| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
хохирогч Б.Ү-, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Э.Э-өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Э-ын Э-ид холбогдох эрүүгийн 2*******00014700000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Хужирт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн Хужирт 5 дугаар баг, Шунхлай ******* дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* 38 дугаар байрны 000 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Б- овогт Э-ын Э-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Э-нь 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Э- хотхоны 85 дугаар байрны 00 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ү-тэй ажлын шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой руу аягаар цохиж зодон эрүүл мэндэд нь “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Э- хотхоны 85 дугаар байр 96 тоотод хамт ажилдаг байсан найз М-ы гэрт нь очиж бид 2 юм ярьж суунгаа 2 лааз пиво уусан. Тэгсэн М- Анун төвд ажилдаг байсан Ү-ийг дуудчихъя гэж хэлээд М-, Ү-ийн утас руу нь залгасан чинь ирээд авчих найзтайгаа байна гэж хэлсэн. М- бид 2 Ү-ийг байгаа газраас нь очиж авсан. Ү- найзтайгаа хамт тортой зүйл барьсан гарч ирээд бид 4 буцаад М-ы гэрт очсон. Би байрных нь гадаа утсаар ярьчхаад араас нь оръё гэж хэлээд үлдсэн. Ингээд утсаар ярьж дуусаад араас нь орсон чинь Ү- тал шил Виски мөн 4-5 лааз пиво авчирсан байсан. Тэр авчирсан пивоноос нь хувааж уугаад хөзөр тоглож юм ярьж байгаад пиво дууссан. Дуудлагаар пиво авъя гээд М- билүү Ү- билүү тэр хоёрын нэг нь фейсбүүкээр архи пиво хүргэлтийн дугаарыг нь аваад захиалсан. Захиалсан пиво нь ирээд 4 том савтай 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авсан. 3 дахь пивыг нь дуусгаад би харилаа гэж хэлсэн чинь Ү-ийн найз би бас хамт гарна гээд хувцсаа өмсөхөөр нь больё унтаж амарцгаая гээд нэлээн согтуу байсан Ү-ийн найзыг унтуулсан. Тэгсэн М- одоо нэг сав пиво үлдсэн юм чинь энийгээ уугаад дуусгачихъя гэж хэлээд үлдсэн. Нэг сав пивоо ууж байхдаа Ү- бид хоёр ажлаа ярьж байгаад хоорондоо муудалцсан. Бид 2 босож ирээд барьцалдаж авсан. Тэгсэн Ү- миний тогойн зүүн хажуу хэсэг рүү гараараа цохихоор нь түлхээд пиво ууж байсан ширээн дээр байсан шинжтэй цагаан аягыг Ү-ийн толгой руу шидсэн чинь Ү-ийн толгойн зүүн хэсэг рүү нь оноод аяга хагарсан. Ү-ийн толгойноос цус гарсан. Ү- над руу уурлаад “чамайг би адилхан болгоно” гэсэн. М- бид хоёрыг салгаж байхад цайны аягаар миний толгойн зүүн ард хэсэг рүү шидсэн чинь аяга хагарсан. Мөн миний толгой шалбарсан. Тэр үед Ү- над руу агсраад байсан. Тэгсэн унтаж байсан Ү-ийн найз нь сэрээд “чи яаж байгаа юм бэ” гээд араас гараараа хоолойны урдуур оруулж татсан. Би М-ыг “энийг салгаад аваач” гэж хэлсэн. М- “чи болиоч” гээд найзыг нь салгасан. Ү- над руу дайраад намайг унагаагаад хоолой боогоод “чамайг ална” гэсэн энэ үед би ямар нэгэн үйлдэл хийгээгүй ингээд М-, Ү-ийг аваад угаалгын өрөө рүү авч орсон чинь угаалгын өрөөнд байсан аптерикийг аваад над руу дайрсан. Энэ үед би Ү-өөс уучлалт гуйгаад байхад ерөөсөө тайвшрахгүй байхаар нь М-д “намайг хараад тайвшрахгүй юм байна” гэж хэлээд явсан. Би гэртээ ирээд М-ы утас руу залгаад яасан гээд асуусан чинь голоор нь цагдаа утсыг нь аваад “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ир” гэхээр нь яваад очсон чинь намайг эрүүлжүүлсэн ийм л зүйл болсон. Би аяга толгой руу нь шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
Хохирогч Б.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 29-ны орой манай ажлын газрын залуу залгаад хамт ууя гэсэн. Тэгээд би найзтайгаа хамт очсон. Шүүгдэгч нь тухайн үед ажлаасаа халагдсан гээд уурлаад тэр уураараа намайг аягаар цохисон. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.040.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо дуусаагүй байгаа эмчилгээний зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн 2*******0001470000 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хохирогч Б.Ү-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-14-р хуудас/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч О.М-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 75-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.Э-нь 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Э- хотхоны 85 дугаар байрны 000 тоот О.М-ы гэрт согтуурсан үедээ хохирогч Б.Ү-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгой руу аягаар цохиж эрүүл мэндэд нь “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хохирогч Б.Ү-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад хамт ажилдаг О.М- “би Э.Э-той хамт байна, чи гараад ир, очоод авъя” гэсэн. Э.Э-той хамт манай гэрийн гадаа ирээд намайг авсан. Тухайн үед би өөрийн найз Л.*******тай хамт байсан. Бид 4 О.М-ы гэрт очиж 4 ширхэг том 2.5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан. Бид нар хоорондоо юм яриад хөзөр тоглосон. Тагтан дээр тамхи татаад зогсож байхад Э.Э-“танай компаниас намайг халсан. Намайг буцаагаад ажилд оруулаад өгөх боломж байна уу” гэж асуугаад байсан. Буцаад өрөөндөө орж ирээд сууж байсан чинь Э.Э-“танай компани хогийн” гээд уурлаад байсан. Би тэгэхээр нь “би яаж мэдэх вэ” гээд ам мурийж маргалдсан. Тэр үед би доошоо хараад утсаараа оролдоод сууж байсан чинь Э.Э-пиво уугаад сууж байсан аягаараа миний зүүн хөмсөгний дээд дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн миний духнаас цус гараад О.М- миний толгойг угаана гээд угаалтуур руу очсон. Ус гоожуулаад зогсож байхад Э.Э-хажууд ирээд дахиад намайг цохих гээд байсан. Тэгсэн манай найз Л.*******, Э.Э-ийг болиулаад араас нь татаж унагаасан. О.М- намайг аваад ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгсэн Л.******* О.М-ыг “цагдаа дууд хүн аллаа шүү дээ” гэхэд О.М- “үгүй би цагдаа дуудаж найзыгаа хэрэгт хиймээргүй байна” гээд байсан. Маргалдаж байсан чинь О.М- “за за би цагдаа дуудсан” гэж хэлсэн. Тэгсэн Э.Э-“би эхнэр хүүхэдтэй шүү дээ” гэж хэлээд гараад явсан. Тэгсэн цагдаа ирэхгүй байхаар нь Л.******* О.М-ыг “чи цагдаа дуудсан юм уу” гэж асуухад “үгүй би цагдаа дуудаагүй, цагдаа дуудах юм бол наадах чинь хэрэгт орчихно шүү дээ” гэж хэлсэн. Э.Э-гараад явсан учир би араас нь “би наадхыг чинь олж авна” гээд гэрээс нь гарах гэсэн боловч Л.******* намайг гаргахгүй байсан. Би зөрсөөр байгаад гэрээс нь гарахдаа гартаа О.М-ы үүдэнд байсан аптеркийг бариад Л.*******тай муудалцаад гарч орцонд нь хайсан чинь Э.Э-байхгүй байсан. Би лифтэнд суух гэж байгаад толгой эргээд унасан байсан. Нэг сэрсэн чинь Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгойндоо оёдол тавиулаад сэрсэн. Миний толгой өвдөж байгаа. Толгойныдоо зүүн духнаас авхуулаад хойш оёдол тавиулсан байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-14-р хуудас/,
Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг унтаж байгаад босоод ирсэн чинь Б.Ү-ийн нүүр нь битүү цус болсон байсан. Би “яасан” гээд асуусан чинь О.М- нь Э.Э-аягаар цохисон билүү шидсэн гэсэн. Тэр үед Э.Э-, Б.Ү- 2 бие биен рүүгээ дайраад байхаар би Э.Э-ийг салгах гээд хүзүүнээс нь хойш татсан. Тэгээд Э.Э-бид 2 хойшоо унаад би барьж байхад О.М- Э.Э-ийг босгох гээд татаад байсан. Энэ салгах үед Э.Э-ийн биед дээрх гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна. Би унтаж байгаад сэрсэн болохоор нарийн ширийн зүйлийг хараагүй. Би тэр 2-ыг ямар шалтгаанаар хоорондоо маргалдаж муудалцсаныг мэдэхгүй байна. Би Э.Э-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг сэрхэд тэр 2 хоорондоо зодолдох гээд байсан учир салгах гэж араас нь татахад бид 2 газар унасан. Дараа нь ариун цэврийн өрөөнд Б_Ү-тэй байхад Э.Э-орж ирэх гээд байхаар урдаас нь тэврээд чи эрүүл болохоор нь уулзаа гэж хэлээд өргөж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч О.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр 21 цагийн үед Анун тавилгын үед хамт ажилладаг байсан Э.Э-гэх найз манай гэрт ирээд бид 2 нэг том савтай 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Тэр пиво ууж дуусаад дахиад уух уу гэхэд дэлгүүр хаасан байсан. Э.Э-юм ярьж байгаад Б.Ү- “их дажгүй залуу байна лээ” гэж хэлхээр нь тийм шүү дээ, их дажгүй залуу хөөрхөн ааштай” гэж би хэлсэн. Тэгээд Б.Ү- рүү залгаад “хаана байгаа юм” гэж асуусан чинь 19 дүгээр хороололд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “пиво уух уу” гэж асуусан чинь “тэгье, манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Э.Э-бид 2 Б.Ү- дээр очиход найзынхаа хамт гараад ирсэн. Бид буцаад манай гэрт ирээд тал шил виски, 4 лааз пиво уусан. Бид нар хөзөр тоглож байгаад дахиж пиво уухаар болж фейсбүүкээр пиво захиалж 4 сав 2.5 литрийн Сэнгүр пиво авсан. Тэр авсан пивоноосоо 3 савыг нь ууж дуусаад 4 дэх савыг уух гэтэл согтсон. Энэ үед Б.Ү-ийн найз Л.******* унтаад өгсөн. Өглөө 07 цагийн үед би доошоо хараад зүүрмэглээд сууж байхад тас нис гээд чимээ гарахаар нь сэрэхэд пиво ууж байсан аяга хагарсан. Б.Ү-ийн толгойны зүүн хажуу хэсгээс цус гарсан зогсож байсан. Би Э.Э-Б.Ү- хоёрын голоор орж “болиоч” гээд толгойг нь угаалгахаар ариун цэврийн өрөө рүү орох гэж байхад Б.Ү-ийн найз сэрсэн. Л.******* “манай найзыг яаж байгаа юм” гээд Э.Э-ийг араас нь боохоор нь би очиж тэр 2 салгаад холдуулахад Б.Ү- дахиж очоод Э.Э-ийг бариад авсан. Тэгээд тэр 2-ыг салгах гэж байсан чинь манай гэрийн зурагтыг хагалсан. Б.Ү- Э.Э-руу аяга шидсэн. Б.Ү- Э.Э-руу “би чамайг адилхан болгоно” гээд агсраад дайраад байсан. Э.Э-уучлал гуйгаад байсан. Би тэднийг “боль, цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Тэгтэл Б.Ү- ариун цэврийн өрөөнд байсан аптеркийг бариад дайраад байсан би Э.Э-ийг цаашаа бай гээд Б.Ү-ийг тайвшруулж байх хооронд Э.Э-гараад явсан. Б.Ү- араас нь гарах гээд найз нь хорьж байгаад дийлэхгүй гаргаад явуулсан. Тэгтэл Б.Ү- лифтэнд суусан буулгах гэсэн чинь буухгүй гээд хөлөөрөө түлхээд байж байсан чинь цагдаа нөгөө лифтнээс буугаад ирсэн чинь Б.Ү- ухаан алдсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №421 дугаартай шинжээчийн: “...1. Б.Ү-ийн биед духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Э- хотхоны 85 дугаар байрны 96 тоот О.М-ы гэрт шүүгдэгч Э.Э-, хохирогч Б.Ү- болон тэдний найзууд болох Л.*******, О.М- нар нь нийлж согтуурсан байх ба шүүгдэгч Э.Э-нь согтуурсан үедээ хохирогч Б.Ү-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгой руу аягаар цохиж эрүүл мэндэд нь “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-хохирогч Б.Ү-ийн толгойн тус газарт аягаар цохисны улмаас хохирогчийн биед “духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Э-нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол хор уршгийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ү-ийн биед духанд, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл учирсан.
Шүүгдэгч Э.Э-нь гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардлын талаар мэтгэлцэж оролцов.
Хохирогч Б.Ү- нь Өмнөговь аймагт эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардал, ажилгүй байсан 3-н сарын хугацааны цалин 2.250.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, нийт 4.040.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ү-ийн гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлахад: хэргийн 61-64-р талд авагдсан баримтуудаар 490.047 төгрөгийг эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй зардалд хамаарч байх тул хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Б.Ү- нь “Анун” ХХК-д жолоочоор, сарын 750.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан талаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, “Анун” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт авагдсан боловч хохирогч нь биедээ учирсан гэмтлийн улмаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн чөлөөтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаарх эмнэлгийн чөлөөний хуудас болон холбоотой баримтаа ирүүлээгүй байна. Түүнчлэн Өмнөговь аймагт хийлгэж байгаа эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа боловч хэчнээн төгрөгийн зардал гарсан талаарх баримт ирүүлээгүй байна. Иймд хохирогч Б.Ү-ийн дутуу авсан цалин хөлс болон Өмнөговь аймагт хийлгэж байгаа эмчилгээний зардлыг энэ тогтоолоор хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Харин хохирогч нь дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна. Хохирогч Б.Ү- нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэтэй Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэн байна. Хохирогчоос өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 300.000 төгрөг төлсөн зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” зайлшгүй зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэм буруугийн хуралдаанаас хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 490.047 төгрөгийн зардлыг шүүгдэгч Э.Э-оос гаргуулж хохирогч Б.Ү-т олгохоор шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө шүүгдэгч нь нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “санхүүгийн боломжгүй байгааг харгалзан үзэж торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Э.Э-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нотлогдсон хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-ид мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Э-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-ид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-нь эмчилгээний зардалд 490.047 төгрөгийг хохирогч Б.Ү-т нөхөн төлснийг дурдсугай.
5. Хохирогч Б.Ү- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Э-оос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Э-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Э-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР