажуудыг авч байна гэж бодож байсан. С-ын багажуудыг зөөчих гэж хэлэх үед болох юм уу гэж асуухад нь би С-ад хэлсэн гэж хэлээд зөөлгөсөн. Би бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсандаа маш их харамсаж байна. Би урд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, анх удаагаа шалгагдаж байна. Би барилгаас авсан С-ын багажуудыг бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй хуулийн дагуу ажиллаж амьдарна. ...Аз болд ХХК-ийн захирал Буян-Өлзий гэх хүний нэр дээр байдаг. Тухайн машин нь миний эзэмшлийнх. Би хийсэн ажлынхаа хөлсөнд авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа учраас нэрийг нь шилжүүлэн аваагүй байгаа юм. Машинаа одоогийн зах зээлийн үнэлгээ нь 20.000.000 төгрөгөөр үнэлж байна. Альфард машин нь гэр бүлийнх 8 хүний суудалтай зай томтой машин байгаа. Өөрийн эд зүйлээс гадна нэмж авсан зүйлүүдээ хамт ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83, 141-р хуудас

 

           Эрүүгийн 20100048200000 дугаартай хавтас хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-18-р хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

Гэрч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-44-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 143-р хуудас/,

Техникийн тодорхойлолт /хх-ийн 144-145-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 147-р хуудас/,

Шүүгдэгч С.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83, 141-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.*******ийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас, зэргийг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.С- нь “С-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******ийн аманд барьж байгаа “С-” хорооллын 7 дугаар блокийн 1, 2 дугаар давхраас 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “сунадаг шат, молдок, цохилттой дрилл, тастагч, халаалтын тен, пуужин халаагуур, токарийн машин, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг “Тоёота Альпард” маркийн ******* 000 улсын дугаартай автомашинаар тээвэрлэн зөөж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 4.970.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3-р хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/

Тоёота Альпард” маркийн ******* 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тус 2 суудлын голд шар өнгөтэй 1 боодол цахилгааны утас, 4 боодол цэнхэр өнгийн цахилгааны утас, 1 боодол ногоон өнгийн цахилгааны утас, 1 боодол улаан өнгийн утас зэрэг нийт 7 боодол нарийн цахилгааны утсыг дугуй хэлбэртэй ороож бүгдийг нь хооронд нь холбож уясан байдалтай байв...”, гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-18-р хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...А хэлбэрийн сунадаг шат 1 ширхэг, улаан өнгийн молдок 2 ширхэг, улаан өнгийн цохилттой дрилл 1 ширхэг, улаан өнгийн дундын тасдагч 1 ширхэг, улаан өнгийн жижиг тастагч 1 ширхэг, улаан өнгийн дардаг тастагч 1 ширхэг, халаалтын тен 1 ширхэг, пуужин халаагуур 2 ширхэг, цахилгааны утас 6 боодол, токарийн машин 1 ширхэг зэргийг С.С-аас хураан авч, М.С-ад хүлээлгэн өгөв...” /хх-ийн 19-20-р хуудас/,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай компанийн барьж байгаа С- 2 хорооллын 7 дугаар блокоос барилгын эд зүйл алдагдсан. Манай барилгын ажил түр хугацаанд зогссон байгаа бөгөөд 4 сараас эхэлнэ. Барилгын шаардлагатай багаж хэрэгслүүдийг 7 дугаар блокийн 1, 2 дугаар давхарт хадгалж үлдээсэн байсан. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хулгай орсон талаар мэдээд барилга дээр ирсэн. Юу юу алдагдсан талаар шалгаж үзэхэд А хэлбэрийн сунадаг шат 1 ширхэг, улаан өнгийн молдок 2 ширхэг, улаан өнгийн цохилттой дрилл 1 ширхэг, улаан өнгийн дундын тастагч 1 ширхэг, улаан өнгийн жижиг тастагч 1 ширхэг, улаан өнгийн дардаг тастагч 1 ширхэг, халаалтын тень 1 ширхэг, пуужин халаагуур 2 ширхэг, цахилгааны утас 9 боодол, токарийн машин 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Уг эд зүйлс нь манай компанийн өмч бөгөөд 2019 оны 06 дугаар сард барилгын ажил эхлэхэд ихэнх багажийг шинээр авч байсан. Харин халаалтын тень, халаалтын пуужин, цахилгааны кабел зэргийг 2019 оны 09 дүгээр сард авч байсан. Би А хэлбэрийн шатыг 390.000 төгрөг, молдок 290.000 төгрөг, цохилттой дрилл 250.000 төгрөг, дундын тастагч 150.000 төгрөг, жижиг тастагч 80.000 төгрөг, дардаг тастагч 755.000 төгрөг, халаалтын тен 200.000 төгрөг, пуужин халаагуурыг 1.050.000 төгрөг, цахилгааны утас 1 боодол нь 170.000 төгрөг, токарийн машин 1.750.000 төгрөгөөр үнэлж байна. ...Манай барилга бүрэн баригдаж дуусаагүй байгаа. 7 дугаар блок дээр ажиллаж байсан бригадууд өөрсдөө барилга руу орж гараад ажлаа хийгээд явдаг байсан. Цонхнууд нь хийгдсэн түгжээтэй байдаг. Тухайн үед барилга зогссон  байсан. С.С- болон бусад зарим бригадууд багажуудаа барилга дотор үлдээгээд явсан байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна С.С- над руу залгаад багажуудаа авмаар байна гэж хэлсэн. Гэхдээ би түүнийг шөнө оройн цагаар очоод багажуудаа авахдаа манай багажуудыг авна гэж бодоогүй. Би түүнийг багажуудаа авмаар байна гэхэд нь “харуултай уулзаж байгаад аваарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хангарьд хотхоны барилгын ажилд туслахаар 2019 оны 02 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм. 2020 оны 02 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим гэртээ байхад хамт ажилладаг С.С- ах залгаад “гэрийн чинь гадаа ирчихлээ ажил руу явж багажуудыг авна” гэж хэлсэн. Би хашаанаасаа гарч очиход С.С- ах “Тоёота Алфард” машинтай М.Г ахын хамт ирсэн байсан. Тэндээс хөдлөөд шууд ажил дээр ирсэн бөгөөд С.С- ах “харуулд хэлчхээд ирье” гээд явсан. Удалгүй буцаж ирээд хамт барилга руу орсон. Нэг давхарт С.С- ахын үлдээсэн байсан багажуудыг зөөж гаргаад машинд ачсан. М.Г ах С.С- ах хоёр өөр хүний багажуудыг зөөж гаргаад байсан. Би тэр хоёроос “яаж байгаа юм бэ” гэж асуухад С.С- ах “түр хэрэглэчхээд буцааж өгнө инженер С- ахад хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд л үлдсэн багажуудыг зөөсөн. Бид гурвыг багажуудыг зөөж байхад харуул ирээгүй. Би тэр үед харуул мэдэж байгаа юм байх л гэж бодсон. Би хүний юм хулгай хийж байна гэж бодоогүй. С.С- ах багажуудыг зөөж дуусаад машинаараа намайг гэрт хүргэж өгсөн. Маргаашаас өөр газар ажиллана шүү өглөө ирж авна эрт бэлэн байж байгаарай гэж хэлсэн. 2,3 хоногийн дараа цагдаагаас дуудсан юм. Би сайн мэдэхгүй байна. Харанхуй байсан учраас сайн ялгаж хараагүй. Ихэнх нь С.С- ахын багажууд л байх шиг байсан. Одоо санаж байгаагаас барилгын 2 давхраас халаалтын тен, мөн хатаагч пуужин зэрэг эд зүйлийг авсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. С.С- ах сайн мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

Гэрч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хангарьд хотхоны барилгын ажилд туслахаар 2019 оны 05 дугаар сарын 20-ноос эхлэн ажиллаж байгаа юм. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай бригадын ахлах С.С- над руу залгаад “барилга дээр очиж багажуудаа авъя өөр газар ажиллана” гэж хэлсэн. Би С.С-ын гэрт очоод хамт машинаар нь Толгойтод байдаг гурилын үйлдвэрийн хажуу талын зааланд очиж хүмүүстэй уулзсан. Тэнд ажиллахаар болоод тэндээсээ шууд Ч.*******ын гэрт очоод бид гурав Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын талбай дээр очсон. Барилгын талбайн ар талаас нь очоод С.С- ганцаараа буугаад “харуулыг дагуулаад ирье” гээд явсан. Удалгүй буцаж ирээд “харуулд хэлчихлээ, өөрсдөө ороод авчих” гэж байна гэж хэлсэн. Бид гурав Хангарьд хотхоны 6 дугаар блокийн барилга дээр хэсэг хугацаанд ажиллаж байгаад барилга зогсохоор нь багажуудаа тэнд нь үлдээгээд явсан юм. Тэнд үлдээсэн бүх багаж С.С-ын эзэмшлийнх. Би тухайн үед С.С-ыг харуулд хэлсэн байх гэж бодоод машинаас буугаад хамт барилга руу орсон. Барилгын хаалгыг төмөр утсаар уясан байсан ба төмөр утсыг тайлаад дотогшоо орсон. Багажууд үлдээсэн өрөөнд очиж модон хаалгыг татаж онгойлгоод дотроос нь багажуудыг зөөж гаргасан. Багажууд зөөж байхад С.С- тэнд байсан өөр багажуудыг хамт гаргаад машинд аччих гэж хэлхээр нь би “болох юм уу” гэхэд “болно оо, түр хэрэглэж байгаад би буцаагаад өгчихнө, би мэдэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан бүх багажийг зөөгөөд С.С-ын машинд хийсэн. Тэндээсээ шууд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын энгэрт баригдаж байгаа барилгын харуулаар ажиллаж эхэлсэн. Болсон хэргийн талаар гэвэл би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр барилгын объектыг харж барилгын хажууд байх харуулын байрандаа 24 цагаар ажилласан. Манай харуулын байр нь барилгын чанх хажууд 10 метр орчмын хажууд байдаг. Барилгын хашаа бол том тухайн хашаанд нийт 8 блок барилга баригдаж байгаа. Миний хариуцаж ажилдаг байр бол тухайн барилгын 7 дугаар блокийг харж хамгаалдаг. Би тухайн өдөр хамгийн сүүлд 19 цагийн орчим барилгыг тойрч шалгаад тэгээд дахиж шалгаагүй. Өглөө 06 цагт сэрээд мөн нэг удаа тойрч шалгасан. Тэгэхэд сэжигтэй зүйл анзаарагдаагүй. Удалгүй 07 цагийн орчимд ээлжийн ахлагч Цэрэнчимэд ирсэн. Би Цэрэнчимэдийг ирэх үед дахин барилгаа тойрч үзэхэд гэгээ орсон байсан. Барилга руу ордог хаалгыг бэхэлж түгжсэн төмөр утсыг тайлсан байсан. Тэр үед би барилга руу хүн орсон гэж бодоогүй. Төмөр утсыг нь засаж янзлаад хаалгыг бэхэлсэн. Дараагийн ээлж ирээд би ээлжээ хүлээлгэж өгөөд гэр рүүгээ явж байхад араас Цэрэнчимэд залгаад барилгаас эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Энэ өдөр ажлын байран дээрээ архи уучихсан. Өмнө өдөр нь манай гэрт урд өмнө хамт ажиллаж байсан найз ирээд архи уусан байсан. Маргааш нь ажил дээр шартаад хэцүү байсан. Барилгын ажил түр зогсчихсон. Хүн байхгүй байсан учраас би ойролцоох дэлгүүрээс 2 шил 0.5 литрийн савлагаатай Хараа архи аваад харуулын байрандаа хоол хийж идэхдээ бага багаар ууж байсан. Барилгыг 19 цагийн орчим эргэж тойрчхоод буцаж харуулын байрандаа архи ууж байгаад согтоод унтчихсан байсан. Маргааш нь 06 цагт сэрсэн. Гарч бие засчхаад барилга тойроход гадаа харанхуй хаалгыг даруулсан төмөр утсыг салгасан байсныг хараагүй. Би С.С-ыг танихгүй, манай барилга ажиллаж байхад маш олон залуучууд ажилдаг байсан. Намайг ээлжтэй өдөр харуулын байранд хүн орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Намайг ажлын байран дээр архи уусныг удирдлагууд мэдчихвэл ажлаас халж магадгүй гэж айгаад мөн алдагдсан эд зүйлсийг надаар төлүүлэх байх гэж бодоод архи уусан талаараа хэлээгүй. Би яг хэдэн цагт унтсанаа санахгүй байна. Санаж байгаагаар 19-20 цагийн үед барилгаа тойроод барилгын талбай руу ордог хашааны хаалгыг хаагаад харуулын байрандаа архи ууж байгаад унтчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...А хэлбэрийн сунадаг шат 1 ширхэг 300.000 төгрөг, молдок 2 ширхэг 500.000 төгрөг, цохилттой дрилл 1 ширхэг 140.000 төгрөг, дундын тастагч 1 ширхэг 100.000 төгрөг, жижиг тастагч 1 ширхэг 50.000 төгрөг, дардаг тастагч /суурин/ марк хэмжээ тодорхойгүй 1 ширхэг 550.000 төгрөг, халаалтын тень 200.000 төгрөг, пуужин халаагуур 2 ширхэг 700.000 төгрөг, цахилгааны утас 9 боодол 1.530.000 төгрөг, токарийн машин 900.000 төгрөг, нийт 4.970.000 төгрөг...” гэх /хх-ийн 41-44-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д  “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох”, 3-т “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.С- нь М.Г, Ч.С- нарын хамт “С-” хорооллын 7 дугаар блокийн 1, 2 дугаар давхраас бусдын эзэмшлийн эд зүйлсийг тээврийн хэрэгсэл рүү зөөж, авч явсан үйл баримт тогтоогдсон боловч гэрч М.Гын: “...Багажууд зөөж байхад С.С- тэнд байсан өөр багажуудыг хамт гаргаад машинд аччих гэж хэлхээр нь би “болох юм уу” гэхэд болно оо түр хэрэглэж байгаад би буцаагаад өгчихнө би мэдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэнд байсан бүх багажийг зөөгөөд С.С-ын машинд хийсэн. Тэндээсээ шууд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Ч.*******ын: “...Нэг давхарт С.С- ахын үлдээсэн байсан багажуудыг зөөж гаргаад машинд ачсан. Г ах С.С- ах хоёр өөр хүний багажуудыг зөөж гаргаад байсан. Би тэр хоёроос яаж байгаа юм гэж асуухад С.С- ах түр хэрэглэчхээд буцааж өгнө инженер С- ахад хэлсэн гэж хэлсэн. Тэгээд л үлдсэн багажуудыг зөөсөн. Бид гурвыг багажуудыг зөөж байхад харуул ирээгүй. Би тэр үед харуул мэдэж байгаа юм байх л гэж бодсон. Би хүний юм хулгай хийж байна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, шүүгдэгч С.С-ын яллагдагчаар өгсөн: “...С-ын эзэмшлийн пуужин халаагуур, цохилттой дрилл, сунадаг шат, гар тастагч, цахилгааны утас, молдок зэрэг эд зүйлсийг Г, С- нарыг зөөж машинд ач гэж хэлээд зөөлгөж авсан. ....Г, С- нар нь намайг харуулд хэлээд өөрсдийн багажуудыг авч байна гэж бодож байсан. С-ын багажуудыг зөөчих гэж хэлэх үед болох юм уу гэж асуухад нь би С-ад хэлсэн гэж хэлээд зөөлгөсөн...” /хх-ийн 82-83, 141-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас дүгнэхэд: М.Г, Ч.С- нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл М.Г, Ч.С- нар нь шүүгдэгч С.С-ыг нь “С-” ХХК-ийн  М.С-ын зөвшөөрөлтэйгөөр багаж хэрэгслийг авч байна гэж ойлгож барилгаас эд зүйлийг С.С-ын унаж явсан тээврийн хэрэгсэлд ачсан байх ба бусдын эд хөрөнгийг хулгайлахаар С.С-тай санаагаа нэгтгэж тохиролцсон, үйлдлээрээ нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ын гэм бурууг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

          “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “...машин механизм ашиглаж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зохицуулсан.

Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгоно.

Хавтаст хэргийн материалаар шүүгдэгч С.С- нь “Тоёота Альпард” маркийн   ******* 000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр бусдын эзэмшлийн эд зүйлсийг зөөвөрлөсөн нь хүн дангаараа өөрийн хүчээр зөөж тээвэрлэж авч явах боломжгүй овор хэмжээтэй, олон эд зүйлийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж, гэмт үйлдлээ хурдан дуусгахын тулд зөөж тээвэрлэсэн идэвхтэй үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч С.С-ын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас “С-” ХХК4.970.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчээс хураан авсан хулгайлагдсан эд зүйлсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан өгсөн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/, мөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-тай утсаар холбогдсон мөрдөгчийн тэмдэглэлд: “хохирлын эд зүйлээ бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй” гэснийг тэмдэглэл болгосон /хх-ийн 148-р хуудас/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг төлөх хохирол төлбөргүйд тооцов.

 

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч С.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамираас “гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч С.С-ад ял оногдуулахдаа анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны гурван хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.С-ад 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч С.С- нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Альпард маркийн ******* 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Чойжилдорж овогт Буяндэлгэрийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 144-145-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 147-р хуудас/ гэх баримтуудаар тогтоогдсон.

 “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд: Тоёота Альпард маркийн ******* 000 улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 14.100.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 143-р хуудас/

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Альпард маркийн ******* 000 улсын дугаартай автомашин нь иргэн Ч.Буяндэлгэрийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 14.100.000 төгрөгийг шүүгдэгч С.С-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч С.С-ад энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Н- овогт С-ын С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.С-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-аас Тоёота Альпард маркийн ******* 000 улсын дугаартай автомашины үнэ болох 14.100.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч С.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.С-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР