Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0040

 

 

Р.Э-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Р.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.Э, өмгөөлөгч Б.Б

Хариуцагч М.Ц

Хариуцагч Б.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 119/2022/0040/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Э-гаас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Б.Э нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль 5 дугаар зүйлийн 5.1, 28 дугаар зүйлийн 28.5, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 77 дугаар зүйлийн 77.7.3, 79 дүгээр зүйлийн 79.4.3, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э-гийн “Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Миний хувьд Даниста төвд 16 тоот лангуу дээр хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан ба 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 30-нд лангуу дээр бараа зарахаа болиод Цагаанчулуут багт байрлах “Сүлд Од” гэдэг дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн.

3.2. “Сүлд Од” дэлгүүрт мөн л наймаа муудаж, ашиг орлого багатай болохоор нь би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дэлгүүрт ажиллахаа болихоор шийдэж дэлгүүрийн бараагаа 30 хувь хямдруулж М.И гэх хүнтэй /Улаанбаатар хотын иргэн байсан/ чатаар холбогдож, 16 472 500 төгрөгөөр зарсан.

3.3. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би наймаа эрхлэхээ больсноос хойш намайг татварын албанаас тайлангаа явуул гээд удаа дараа шаардаад байхаар нь би өөрөө татварын албан дээр очиж “би лангуу дэлгүүр ажиллуулахаа больсон, намайг татварын тайлан явуул гээд байна, би орлого олохоо больсон байхад татвар төл тайлан явуул гээд хэцүү байна, би НӨАТ-ын татвар төлөгчөөс хасуулмаар байна” гэж хэлсэн. Гэтэл татварын улсын байцаагч Б.Э намайг 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулгаа аваад ир гэхээр нь би хуулгаа аваачиж өгсөн.

3.4. Миний хувьд өөрийгөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаагүй НӨАТ-ын татвар төлөгчөөс хасуулмаар байна гэдгээ л амаар хэлсэн, гэтэл миний дансны хуулгыг аваад шалгаад 2021 онд 97 467 709 92 төгрөгийн борлуулалтын орлого, 5 918 663 68 төгрөгийн худалдан авалт, 2022 онд 2 798 100 00 төгрөгийн борлуулалтын орлого, 171 818 00 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй тул 9 417 532 82 төгрөгийн нөхөн татвар, 3 767 013 13 төгрөгийн торгууль, 364 096 35 төгрөгийн алданги, нийтдээ 13 548 642 3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байсан.

3.5. Татварын улсын байцаагч нарын НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцооны 3 дугаар хэсэг: Борлуулалт болон түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын жагсаалтад намайг 2021 оны 12 дугаар сард нийт борлуулалт 97 467 709 92 төгрөг орлого олсон үүнээс ногдох НӨАТ 9 746 770 99 төгрөг, НӨАТ ногдох борлуулалт нь 97,467,709.92 төгрөг орлого олсон үүнээс ногдох НӨАТ 9 746 770 99 төгрөг гэж үндэслэлгүй борлуулалт орлого гаргаж ирээд түүнийгээ үндэслээд ийм их хэмжээний татвар, торгууль алданги тооцчихсон байсан.

3.6. Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ямар нэгэн орлого олоогүй борлуулалт хийгдээгүй болох нь миний дансны хуулга, мөн татварын албанд гаргаж өгч байсан тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, М.И-той харилцаж байсан мессеж зэргээр тогтоогдоно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8-14 дэх хэсгүүдэд эрсдэл, томилолтын талаар дурдаж татварын улсын байцаагч нар хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Гэтэл татварын улсын байцаагч нар татварын эрсдэлийн газраас сүүлд нөхөж 52 оноотой эрсдэлтэй гэсэн бичиг авсан ба хяналт шалгалт эхлүүлэх үед эрсдэлтэй огт тогтоогдоогүй байсныг, мөн нэхэмжлэгч ярилцлагын тэмдэглэл, эрх үүрэг, томилолтыг анх уулзахдаа танилцуулаагүй талаар тодорхой хэлж байгааг анхаарч үзэхгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

3.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15-21 Татварын ерөнхий хуулиар торгосон нь үндэслэлтэй иргэнийг торгохдоо Зөрчлийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Татварын байцаагч нарын Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг тусгай зарчмууд, мөн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” зэрэг журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги тооцсон. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг нь дотроо 73.1.1, 73.1.2 гэсэн 2 дэд хэсэгтэй бөгөөд татварын улсын байцаагч нар тус дэд хэсгийн аль хэсгийг нь баримталж байгааг, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйлийн хэд дэх хэсэгт заасан ямар зөрчил үйлдсэн, тэр зөрчилд нь хэдэн төгрөгийн торгуулийн арга хэмжээ, алданги тооцож байгаа нь тодорхойгүй байна.

3.9. Надад ногдуулаад байгаа торгууль нь Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулийн аль хэсгээр ямар зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа эсэх, бодит төлөгдөөгүй татвар нь хэд болох, тооцооллыг үнэн зөв тооцож торгуулийг тогтоох зэрэг бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь шийдвэрт нөлөөлсөн.

3.10. Татварын улсын байцаагч нар миний ажиллаагүй буюу орлого олоогүй сард их хэмжээний үндэслэлгүй татвар ногдуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5. дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “зайлшгүй байх”, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх” зэрэг татварын зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

3.11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар намайг торгохдоо шийтгэлийн хуудсаар биш нөхөн ногдуулалтын актаар торгож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, прокурорын хяналтаас гадуур бусдын эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдаж байгаа ноцтой зөрчил юм.

3.12. Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зөрчил илэрсэн гэж үзсэн бол уг хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж зөрчлийн хэрэг нээн прокуророос хэргийн дугаар аван, хяналтад оруулж шийдвэрлэх ёстой байсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргээ биелүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэжээ. Тэгэхээр татварын улсын байцаагч нар зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг нээн, прокуророос хэргийн дугаар авч, түүний хяналтын дор зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулж, зөрчил гэж тогтоогдсон тохиолдолд торгууль, алданги, нөхөн татвар зэргээ тодорхойлох байсныг зөрчсөн байна.

3.13. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дах хэсэгт “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19... заасан зөрчил”-ийг шалгахаар харьяалал тогтоосон байхад энэ үүргээ биелүүлэхгүй зөрчил шалгахгүйгээр шууд нөхөн ногдуулалтын актаар торгосон нь үндэслэлгүй болжээ. Хэрэв татварын улсын байцаагч нар энэ хуулийг баримтлан прокурорын хяналт дор шалгасан бол хууль бус, буруу тооцоололтой, татвар, торгууль оногдуулж миний эрх ашигт сөргөөр халдах үндэслэл гарахгүй байх байсан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

3.14. Мөн нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарын урд гаргаж байсан нөхөн ногдуулалтын актыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх өөр хэргийн хамааралтай нотлох баримт тул шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үндэслэлгүй дүгнэн хүлээж авахгүй буцааж өгсөн. Татварын улсын байцаагч нар ямар үед Зөрчлийн тухай хууль хэрэглээд торгож болдог ямар үед нь Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр шууд Татварын ерөнхий хуулийг баримтлаад торгож болдог вэ? гэсэн мэтгэлцээний чанартай баримт байсан боловч шүүх хүлээж аваагүй. Эндээс дүгнэхэд татварын улсын байцаагч нар нь хуулийг өөрийн үзэмжээр хэрэглэж хууль хэрэглээний ноцтой гэж дүгнэж болохоор алдаа зөрчил гаргаж байгааг шүүх үнэлсэн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах байсан.

3.15. Татварын улсын байцаагч нар 100 265 809 төгрөгийн борлуулалтын орлогоо хэрхэн гаргаж ирсэн талаар нотолж чадахгүй байхад шүүх ийм хэмжээний борлуулалтын орлого олсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс энэ талаар хариуцагч нараас асуухад тодорхой хариулт өгөөгүй, мөн миний үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа эсэхийг дахин дахин нэмж асуухад зөрчил гэж үзэж байгаа эсэхээ тодорхойлж чадахгүй байгааг шүүх анхаарч үзээгүй нь шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

3.16. Татварын улсын байцаагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт нь хууль, тогтоомжийг илтэд зөрчиж гарсан, эрх зүйн зөрчилтэй акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгох боломжтой байсан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Б.Э нар Р.Э-гийн 2020 оны 12 дугаар өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 100 265 809 9 төгрөгийн зөрчилд 9 417 532 82 төгрөгийн нөхөн татвар, 3 767 013 13 төгрөгийн торгууль, 364 096 35 төгрөгийн алданги, нийт 13 548 642 3 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            2.2. Нэхэмжлэгч Р.Э-гаас дээрх актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон төлбөрийг 1 371 533 21 төгрөгөөр бууруулан 12 547 360 31 төгрөг болгон” өөрчилжээ.

            2.3. Нэхэмжлэгч Р.Э нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Татварын хэлтэст “...сүүлийн 12 сарын борлуулалтын орлого 50 000 000 төгрөг хүрээгүй” гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасагдах хүсэлтийг гаргасан байна.

            2.4. Орхон аймгийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоохоор Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2022400708 дугаар томилолтоор 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан хяналт шалгалтыг явуулж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

            2.5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эцсийн хэрэглэгчээс авах татварыг дангаар үүрэх болсон нь хүндрэлтэй байна, ... эцсийн хэрэглэгчдээс авах татварыг би хэрэглэгчдээс аваагүй. Бараа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн ашиг харж зардаг байсан...” гэж тайлбарлан маргах бөгөөд анхан шатны шүүхээс “...Нэмэгдсэн өртгийн албан татвар нь хэрэглээнд төлж байгаа татвар бөгөөд эцсийн хэрэглэгчийн төлж буй татвар ба барааг борлуулж буй этгээд тухайн татварыг суутган авч цуглуулан татварын албанд төлдөг онцлогтой, ... татвар суутган төлөгч Р.Э нь татварын хууль тогтоомжид заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь хуульд нийцсэн” гэж үндэслэлтэй, зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            2.6. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд  нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж хуульчилсан байна.

            2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтын бүх орлогоос суутган авахаар байна.

            2.8. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч нар 100 265 809 төгрөгийн борлуулалтын орлогоо хэрхэн гаргаж ирсэн талаар нотолж чадахгүй байхад шүүх ийм хэмжээний орлого олсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

            2.9. Хариуцагч татварын улсын байцаагчаас тооцооллын тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн төдийгүй “...2021 оны Хаан банкны 5094329074 дугаар дансны орлогуудаас дансаар шууд орсон 65 940 858 99 төгрөг, АТМ-ээр орсон 31 204 570 13 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 407262547 дугаар дансаар орсон 56 682 326 13 төгрөг, нийт 153 827 755 25 төгрөгийн орлогыг үйл ажиллагаанаас олсон орлогоос түүвэрлэсэн. Дансны орлогуудыг түүвэрлэхдээ Р.Э-гийн Хаан банкны 5094329074 дугаар дансаар лангууны үйл ажиллагаатай холбоогүй гүйлгээнүүдийг түүвэрлүүлэн гаргуулж тооцсон” буюу тооцоолол дээр өөртэй нь тулгалт хийсэн байх тул хариуцагчийн хийсэн тооцооллыг буруутгах боломжгүй.

            2.10. Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.14-д ““нөхөн ногдуулалтын акт” гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг” ойлгохоор хуульчилжээ.

            2.11. Тодруулбал, нэхэмжлэгч “2021 онд 97 467 709 92 төгрөгийн борлуулалтын орлого, 5 918 663 68 төгрөгийн худалдан авалт, 2022 онд 2 798 100 00 төгрөгийн борлуулалтын орлого, 171 818 00 төгрөгийн худалдан авалтыг тус тус тайлагнаагүй” болох нь Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж тус тус заасан татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон байгаа энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нарыг нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

            2.12. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагч нар намайг торгохдоо шийтгэлийн хуудсаар биш нөхөн ногдуулалтын актаар торгож байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, прокурорын хяналтаас гадуур бусдын эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдаж байгаа ноцтой зөрчил” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН