Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1043

 

МАГАДЛАЛ

 

2017.04.28                                             Дугаар 1043                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

П.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Капитал банк” ХХК

Хариуцагч Г.Мөнхтуул нарт холбогдох,

2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг П.Лхагвадоржид шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Лхагвадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоот байранд олон жил амьдарч байгаа. “Беар Беарш” ХХК-ийн захирал Э.Болормаагийн бизнесийг дэмжих зорилгоор байраа барьцаалуулсан. 2013 онд Капитал банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр “2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай ерөнхий гэрээ болон эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” гэсэн 2 гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Э.Болормаа нь тодорхой хугацааны дотор зээлийн төлбөрөө төлж, Капитал банк нь төлбөр төлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцаан өгөхөөр тохиролцсон байдаг. Э.Болормаа нь 689 666 642 төгрөгийн төлбөрөөс 181 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрт тооцуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 510 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 объектоо Капитал банкинд өгч, тооцоо дуусгасан. Капитал банкнаас П.Лхагвадорж нь өөрийн өмчлөлийн орон сууцыг буцаан авах талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Капитал банк нь өөрийн ажилтан Г.Мөнхтуулд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1557 тоот орон сууц бэлэглэлийн гэрээгээр уг орон сууцыг шилжүүлэн өгсөн. Г.Мөнхтуул нь уг байранд нэг ч удаа ирж үзээгүй, эрхийн болон биет байдлын догодолтой эсэхийг шалгаж үзээгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд зааснаар Капитал банк орон сууцыг бусдад бэлэглэх эрхгүй байсан бөгөөд энэ тухайгаа мэдэгдээгүй. Иймд Капитал банк Г.Мөнхтуул нарын хооронд байгуулагдсан “орон сууц бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг П.Лхагвадоржид шилжүүлэх өгөхийг даалгаж өгнө үү. П.Лхагвадорж нь байраа буцаан авах хүсэлттэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т болон бусад холбогдох заалтыг үндэслэж байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Капитал банк, “Беар Беарш” ХХК-ийн захирал Э.Болормаатай 2008 онд 277 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. “Беар Беарш” ХХК нь 600 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 5 үл хөдлөх хөрөнгө, газрын эрх, сүү боловсруулах үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан байсан. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 327 тоот шийдвэрээр “Беар Беарш” ХХК-иас 840 055 991 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр батлагдсан. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...сүү боловсруулах үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр...” заасан.

Шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх ажиллагаа хийгдэж байх явцад талууд харилцан тохиролцон, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх ерөнхий гэрээ байгуулж, төлөөгүй 689 666 642 төгрөгийн зээлийн өрөнд үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэхээр болсон. Үүний нэг нь 70 000 000 төгрөгийн үнэлгээтэй П.Лхагвадоржийн өмчлөлийн байр байгаа юм. 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний 3.2-т “шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон тухайн эд хөрөнгийг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хадгалах буюу бусдад худалдан борлуулах шилжүүлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан. Капитал банк, Г.Мөнхтуул нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1557 дугаартай орон сууц бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм.

“Беар Беарш” ХХК нь 510 000 000 төгрөгт 2 үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгөхөөр тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн боловч, суллаж өгөөгүй байгаа. Тоног төхөөрөмжийг өгөхгүй гэдэг. Э.Болормаа нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанаас суллуулж авсан. Э.Болормаа нь дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгөө 510 000 000 төгрөгөөр тохирч өгсөн боловч тоног төхөөрөмжөө шилжүүлж өгөхгүй, үнийн дүн хүрэлцэхгүй байгаа. Барьцаанд П.Лхагвадоржийн байр үлдсэн байгаа. Данс, тооцоо нийлсний дараа байрыг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Мөнхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Мөнхтуул нь Капитал банктай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоотод хаягт байрлах 40 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2204018062 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг бэлэглэлээр авсан. ...Дээрх хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээгээр аван өмчлөх эрхүүдийг өөрийн өмчлөлд авсны дараагаар Капитал банкны хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамт өөрийн эзэмшлийн дээрх объектууд орон сууцаар удаа дараа очдог боловч, үйлдвэрийн зориулалттай барилгад өдрийн цагаар хүнгүй байдаг... эсрэг талын байгууллагын хамгаалагчаас асуухад “шөнөдөө хааяа ирдэг” гэх тайлбарыг өгдөг. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоотод хаягаар очиход “би түрээслэж байгаа төлбөрөө Э.Болормаа гэдэг хүнд өгдөг” гэсэн тайлбаруудыг өгдөг байсан. Г.Мөнхтуул нь өөрийн эзэмшлийн дээрх объект, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Капитал банк нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ дагуу бэлэглэсэн бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй бөгөөд хууль эрх зүйн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.4-т заасныг баримтлан Капитал банк, Г.Мөнхтуул нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, Г.Мөнхтуулын нэр дээрх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018062 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын УС-15-ын 2 дугаар гудамжны 15 тоотын 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар хариуцагч Капитал банк нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Төмөр замын УС-15-ын 2 дугаар гудамжны 15 тоотын 3 /гурван/ өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч П.Лхагвадоржид буцаан шилжүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Лхагвадоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Капитал банк” ХХК, Г.Мөнхтуул нараас 507 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч П.Лхагвадоржид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд байгуулсан 2013 оны 03 сарын 14-ний өдрийн №03/14 дугаартай "Эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ"-ний 3.2-т "...тухайн эд хөрөнгийг 2013 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хадгалах буюу бусдад худалдан борлуулах, шилжүүлэхгүй байх үүрэгтэй" гэж заасан байхад зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн байдаг. Банкны хувьд №03/14 тоот гэрээний дагуу орон сууцыг хадгалах үүргээ зохих ёсоор биелүүлсэн ба хөрөнгийг 2013 оны 06 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон тул орон сууцыг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн нэхэмжлэгчийн болон зээлдэгчийн эрх ашгийг хөндөөгүй байхад шүүх талуудын байгуулсан гэрээ буюу нотлох баримтыг үнэлээгүй байна. Мөн шүүхийн шийдвэрт, банк болон Г.Мөнхтуул нарын хооронд байгуулагдсан "Орон сууц бэлэглэлийн гэрээ"-г яагаад, ямар нотолгоо, үндэслэлээр Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь ойлгомжгүй байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн судлаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэт нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Лхагвадорж нь хариуцагч “Капитал банк” ХХК /цаашид банк гэх/, Г.Мөнхтуул нарт холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын УС15-ын 2 дугаар байрны 15 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг П.Лхагвадоржид шилжүүлэн өгөхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Капитал банк болон “Беар беарш” ХХК нарын хооронд 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр тус компанийн захирал Э.Болормаа нь 600 000 000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, сард 2 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн болон нэхэмжлэгч П.Лхагвадоржийн өмчлөлийн, түүний нэхэмжлэлд заасан 3 өрөө орон сууцыг барьцаалсан, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар шийдвэрээр дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдэгчээс 840 055 991 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хүсэлтээр гүйцэтгэх бичиг баримтыг төлбөр авагчид буцаасан.

2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай ерөнхий гэрээ “байгуулагдаж, зээлийн үлдэгдэл төлбөр 689 666 642 төгрөг болохыг талууд баталгаажуулж, энэ төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөх эрхийг төлбөр авагч банкинд үл маргах журмаар шилжүүлэх, барьцаа хөрөнгийг банк нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бусдад худалдахгүй, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхаар гэрээний талууд болох Капитал банк, “Беар беарш” ХХК-ийн захирал Э.Болормаа, П.Лхагвадорж нар тохиролцсон.

Төлбөр төлөгч Э.Болормаа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх 2 эд хөрөнгийг           510 000 000 төгрөгт тооцон банкинд шилжүүлсэн, төлбөрийн үлдэгдэл 181 000 000 төгрөгөөс 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 51 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 130 000 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч банк нь зээлийн төлбөр төлөгдсөнөөс хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.Мөнхтуултай байгуулсан бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн нь хуульд нийцээгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг зээлдэгч гүйцэтгэсэн тохиолдолд барьцааны зүйл чөлөөлөгдөх юм. Банк нь нэхэмжлэгчийн орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байжээ.

Иймд нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ