Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0053

 

З.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “З т” ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаартай “З т” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр 07-ны өдрийн 32 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Б.М

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Ц.А, М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 158/2022/0020/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч З.Т-аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “З т” ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаартай “З т” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Булган аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч З.Т нь 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “З т” ХХК-ийн үүсгэн байгуулах гэрээ, мөн өдрийн хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр “З т” ХХК-ийн хувь нийлүүлэгчээр бүртгэгдсэн байдаг гэж холбогдох нотлох баримтад тулгуурлан үнэн бодитой дүгнэлт гаргасан байна. 2002 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “З т” ХХК-ийн дүрэм “З т” ХХК нь 2 хувь нийлүүлэгч /З.Э, н.Х/-тэй гэж тусгагдсан гээд нэхэмжлэгч З.Т нь 2002 оноос өмнө “З т” ХХК-ийн хувь нийлүүлэгчээс гарсан нь нотлогдож байна гэж дүгнэхдээ хууль зүйн ямар шийдвэр, нотлох баримт дээр тулгуурлаж хувь нийлүүлэгчээс гарсан гэж нотлоод байгаагаа огт дурдаагүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Компанийн тухай хуулиар бол хувь нийлүүлэгчээс гарсан талаарх хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, дүрмийн өөрчлөлт гэх мэт холбогдох нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэдэг асуудлыг хэн нэгэн дурын шүүгч гарсан гээд нотолчих боломжгүй асуудал юм.

            3.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Т бүртгэгдэж байсан, өмчлөх эрхтэйг нотлох баримт захиргааны байгууллагад хадгалагдаж буй Ү-0405000172 дугаарын Эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдаагүй, нотлох баримтуудад энэ талаар огт тусгагдаагүй тул маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч З.Т-ын эрх, ашиг сонирхлыг хөндөж, түүний өмчлөх эрхэд халдсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна.

            3.3. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тухайн компанийн нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар бичигддэг бөгөөд хувь нийлүүлэгчийн нэр бичигддэггүй байтал дээрх дүгнэлтийн утга агуулга огт ойлгомжгүй байна.

            3.4. Нэхэмжлэгч З.Т нь 2002 оноос өмнө хувь нийлүүлэгчээс гарсан гэж нотлох баримтгүй таамгаар дүгнэлт гаргаж хувь нийлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, түүний өмчлөх эрхэд шүүгч өөрөө халдсан үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна.

            Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бодитой болж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглээгүй, нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан үндэслэлээр гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан үндэслэлийг хэрхэн няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй. Үндэслэх хэсгийн 9-д хуулийн этгээдийн өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий акт гэж дурдсан боловч захиргааны актын хуульд заасан ямар шаардлага хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

            4.2. Нэхэмжлэгч З.Т нь 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Э” ЗБН-ийн дүрмийн сангийн эд хөрөнгөө “З т” ХХК-д хувь нийлүүлж хувьцаа эзэмшигч болсон бөгөөд “Б” зочид буудал 1998 онд “З т” ХХК-ийн өмчлөлд 2 давхар үйлдвэр, үйлчилгээний зориулалттай гэж 50 сая төгрөгөөр Ү-405000172 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгүүлсэн, мөн 2002 онд уг барилгын 1 давхрын 8 өрөөг 288 м.кв талбайтай хэсгийг “Т” сургуульд 15 сая төгрөгөөр С.З, З.Э нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хуульд заасан журмын дагуу зохих бүртгэл хийгдсэн байдаг. Үндэслэх хэсгийн 18-д шүүхээс нэхэмжлэгчийг “З т” ХХК-д хамаарал бүхий гэх баримт харагдахгүй байна гэж дүгнэсэн боловч өөрийн байгуулсан хуулийн этгээдийн эд хөрөнгөө “З т” ХХК-д хувь нийлүүлж тухайн хуулийн этгээд үндсэн хөрөнгөө 50 сая төгрөг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

            4.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг 1998 онд 50 сая бүртгэл хийхэд хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарт үүсгэн байгуулагч 4 гэж байгаа боловч дүрэм байхгүй учраас үүсгэн байгуулагчид яг хэн нь тодорхойгүй, 2002 онд С.З, З.Э нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр 1 давхрыг “Түшээт хан” сургуульд шилжүүлсэн бүртгэл хийгдсэн, 2018 онд өвлөх эрхийн бүртгэл хийгдээгүй. Шүүхээс үндэслэх хэсгийн 18-д дурдсан нэхэмжлэгчийг 2002 оноос өмнө “З т” ХХК-ийн хувь нийлүүлэгчээс гарсан нь нотлогдсон гэж дүгнэсэн боловч ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дурдаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарыг нотолгоо болгосон нь үндэслэлгүй, шүүгчийн хийсэн дүгнэлтийг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг бүхэлд нь няцааж байна.

            4.4. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй З.Э нарын нэхэмжлэлтэй, иргэн Ц.Б, нотариатч Б.П нарт холбогдох иргэний хэрэгт “З т” ХХК-ийн дүрэмд зурагдсан гарын үсэг Ц.Б-ийн гарын үсэгтэй тохирч буй эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах ажиллагааны явцад Булган аймгийн шүүх шинжилгээний албанаас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130/41 дугаар албан бичигт улсын бүртгэлийн хэлтсийн архивт үзлэг хийхэд эд хөрөнгийн хувийн хэрэгт “З т” ХХК-ийн дүрэм гэх баримтын хуулбар хувь хадгалагдаж байна гэсэн хариу өгсөнтэй 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр танилцаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн эрхээ зөрчигдөж байгааг олж мэдээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн З.Т эгч З.Э-даа олгосон итгэмжлэлийн дагуу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “З т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан боловч тус хэлтсээс хувийн хэрэгтэй танилцах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4.5. Нотариатч Б.П 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “З т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн 12 тоот гэрчилгээг олгохдоо тус гэрчилгээндээ “З т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг “2 давхар үйлчилгээний барилга” гэсэн бичилт хийж нотариатын үйлдэл хийсэн, захиргааны хэргийн шүүхэд Булган аймгийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу хариу тайлбарт 2018 онд хийгдсэн өвлөх эрхийн бүртгэл хийгдээгүй талаар дурдсан байна. 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ү-405000172 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосны улмаас нотариатын үйлдэл өөрөө хууль бус болж “З т” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн өвийн асуудал өнөөдөр хүртэл шийдэгдэхгүй, өвлөгч нарын эд хөрөнгийн эрх зөрчигдсөөр байна.

            4.6. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар захирамжаар “З т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт хийгдсэн үзлэгээр бүртгэлийн хэлтсээс 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 000121611 дугаартай гэрчилгээг олгосон, уг гэрчилгээг олгохдоо ямар баримт бичигт үндэслэн олгосон талаарх баримт байхгүй, мөн Ц.Б-ийн мэдүүлэг байх боловч уг мэдүүлэг нь хуулийн шаардлага хангахгүй, ямар гэрээ хэлцлийг үндэслэн мэдүүлж байгаа нь тодорхой бус гэх нөхцөл байдал тогтоогдсон, уг гэрчилгээнд “үйлчилгээний зориулалттай 1502 м.кв 2 давхар үл хөдлөх хөрөнгө” гэсэн бичилт хийгдсэн, 2002 онд уг барилгын 1 давхрын 8 өрөөг 288 м.кв талбайтай хэсгийг “Т” сургуульд 15 сая төгрөгөөр С.З, З.Э нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байхад бүртгэлийн хэлтсээс 2011 онд “З т” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ олгохдоо ямар гэрээ хэлцэлд үндэслэн “2 давхар үйлчилгээний зориулалттай 1502 м.кв” гэж өөрчлөн бичилт хийн бүртгэж үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тодорхойгүй байх тул гэрчилгээ олгох үйл ажиллагаа хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

            4.7. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар өмчлөх эрх баталгаажна”, мөн хуулийн 13 дугаар зүйлд мэдүүлэг гаргах 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох баримт, мөн хуулийн улсын бүртгэлийн зарчим гэсэн хэсгийн 5.1.2-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

            4.8. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “энэ хуулийн 6, 7, 8-д заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно” гэсэн заалтыг зөрчсөн.

            4.9. Үндэслэх хэсгийн 18 дахь хэсэгт “мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Т бүртгэгдэж байсан, өмчлөх эрхтэй нотлох баримт захиргааны байгууллагад хадгалагдаж буй Ү-0405000172 дугаарын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдаагүй” гэж хууль зүйн төдийгүй логикийн илт алдаатай дүгнэлт хийж хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө, иргэний өмчлөлийн эд хөрөнгө гэсэн ойлголтуудыг хольж хутгасан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй дүгнэлт болсон төдийгүй энэ дүгнэлтээ маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөж өмчлөх эрхэд халдаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

            4.10. Үндэслэх хэсгийн 19-д хуулийн этгээдийн өмчлөх эрхийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хольж хутган хууль зүйн дүгнэлт хийснээрээ шийдвэр ноцтой болж чадаагүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын тодорхойлолт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбон хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлээ дээрх хуулийн заалттай уялдуулан тайлбар өгөөгүй.

            Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч З.Т-аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “З т” ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаар “З т” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2002 онд Зочид буудлын барилгын 1 давхрыг “Түшээт хан” сургуулийн нэр дээр 15 000 000 төгрөгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 288 м.кв нь 1502 м.кв талбайгаасаа хууль зүйн хувьд хасагдаж бүргэгдэх ёстой” гэж тайлбарлан маргах бөгөөд хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “...2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн уг бүртгэлд хяналт шалгалт хийх явцад үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг мэдүүлэгчийн мэдүүлсэн хэмжээ болон кадастрын зурагт тулгуурлан 1502 м.кв гэж олгосон бүртгэлийн зөрчил илэрсэн тул бүртгэлийн зөрчлийг арилгах шаардлага”[1]-тай байгаа талаар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ.

2.3. Анх 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр актаар маргаан бүхий “Б” зочид буудлын барилгыг “Б” ББХК-ийн эзэн З.Э-д хүлээлгэн өгчээ.

2.4. Хэрэгт авагдсан “З т” ХХК-ийн 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулах тухай гэрээнд оруулсан өөрчлөлтөөс[2] үзэхэд дүрмийн сангийн 82.27 хувийг З.Э, н.Х нар, 16.9 хувийн С.Б, 0.83 хувийг нэхэмжлэгч З.Т эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.

2.5. Харин “З т” ХХК-ийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүрмийн өөрчлөлтөөр тус компани нэг үүсгэн байгуулагчтай, нэг гишүүнчлэлтэй болсон төдийгүй компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болон компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь З.Э байжээ. Энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй байна.

2.6. 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөлдөх эд хөрөнгийн бүртгэлийн 19 дүгээр гэрчилгээгээр маргаан бүхий Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах улсын бүртгэлийн 0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга нь 50 000 000 төгрөгийн үнэ бүхий болох нь тогтоогдож байх бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”[3]-гээр дээрх барилгын 1 дүгээр давхрын сургуулийн зориулалтаар засварлан тохижуулсан хэсгийг иж бүрдлээр нь буюу 15 000 000 төгрөгийн үнэ бүхий талбайг “З т” ХХК-ийн захирал З.Э-гөөс С.З-д бэлэглэжээ.

2.7. Түүнчлэн Булган аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны бүртгэлийн 0405000172-т бүртгэгдсэн[4] “Өмчлөх эрх үүссэн эрх зүйн үндэслэл, өөрчлөлт” хэсэгт “Нотариатч Д.П-гийн гэрчилснээр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг үндэслэн “З т” ХХК-ийн хөрөнгөнөөс 15 сая төгрөгийг хасч чөлөөлөв”, мөн  “...бэлэглэлийн гэрээг үндэслэн 35 сая төгрөгөөр зочид буудлын барилгын 2 давхар, баар, гал тогооны нийт 300 м.кв талбай 15 өрөө бүхий барилгыг 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өмчлөгчөөр бүртгэв” гэж тус тус тэмдэглэн улсын бүртгэгч П.Л гарын үсэг зурж, Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 288 м.кв талбайтай 8 өрөө “З т” ХХК-ийн барилгын нэг давхрын хэсгийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр “Т” ерөнхий боловсролын сургуулийг бүртгэж өмчлөх эрхийн 0013000 дугаар гэрчилгээг[5] олгосон байна.

2.8. Нөгөөтээгүүр “З т” ХХК-ийн захирал З.Э-өөс Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 35 000 000 төгрөг болгон өөрчилсөн мэдүүлэг[6] гаргаж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0013017 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлийн 0405000172 дугаарт бүртгэгдсэн 35 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын өмчлөгчөөр “З т” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

2.9. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл “З т” ХХК нь өөрийн өмчлөлийн 2 давхар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 8 өрөө буюу 288 м.кв талбайг 15 000 000 сая төгрөгөөр үнэлэн С.З-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх төдийгүй өмчлөх эрхийг буцаан шилжүүлсэн гэрээ, хүсэлт байхгүй байгаа энэ тохиолдолд 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0405000172 дугаар бүртгэлээр 1502 м.кв талбайгаар “З т” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагын “Т” ерөнхий боловсролын 288 м.кв талбайд холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.10. Мөн “З т” ХХК-иас “барилгын 1 дүгээр давхрын сургуулийн зориулалтаар засварлан тохижуулсан хэсгийг иж бүрдлээр” С.З-д бэлэглэсэн 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, энэ талаарх үйл баримт тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Т-аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ““З т” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаарт бүхий “З т” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээний “Т” ерөнхий боловсролын сургуулийн өмчлөлд хамаарах 288 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр талд,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар талд,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар талд,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр талд,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар талд,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар талд,