Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 15-06 тоотод оршин суух Б овогт Э.М

Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хд хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Г.Х, нарийн бичгийн дарга И.З, гэрч Э.Ц, С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Ажиллаж байх хугацаандаа төрийн ажлыг цалгардуулж байсан удаагүй удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж байсан боловч тус газрын удирдлагууд ажилд томилогдсон цагаас эхлэн үүрэг даалгавраар дарж, тухайн ажлыг цаг хугацаанд нь өгдөггүй гэсэн шалтгаанаар үндсэн ажлын чиг, хийх үндсэн үүргийг гүйцэтгүүлдэггүй байсан. Өөрөөр хэлбэл мэргэжилтний ажлын ачаалал, бодит байдлыг огт хардаггүй. Хэлтсийн дарга Э.Ц нь үргэлж захирангуй дээрэнгүй байдлаар хандаж хараалын үг хэллэгээр дайрч доромжлон ялгаварлан харьцдаг. Энэ байдал нь жилийн хугацаанд давтагдсан. Хэлтсийн мэргэжилтнүүд Э.Цд холбогдуулан түүний ёс зүйн талаарх өргөдлийг байгууллагын ёс зүйн хороонд албан ёсоор өгсөн боловч газрын удирдлагууд авч хэлэлцээгүй. Миний хувьд удирдлагуудын харилцаа, хандлага нь үндсэн ажил үүргээ биелүүлэхэд сэтгэл зүйн дарамт шахалт болдог байсан. Байгууллагын дарга, дэд дарга нарт тухайн мэргэжилтэн үгэнд орохгүй байгаа, үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа гэсэн ташаа ойлголтыг удаа дараа төрүүлж, байгууллагын ёс зүйн хороонд байнга ховын чанартай гомдол гаргаж, хурал цуглаан дээр үргэлжид шүүмжлэлд намайг өртүүлж ирсэн.

... Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн ажил, харьяа хэлтэс агентлагтаа муу үнэлэгдэн чичлэгдэж буй талаар хурал болгон дээрээ ярьж, мэргэжилтнүүдийн буруу хэмээн загнадаг ч газрын удирдлагууд болон хэлтсийн дарга хагас бүтэн жилээр шилдэг ажилтан болж, үр дүнгийн урамшуулал авч байгаа нь мэргэжилтэн бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэв миний ажил “F” үнэлгээ авахаар байсан бол намайг хариуцаж харьяалж байсан хэлтсийн дарга, газрын даргын надтай холбоотой ажил мөн хэмжээгээр үнэлэгдэх байх гэж үзэж байна. ... Энэ тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байх ба намайг хууль бусаар ажлаас чөлөөллөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл намайг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Би ажлаа зохих ёсоор нь хийж байсан ба ямар байдлаар ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хэлтсийн дарга Э.Цтай ажил хэргийн хувьд зарим асуудал дээр санал зөрөлддөг байсан нь үнэн. Би үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа ба намайг зориудаар ажлаас чөлөөлөх гэж миний гэрээг үндэслэлгүйгээр дүгнэж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. ... Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж байсан. Би ажлын 8 цагтаа оногдсон ажлаа үр дүнтэй хийж байсан. Хэлтсийн дарга Э.Цтай би ганцаараа таардаггүй биш. Тухайн хэлтсийн мэргэжилтнүүд даргыг хүнээ удирдаж чадахгүй байгаа талаар гомдол гаргаж байсан. Яагаад ийм асуудал үүсээд байгаа талаар нэг удаа бүгдээрээ ярилцаж байсан. Компьютер дээр хийж байсан зүйлүүдээ устгасан нь үнэн. Би өөрөө боловсруулж хийсэн зүйл учраас миний хувийн зүйл гэж үзсэн. Харин хэлтсийн дарга Э.Цтай ажлын улмаас үл ойлголцох байдал гардаг. Үүнээс болж 2018 оны жилийн эцсийн үр дүнг муу гэж үнэлсэн. Энэ нь эхний судалгааг гаргаж амжаагүй байтал дараагийн судалгаагаар дардаг. Судалгаа гаргана гэдэг бол их ажил шаарддаг зүйл. Тухайлбал ажлын цаг дуусаад гарах гэтэл одоохон үүнийг гарга гэх мэтээр загнах зандрах байдлаар харьцдаг. Энэ нь миний үндсэн үүрэгт ажил мөн боловч Ц нь хувийн үзэл байдлаар харьцаж асуудал үүсвэл Маас боллоо гэж дээгүүр доогуур гүйдэг. Бид хоёрын хувьд хувийн өс хонзон байхгүй. Даргатайгаа зөрчилддөг бас нэг шалтгаан нь гэвэл надаар хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр ажил гүйцэтгүүлэхийг шаарддаг явдал. Уг нь бол энэ ажил дарга Цгийн өөрийнх нь үндсэн ажил юм. Би Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сайнцагаан сумын 30 аж ахуй нэгжийн судалгааг хийгээгүй нь үнэн. Сумдуудыг бол хийсэн. Үнэлгээн дээр гарын үсэг зурахыг дэд дарга С шаардсан. Би үнэлгээгээ дахин хамгаалъя гэхэд дарга Х хамгаалуулахгүй гэсэн. 2013 оноос эхлэн энэ салбарт эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж байгаа болохоор цаашдаа үргэлжлүүлэн ажиллана, өөрийгөө чадвартай гэж үзэж байна. Дарга нартайгаа бол хэрэлдэггүй. Дарга Цгийн гаргасан гомдлыг өмнө нь танилцуулаагүй байж байгаад 31-ний өдрийн хурал дээр шууд хэлэлцээд явсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр F үнэлэгдсэн гэдгээ мэдсэн. Бид бол хугацаанд нь үр дүнгийнхээ илтгэх хуудсыг хураалгадаг. Гэвч ямар дүгнэгдсэн нь тодорхойгүй байдаг. Зарим мэргэжилтнүүд дансанд нь мөнгө орж ирвэл өөрийгөө гайгүй үнэлэгдсэн юм байна гэж ойлгодог. Энэ нь ганц 2018 оны хувьд биш  өмнөх жилүүдэд ч ийм байсан. Цахимд тавьдаг гэж байна. Үүнийг бол би хараагүй. Би цаашдаа анхаарч ажиллана.

Иймд Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2018.12.31-ний өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байна. Миний үйлчлүүлэгч Э.М 2013 оноос Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болоод Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Болсон үйл явдлын талаар талууд ярьсан болохоор маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар хэлье. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э.Мыг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2, 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн халсан байдаг. Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ заалтыг удаа дараа албаны үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно. Хариуцагч маргаан бүхий актынхаа үндэслэлийг 2017 оны хагас, 2018 оны бүтэн жилээр үр дүнгийн гэрээгээ F үнэлгээтэй үнэлүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч 2018 оны үр дүнгийн гэрээгээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мд танилцуулсан байдаг. Гэрээнээс үзвэл 12 дугаар сарын 25-ны өдөр гарын үсгийн тайлалгүй гэрээн дээр гарын үсэг зураад тамга дарсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн гарын үсэг юм байна гэдэг таамаглал байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гэж бичээд илтгэх хуудас дээр үнэлгээ өгсөн Хэнчбиш гэж байна. Эндээс 19-ны өдөр дүгнэгдсэн нь харагдаж байна. Харин танилцуулах ажлыг 12 дугаар сарын 31-ний өдөр хийсэн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх” 2012 оны 134 дугаартай тогтоол байдаг. Уг тогтоолын 3 дугаар хавсралтаар энэ журмыг баталсан. Журмын 5 дугаар хэсэгт гэрээний хэрэгжилтэд хяналт тавихыг заасан байна. 5.3-т Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам, харин энэхүү журмын 2 дугаар хавсралтын “Илтгэх хуудас”-аар бүтэн жилээр тус тус гаргаж, менежерт тайлагнана гэж байна. Гэтэл 2017 оны хагас жилийн гэрээний тайлангаа ямар хэлбэрээр авсан нь тодорхой байна. Иймээс энэ үнэлгээ нь хамааралгүй гэж үзэж байна. Мөн журмын 6.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин хэлэлцэнэ гэж заасан байхад тухайн байгууллага энэ заалтыг хэрэгжүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний дүнг Мд танилцуулсан ба үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, тайлбараа өгье гэхэд нь хүлээн зөвшөөрөхийг тулган шаардаж Үндсэн хуульд заасан өөрийгөө хамгаалах эрхэнд нь халдсан. Х дарга энэ ажлыг 2016 онд хүлээн авсан. Би ийм дарангуйлагч дарга болно гэж бодоогүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүнийг нь бичгээр аваад хавсаргачихад л болох байсан юм. Сая хариуцагч гэрээний үнэлгээг нэг бүрчлэн хүн бүрд нь танилцуулах албагүй гэж байна. Түүнийг ийм бүдүүлэг үйлдэл гаргаж байгаад нь харамсаж байгаагаа хувь хүнийх нь хувьд хэлье. Гэтэл журмын 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж бий. 2017 оны хагас жилийн үнэлгээнд М гарын үсэг зураагүй, 2018 оны хагас жилд мөн л адил гэрээ тайлагнасан болон үнэлгээ өгсөн хүмүүс гарын үсгээ зурдаггүй. Мөн ямар үнэлгээ аваад байгаагаа мэргэжилтнүүд мэддэггүй. Хэлтсийн дарга Цгийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг үзвэл 11 сарын 20-ны өдөр дүгнэгдээд 12 сарын 20-ны өдөр урамшууллаа авсан байна. Гэтэл заримынх нь таг чиг байж байгаад Мын тухайд 12 сарын 31-ны өдөр танилцуулагдсан байна. Энэ үнэлгээг зохион байгуулалттайгаар байгууллагын ёс зүйн хороо, дарга нарын дэргэдэх зөвлөлөөр оруулж хэлэлцсэн. Гол хэлэлцэх үндэслэл нь хэлтсийн даргатай таардаггүй явдал. Өнөөдөр хурал дээр хариуцагч, гэрч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэж тайлбарлах боловч ямар даалгавар өгсөн, яагаад биелүүлээгүй гэдэг талаар хэргийн материалд баримт алга.

Шүүхэд дарга нарын дэргэдэх зөвлөл болон ёс зүйн хорооны тэмдэглэл ирсэн байна. Ёс зүйн хорооны хуралдаан нь 15 цаг 30 минутад эхлээд 16 цаг 20 минутад дууссан байна. Дарга нарын дэргэдэх зөвлөлийн хуралдаан нь 14 цаг 20 минутад эхлээд 16 цаг 50 минутад дууссан байна. Хүний амьдралтай холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа юм чинь яагаад цаг хугацаагаа зөв бичиж болдоггүй юм бэ. Энэ бол та нарын хариуцлагатай холбоотой. М 21 цаг өнгөрч байхад дууссан гэдэг. Хариуцагч төрийн албан хаагчийн утас 24 цаг нээлттэй байх ёстой гэж байна. Үүнийг зохицуулсан ямар хууль байна вэ. Утсаа хаасны төлөө энэ хүн хариуцлага хүлээж байгаа юм уу. Хэрвээ томилолтоор явж байгаа бол явах гэж байгаа хүнд нь урьдчилан хэлж, удирдамж төлөвлөгөө, томилолтыг нь батлуулаад явах ёстой байх. Нэг өглөө шууд л өнөөдөр хөдөө ажлаар явъя гэхгүй байх. Хариуцагч тухайн өдөр М томилолтоор хөдөө яваагүй нь ажлаа гүйцэтгээгүй нэг үндэслэл нь гэж байна. Ийм зүйл ярьж болохгүй. Үнэхээр урьдчилан хэлсэн байхад нь утсаа хааж, архи уугаад алга болсон бол хариуцлага яригдана. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх” 2012 оны 134 дугаартай тогтоолоор батлагдсан журмын дагуу үр дүнгийн гэрээг дүгнээгүй байж, Мыг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Маргаан бүхий акт нь Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2, 5.4.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Байгууллагын ёс зүйн хороо Хэлтсийн дарга Э.Цгаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гомдлын дагуу бүхэл бүтэн 2 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг. Үүнд нийцүүлэн Төрийн албаны зөвлөл 2010 онд 129 дүгээр тогтоолын хавсралтаар төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам баталсан. Ёс зүйн хороо Э.Мыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2-т заасан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаагүй гэж үзсэн байна.

Гэтэл Э.М нь ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нь баримтаар тогтоогддог. Мөн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-д заасан захирах, захирагдах ёсыг баримтлаагүй гэж байна. Уг нь бол ёс зүйн хороо энэ асуудлыг шалгах ёстой. Тухайлбал М хугацаатай албан бичгийг хугацаанд нь явуулаагүй, явуулахыг шаардахад өөдөөс нь хэрэлдсэн бол хажууд нь байсан гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх ёстой байсан. Мөн дүгнэлт нь нэг гэсэн дугаартай байхад тэмдэглэл нь дөрөв гэсэн дугаартай байна. Бодоход үүнээс өмнө 4 удаа ёс зүйн хороо хуралдсан юм шиг байна. Журамд зааснаар бол хуралдах бүрд дүгнэлт гарахаар ойлгогдож байна. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4.3-т төрийн захиргааны албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан ёс зүйн хорооны дүгнэлтийг Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримт материалын хамт хүргүүлнэ гэж заасан байна. Энэ заалтаас үзвэл ёс зүйн хорооны дүгнэлтийг төрийн албаны салбар зөвлөл эхэлж хэлэлцээд дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий албан тушаалтанд холбогдох баримтын хамт хүргүүлэх ёстой юм. Мөн журмын 5.1-д томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах шийдвэр гаргана гэж байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглээгүй, хуулийг буруу ойлгон 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар ажлаас халсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 15.1.4, 26.1, 27.5, 27.6, 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин 2549745 төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэв.

  Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... М нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажилладаггүй. Байгууллагын нэрээ мэддэггүй юм байна. М нь удирдлагатайгаа таардаггүй, үүрэг даалгаврыг биелүүлдэггүй талаар нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Энэ нь түүнийг ямар хүн болохыг нь нотолж байна. 2017 оноос миний бие Мыг дэмжиж ирсэн. Гэтэл энэ хугацаанд М нь өөрийгөө хөгжүүлдэггүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаагүй. Өглөө ирж цаг бүртгүүлээд өдрийг өнгөрөөсөн байдлаар цалин аваад явдаг. Э.Цгийн талаар мэргэжилтнүүд асуудал гаргаж тавьж байсан. Гэвч энэ нь баримтгүй байсан. Э.Ц нь төрийн ажлыг хийлгүүлэх гэж мэргэжилтнүүдээс баримт бичгийг шаарддаг байсан болохоос биш ямар нэг хувийн ёс зүйтэй холбоотой асуудлыг гаргаж байгаагүй юм. Тийм болохоор хариуцлага тооцоогүй. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаар удирдах, удирдуулах ёсны зарчмыг баримталж ажиллах ёстой. Мыг ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс халаагүй. Төрийн албыг түргэн шуурхай явуулах гэж халсан юм. Зөвхөн тендерийн гэрээ биш, тайлан төлөвлөгөө гэх мэт хийж байсан бүх бичиг баримт нь байх ёстой. М өнөөдөр тухайн үед хийж байсан ажлууд миний хувийн зүйл байсан гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Төрийн албан хаагч баримтаа устгах ёсгүй. Ажлын байранд заасан ажил үүргийнх нь дагуу гүйцэтгэсэн ажлыг нь хүлээж авахыг хүссэн. Гэвч юу ч байгаагүй. Хэдэн зураг, ганц хоёр файл байсан. 2018 оны 2 сард болсон сургалтан дээр хэлтсийн даргатайгаа Мыг олон хүний нүдэн дээр хэрэлдэж байгаа талаар надад олон хэлсэн. Мөн утсаар хэлтсийн даргатайгаа хэрэлдэж байхыг би сонссон. 2018 оны үнэлгээг итгээд өөрсдөөр нь үнэлүүлсэн. Би нэг удаа итгэл үзүүлж энэ үнэлгээг нь баталгаажуулсан. Ер нь бол процессын хувьд эхлээд өөрсдөө үнэлээд хэлтсийн даргадаа танилцуулж, холбогдох дарга нь үнэлгээг үзэж тухайн үнэлгээ нь өөрийнх нь гүйцэтгэсэн ажилд нь тохирч байгааг нь хянаж саналаа гаргадаг. Миний хувьд 2018 оны 12 сарын 10-ны өдөр үр дүнгийн гэрээгээ ирүүлэхийг шаардсан боловч Хөдөлмөрийн хэлтэс 15-ны өдөр ирүүлсэн. М ямар дүгнэгдсэнээ өөрөө мэддэг. Мөн хэлтсийн даргаасаа 12 сарын 20-ны өдөр эцсийн байдлаар дүгнэгдсэн байсан. Газрын даргын хувьд гэрээг хэрхэн дүгнэсэн талаарх дүнг мэргэжилтнүүдээ мэдэгдэх үүрэгтэй хэдий ч нэг бүрчлэн уулзаж мэдэгдэх боломж байдаггүй. Жагсаалтыг хэлтсийн дарга нарт өгч цахимд байршуулдаг. Өөрсдөө харах боломжтой, асуух үүрэгтэй. Мд үнэлгээг нь 12 сарын 28-ны өдөр танилцуулсан. Ёс зүйн хорооны дүгнэлтийг тушаалд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Цгийн гомдлыг хүлээж аваад Хөдөлмөрийн хэлтэст 11 сар хүртэл үүрэг өгөөд харсан. Гэвч тухайн хэлтсийн ажил сайжраагүй учир гомдлыг 31-ний өдөр хэлэлцүүлсэн. Ёс зүйн хорооны болон дарга нарын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлийн цаг хугацааны тухайд энэ бол бичвэрийн алдаа юм. Хоёр өөр цаг хугацаанд явагдсан. Хуучин хөдөлмөрийн хэлтэс нэртэй байгууллага байхад М мэргэжилтнээр ажиллаж байгаад улмаар энэ хугацаанд хүүхэд төрүүлж, дараа нь буцаж ажилдаа орохдоо нярав болсон байдаг. Энэ нь түүнийг ажлын чадваргүй болохыг харуулсан байдал. Ес зүйн хороо бол санал гаргадаг. Саналыг албажуулах эсэх нь даргын асуудал. Ерөнхийдөө энэ саналд тушаалыг үндэслэсэн гэж ойлгож болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр халсан. Энэ нь үр дүнгийн гэрээгээ 2 удаа хангалтгүй үнэлүүлсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэл юм. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн гэх боловч голчлон оролцоогүй гэдгийг нь би мэдэж байна. О, Б, М нарын ажил нөгөө хоёр мэргэжилтэнтэй нь харьцуулбал цаг хугацаанд нь ажлаа амжуулаад байвал харьцангуй хөнгөн. Хариуцсан ажлаас нь өөр ажлыг бид хэзээ ч нэхдэггүй. Үнэлүүлчихээд сүүлд нь дахин хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зорилтод тусгагдсан 4 асуудал, 4 дүгээр зорилтод тусгагдсан 2 асуудлыг М гүйцэтгээгүй. Ц бол идэвхитэй албан хаагч. Цг ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулж нэг удаа хамт олных нь өмнө амаар сануулж байсан удаатай. Ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тайлбарласан байдаг. Үүнийг баримталсан. Мын хариуцан хийж байсан ажил одоо хүртэл хийгдээгүй байгаатай холбогдуулан төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан бий. 2017 оны хагас жилийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэж байна. Тухайн үед нь хариуцлага тооцсон. Үүндээ санал гомдол гаргаагүй учир өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Сонсох ажиллагааг явуулсан. Энэ тухай баримт байгаа боловч шүүхэд өгөөгүй. Шаардлагатай гэвэл өгч болно.  2017 оны бүтэн жилээр /F/ 53 оноо авах гэж байхад нь түүний гуйлтаар 73 болгож гаргаж байсан. Үүнийг одоо худлаа гэх гэж байгаа бол би энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй. Өөрийнхөө төлөө хэлтсийн даргатайгаа хамтарч ажиллаж чадаагүй байж өнөөдөр хууль зөрчсөн гэж бидэн рүү бухаж байна. Хоёр тэмдэглэлийн цаг хугацааны бичвэрийн алдаа нь тухайн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл биш. Хуульд заасан хугацаанд Э.Цгийн гомдлыг шийдсэн. Өмнө нь хийж байсан баримт бичгээ устгаж байгаа хүнийг цаашид төрийн албанд ажиллана гэхэд итгэхгүй байна. Нэхэмжлэгч Э.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.    

                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.М нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хд холбогдуулан гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гэрч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэдүүлгийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Э.Мыг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “... ажилд томилох тухай” Б/75 дугаартай тушаалаар тус газрын хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/78 дугаартай тушаалаар ажлаас халсан байна. /хавтаст хэргийн 6, 80-р хуудас/

Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Э.Мыг ажлаас халах тухай” Б/78 тоот тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2, 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2 дахь хэсэгт “ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах”, 5.4.4 дэх хэсэгт “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэж тус тус заажээ.  

1.Хариуцагчийн бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан “... Э.Мын хувьд удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2017 оны хагас жилээр үр дүнгийн гэрээний биелэлтээ хангалтгүй буюу F үнэлүүлсэн. Энэ зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээж байсан ...” гэх тайлбарын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан албан хаагч удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа дараа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан сахилгын зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхыг шаарддаг байна.  

Э.М нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай “Э.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлэгдсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд энэ шийтгэл хүлээсэн өдрөөс хойш хуанлийн нэг жил бүтэн өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Э.Мд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дууссан, мөн энэ хугацаанд дахин зөрчлийг гаргаагүй байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцохоор байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. /хавтаст хэргийн 36-р хуудас/

2. Хариуцагчийн “... Э.Мын 2018 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан үүрэг чиглэл буюу 2018 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийн 5.1 дэх заалт буюу цалин хөлсний үзлэгийг зохион байгуулаагүй. 2018 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ F буюу хангалтгүй үнэлүүлсэн...” гэх тайлбарын тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх журмын 6.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин хэлэлцэнэ гэж заасан байхад уг заалтыг зөрчиж, “... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний дүнг Мд танилцуулж хүлээн зөвшөөрөхгүй, тайлбараа өгье гэхэд нь хүлээн зөвшөөрөхийг тулган шаардаж Үндсэн хуульд заасан өөрийгөө хамгаалах эрхэнд нь халдсан...” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч Э.Мын “... Сайнцагаан сумын 30 аж ахуй нэгжийн судалгааг хийгээгүй нь үнэн. Сумдуудыг бол хийсэн ...” гэх тайлбар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төсвийн ерөнхийлөн захирагч болон Дундговь аймгийн Засаг даргын хооронд хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, санхүүжилтийн талаар 2018 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн 5.1-д “нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллагуудад шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгохыг мөрдүүлж хэвшүүлнэ” гэж тусгагдсан ажлын үзүүлэлт нь 40 хувиар үнэлэгдэн тайлагнасан байдал зэргээс үзвэл Э.М нь 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн 2.1.1-д тусгагдсан ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй байна. Гэвч энэ зөрчил нь Э.Мыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халах үндэслэл биш юм. Тодруулбал хариуцагч гаргасан зөрчлийнх нь шинж байдалд тохирсон шийдвэрийг гаргаагүй байна. /хавтаст хэргийн 37-58, 89-90-р хуудас/

3. Хариуцагчийн “... 5.2 заалт буюу хөнгөн үйлдвэрийн салбарт үзлэг зохион байгуулах ажлыг хугацаанд нь зохион байгуулаагүй, ... Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн гэх боловч голчлон оролцоогүй гэдгийг нь би мэдэж байна...” гэх тайлбарын тухайд:

Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/439 тоот захирамжаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Э.М, нэр бүхий 7 гишүүнийг томилсон байна. Тухайн үед гишүүнээр ажиллаж байсан гэрч Н.Дгийн “... Би Э.Мтай ажил олгогч, аж ахуй нэгжүүдээс авах судалгааг нэгтгэх, дүн шинжилгээ хийх ажил дээр баг болж хамтарч ажилласан юм. ... бид хоёр хамт баг болж амралтын өдрөөр хүртэл ажиллаж тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Авсан мэдээндээ тулгуурлан номонд оруулах график мэдээллийг бэлтгэх ажил дээр Э.М голлох үүрэгтэй ажилласан. ... бид тогтоосон хугацаанд ажлыг хийсэн, хугацаа хоцорсон зүйл байхгүй. Дундговь аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа 2018 гэсэн ном гарсан байгаа. Тэр номын 16-19 дүгээр хуудсанд бидний хийсэн ажил хэвлэгдсэн”, гэрч Р.Лийн “... Э.М ажлын хэсэгт орж ажилласан. Хөнгөн үйлдвэрийн салбарт удирдамжийн дагуу хийсэн ажлын үзлэгийн тэмдэглэл хөтөлж байсан...”, гэрч Ж.Зын “Э.М Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас орж ажилласан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт явуулахад үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар асууж тодруулах чиглэлтэй ажиллаж байсан юм. 2018 оны 10 сард багтаж тайлангаа өгөх ёстой байсан. Хугацаандаа гаргасан гэж үзэж байна...”, гэрч П.Нгийн “... Э.М тухайн ажлын хэсэгт орж ажилласан. Өөрт холбогдох үүргээ биелүүлж байсан. Ямар ч байсан тайланг хугацаанд нь гаргасан гэж үзэж байна” гэх тус тусын мэдүүлэг, Дундговь аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа 2018 номын хавсралт дөрөвт тусгагдсан нэрсийн жагсаалтаас үзэхэд мөн хариуцагчийн дээрх тайлбар нь үгүйсгэгдэж байна. /хавтаст хэргийн 128-133, 218-219-р хуудас/

4. Хариуцагчийн “Ес зүйн хороо бол санал гаргадаг. Саналыг албажуулах эсэх нь даргын асуудал. Ерөнхийдөө энэ саналд тушаалыг үндэслэсэн гэж ойлгож болно...” гэх тайлбарын тухайд:

Дундговь аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ёс зүйн хороо 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Цгийн гаргасан гомдлыг хэлэлцэж, Э.М нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.2, 5.4.4 дэх заалт, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/114 тоот тушаалаар батлагдсан Ёс зүйн дүрмийн 3.17, 3.21 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлт гаргажээ.  

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Цгаас ёс зүйн хороонд  “... Үүрэг даалгавар биелүүлээгүй байна, дахин хийх шаардлага тавихад хэрэлддэг. Би энэ ажлыг хийхгүй, би хийж чадахгүй, чиний хэлснийг ойлгоогүй гэдэг асуудлыг удаа дараа ярьж хэрэлддэг...” гэх гомдлыг бичгээр гаргасан, гэрчээр Э.Ц нь “... Э.М нь чи өөрөө бусдын хийсэн зүйлийг засдаг байж минийхийг яагаад засдаггүй юм бэ гэх мэтээр захирах, захирагдах ёсыг барьж ажилладаггүй...” , мөн хариуцагч нь “... 2018 оны 2 сард болсон сургалтан дээр хэлтсийн даргатайгаа Мыг олон хүний нүдэн дээр хэрэлдэж байгаа талаар надад олон хэлсэн. Мөн утсаар хэлтсийн даргатайгаа хэрэлдэж байхыг би сонссон...” гэж тус тусын тайлбар, мэдүүлгийг шүүх хуралдаан гаргадаг хэдий ч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай дүгнэлт, 4 дугаартай хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд энэ нөхцөл байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт нь Э.Мыг ажлаас халах нэг үндэслэл болсон байх бөгөөд тус хороо нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.5.2 дахь хэсэгт “... эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах”, 2.5.4 дэх хэсэгт “... нотлох баримтад үндэслэгдсэн байх” гэж тус тус заасны дагуу холбогдох ажиллагааг явуулж нотлох баримтад үндэслэн дүгнэлтийг гаргаагүй байна. /хавтаст хэргийн 75-79, 217-р хуудас/

5. Мөн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Э.Мыг ажлаас халах тухай” Б/78 дугаартай тушаалыг гаргаж, Э.Мын хөдөлмөрлөх эрхэнд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгчид олгогдсон субьектив эрхийг нь эдлүүлээгүй буюу боломжоор хангаагүй байна.  

Хариуцагч нь  шүүх хуралдаан дээр “Сонсох ажиллагааг явуулсан. Энэ тухай баримт байгаа боловч шүүхэд өгөөгүй. Шаардлагатай гэвэл өгч болно ... “ гэж тайлбарладаг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчид энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Э.Мыг ажлаас халах тухай” Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2549745 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт нь үндэслэн энэ мөнгөн дүнгээр тооцож шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.5, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Э.Мыг ажлаас халах тухай” Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б овогт Э.Мыг урьд эрхэлж байсан ажил болох Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мд ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2549745 төгрөг олгохыг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хд үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгосугай.  

4. Хэргийн оролцогч болон түүний өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       В.Ц