| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0169/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/182 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч З.М-, түүний өмгөөлөгч Э.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт З-гийн М-т холбогдох эрүүгийн 20100230200000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн ******* дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын Жалханц хутагт ******* гудамжны 67 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй,
-Урьд 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн сум дундын шүүхийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Х- овогт З-гийн М
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.М- нь бусадтай бүлэглэн /М-, Я.Б-/ 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “М-” хорооллын ******* байрны гадна байрлах чингэлэгт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гутал, зөөврийн майхан 3 ширхэг, аяны хөнжил 3 ширхэг зэргийг хууль бусаар, нууцаар авч, Ч.Г-т нийт 3.565.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө М- хороололд байдаг М-ын гэрт унтаж байсан. Шөнө Б- согтуу орж ирээд нэг шил архи уу уу гэсэн. Би “үгүй, одоо дэлгүүрүүд бүгд хаалттай байна” гэж хэлээд хэвтсэн. Б- үүдэнд унтаж байсан өндөрдүү туранхай зураглаач гэх залууг татаж босгосон. ...Шөнө тэд 0.5 литрийн архи авчирч хувааж уусан. Тэр хоёр гараад явсан нэлээн удаж байгаад Б- орж ирээд намайг татсаар байгаад босгосон. Гадаа гарахад шатны доор бор ч юм уу, ногоон юм уу ууттай юм байсан. Б- надад нэг юм байгаа зараад өг гэсээр байгаад утас өгөөд яриулсан. Би М- гэх хүн рүү залгаад ярьсан. Би М-д зарах юм байна, майхан байгаа гээд яриулсан. М- их удаж байгаад ирсэн. М- машинтай ирсэн. М-д хэдэн ширхэг юм өгснийг мэдэхгүй. Б-, зураглаач залуу хоёр машины багажид зөөгөөд хийсэн. М-гээс Б- 3 шил архи, мөн бэлэн мөнгө авсан. Хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Би нэг шил архийг аваад М-ын гэр рүү, Б- зураглаач залуу хоёр 2 шил архи аваад үлдсэн. М- гэр рүүгээ явсан. Ийм л юм болсон. Би дотогш ороогүй. Б- зураглаач залуу хоёр зөөгөөд авчирсан байсны дараа намайг дуудаж гаргасан. Намайг гарсны дараа ганц, хоёр юмыг зөөгөөд авчирсан. Ууттай, үүргэвчтэй юм байсан. Би чингэлэг рүү ороогүй. Б- зураглаач залуу надтай хамт орсон гэж худлаа яриад байна. Хүн дуудаж өгсөн нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 177-178-р хуудас/
Эрүүгийн 20100230200000 дугаартай хавтас хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 12-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 13-18-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 19-21-р хуудас/,
Хохирогч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 30-33-р хуудас/,
Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 35-36-р хуудас/
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 37-38-р хуудас/
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 39-42-р хуудас/
Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 34-р хуудас/
Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 161-162-р хуудас/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХУ2-19-177 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 47-48-р хуудас/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-820/14 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 1 дүгээр хавтас 56-59-р хуудас/,
Хохирлын тооцоо /хх-ийн 1 дүгээр хавтас 63-р хуудас/,
М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн /хх-ийн 1 дүгээр хавтас 75-р хуудас/,
Я.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн /хх-ийн 1 дүгээр хавтас 89-90-р хуудас/,
Шүүгдэгч З.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн /хх-ийн 1 дүгээр хавтас 177-178-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 119, 130-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 102, 184-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 199-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч З.М- нь бусадтай бүлэглэн /М-, Я.Б-/ 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “М-” хорооллын ******* байрны гадна байрлах чингэлэгт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гутал, зөөврийн майхан 3 ширхэг, аяны хөнжил 3 ширхэг зэргийг хууль бусаар, нууцаар авч, Ч.Г-т нийт 3.565.970 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 12-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 13-18-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 19-21-р хуудас/,
Хохирогч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед манай ажилчид ирж аялалдаа бэлдэж эхэлсэн. Би 19 цагийн үед ирсэн. Тухайн үед намайг ирэхэд Н.*******, Д.М- нар контейнерт ороод аялалд ашиглах зүйлсээ авч байсан. Тэндээс Н.******* бид хоёр түрүүлээд гарахад араас Д.М- нь ширээ аваад гарч байсан санагдаж байна. “Н******* *******” ХХК-ийн байранд орсон. Түүний дараагаар орой 20 цагийн үед бүгд явцгаасан. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны 17 цагийн үед ирэхэд нягтлан Н.М-э “сая дэлгүүр явахад манай гутлыг хүн өмсчихсөн явж байна” гэж хэлэхээр нь эхэндээ итгээгүй худлаа байлгүй гээд ямартай ч шалгаад үзье гээд контейнерыг үзэхэд хаалттай байхаар нь нээгээд дотор нь ороод эд зүйл алдагдсан эсэхийг үзэхэд 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мешок, 1 ширхэг каск зэрэг зүйлс дутагдсан байсан. компанийн бүртгэлээс юу юу алдагдсан талаар тодруулж болно. Бид нар үүдэнд байрлах контейнер руу харсан камерын бичлэгийг шүүж үзэхэд үзэгдэх орчин муу харанхуйд 2019 оны 03 дугаар сарын 22-ны 03:20 минутын орчим 2 хар хувцастай хүн шууд орж байгаа харагдсан. Нэг их удаагүй ойролцоогоор 45 орчим секундийн дараа гараад явж байгаа нь харагдсан. Гэхдээ бүдэг, тухайн 2 этгээдийн нэгнийх нь өмссөн цагаан өнгийн гутлаар баримжаалж орж гарч байгааг нь тодорхойлж байгаа юм. Гутал нь husqvarna Sidi гэх брэндийн хөх өнгөтэй 1.600.000 төгрөг, Alрine star брэндийн хар өнгийн гутал 1.600.000 төгрөг, Coleman брэндийн дотор 2 талдаа голоороо цэнхэр өнгийн 200.000 төгрөг, гадна уут нь десант буюу навчтай ногоон өнгийн материалтай байсан. ALPS Mointauneering zephyr 2 брэндийн, гаднах уут нь бор өнгийн 5 ширхэг байсан 500.000 төгрөг, husqvarna Bell брэндийн каск 1.500.000 тус тус байсан.
...2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө алдагдсан эд зүйлсийн тоо хэмжээний талаар мэдүүлэг өгсөн байсан. Анх өгсөн мэдүүлэгтээ 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мешок, 1 ширхэг хамгаалалтын каск малгай алга болсон гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь хулгай хийсэн хүмүүс манайд хоёр ширхэг гутал, гурван ширхэг майхан, гурван ширхэг мешок буюу аяны хөнжлийг буцаагаад өгсөн ба өөр эд зүйл аваагүй гэж хэлсэн. Бид эд зүйлсээ дахин бүртгэж үзэхэд гутал хоёр ширхэг, майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхэг алга болсон нь тогтоогдсон. Харин хамгаалалтын малгай буюу каск алдагдаагүй байна. Бид анх эд зүйлсээ нарийн бүртгэж үзээгүй байхад алдагдсан эд зүйлсийн тоо хэмжээг буруу, зөрүү мэдүүлсэн байна. Манай ажилчид урьд өдөр нь эд зүйл авахдаа хаалгаа хаангуутаа цоожлохгүй мартаад үлдээсэн энэ үед хулгай орсон байна. Камер шүүж үзэхэд чингэлгийн гадна тал гэрэлтүүлэггүй, харанхуй байсан тул камерын бичлэгийг үзэхэд хэдэн хүн орж гарч байгаа нь тодорхой бус байсан. Зөвхөн цагаан гялтганасан пүүз гуталтай хүн чингэлэг рүү хэд хэдэн удаа орж гараад яваад байсан. Хөлийн хөдөлгөөн л харагдаж байсан. Өөр хүмүүсийн орж гарсан эсэх нь тодорхойгүй, бүдэг харагдахгүй байсан. “Apls Mointauneering zerhyr” загварын бор өнгийн ууттай майхнаас гурван ширхэг хулгайд алдагдсан болно. Аяны хөнжил буюу мешок нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, ‘Коулманн" загварын, нэг хүний багтаамжтай, дулаан хадгалах материалаар хийгдсэн, 2017 оны 4 дүгээр сард 100,000 төгрөгөөр худалдаж авсан. Аваад ганц хоёр хэрэглэсэн, шинэвтэр аяны хөнжлүүд байсан. Хулгайд алдсан үеийн байдлаар би 70.000 төгрөгөөр үнэлнэ. Манай чингэлгээс мотоциклийн малгай хулгайд алдагдаагүй байна. Одоо нэхэмжлэх зүйл хохирол байхгүй. Хохирлыг бүрэн төлүүлж авсан ...хулгай хийсэн хүмүүст гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 30-33-р хуудас/,
Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед “Н******* офроүд” нэртэй байгууллагад нягтлан бодогчоор давхар ажил хийдэг байсан. Энэ компани нь аяллын үйл ажиллагаа явуулдаг. Хоёр давхарт мотоцикл болон мотоциклийн сэлбэг хэрэгсэл борлуулдаг компани байсан. Энэ компанийн дэлгүүр нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, М- хорооллын Эс-3 дугаар байрны ойролцоо байдаг ба дэлгүүрийн хажууд чингэлэгтэй юм. Чингэлэг дотор мотоцикл мөн аялалд хэрэглэдэг хувцас, майхан, аяны хөнжил буюу мешок, мотоциклийн дугуй, хамгаалалтын хэрэгсэл гутал, өмд, малгай, цамц, цээжний хамгаалах хэрэгсэл зэрэг эд зүйлийг хадгалдаг байсан. Хулгай ордгийн өмнөх өдөр манай ажилчид чингэлэг дотроос эд зүйл зөөж гаргаж байсан ба хаалгаа цоожлолгүй мартаад хаагаад явсан байсныг дараа нь мэдсэн. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 10, 11 цагийн үед М- хорооллын гудамжаар алхаад явж байсан чинь манайд байдаг мотоциклийн хамгаалалтын цэнхэр гутал өмссөн хүн зөрөөд өнгөрсөн. Би мотоциклийн ийм гутал өмсдөг хүнийг мэддэг, таньдаг юм. Гэвч гутал өмсөөд явж байсан хүн бол мотоцикл унадаг хүн биш байсан. Би араас нь дагаад явахад нэг орц руу ороод алга болсон. Тэр хүн 40 орчим насны дунд зэргийн биетэй эрэгтэй хүн байсан. Зүс царайг нь харж чадаагүй. Би ажил дээр ирээд энэ тухай захиралд хэлсэн. Захирал ийм гутал өмсдөг хүн манай ойр хавьд байранд байдаггүй, мотоциклийн гутал түр гуйж авсан хүн байхгүй гэсэн. Тэгээд ажилчидтай ярьж байхад М- гэх нэг ажилчин өглөө ажилдаа ирэхэд манай контейнерын хаалга онгорхой байхаар нь хаалгаа түгжсэн гээд хэлэхээр нь контейнерыг онгойлгоод эд зүйлсийг тоолсон. ...Одоо санаж буйгаар аяллын майхан дөрөв, тав юм уу санахгүй байна, мешок зургаа билүү, мөн сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн аяллын хөнжил, майхан, гутал зэрэг зүйл алга болсон шиг санаад байна. Каск малгай алга болсон эсэхийг одоо санахгүй байна. Бид энэ тухай цагдаад хандаж шалгуулсан. Хулгай хийсэн хүмүүсээс буцаад майхан, гутал, аяны хөнжил зэрэг зүйлүүдийг авсан. Алга болсон бүх эд зүйлсийг бүрэн аваагүй. Би цагдаагийн байгууллагаас гурван ширхэг аяны хөнжил, гурван ширхэг ууттай майхныг хүлээж авсан. Хулгай хийсэн хүмүүс надад өөр эд зүйл хүлээлгэж өгөөгүй. ...Тухайн үед манай байгууллагын хяналтын камерыг би шүүж үзсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын үед чингэлгийн хаалга руу цагаан пүүз шиг гуталтай хүн орж гарч байгаа бичлэг харагдсан. Гадаа харанхуй байсан учраас хүний дүрс хэлбэр харагдахгүй маш бүдэг байсан. Зөвхөн цагаан цайвар өнгийн цайрсан гутал байж болох хүний хөлийн хөдөлгөөн орж гарч байгаа л бичлэг байсан. Хоёр, гурван удаа орж гарч байсан шиг санаад байна. Нийт хэдэн хүн орж гарсан, гадаа хэдэн хүн байсан нь тодорхой харагдахгүй байсан. Учир нь гадаа харанхуй байсан камерт харагдахгүй байсан. Тухайн камерын бичлэг одоо байхгүй. Устгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 35-36-р хуудас/
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед М- хотхонд байдаг танил Б- гэдэг залуугийнд очиж хөлдөө боолт хийлгэх гээд явж байтал Б-тэй гадаа таарсан. Тэгсэн чинь тэр архи уусан байсан бөгөөд маргааш шархыг чинь боож өгье гэж хэлээд надтай нэг уулзаан байна гээд намайг цуг байж байсан хүмүүсээс салгаад өөр тийшээ очиж гартаа байсан даавуун ууттай зүйлээ онгойлгоод иймэрхүү гутал байна. Энийг сонирхох хүн байна уу, мотоциклийн гутал гэж надад хэлэхээр нь би нэг хүнээс асуугаад өгье гээд найз Батсайханы 99817192 гэсэн дугаар луу өөрийн утсаараа залгаж мотоциклийн гутал байна авах уу гэж асуухад үнэтэй юм бол авч дийлэхгүй байхаа гэж хэлэхээр нь би 20.000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд тэгвэл чи үзэж байгаад аваад гэртээ тавьчих би чам руу дансаар мөнгө шилжүүлье гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа найз руугаа дүүгийнхээ дансыг өгөөд 20.000 төгрөг шилжүүлж аваад мөнгөө Б-д өгөөд зарна гэж байсан гутлыг нь аваад өөрийн М- хотхоны М-5-2-1 тоот гэртээ оруулсан. Б-, Мэндээ гэдэг хүмүүстэй хамт S-19 20 гэсэн байрны подвалд архи ууж байгаад дуусгаад гарахад Мэндээ ах өөр тийшээ явсан. Б- бид хоёр хамт явж өөр нэг газарт орж зуун грамм нэг нэг пиво захиалаад уугаад сууж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Миний худалдаж авсан гутал маань цэнхэр өнгөтэй. Б- надад хэлэхдээ мотоциклийн гутал гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 37-38-р хуудас/
Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө өөрийн гэр Сонгинохайрхан дүүрэг 31-р хороо дунд нарангийн 6-164 тоотод эхнэр Дашцэдэвийн хамт амарч байтал хуурай дүү Мэндээ миний 80668822 дугаарын утас руу эхний 4 тоог нь сайн санахгүй байна. Арын 4 тоо нь 2728 гэсэн дугаараас намайг М-д архи аваад ирээч гэсэн. Би яах гэж байгаа юм бэ гэж асуухад зүгээр хүрээд ирээ гоё юм өгье гэсэн. Тэгээд би шөнийн 03 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад өөрийнхөө 37-12 УБД гэсэн улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр М- хороолол руу очоод Эс 6-р байрны гадаа уулзсан. Намайг очиход Мэндээ 2 залуугийн хамт зогсож байсан. Мэндээ миний машинд суутал араас нь 2 гартаа юм барьсан 2 залуу орж ирээд суугаад төв зам руу явсан. Төв зам ороод замын хажууд зогстол энд нэг майхан хөнжил байгаа та наадахаа ав надад архиа өгчих гэхээр нь замдаа авсан 3 шил архиа өгөөд нэмээд 20.000 орчим төгрөг өгчхөөд гэр лүүгээ харьсан. Намайг очиход Мэндээ, Бараа, өөр бас нэг залуугийн хамт байсан. Би Мэндээтэй Завхан аймагт хөрш байсан багаас нь мэддэг.
...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө З.М-, Я.Б- нар чингэлгээс эд зүйл авахаас өмнө намайг дуудсан уу, дараа нь дуудсан уу гэдгийг мэдэхгүй байна. Би гудамжинд орцны үүдэнд зогсох үед тэд юмнуудаа авч ирээд машины багажид хийгээд суугаад явсан. ...Тухайн өдөр намайг унтаж байсан чинь М- намайг хүрээд ирээ, юм өгөх гэсэн юмаа, шинэ юм аваадхаач гэж хэлсэн. Шинэ юу билээ майхан гэсэн үү тийм юмыг аваадхаач, ганц шил архины хэрэг байна гэж дуудсан. Гэрээсээ аваад ирсэн юмаа, унаа олдохгүй байна гэж хэлсэн. Надад хулгайн юм гэдгийг хэлээгүй учраас би мэдээгүй, цагдаагаас дуудаж мэдүүлэг авах үед л би мэдсэн. Майхан гурван ширхэг, аяны хөнжил гурван ширхгийг авсан. ...Эдгээр хүмүүс намайг байхад чингэлгээс эд зүйл зөөгөөгүй бэлэн байсан. Надад хулгайн юм гэдгийг огт хэлээгүй, би сэжиглээгүй. Тухайн үед архи олдохгүй болохоор гэртээ байгаа зүйлээ хямдхан өгч байгаа болов уу гэж бодсон. ...Би авсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь цагдаад хүлээлгэж өгсөн. ...Үлдсэн эд зүйлсийг хулгай хийсэн хүмүүс яасныг би мэдэхгүй. М-, Б- нар хулгай хийсэн талаар надад огт хэлээгүй. ...М- нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч байсан. ...Улаанбаатар хотод хэзээ ирснийг мэдэхгүй. ...З.М-тай хамт байсан Б-, Отгонболд нарыг огт танихгүй, тэр шөнө харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 39-42-р хуудас/
Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сараас гаднын зочдыг Монголын үзэсгэлэнтэй газраар аялал хийлгэдэг. 2019 оны аялал 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь руу 7 хоногийн хугацаатай явахаар байсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой явах бэлтгэл болгож контейнероос аялалд хэрэгтэй ширээ сандал, ойр зуурын хэрэгцээний зүйлийг зөөсөн. Орой 20:20 минутаас ажлын байраа хаагаад явсан. Маргааш өглөө нь 10:15 минутын орчим намайг ирэхэд контейнерын хаалга нээлттэй байхаар нь өчигдөр онгорхой орхисон юм байна гээд ороод харахад нүдэнд ил харагдах үнэтэй мотоцикл, жижиг оврын мотор зэрэг зүйлс харагдахаар нь хулгай орсон нь гайгүй юм байна гэх ойлголтыг авч хаалгыг хаасан. Тэгээд өдөр нягтлан Н.М-э манай мотоциклын тусгай гутлыг өөр хүн өмсөөд явж байгаа талаар хэлсэн. Тэгээд контейнер ороод нарийвчлан эд зүйл алдагдсан эсэхийг үзэхэд 2 ширхэг гутал, 5 ширхэг эвхэгддэг зөөврийн майхан, 7 ширхэг мешок, 1 ширхэг каск зэрэг зүйлс дутсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 34-р хуудас/
Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...яриаг нь сонсоход М- нэг хүн рүү утасдаж “надад зарах махайн, мешок байна” гээд яриад байсныг хальт сонссон. Тэгж байгаад энэ гурав гараад явсан. ...Б- тэр шөнө цэнхэр өнгөтэй мотоциклийн хамгаалалтын гудас өмссөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 161-162-р хуудас/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХУ2-19-177 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... /хх-ийн 1 дүгээр хавтас 47-48-р хуудас/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-820/14 дугаартай хохирлын үнэлгээний тайланд: “...аяны хөнжил 1 ширхэг нь 50.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 56-59-р хуудас/,
Хохирлын тооцоонд: “...ALPS Mointauneering zephyr 2 брэндийн 3 ширхэг 1,128,000 төгрөгийн, Аяны 150,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хөнжил, husqvarna Sidi гэх брэндийн хөх өнгөтэй 1.578.000 төгрөгийн үнэтэй хос гутал, Alрine star брэндийн хар өнгийн гутал 709,970 төгрөгийн үнэтэй хос гутал нийт 3.565.970 төгрөгийн хохирол...” гэсэн тооцоо /хх-ийн 1 дүгээр хавтас 63-р хуудас/,
М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг Б-, М- бид гурав үйлдсэн нь үнэн. Бид тухайн үед майхан, аяны хөнжил, мотоциклийн гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан. ...Хулгайлж авсан эд зүйл нэг бүрийн тоо хэмжээг одоо санахгүй байна. ...Энэ хэргийг хийх талаар анх Б- санаачилж хэлсэн. Б-, М-ыг дагуулаад над дээр ирээд намайг дагуулж гараад тэгээд бид гурав хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлсээ тэр шөнө М-ын дуудаж ирүүлсэн Б.М-гээс өөр хүнд өгөөгүй. Тэр хүнд л өгсөн. Хулгай хийсэн тэр шөнө нэг гутлыг нь Б- өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 75-р хуудас/,
Я.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...контейнерын хаалга цоожлогдоогүй онгорхой байсан. Хулгай хийснээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 89-90-р хуудас/,
Шүүгдэгч З.М- мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө М- хороололд байдаг М-ын гэрт унтаж байсан. Шөнө Б- согтуу орж ирээд нэг шил архи уу уу гэсэн. Би “үгүй, одоо дэлгүүрүүд бүгд хаалттай байна” гэж хэлээд хэвтсэн. Б- үүдэнд унтаж байсан өндөрдүү туранхай зураглаач гэх залууг татаж босгосон. ...Шөнө тэд 0.5 литрийн архи авчирч хувааж уусан. Тэр хоёр гараад явсан нэлээн удаж байгаад Б- орж ирээд намайг татсаар байгаад босгосон. Гадаа гарахад шатны доор бор ч юм уу, ногоон юм уу ууттай юм байсан. Б- надад нэг юм байгаа зараад өг гэсээр байгаад утас өгөөд яриулсан. Би М- гэх хүн рүү залгаад ярьсан. Би М-д зарах юм байна, майхан байгаа гээд яриулсан. М- их удаж байгаад ирсэн. М- машинтай ирсэн. М-д хэдэн ширхэг юм өгснийг мэдэхгүй. Б-, зураглаач залуу хоёр машины багажид зөөгөөд хийсэн. М-гээс Б- 3 шил архи, мөн бэлэн мөнгө авсан. Хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Би нэг шил архийг аваад М-ын гэр рүү, Б- зураглаач залуу хоёр 2 шил архи аваад үлдсэн. М- гэр рүүгээ явсан. Ийм л юм болсон. Би дотогш ороогүй. Б- зураглаач залуу хоёр зөөгөөд авчирсан байсны дараа намайг дуудаж гаргасан. Намайг гарсны дараа ганц, хоёр юмыг зөөгөөд авчирсан. Ууттай, үүргэвчтэй юм байсан. Би чингэлэг рүү ороогүй. Б- зураглаач залуу надтай хамт орсон гэж худлаа яриад байна. Хүн дуудаж өгсөн нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 177-178-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагчаас “…шүүгдэгч З.М-ыг бусадтай бүлэглэн “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч З.М- болон түүний өмгөөлөгч Э.Батцэцэг хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “агуулахад нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зохицуулсан.
Шүүгдэгч З.М- нь бусадтай бүлэглэн /М-, Я.Б-/ 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “М-” хорооллын ******* байрны гадна байрлах чингэлэгт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гутал, зөөврийн майхан 3 ширхэг, аяны хөнжил 3 ширхэг зэргийг хууль бусаар, нууцаар авч, Ч.Г-т нийт 3.565.970 төгрөгийн хохирол учруулсан байх тул “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох”, 3-т “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч З.М- нь М-, Я.Б- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө М-, Я.Б- нартай хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж агуулахад нэвтрэн орж бусдын эд зүйл авсан үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч З.М-ыг бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн 1910007370923 дугаартай М-, Я.Б- нарт холбогдох хэргээс шүүгдэгч З.М-т холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 201002302 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарласан байх ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор М-, Я.Б- нарт холбогдох эрүүгийн 1910007370923 дугаартай хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч З.М-ын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас Ч.Г-т 3.565.970 төгрөгийн хохирол учирсан ба эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх /хх-ийн 1 дүгээр хавтас 19-21-р хуудас/ тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч З.М-ыг бусадтай бүлэглэн /М-, Я.Б- нартай/ “хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч З.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батцэцэгээс “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч З.М-т ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үүрэг оролцоо, хохирол төлбөр төлөгдсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.М-ыг 01 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч З.М-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 49 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт З-гийн М-ыг бусадтай бүлэглэж нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-ын цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч З.М- нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн 000 дугаартай М-, Я.Б- нарт холбогдох хэргээс шүүгдэгч З.М-т холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 201002302 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарласан ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор М-, Я.Б- нарт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР