| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0767/Э |
| Дугаар | 489 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 489
Б.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор О.Багшбаяр,
шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч С.П,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Од холбогдох 201725011364 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б.О, 1994 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ........................ тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ......................./,
Б.О нь Т.О-тэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Sunday” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун дотор иргэн Г.А-ийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy S5” загварын гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Ог бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Од эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Од Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг болох 3 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Од хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, шүүхийн шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор О.Багшбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, ял оногдуулсан байтлаа шүүхийн шийдвэрийг эрх зүйн хэлбэрийн хувьд Шүүхийн тогтоол гэж гаргасан нь хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч С.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт алдаа гарвал засаж залруулж болохоор хуульчилсан. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх талаар урьдчилсан хэлэлцүүлгээр ярилцсан. Уг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар урьдчилсан хэлэлцүүлэгт ярьсан боловч шүүгч ийм шийдвэр гаргасан. Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа нь хэргүүдийг нэгтгэх асуудалд шүүгдэгчид ашигтай гэж үзсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь шүүгдэгчид маш ашигтайгаар зөв туссан. Б.О хохирлоо төлсөн. Иймд прокурорын эсэргүүцэл шаардлага хангахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.
Б.Огийн Т.О-тэй бүлэглэн хууль бусаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Sunday” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуунаас иргэн Г.А-ийн цүнхэн дотроос 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь түүний шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө үйлдэгдсэн хэрэг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дугаар шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон үйлдэл юм.
Энэ тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 57.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж шийдвэрлэгдэх ёстой боловч 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг хассан учраас дээр дурьдсан аргаар нэгтгэх боломжгүй болсон.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял биелүүлэхийг хойшлуулсан ялын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, хууль буруу хэрэглэсэн байсан тул давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан.
Гэтэл тус шүүх нь давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг харгалзахгүйгээр Б.Од ял оногдуулахдаа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Од хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд прокурор О.Багшбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох хэрэгт дээрх үндэслэлийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН