Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2005032510456 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “... инженер ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, , ... тоотод оршин суух /РД: /,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***-т нь 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** шөнийн цэнгээний газар хохирогч Б.Д-н толгойн тус газарт пивоны шилээр цохиж, түүний биед зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З-тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.З-тыг нь 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** шөнийн цэнгээний газар хохирогч Б.Д-н толгойн тус газарт пивоны бакалаар цохиж, түүний биед зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-нд би гадуур явж байгаад танил ах А-тай уулзахаар болсон бөгөөд Төмөр замд байрлах Эргэн дурсахуй гээд бааранд уулзахаар болсон. Тухайн өдөр би уг бааранд ганцаараа яваад ороход зөөгч нь тосч аваад та энэ ширээн дээр суучих гэж хэлсэн. Би тухайн ширээг хартал хүний эд зүйл харагдахаар нь би энэ ширээн дээр суухгүй гэж хэлээд текний хажууд сууж байя гэж хэлсэн. Энэ үед зөөгч эмэгтэй надад зүгээрээ санаа зоволтгүй, би өөрөө хүмүүст хэлээд өгье гэж байсан. Тэгэхээр нь тэгвэл би хүлээж байгаад хүн ирэхээр нь сууя гэж хэлээд хүлээсэн. Уг ширээн дээр 3 эмэгтэй ирж суусан бөгөөд зөөгч эмэгтэй ширээн дээр байсан эмэгтэйчүүдийн нэгэнд нь хэлээд намайг суулгасан. Би тухайн ширээн дээр 100 грамм архи авсан байснаа аваад мөн нэг шил мода гэх устай хамт суусан.  ...Ингээд сууж байтал ширээн дээр байсан нэг тайрмал үстэй эмэгтэй намайг уучлаарай хоёулаа танилцаж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд ингээд өөрийгөө Баяраа гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй өөрийгөө нэг товчилсон нэрээрээ танилцуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй манай найз ирнэ, тэр үед миний найз залуу гээд сууж байгаа ч гэхээр нь би болно хамаагүй гэж хэлсэн. Би хэсэг бүжиглэж байгаад ширээн дээр эргээд ирэхэд өөр нэг үл таних залуу ширээн дээр сууж байсан. Би ширээн дээр өөрийнхөө захиалсан зүйлийг аваад уух гэтэл нөгөө залуу боль энэ тэр гэх зүйл хэлээд маргаан болсон. Тэгээд байж байтал ямар нэгэн зүйлээр миний толгой орчим цохиод авсан. Би энэ үед ухаан балартаад хэсэг манарсан. Нэг сэрсэн би текний хажуу талд ирсэн чих хажуу хэсэгтээ сэтэрсэн байдалтай сууж байсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би нөгөө хүнтэйгээ эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12660 дугаартай “...Б.Д-н биед зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх зулайн хуйхны шарх, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун чихний дэлбэнгийн шарх нь хурц ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээр гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 76, 75 тал/,

Шүүгдэгч М.З-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 30-нд хамт ажилладаг хоёр хүнтэй ууж байгаад нэг шинээр танилцсан нэг залуутай хамт баар орохоор болоод Төмөр замд байдаг эргэн дурсахуй гээд шөнийн цэнгээний газар 23 цагийн орчим орсон. Тэнд ороод хамт байсан эрэгтэйн хамт нэг ширээн дээр суугаад нэг нэг пиво уугаад сууж байсан. Бүжгийн талбай дээр 3 эмэгтэйтэй уулзаад танилцсан. Бид нар нэг ширээн дээр суухаар болоод хамт ширээн дээр нь очсон бөгөөд тэр үед ширээн дээр ямар нэг хүн байхгүй байсан. Нөгөө 3 эмэгтэй босоод бүжиглэж байхад үл таних эрэгтэй манай ширээн дээр ирсэн. Шууд нэг шил пиво аваад уусан. Ахиад өөр нэг шил пиво аваад уухаар нь чи одоо боль л доо гээд хэлсэн чинь намайг гартаа байсан пивотой бакалаар толгой дээр цохисон. Миний толгой хоёр газар хагарсан тэгэхээр нь уур хүрээд ширээн дээр байсан. Мөн нэг пивоны бакал аваад толгой дээр нь нэг удаа цохисон. Энэ үед нөгөө бакал хагарсан. Энэ үед хамгаалагч нар ирж салгаад нөгөө эрэгтэйг текний орчим аваад очсон. Харин намайг цусаа цэвэрлээд байж байхад надтай хамт байсан залуу цагдаад дуудлага өгсөн. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 тал/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 57 тал/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 59-66 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.З-тоос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 13-14, 15-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч М.З-т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон хохирогч Б.Д-н мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12660 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.З-тын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.З-тын үйлдлийн улмаас хохирогч Б.Д-н биед зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, тархи доргилт гэмтэл учирсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12660 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч М.З-т нь хохирогч Б.Д-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч 2020 оны 10 дугаар сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** шөнийн цэнгээний газар хохирогч Б.Д-н толгойн тус газарт пивоны шилээр цохиж, түүний биед зулайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.З-тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12660 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Тэрээр хавтас хэргийн 18 дахь талд хохирол хор уршигтай холбоотой 120.000 төгрөгийн баримт гарган өгсөн байх ба 30-32 дахь талд “...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би нөгөө хүнтэйгээ эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэж мэдүүлжээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.З-тоос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***-т нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.З-т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 76 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 77-78 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.З-тод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.З-тын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч М.З-т нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.З-тод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-тыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-тод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.З-тод сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М.З-т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З-тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА