| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00473/И |
| Дугаар | 730 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, тахилт 1 гудамж 131 тоотод оршин суух Ёст овогт Бямбаагийн Бадамгарав /ФА58120518/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, баянхошуу 29 гудамж, 54 тоотод оршин суух Хана сайт овогт Санжаагийн Энхтайван \МЮ59120510/-д холбогдох гэрээний үүрэг 4,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Бадамгарав, түүний өмгөөлөгч А.Сандагдулам, хариуцагч С.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
“Миний бие гэр бүлийнхээ хамт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, манайх машины хучлага, ноосон хөнжил, гудас, аяны мишок гэх зэрэг төрөл бүрийн зөөлөн оёдолын үйлдвэрлэл явуулдаг болно. Хариуцагч С.Энхтайвантай 2015 оны 07 дугаар сард танилцсан ба тухайн үед манай үйлдвэр дээр ирээд тусгай зориулалтын машины гаражын хучлага захиалан оюулахаар болсон. Тэгээд хучлагын материалыг үзэж, сонгоод оюулах хучлагынхаа хэмжээ болон үнийн тооцоог биечлэн гаргаж хийлгэхээр тохиролцсон. Тооцооны дагуу нэг хучлага хийхэд 180,000 төгрөгийн зардал гарна гэж үзээд худалдан борлуулах үнэ нь 210,000 төгрөг гэж тохиролцсон. Анх Энхтайван нь би хэдэн зуун хучлага захиалж, танайхаас худалдаж авна, ачаалал даана биз дээ гээд оёдлын гарц, чанар зэрэгт нь анхаарал тавин их итгэлтэй яриад өндөр шаардлага тавиад байхаар нь найдвартай хүн гэж итгэсэн. Ингээд яаралтай хийж өгөөрэй, сурталчилгаа хийлгэх гэж байна гэсэн тул эхний 10 ширхэг хучлагыг бэлэн болгоод 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн. Энхтайван нь тухайн үед оёсон бүтээгдэхүүнээ манай охинд хүлээлгэж өгчих гэж хэлсний дагуу охинд нь хүлээлгэж өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 ширхэг хучлагыг мөн охинд нь аваачин хүлээлгэж өгсөн. тэр үед төлбөрөө хэрхэн төлөх талаар ярилцахад тун удахгүй тэрбум төгрөг орж ирнэ, төлбөрт санаа зоволтгүй гэж хэлсэн. Удаа дараа утсаар ярьж очиж уулзаж байсан боловч ирэх долоо хоног, дараа сард өгнө банкнаас мөнгөө авах гэж байна санаа зоволтгүй гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сард хучлагны үнэ гэж 1,000,000 төгрөг өгсөн. Дараа нь Улаанбаатар нэгтгэлд 30 сая төгрөгийн цэцгийн хүлэмж тушаачихсан байгаа удахгүй мөнгө орж ирнэ гэж хойшлуулсаар байгаад хэдэн сар явуулсан. Түрүүчийн хийж өгсөн хучлагны төлбөрийг өгөхгүй байсан учраас бид үргэлжүүлэн хийхээ больсон. Удаа дараа мөнгөө нэхэж очиж уулзаж, утсаар ярьж өчнөөн чирэгдүүлсэн. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг шаардахад өнөөг хүртэл өгөхгүй, бидний хэл амаар доромжилж хохироосоор байна. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг шаардахад өнөөг хүртэл өгөхгүй, бидний хэл амаар доромжилж хохироосоор байна. С.Энхтайван нь хучлага хийлгэж байхдаа хучлагнаас гадна 2 ширхэг ноосон хөнжил, 1 ширхэг эсгий гудас худалдаж авсан боловч үнийг мөн төлөөгүй. Иймд 24 ширхэг хучлагны үнээс өгсөн 1,000,000 төгрөгийг хасч 4,040,000 төгрөг, 2 ширхэг ноосон хөнжлийн үнэ 90,000 төгрөг, 1 ширхэг эсгий гудасны үнэ 45,000 төгрөг нийт 4,175,000 төгрөгийг хариуцагч С.Энхтайванаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа
“2015 оны 09 дүгээр сард Бадамгаравын оёдлын үйлдвэрийг үзээд эвхдэг хучлагын бүрээс оёхоор болж тав таван ширхэгээр нь нийлүүлж эвхдэг төмрийг нь Бадамгарав өөрийн найзаараа манай ажил дээр хийлгэхээр тохирсон. Гэтэл Бадамгарав нь оёдолчин олдсон дээр 14 ширхэгийг оёулаад ирлээ танай складанд хийчихье тавынх нь мөнгийг өгчих гээд бэлнээр 1 сая төгрөг аваад явсан. Бадамгаравын найз гэх хүнд материал гаргаж өгөөд 3 хоног ажиллахад 1 ширхэг ч эвхдэг их биеийг нь хийж чадаагүй, 120,000 төгрөгийн урьдчилгаа аваад 10-д хоног алаг болсны дараа ажил дээр архи уугаад надад хөөгдөөд явсан. Бадамгаравын өгсөн 24 ширхэг хучлага нь зарагдахгүй, одоо манай агуулахад тоо ёсоор байгаа. Машины хучлагыг надад 210,000 төгрөгөөр зарсан нь зах зээлд зарагдаж байгаа хучлагын үнээс хэт өндөр байсан. Мөн анх бид хоёр хучлагыг 5, 5-р нь нийлүүлж байна гэж тохирсон байтал эхлээд 24 ширхэгийг бөөнөөр нь авчраад өгчихсөн. Бид тэгж тохироогүй. Хоёр ширхэг ноосон хөнжил, нэг ширхэг эсгий гудас авсан, тэрнийх нь үнийг төлнө маргахгүй. Харин энэ 24 ширхэг хучлагыг нь буцааж өгөөд, түүнд өгсөн 1,000,000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамгарав нь хариуцагч С.Энхтайванд холбогдуулж гэрээний үүрэг 4,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн талаар үйл баримтыг тодорхойлбол зохигчид 2015 оны 07 дугаар сард уулзацгааж, нэхэмжлэгч Б.Бадамгарав нь өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох авто машины хучлагыг нэг бүрийн үнэ 210,000 төгрөгөөр тооцож, хариуцагчид нийлүүлж байх, хариуцагч С.Энхтайван нь уг бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж заасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний хувьд бичгээр хийх хуулийн шаардлага тавигдаагүй.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийн үнэ, үлдэгдэл төрбөрийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу хариуцагч С.Энхтайван нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 ширхэг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 ширхэг нийт 24 ширхэг машины хучлагыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн талаар баримт хэрэгт /хх 4,5/ нотлох баримтаар авагдсан байх ба хариуцагч С.Энхтайван нь дээрх 24 ширхэг хучлага хүлээн авсан, агуулахад байгаа талаар тайлбартаа дурдаж, барааны үнэд 1,000,000 төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.”, хуулийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж заасан.
Хариуцагч барааг хүлээн авч, урьдчилгаа мөнгө өгсөн нь барааны үнийг хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэл гэж үзэх ба тэрээр худалдан авсан эд хөрөнгийн доголдол болон үнэтэй холбогдуулж барааг хүлээн авахаас татгалзах, гэрээг цуцлах шаардлагыг нэхэмжлэгчид хандан хуульд заасан хугацаанд гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч худалдан авсан барааг буцаан өгч, барааны үнэд төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан авна гэснийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл гэж үзэх ба хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлээ гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн машины хучлагаас гадна худалдсан хоёр ширхэг ноосон хөнжлийн үнэ 90,000 төгрөг, нэг ширхэг эсгий гудасны үнэ 45,000 төгрөг нийт 135,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрсөн болохыг дурдаж байна.
Иймд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 24 ширхэг авто машины хучлагын үнэ 5,040,000 төгрөгөөс /24*210,000/ хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 4,040,000 төгрөг, ноосон хөнжил, эсгий гудасны үнэ 135,000 төгрөг нийт 4,175,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Энхтайванаас 4,175,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бадамгаравт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 81,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтайванаас тэмдэгтийн хураамж 81,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамгаравт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН