Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймаг Эрдэнэдалай сум 7-р баг 12 айлын орон сууц 04 тоотод оршин суух Х овгийн Шгийн Э

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл /Дарга Ц.Э/-д хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: Албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга И.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “... Миний бие нь Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр түр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Өмнө нь бол тус сумын тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажилладаг байсан. Төрийн албаны шалгалтыг өгч, 2010 онд тангараг өргөсөн. Ингээд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Удирдах ажилтны” буюу Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад шалгалт өгч тэнцэж, Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолоор тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Энэ  албан тушаалд хоёр хүн өрсөлдсөнөөс би хоёроор тэнцсэн. Тухайн албан тушаалд хамгийн өндөр оноо авч тэнцсэн Л.Уийг томилуулахаар Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн ч Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Төрийн албаны тухай хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзэн хууль зүйн үндэслэлтэйгээр томилохоос татгалзсан боловч үүнийг нь Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар хүлээж аваагүй. Ингээд Л.У нь тухайн албан тушаалд томилуулахаар Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Чулуунд холбогдуулан тухайн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилохыг даалгах талаар нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийг нь гурван шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Миний бие гурван шатны шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцсон. Үндсэндээ энэ процесс нь 2002 онд батлагдсан 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байх үед болсон.

Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 31 тоот “Л.Уийг томилохоос татгалзах тухай” нэг хуудас албан тоот, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот “Л.Уийг албан тушаалд томилохоос татгалзах тухай” албан тоот, Авлигатай тэмцэх газрын 05/3336 тоот 2 хуудас албан бичгийн хуулбар нийт 3 хуудас албан бичиг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 36 тоотоор Л.Уийг тухайн албан тушаалд томилуулахаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд тус тус хандсан ч Л.Уийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгосон тул Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолоор тухайн албан тушаалд нөөцөд бүртгэгдсэн дараагийн хүний нэрийг дэвшүүлэх хүсэлт гаргасан байдаг. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Л.Уийг албан тушаалд томилохоос татгалзсан тухай тогтоол батлан гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 07 тоот албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийг Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлд уламжилж дараагийн хүний нэрийг дэвшүүлэхийг хүссэн байдаг.

Ш.Э миний бие 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлд даалгаж өгөхийг хүсч өргөдөл гаргасан хэдий ч Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11 -ний өдрийн 02 тоот албан бичгээр Л.Уийн дээд шатны шүүхэд гомдол гаргах хүсэлтийг харгалзан тус албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн.

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт дээрх асуудлаар дахин өргөдөл гаргасан. Харин Төрийн албаны зөвлөл 2002 оны Төрийн албаны тухай хуулиар таныг томилох боломжтой байсан. Харин одоо мөрдөгдөж байгаа шинэ хуулиар бол болохгүй нь гэсэн утгатай хариуг өгсөн.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ албан тушаалын сонгон шалгаруулалтыг явуулах хүсэлтийг даруй гаргаж шийдвэрлүүлээгүй, мөн Уранбилэгийг томилохтой холбоотой асуудлыг удаан хугацаанд шийдвэрлэж байсан гэж байна. Энэ бол миний мэдэх асуудал биш, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх хэмжээний асуудал юм. Миний болоод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа холбогдох баримтын хамт өргөдөл, хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж байсан боловч хариуг өгдөггүй байсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эс үйлдэхүй юм. Мөн 2018 оны 11 сард манай суманд төрийн албаны шалгалт авахаар комисс ирсэн. Тэднээс зөвлөгөө авахад таныг салбар зөвлөл томилох сонирхол байхгүй юм байна. Тиймээс төв зөвлөлд ханд гэсэн. Үүний дагуу төв зөвлөлд хандсан. Тус салбар зөвлөлийн ахлах мэргэжилтэн Бтэй таарч энэ өргөдлийнхөө талаар тодруулахад танайх манай хариуг удаан өгдөг болохоор манайх адилхан удаан өгнө гэж байсан. Ер нь бол анхнаасаа Төрийн албаны Дундговь аймаг дахь Салбар зөвлөл нэг талыг барьж ажилласан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 351.6 дахь хэсэгт нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40-т удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд журамд заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг. Үүнийг хүлээж аваагүй. Би хувьдаа төрийн албаны салбар зөвлөлийг хуралдаанаар асуудлыг шийдвэрлэж, хамтын шийдвэр гаргадаг байгууллага гэж ойлгосон. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаанаас шийдвэр гараагүй байна. Мөн энэ хуралдаанаар миний өргөдлийг хэлэлцээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичигт хариуг өгсөн юм байна. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Миний нэрийг дэвшүүлсний дараа хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэх юм бол би хүлээж авахад бэлэн. Энэ нь дараа яригдах асуудал.        

Иймд Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөл тухайн албан тушаалд миний нэрийг дэвшүүлэхгүй байсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ш.Э миний нэрийг дэвшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “... Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа нь нэхэмжлэгч Шгийн Эийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх хууль зүйн үндэслэлгүй болсон. Тухайлбал:

            1.Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны зарчим (хуулийн 7.1.5), Төрийн захиргааны албан тушаалд тавих шаардлага (хуулийн 23.2.3.ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; 23.3; 23.4) болон бусад томоохон өөрчлөлт орж, энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдаж, улсын хэмжээнд төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт боловсруулах, зөвшөөрөх, батлах ажил хийгдэж байна. Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь ТЗ-7 буюу ахлах түшмэлийн ангилалд орох бөгөөд нэхэмжлэгч Шгийн Э нь уг шалгуурыг хангахгүй болсон.

            2.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална. 27 дугаар зүйлийн 27.1.1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;  ЗЗ.З.Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна; гэж тус тус зохицуулсан тул Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах болсон.

З.Төрийн албаны тухай хуулийн дээрх шинэчлэлтэй холбоотойгоор 2019 он гарсаар орон даяар Төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт зохион байгуулагдаагүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбарыг нь дэмжиж байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг 2017 оны 6 дугаар сард холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулсан. Удирдах албан тушаалтны нөөцөд 3 хүн бүртгэгдэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Л.Уийг томилуулахаар нэр дэвшүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгээр Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг. Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэлээд хугацааны дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31 тоот албан бичгээр Л.Уийг томилох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Салбар зөвлөлөөс хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч, Авлигатай тэмцэх газраар хянуулах тухай зөвлөмжийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ зөвлөмжийг биелүүлээгүй. Үндсэндээ 2018 оны 7 сар хүртэл энэ асуудлаар тодорхой хариуг өгөөгүй нь бусад байгууллага, албан тушаалтанд Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийг биелүүлэхгүй дараад байж болдог гэх ойлголтыг төрүүлэхүйц хууль зөрчсөн үйлдэл гаргасан юм.

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн Л.Уийн нэхэмжлэлтэй холбоотой сүүлийн шүүхийн шийдвэр 2019 оны 1 сард гарсантай холбоотой өмнө нь хэрэгжиж байсан хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэглэх боломжгүй болсон. Ш.Э удирдах албан тушаалтны нөөцөд байгаа боловч шинэ Төрийн албаны тухай хуулиар нөөцөөс шууд нэр дэвшүүлэх боломжгүй болсон. Энэ нь төрийн албаны шалгалтад орж байгаа иргэдээс ерөнхий болон тусгай шалгалт авахаар болсон. Ерөнхий шалгалтад орж тэнцсэн хүн нөөцөд орно. Мөн шинэ хуулиар шатлан дэвших зарчмын дагуу тухайн албан тушаалд тохирсон шалгалтыг дахин авахаар болсон. Энэ дүрэм, журам нь эцэслэн батлагдаж гараагүй байна. Төрийн жинхэнэ алба хаагчдын ажлын байрны тодорхойлолт орон даяар шинэчлэгдэж байна. Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах журамтай болсон. Энэ журмын дагуу тухайн албан тушаалд тавигдах шаардлага хуулийн дагуу өөрчлөгдөнө. Улсын хэмжээнд 2019 он гарсаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх ерөнхий болон тусгай шалгалт зохион байгуулагдаагүй. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Ш.Эийн өргөдлийг хэлэлцээгүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичигт үндэслэн хариуг өгсөн. Тус хуралдаанаас тогтоол гараагүй, тэмдэглэлээр албажуулсан. Ер нь бол Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ албан тушаал дээр даруй захиалгыг өгч, сонгон шалгаруулалтыг явуулсан, мөн Уранбилэгийг авлигатай тэмцэх газраар шалгуулах асуудлыг түргэн шуурхай шийдсэн бол 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар Эийн асуудлыг шийдвэрлэж амжих байсан. Гэтэл Эрдэнэдалай  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5 сард хүсэлтээ өгсөн учраас сонгон шалгаруулалт 6 сард зохион байгуулагдсан. Одоо бол нөөцөд байгаа хүнийг хасах гэсэн ойлголт байхгүй. Харин нөөцөд байгаа хүмүүсийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөх учраас тусгай шалгалт явагдана. Одоогоор хугацаа нь тодорхойгүй байна. Нэгэнт томилогдон ажлаа хийж байгаа хүмүүсийн хувьд ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт орохгүй, мэргэшүүлэх багц сургалтад хамруулах зэргээр шийдэгдэнэ. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам одоогоор хүчингүй болоогүй. Гэвч шинэ хуулиа дагаж мөрдөнө.  

Иймээс дээрх үндэслэлүүдээр Ш.Эийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх эрх зүйн үндэслэлгүй болсон ”  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Э нь тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Ш.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1.Хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... Төрийн захиргааны албан тушаалд тавих шаардлага (хуулийн 23.2.3.ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; 23.3; 23.4) болон бусад томоохон өөрчлөлт орж, энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлж, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдаж, улсын хэмжээнд төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт боловсруулах, зөвшөөрөх, батлах ажил хийгдэж байна. Энэ албан тушаал нь ТЗ-7 буюу ахлах түшмэлийн ангилалд орох бөгөөд нэхэмжлэгч Ш.Э нь уг шалгуурыг хангахгүй болсон” гэх тайлбарын тухайд: /хавтаст хэргийн 55-57-р хуудас/

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот албан бичгээр сул орон тоо гарсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага хангасан удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж өгнө үү гэх ажлын байрны захиалга өгсөн хүсэлтийг нь үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс уг албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулж, шалгаруулалтад Л.У 72,51 оноогоор, Ш.Э 67,25 оноогоор тус тус тэнцэж, улмаар Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолоор Л.У, Ш.Э нарыг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэжээ. /хавтаст хэргийн 11, 25-26-р хуудас/

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолын гурав дахь заалтаар Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Л.Уийн нэрийг дэвшүүлж, санал дүгнэлтийн хамт хүргүүлсэн байх боловч Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тухайн албан тушаалд Л.У томилогдох боломжгүй нь тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 11, 20-48-р хуудас/

Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай албан бичиг, Ш.Эийн Төрийн албаны зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдөл зэргээс үзвэл Ш.Э нь шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэх явцад өргөдөл гаргадаг байсан ба Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь Л.Уийн дээд шатны шүүхэд гомдол гаргах хүсэлтийг харгалзан уг албан тушаалд Ш.Эийн нэрийг дэвшүүлэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.   /Хавтаст хэргийн 10, 16-р хуудас/

Дээрх үйл баримтаас үзвэл Ш.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдах цаг хугацаанд тухайн ажлын байрны тодорхойлолтын дагуу уг албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад дүнгийн үзүүлэлтээр хоёрт эрэмбэлэгдсэн, мөн түүнчлэн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 40-т “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй...” гэж зааснаар энэ эрхээ өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй байсан байна.

Иймд Ш.Эийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд тавигдах шалгуурыг хангасан гэж үзэх нь үндэслэлтэй тул  хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            2. Хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... тусгай шалгалт /тухайн албан тушаал/-ыг ... 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. Иймд Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулах болсон...” гэх тайлбарын тухайд:

            Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг ... мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө”,  2.2.2-т “удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж тус тус заасан байх ба мөн уг журамдаа шинээр бий болсон орон тоог сул орон тоонд тооцно гэж тайлбарлажээ.

            Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар сул орон тоог нөхөх тухай захиалгыг өгч, улмаар уг албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явагдсан, түүнчлэн томилгооны асуудал шүүх дээр маргаантай байсан, мөн Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Нөөцийн жагсаалтад бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 41 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр зэргээс нь үзвэл  уг албан тушаалын орон тоог шинээр бий болсон сул орон тоо гэж үзэх нь үндэслэлгүй байна.

            Иймээс энэ албан тушаалд тусгай шалгалт явуулах нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасантай нийцэхгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

            3. Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь харьяаллын дагуу шилжин ирсэн Ш.Эийн өргөдлийг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хойшлуулж шийдвэрлэсэн атлаа шүүхэд хандах хүртэлх хугацаанд хариуг өгөөгүй нь эс үйлдэхүй бөгөөд энэ нь хуульд нийцээгүй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “... Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь тухайн албан тушаалд Ш.Эийн нэрийг дэвшүүлснээр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх төдийгүй хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журамд зааснаар Ш.Э нэр дэвших эрхийг нь сэргээх үндэслэл болно. 

            Иймд нэхэмжлэгч Ш.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ш.Эийн нэрийг дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд даалгах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.3, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх /санал болгох/-ийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Ц.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц