| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0170/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч М.Г-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт М-гийн Г-ад холбогдох эрүүгийн 21100018300000 дугаартай хэргийг *******21 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 21100018300000 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3-р хуудас/,
Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нэмэлт материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/,
Шүүгдэгч М.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч М.Г-нь *******21 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******ийн байрны 000 тоотод хохирогч Г.А-ыг “эхнэр Б.Ц-тэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3-р хуудас/,
Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******21 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол нэхмэлийн ажилчдын байранд буюу гэртээ байсан. Би ганцаараа пиво ууж байтал Г-ын эхнэр болох эмэгтэй манай гэрт орж ирээд “юу хийж байгаа юм” гэхээр “пиво ууж байна чи уух уу” гэж хэлтэл “тэгье” гэж хэлсэн. Би пиво хийж өгөөд бид хоёр хамт нэг пиво уучхаад гарах үед уг эмэгтэйн нөхөр гэх Г- гаднаас орж ирээд намайг “давраад байгаа шүү” гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл миний нүд хавдчихсан, одоо нээгдэхгүй байна. Г- манай гэрт орж ирээд намайг давраад байгаарай гэж хэлээд шууд нүүрэн тус газар нэг удаа цохисон. Намайг цохих үед манай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *******21 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо нэхмэлийн компанийн ажилчдын байранд шөнө 12 цагт А-ын гэрт сууц өмчлөгчдийн хорооны мөнгө авах гээд орсон. А- пиво уугаад сууж байсан. Би сууц өмчлөгчдийн хорооны мөнгө асуутал надад “данс руу чинь хийчихье” гэж хэлээд надад пиво хийж өгсөн. Би “уухгүй” гэхэд “чи хэзээ ийм болчихсон юм, найзынхаа хийж өгсөн юмыг голоод байгаа юм уу” гэж хэлсэн. Би за за гээд 2 аяга пиво уугаад байж байтал манай нөхөр Г- намайг коридорт дуудсан. Би “энд байна” гээд коридорт гарсан. Нөхөр хүрч ирээд “чи яахаараа эднийд байдаг юм бэ” гээд надтай маргалдсан. Тэгээд А-ыг “би чиний амьдралд ингэж оролцдоггүй шүү, чи яахаараа миний амьдралд ингэж оролцдог юм бэ” гээд А-ын нүднийх нь доод хэсэгт ганц удаа л цохисон. Тэр хоёр барилцаж аваад А- манай нөхрийн гадуур хувцсыг ураад хаячихсан. М.Г-А-ыг цохихыг харсан, ойр хавьд өөр хүн байгаагүй, А-ын дүү цаад өрөөнд унтаж байсан. Манай нөхөр намайг зодож байгаагүй. Тэр өдөр их орой болчихсон байсан болохоор мэдээж өөрт нь эвгүй байсан байх. Манай нөхөр хувь хүний хувьд сайн нөхөр сайн аав, А- тэр хоёр уул нь сайн найзууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №140 дугаартай шинжээчийн: “...1. Г.А-ын биед зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/,
Шүүгдэгч М.Г-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...*******21 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 12 цагийн үед би ажлаа тараад гэртээ буюу Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо Ажилчдын нэхмэлийн байрны 7 тоотод очиход гэрт маань ах болон манай 2 хүүхэд байсан. Эхнэр гэрт байхгүй байсан. Би коридорт эхнэрийгээ хайгаад нэрийг дуудсан. Гэтэл 5-10 минут болж байгаад А-ын гэрээс эхнэр гараад ирсэн. Эхнэрээс юу хийж яваа талаар нь асуутал пиво уугаад сууж байсан гэж надад хэлсэн. Миний уур хүрээд эхнэртэйгээ хэрэлдээд А-ын гэрт нь ороод үнэн ярьсан эсэхийг нь хараад А- эхнэрийг маань өмөөрөөд байсан. Би “эхнэртэй архи уугаад давраад байгаарай” гээд А-ын нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Би “чиний амьдралд оролцдоггүй шүү А-оо” гэж хэлээд гарсан. Тухайн болсон явдлыг манай эхнэр бид 3 харсан, өөр хүн байгаагүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Дахиж ийм зүйл давтагдахгүй, би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж шаналж байгаа. А- надад хараахан хохиролтой эсэх ээ хэлээгүй байгаа ба түүнд гомдол санал А- хэлсэн, бид хоёр бие биеийнхээ амьдралыг мэддэг хамт ажилдаг улсууд болохоор А- тоохгүй хаячих шиг боллоо. Би тэдний гэрт ямар нэгэн эд зүйл эвдлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч М.Г-нь хохирогч Г.А-той “эхнэртэй нь хамт архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж нүүр рүү цохсоны улмаас хохирогчийн биед “зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Г-нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Г.А-оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Г-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.Г-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хуулийн дагуу шийдүүлмээр байна, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Г-ад ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-ад мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт М-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Г-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР