Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 738

 

С.Баасансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Баасансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Болормаа, Ж.Өлзийсайхан нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Баасансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баасансүх нь А.Болормаагийн дансанд 14 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Хариуцагч А.Болормаа нь 16 удаагийн шилжүүлгээр нийт 6 100 000 төгрөгийг буцаан шилжүүлснээс одоо үндсэн зээлээс 7 900 000 төгрөг үлдэж байна. 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаа өнгөрсөн байгаа, мөн тухайн үед зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулахгүй байна. Тухайн үед аман тохиролцоогоор хүү төлөхөөр харилцан тохиролцсон байсан боловч бичгэзр хүү тохиролцсон гэрэзгээ байгуулаагүй болохоор хүү нэхэмжлэх эрхээ алдчихаад байна. Иймд энэ мөнгийг С.Баасансүх өөрийн ХААН банкны жилийн 6 хувийн хүүтэй хугацаагүй хадгаламжийн данснаас шилжүүлсэн бөгөөд хэрэв энэ мөнгийг бусдад зээлдүүлсэн, эсвэл дансандаа байлгаж байсан бол олох байсан орлого гэж үзэж, дээрх ХААН банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож 2 379 752 төгрөг, мөн өмгөөллийн зардалд төлсөн 1 980 000 төгрөгийг хохиролд тооцож, нийт 12 259 752 төгрөгийг хариуцагч А.Болормаагаас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ж.Өлзийсайхан нь энэ хэргийн хариуцагч биш байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А.Болормаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдэл 7 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар хохирол болон өмгөөлөгчийн зардалд төлсөн төлбөр нийт 4 359 752 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн 2 сарын хугацаатай тохиролцоогүй тул банкны хүүгээр хүү тооцож төлөх үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авч мөнгө төлсөн байх тул энэ зардлыг мөн хариуцахгүй. Нэхэмжлэгч анх үндзслэлгүйгээр 25 сая төгрөг нэхэмжилж өмгөөлөгчтэйгээ өндөр хөлс тохирсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хариуцагч Ж.Өлзийсайханы хувьд энэ зээлийн гэрээг байгуулаагүй зээлийг хариуцаж төлөх этгээд биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Өлзийсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Баасансүхийн нэхэмжлэлтэй, А.Болормаад холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татагдаад байна. Захирамжид дурдагдсанаар зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг А.Болормаагийн эгч Ж.Өлзийсайхан нь дүүгээрээ дамжуулан авч хэрэглэсэн гэжээ. Нэхэмжлэгч С.Баасансүх болон А.Болормаа нар зээлийн гэрээ байгуулсан байдаг юмаа гэхэд энэ зээлийн гэрээнд Ж.Өлзийсайхан би гарын үсэг зураагүй оролцоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч брлон хариуцагч нарын хэнээс нь ч мөнгө авч зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж байгаагүй. Мөн намайг хариуцагчаар татахдаа ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй байх тул хамтран хариуцагчаар татсаныг зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан А.Болормаагаас 10 314 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 945 258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 179 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож,

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Баасансүх, хариуцагч А.Болормаа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийг буцаан төлөх талаар хугацаа тохироогүй гэж үзэх тул хугацаа хэтрүүлсэний хариуцлага хүлээх ба авсан зээлээс буцаан төлөөд үлдэх зээлийн дүн болох 7 900 000 төгрөг дээр маргаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш нэг жилийн хугацаанд зээл эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хүү, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа үнэн зөв тодорхойлоод хуульд заасны дагуу шаардлага гаргасан бол маргаад байх зүйл байхгүй байсан ба хэрэв ингэж маргахгүйгээр шийдвэрлүүлсэн /эвлэрсэн/ байсан бол өмгөөллийн үйлчилгээний зардал нэмж гэргахгүй байсан.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үнэн зөв тодорхойлоогүйгээс шүүхээр маргаж хугацаа алдсаны хариуцлагыг, мөн маргахгүйгээр шийдэх боломжтой зүйлд нэхэмжлэгч өөрийн сайн дураар гаргасан нэмэлт зардлыг хариуцагч А.Болормаад хариуцуулсан нь шүүх маргааны үйл баримт, хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийж чадаагүй, буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 414 500 төгрөгийг хасч буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

Зээлийн гэрээний үүрэгт 7 900 000 төгрөг, хохирол 4 359 752 төгрөг, нийт 12 259 758 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Баасансүх нь хариуцагч А.Болормаа, Ж.Өлзийсайхан нарт холбогдуулан гаргаж, анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хариуцагч А.Болормаа нь зээлийн үлдэгдэл төлбөр 7 900 000 төгрөгийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч А.Болормаа нь 2013 оны 1, 2 дугаар сард 2 000 000 төгрөгийг бэлнээр, дансаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөгийг, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Баасансүхээс зээлж авсан болох нь талуудын тайлбар, ХААН банкны нэхэмжлэгч, хариуцагч нарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хэргийн 5-6 дугаар тал/

 

Зээлийн гэрээний дагуу 6 100 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн болон зээлийн төлбөрт 7 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн ХААН банкны жилийн 6 хувийн хүүтэй хугацаагүй хадгаламжийн данснаас мөнгө шилжүүлсэн тул олох байсан орлого гэж үзэж, ХААН банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож 2 379 752 төгрөг, мөн өмгөөллийн зардалд төлсөн 1 980 000 төгрөг, нийт 4 359 752 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилснээс шүүх хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс 1 980 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн дагуу хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин ХААН банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцон, хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүргийн харилцааг зохицуулсан мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг хэрэглэн 434 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч нь хүү шаардаагүйн зэрэгцээ, түүний 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банктай байгуулсан хугацаагүй хадгаламжийн гэрээ нь хариуцагчид 2013, 2014 онд зээл олгосон хугацаанд хамаарахгүй буюу өөрийн хадгаламжийн данснаас хариуцагчид шилжүүлсэн болохыг нотлохгүй байна. /хэргийн 88 дугаар талд/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчид шилжүүлсэн 7 900 000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэр дээрх ХААН банкны 6 хувийн хүүтэй хугацаагүй хадгаламжийн дансанд байсан, эсхүл уг мөнгийг бусдад зээлдүүлсэн бол олох байсан орлого болох хадгаламжийн хүүгээр хохирсон болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад шүүх дээрх төлбөрийг хохиролд тооцсон нь буруу болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг батлаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00246 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Болормаагаас 9 880 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Баасансүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 379 258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “179 982” гэснийг “173 030” гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгэт зааснаар хариуцагч Ж.Өлзийсайханд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг батал, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Болормаагийн төлсөн 53 600 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                               С.ЭНХТӨР