| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам,
улсын яллагч Б.Соёлмаа,
хохирогч М.С ,
шүүгдэгч О.Ц , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт О Ц холбогдох эрүүгийн 2010024081109 дугаартай, 187/2021/0081/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Сонгинохайрхан дүүргийн ......дугаар хороо ............. оршин суух,
урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн 201526011381 дугаартай хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1010 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан,
2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 906 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 139 дугаартай МХ-р хэргийг хэрэгсэхгүй болгосон,
2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт О Ц /РД:................................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын гадна Ш.М унаж явсан машин дотор архи ууж байхдаа М.С тай “утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар, нүүр, толгой руу, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний ухархайн ханын далд хугарал, дээд доод, зовхи хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын гадна Ш.М унаж явсан машин дотор архи ууж байхдаа М.С тай “утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар, нүүр, толгой руу, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний ухархайн ханын далд хугарал, дээд доод, зовхи хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч О.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч М.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие цаашдаа О.Ц аас эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гаргуулж авах хүсэлттэй байгаа...надад одоо нотлох баримтаар гаргаж өгөх баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч М.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц би чиний утсыг аваагүй, чиний утсаар яах юм бэ гэж байснаа өө энд байна гэж хэлээд гаргаад ирсэн. Тэгснээ гараараа миний хамар луу нэг удаа цохьсон. Дахиад нүүр толгой орчим гараараа олон удаа цохисон...гэмтлийг Ц надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 26/
4. Хохирогч М.С ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13093/-ний дүгнэлт:
-М.С ын биед баруун, зүүн нүдний ухархайн ханын далд хугарал, дээд доод зовхи хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 14/
6. Гэрч Г.Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содбаяр Ц ыг ээжээрээ овоглодог пизда гээд нүүр рүү нь нулимсан чинь Ц , Содбаяр 2 зууралдаад авахаар нь боль гээд салгасан. Тэгсэн хоорондоо хэсэг байж байгаад дахиад маргалдсан. Юунаас бол маргасан талаар мэдэхгүй байна. Содбаяр Ц ын нүүр рүү дахиад нулимсан чинь Ц аль гараараа цохисныг санахгүй байна Содбаярын нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгсэн Содбаяр машинаас бууж ирээд Ц ай зууралдаад нэг нэгнийгээ гараараа цохихоор нь дахиад салгасан...тухайн үед Содбаярын нүүр нь цус болсон нүд нь хавдсан байсан...уурандаа Ц Содбаярыг нүүрэн тус газар нь машинд болон машины гадна хэд хэдэн удаа гараараа цохьсон...” мэдүүлэг /хх-ийн 29-30/
7. Шүүгдэгч О.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ц нь урьд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн 201526011381 дугаартай хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1010 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 906 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 139 дугаартай МХ-р хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-132/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо. Иймд 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул О.Ц ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13093/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч О.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын гадна Ш.М унаж явсан машин дотор архи ууж байхдаа М.С тай “утас авсан гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хамар, нүүр, толгой руу, гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний ухархайн ханын далд хугарал, дээд доод, зовхи хамрын нуруунд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Ц ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч М.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие цаашдаа О.Ц аас эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гаргуулж авах хүсэлттэй байгаа...надад одоо нотлох баримтаар гаргаж өгөх баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч О.Ц ын хувийн байдал /....32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О Ц ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ц т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч О.Ц ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О Ц ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ц т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. О.Ц т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Ц т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР