| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
Улсын яллагч Ж.Сувданчимэг /томилолтоор/,
Шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У холбогдох 2008000001557 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1-80/г тоотод оршин суух, урьд:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 847 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Б овогт Э У/РД: МЮ9208/
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.У нь 2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Г-ыг тодорхой шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь “баруун дээд 5-р шүдний хугарал, баруун завьжид няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн хацар, эрүү, зүүн эгэм, зүүн сарвууны ар хэсэг, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шагайн гадна үений зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1138 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Э.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх баримт /хх38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх55-57/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх27/, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх33/, торгуулийн ял төлсөн баримт /хх63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх107/, ажлын тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Г-ыг зам дээр зогсож байхад нь тодорхой шалтгаангүйгээр цохиж улмаар газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шуурхайн удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “манай аав хүнд зодуулаад шүд нь хугарсан байна” /хх3/
2. Хохирогч Ж.Г-ын “...Би 2020 оны 10 дугаар сарны 20-оос 21-нд шилжих шөнө найз П-ийн хамт Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Шөнийн захын зүүн талд байрладаг одоо нэрийг нь мэдэхгүй байна нийтийн караокед орж дуу дуулж найзтайгаа нэг шил архи хувааж уусан юм. Цаг хэд болж байсныг сайн санахгүй байна их согтолттой болохоор нь П-г караокед үлдээгээд ганцаар гараад урагш алхаад зам дээр зогсож байтал хаанаас гарч ирснийг мэдэхгүй нэг залуу нэг эмэгтэй учиргүй хажууд ирээд хэл амаар доромжлоод залуу нь намайг цамцнаас бариад авсан. Тэгэхээр нь зөрүүлж куртикнээс нь зуурахад намайг толгой руу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлж цохих гэж байгаад хий цохиод газар уначихсан юм, тэгээд толгой хөл гар руу хөлөөрөө дээрээс хэд хэдэн удаа цохисон. Би болиоч ээ гээд хашгираад байхад надаас салахгүй намайг дээрээс хөл гараараа цохиж нүдээд байхаар нь би толгойгоо дараад доош хэвтчихсэн. Тэгтэл миний араа хэсгийн нэг шүд талаараа хугараад аманд уначихсан. Тэгээд арай хийж салаад цааш гүйгээд зугтаагаад явчихсан. Тэр хооронд би хүү Ч руу залгаад тухайн залууг алдаж болохгүй гэж бодоод ийш тийшээ хараад хайгаад гүйсэн. ...Тэр залуу улаан куртиктэй 20 гаран насны залуу байсан. Ямар шалтгаанаар цохисныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх8/ ,
3. Гэрч М.Х-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн ... тоотод нөхөр Ухоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Би У 2018 оноос хойш одоог хүртэл хамтдаа амьдарч байгаа юм. Бид дундаасаа одоогоор хүүхэдгүй. 2020 оны 10 дугаар арын 20-21-ний шилжих шөнө нөхөр Э.У найзууд болох хүмүүстэй таараад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд Шөнийн захын хойно байрлах буудалд орж нэг архи уугаад нөхөр Э.Уын хамт гэр рүүгээ харихаар шөнө гарсан юм. Тэгээд такси барих гээд төв зам руу алхаж явтал манай нөхөр гэнэт согтуу ахтай маргалдаад эхэлсэн. Би ямар шалтгаанаар маргалдсаныг сайн санахгүй байна. ... Нэг мэдэхэд тэр ах газарт уначихсан манай нөхөр дээрээс нь хэд хэд цохиж байх шиг болохоор нь салгаад аваад явсан. Тэгээд манай нөхөр намайг таксинд суулгаж өгчхөөд өөрөө үлдсэн. Маргааш нь эрүүлжүүлэхэд хоносон байсан. Улаан куртик хар жинсэн өмд хар өнгийн гуталтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх18/
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12159 дугаартай шинжээчийн “...Ж.Г-ын биед баруун дээд 5-р шүдний хугарал, баруун завьжинд няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн хацар, эрүү, зүүн эгэм, зүүн сарвууны ар хэсэг, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шагайн гадна үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх11-12/
5. Э.Уын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “..Прокурорын сонсгосон зүйл ангитай санал нийлж байна. Хүлээн зөвшөөрч байна. .. Ямар шалтгаанаар би тухайн хүнийг цохиж зодсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд хоёулаа барьцалдаад тухайн хүний нүүр рүү гараараа цохиж байснаа санаж байна. Аль аль нь согтуу байсан ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх49, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Уын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Гэрэлтогтоход “... баруун дээд 5-р шүдний хугарал, баруун завьжинд няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зүүн хацар, эрүү, зүүн эгэм, зүүн сарвууны ар хэсэг, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шагайн гадна үенд зөөлөн эдийн няцрал ...” бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12159 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Ж.Гэрэлтогтохын мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх16-17/-т үндэслэн шүүгдэгч А.Э.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогч Ж.Гэрэлтогтох нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Э.У болон түүний өмгөөлөгч Ц.Амар нь: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын ялын саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, урьд торгуулийн ялаар шийтгүүлсэн, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын санал, дүгнэлтийг тус тус харгалзан шүүдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялаа биелүүлсэн учраас энэ тогтоолтой нэмж нэгтгэн эдлүүлэх ял байхгүй болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Э Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Уыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Ут үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ут мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ж.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ