Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01882

 

СШИ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1537 дугаар магадлалтай,

СШИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Л.А-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 6.495.760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: …Л.А- нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201141783 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1.500.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3,7 хувь, дараагийн 5 дугаар сард бодогдох сарын хүү 4,7 хувь, сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5 хувь байх нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 217.600 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 44.400 төгрөг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ямар ч өр төлбөр төлөөгүй. Байгууллагаас өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Гэрээгээр шаталсан хэмжээгээр хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдлээс 8,5 хувиар тооцож хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Л.А- үндсэн зээлийн үлдэгдэл 1.282.400 төгрөг, үндсэн хүү 4.460.505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 752.854 төгрөг, нийт 6.495.760 төгрөгийг төлөөгүй. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан цагаас эхлэн эргэн төлөх графикт заасан хугацаагаа зөрчиж, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000 төгрөг төлснөөс хойш зээл болон хүү төлөөгүй. Гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүг 8,5 хувиар тооцсон. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6.495.760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр СШИ ХХК-иас 1.500.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг хүнд зээлж аваад өгчихсөн. Гэтэл тэр хүн зээлээ төлөхгүй байсаар ийм зүйл болсон. Зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч байгууллагаас надад зээлээ төл гэж шаардаж, мэдэгдэж байгаагүй. Энэ мөнгийг авсан хүнийг төлж байгаа гэж бодоод СШИ ХХК дээр очиж уулздаггүй байсан. Зээлээ хугацаандаа төлөхгүй, энэ байгууллагад хохирол учруулж байгаа нь миний буруу. Би ажилгүй, гэртээ хүүхдээ харж байгаа болохоор нэхэмжилж буй 6.495.760 төгрөгийг төлж чадахгүй. Зээлийн хүүнд их мөнгө нэхэмжилж байх тул хуулийн дагуу төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-гаас 3.944.513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.551.247 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-гаас 55.770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1537 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч байгууллагаас надад зээлээ төл гэж шаардаж мэдэгдэж байгаагүй гэж тайлбарлаж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх 2014 оны 7 дугаар сард үүсч 2017 оны 7 сард дууссан байхад иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шийдвэрт үлдэгдэл 1.283.400 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч нийт 3.944.513 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байгууллагаас өр төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж удаа дараа шаардлага тавихад үл биелүүлсэн гэх, хариуцагч тайлбартаа “нэхэмжлэгч байгууллагаас зээлээ төл гэж мэдэгдэж шаардаж байгаагүй” гэсэн зөрүүтэй тайлбар шаардлагыг нотолж тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 3.944.513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид гаргуулж олгох гэж заасан хэмжээнд илт өндөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч үндсэн зээлээс хэт өндөр анз шаардаж хариуцагч миний бие бага насны хүүхдээ харж эрхэлсэн ажилгүй байгаа энэ хугацаанд нэхэмжлэгч нэг ч удаа шаардаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй шийдвэр гаргасан Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” байх ёстой. Шүүх Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж хариуцагчаас хэт өндөр төлбөр анз төлүүлэхээр шийдвэр гаргасан. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, үнийн дүнг бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “СШИ ББСБ” ХХК, Л.А-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.282.400 төгрөг, зээлийн хүү 4.460.505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 752.854 төгрөг, нийт 6.495.760 төгрөг шаардсныг хариуцагч 2.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

          Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Зохигчийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан цалин барьцаалсан зээлийн гэрээгээр хариуцагч Л.А-, нэхэмжлэгч СШИ ББСБ ХХК-с 1.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар 3.7 хувь, дараагийн 5 сар 4.7 хувь, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүү, хугацааг хэтрүүлбэл хэтэрсэн хугацаанд сарын 8.5 хувийн хүү болон үндсэн зээлийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй зээлсэн нь тогтоогджээ.

          Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

          Үндсэн зээлээс 217.600 төгрөг төлөгдсөнийг зохигч маргаагүй тул үлдэх 1.282.400 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй. Гэрээнд зээлийн хүүг нэмэгдүүлэх байдлаар шаталсан нөхцөлтэй өөр өөрөөр тогтоосон нь болон хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан хамгийн өндөр 8.5 хувиас  тооцохоор заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3, 25 дугаар зүйлийн 2 дах хэсэг дэх зохицуулалттай нийцээгүй байна. Энэ талаар шүүх дүгнэж, зээлийн хүүг гэрээнд заасан бага хувиар бодож, төлсөн 44.000 төгрөгийг хасч  2.622.113 төгрөг гаргуулах тооцоолол хийсэн нь зөв болжээ.

          Зээлийн гэрээнд заасан 1 жилийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон атал нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 3 жил шахам өнгөрснөөс зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн нь эрхээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй гэж үзэж нэмэгдүүлсэн хүүд 752.854 төгрөг шаардсныг  хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

           Хариуцагч Л.А- хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд  тус шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 2.500.000 төгрөг  гаргуулахад татгалзаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-с итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэл олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах, өөрчлөх эрхтэй гэж үзснийг дурдах нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1537 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/01322 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “3.944.513 төгрөгийг” гэснийг “2.500.000 төгрөгийг” гэж,  “2.551.247 төгрөгт” гэснийг “3.995.760 төгрөгт” гэж, 2 дах заалтад “55.770 төгрөгийг” гэснийг “54.950 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 78.700 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ