| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
2021 03 15 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21030 0024 0036 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “..." ХХК-д бригадын ахлагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын 3 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар сарын зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр суллагдсан, Б овогт Б-н Б /РД:/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... ХХК-ний урд замд “Тоёота приус” маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын б/, 12.1, мөн дүрмийн 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч гэрэлтүүлгийн шонг мөргөж, улмаар зорчигч Т.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч С.Ц-н амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас зорчигч С.Ц-н амь нас хохирсон, зорчигч Т.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг учирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пид 5.900.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.О-нд 313.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ц-т 5.925.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Эрүүгийн 21030 0024 0036 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
2. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 8-18/,
3. Цогцсоны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 19-21/,
4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22/,
5. Амь хохирогч С.Ц-н нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 105/,
6. СD /компакт диск/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл дэх “...Бичлэгийн баруун дээд буланд байх огноогоор 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг 42 минут 22 секундэд уг замаар баруунаас зүүн чиглэлд явж байсан саарал өнгийн автомашин зорчих хэсгийн урд байрлах ТҮЦ-ийг мөргөж улмаар гэрэлтүүлгийн шонг мөргөж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 186/,
7. “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221-06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-131/,
8. “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1126 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 152-157/,
9. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-н цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64/,
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 66/,
11. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаанд: “...Toyota Prius маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б овогтой Б нь: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”,
- “12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэсэн тухай /хх-ийн 162-163/,
12. Хохирогч Т.Ц-н 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 05 цагийн үед босоод гэр бүлийн хүн болох Б, хүргэн дүү Т төрсөн дүү Ц нарын хамт ажилдаа явахаар гарсан. Бид нар дөрвүүлээ Банк бус санхүүгийн байгууллагаас миний нэр дээр гэрээ хийж авсан “Toyota Prius” маркийн автомашинтай явсан. Энэ үед машиныг манай гэр бүлийн хүн Б жолоодож явсан. Бид дөрөв цугтаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Яармаг” ХХК-нд ажилладаг юм. ...Бид дөрөв гэрээсээ гараад ...Яармагийн шинэ гүүрээр явсан. 06.00 цагаас ажил эхлэх байсан. ...Нэг мэдэхэд манай машин зорчих хэсгийн хажуугийн хашлага дээр гарах шиг болсон. Бид хоёр хоорондоо өдрийн хоолоо яах вэ гэх мэтээр ярилцаж явсан. Тэгээд гар хөлөө барьж үзээд миний гар хөл хаачиххаваа гээд ...ухаан алдсан. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Манай машин Нэт капитал лизинг ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Дүү бид хоёр хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
-хохирогчоор 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Ослоос дүү Ц нас барж, би өөрөө гэмтсэн. ...Эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй. Энэ талаар надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
- Иргэний нэхэмжлэгчээр 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэлгээгээр 5.925.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн оршуулгын зардал, буяны үйл ажиллагаанд нийт 5.900.000 төгрөг зарцуулсан. Үүнээс Б 2.000.000 төгрөгийг буяны ажилдаа зарцуулаарай гэж өгсөн. Манай гэр бүл, аав, ээж, эгч нар хамт ярилцаад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гомдол санал гаргахгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
14. Иргэний нэхэмжлэгч С.О-ны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед өөрийн ажиллуулдаг “Таван богд” ХХК-ны замын урд байрлах “Дөрвөн-Од” хүнсний дэлгүүрийг мөргөчихлөө гэж урд хашааны хүмүүс залгахаар нь очиж үзтэл булан хэсгийг нь машин мөргөсөн байсан. “Ашид билгүүн” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 313.800 төгрөгийн үнэлгээ гарсан. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээгээр гарсан хохирлын мөнгө болох 313.800 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
15. Гэрч Н.Тн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 05 цаг 20 минут орчим эхнэр Ц, баз Б, хадам эгч Цм нарын хамт гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тухайн үед би жолоочийн хажуу тал буюу урд талын суудал дээр сууж явсан. Эхнэр машины баруун хойд талын суудал дээр, хадам эгч зүүн хойд талын суудал дээр нь суугаад явж байсан. Баз Б машин жолоодоод явж байсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн “Таван богд” ХХК-ны уулзвар луу ойртон ирж байсан. Тэгтэл машин гулгаад халтираад замын хашлага мөргөөд давж байсан, тэгээд надад мэдэх зүйл байхгүй нэг хэсэг шоконд орсон, нэг мэдсэн машин юм мөргөөд зогсчихсон, би машиндаа сууж байсан. Баз Б эхнэр, эгч хоёрыг машинаас гаргах гээд оролдож байсан. Тэгтэл хүмүүс ирээд эмнэлэг иртэл битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Эмнэлэг 30 орчим минутын дараа ирээд бид нарыг үзээд, эхнэрийг машинаас буулгаж газарт хэвтүүлээд хадам эгчийг машинаас гаргаж авах гээд оролдож байгаад арай гэж машинаас гаргаж аваад шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эхнэрийг газарт хэвтүүлчихээд тоохгүй болохоор нь нас барсан юм байна гэж бодсон. Араас нь цагдаагийн газраас цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Зам тээврийн осол болох үед автомашиныг баз Б жолоодож явсан. Бид нар бүгд өглөө гэрээсээ гараад ажил руугаа явж байсан. Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цогцост хийсэн 162 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр:
- Талийгаач С.Ц-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны хугарал, их тархины зүүн чамархай, дагзны дэлбэнгийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушигны цус хуралт, гол судасны дагуух зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
- Талийгаач нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна.
- Талийгаач С.Ц нь гавлын суурь ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.
- АВО системээр О 1-р бүлгийн цустай байна.
-Цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.
- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 05 минутад цогцост гадна үзлэг хийх үед нас бараад 4-5 цаг болсон...” гэх дүгнэлт /хх-ийн 79-80/,
17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 773 дугаартай:
- Т.Ц-н биед зүүн атгаал, дунд чөмөг ясны хөндлөн хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун талд умдаг ясны дээд салааны сэлтэрхий үүсгэсэн хугарал, ууцны 1,2,3,4-р нугалмын зүүн латерал массын хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд түлэнхийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйл болон өндөр хэмийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 120-121/,
18. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Миний хувьд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198/,
19. “Toyota Prius“ маркийн 87-35 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигчээр “Нэт капитал лизинг” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 182/,
20. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 170-183/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “...” ХХК-ний урд замд “Тоёота приус” маркийн ... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын б/, 12.1, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч С.Ц-н амь нас хохирсон, зорчигч Т.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богд ХХК-ний урд замд “Тоёота приус” маркийн 87-35 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
- 3.4 дүгээр заалтын б/-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, “12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч гэрэлтүүлгийн шонг мөргөж, улмаар зорчигч Т.Ц-н эрүүл мэндэд “зүүн атгаал, дунд чөмөг ясны хөндлөн хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун талд умдаг ясны дээд салааны сэлтэрхий үүсгэсэн хугарал, ууцны 1,2,3,4-р нугалмын зүүн латерал массын хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд түлэнхийн шарх бүхий” хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч С.Ц-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн улмаар иргэний нэхэмжлэгч Т.Ц-н автомашинд 5.925.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.О-ны эд хөрөнгөнд 313.800 төгрөг хохирол учруулсан болох нь:
- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 8-18/,
- Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 19-21/,
- Талийгаач С.Ц-н нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 105/,
- СD /компакт диск/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл дэх “...Бичлэгийн баруун дээд буланд байх огноогоор 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг 42 минут 22 секундэд уг замаар баруунаас зүүн чиглэлд явж байсан саарал өнгийн автомашин зорчих хэсгийн урд байрлах ТҮЦ-ийг мөргөж улмаар гэрэлтүүлгийн шонг мөргөж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 186/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цм, хууль ёсны төлөөлөгч С.Пийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 64, 66/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Содномбаярын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа /хх-ийн 162-163/,
- Хохирогч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Ослоос дүү Ц нас барж, би өөрөө гэмтсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 34-35/,
- Иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинд үнэлгээгээр 5.925.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн оршуулгын зардал, буяны үйл ажиллагаанд нийт 5.900.000 төгрөг зарцуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
- Иргэний нэхэмжлэгч С.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед өөрийн ажиллуулдаг “Таван богд” ХХК-ны замын урд байрлах “Дөрвөн-Од” хүнсний дэлгүүрийг мөргөчихлөө гэж урд хашааны хүмүүс залгахаар нь очиж үзтэл булан хэсгийг нь машин мөргөсөн байсан. “Ашид билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 313.800 төгрөгийн үнэлгээ гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
- Гэрч Н.Тн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машин гулгаад халтираад замын хашлага мөргөөд давж байсан, ..нэг мэдсэн машин юм мөргөөд зогсчихсон, би машиндаа сууж байсан, манай баз Б ах машины хойно сууж байсан манай эхнэр, эгч хоёрыг машинаас гаргах гээд оролдож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн цогцост хийсэн 162 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт /хх-ийн 79-80/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 773 дугаартай дүгнэлт /хх-ийн 120-121/,
- Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198/
-“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221-06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-131/,
- “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1126 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 152-157/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бгийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэрэгт нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэг хүний амь нас хохирсон байх ба амь хохирогчийн оршуулгын зардалд шүүгдэгч Б.Б нь 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П нь хавтаст хэргийн 66 дугаар талд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цм эмчилгээний зардлын талаар баримтыг ирүүлээгүй ба, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн,
Түүнчлэн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Toyota Prius маркийн ... УНТ улсын дугаартай автомашин нь “Нэт капитал лизинг” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй боловч иргэний нэхэмжлэгч Т.Цм нь бодитоор эзэмшиж ашигладаг байх бөгөөд “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 1126 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 152-157/-р дээрх автомашины эвдрэл хохирлыг 5.925.000 төгрөгөөр тогтоосон боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цм нь хавтаст хэргийн 64 дүгээр талд нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.
Иргэний нэхэмжлэгч С.О-ны эд хөрөнгийг “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 221-06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-131/-р 313.800 төгрөгөөр үнэлсэн байх ба тус нэхэмжлэгч нь хэргийн 62 дугаар талд тус тус гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Бтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч нараас дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2009 онд ял шийтгэгдэж байсан байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ...” ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.Бгийн В ангиллын ... дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Бг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Б-н Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын 869347 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсүгэй.
7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН