| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0219/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/224 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/224
2021 04 06 2021/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Ц.Ганчимэг,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Б-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 20100 1917 0103 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д савлагч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, эгч дүүгийн хамт ... дүүргийн ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 899 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-н З/РД:/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010019170103 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудас /хх-7/,
2. Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим Цэцэрлэгт хүрээлэнд найз Г.Ц нөхөр Б.Хгийн хамт 2,5 литрийн “Нийслэл” нэртэй 2 пиво хувааж уугаад сууж байсан. Бид нарын доод талд хэдэн хүмүүс мөн архи ууж байсан. Би бие засах гээд доошоо явж байсан чинь тэдгээр залуучууд намайг хэл амаар доромжлоод байхаар нь та нар намайг оролдож яаж байгаа юм гэхэд махлаг залуу нь босож ирээд намайг барьж авсан. Нэг залуу нь намайг араас татаж унагаасан. Манай найзууд ирж салгасан. Би газар унах үед хэн гэдгийг нь мэдэхгүй байна, хоёр залуугийн нэг нь хамарт гараараа нэг удаа цохисон. Г.Ц цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг зодож байхад Г.Ц, нөхөр Б.Хтэй хамт харж байсан. Мөн нөгөө залуучууд гурвуулаа байсан. Намайг урдаас болон араас барьж авсан хоёр залуугийн нэг нь цохисон. Маргалдсан хүмүүсийг ерөөсөө танихгүй. Гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй. Миний хамар бага зэрэг битүүрч, толгой өвдөж байгаагаас өөр гэмтэл бэртэл гэх зүйл байхгүй. Тухайн үед бид нар дунд зэргийн согтолттой байсан. Ухаан санаа эрүүл биеэ авч явах чадвартай байсан. Шүүх эмнэлгийн эмчийн №11082 дугаартай шинжээчийн дүгнэлтэд санал хүсэлт байхгүй. Надад учирсан гэмтлийг тухайн үед байсан хоёр залуугийн нэг нь гараараа нэг удаа цохиж учруулсан. Яагаад муудалцах болсон талаар сайн мэдэхгүй байна. Зүгээр явж байхад хэл амаар доромжилж хоргоож барьж авсан. Тэр хоёроос өөр намайг зодсон хүн байхгүй. Гомдолтой байна. Хамрын гэмтлийг засуулмаар байна. Тухайн үед урагдсан цамц, малгайг төлүүлмээр байна. Тухайн цамцыг Хархорин захаас энэ оны 6 дугаар сард 45000 мянган төгрөгөөр, малгайг 20000 мянган төгрөгөөр мөн пудволкийг 20000 мянган төгрөгөөр авсан. Нийт 85000 мянган төгрөгөөр авч байсан мөнгийг гаргуулмаар байна. Би хувцаснуудаа тухайн үед авч байсан үнээр үнэлж байна. Надад одоо эмчилгээ болон бусад зардлын баримт байхгүй. Тухайн үед шүүх эмнэлгээс өөр эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
3. Гэрч Н.Г.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Би нөхөртэйгөө хамт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад Буянт-Ухаа 1 хорооллын урд талын цэцэрлэгт хүрээлэнд сууж байгаад Э.Т-тэй утсаар яриад уулзахаар болсон. Орой 22 цагийн орчим Э.Т халамцуу ирсэн. Бид нар нэг лааз пиво уусан. Э.Т нойл орно гээд доошоо яваад эргэж ирэхдээ доор байсан хүмүүстэй маргалдсан. Тухайн маргалдаж байсан хүмүүс нь Э.Тийг чи муу чадах уу гэх зэргээр маргалдаад байсан. Одоо сайн санахгүй байна би Эрдэнэтөгс дээр очих гээд явтал арай намхан биедээ таарсан махтай бага зэрэг үсээ орой дээрээ боосон, хар канттай цагаан өнгийн биеийн тамирын цамцтай залуу заамдаж аваад гараараа нүүрэнд нь 2-3 удаа цохиж авсан. Э.Т өөдөөс нь мөн адилхан цохисон. Тухайн үед Э.Т нэлээн согтуу байсан болохоор хүн цохих чадваргүй шахуу байсан. Нөгөө залуу өндөр том биетэй махлаг залуу байсан. Тухайн үед тэр бүдүүн залуу ирээд мөн барилцаж авсан. Эхлээд туранхай нь цохиход Э.Тийн хамраас цус гарсан. Би тэд нарыг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоорондоо бие биеэ үгээр идээд доромжлоод байсан. Тухайн үед хоёр залуугийн гэзэгтэй нь буюу туранхай залуу нь Э.Тийн нүүрэнд цохиж цус гаргасан. Сүүлд нь тэр бүдүүн залуу нь барьж аваад доогуур өшиглөөд нуруунд нь цохиж байсан. Нүүрэнд нь бол цохисон зүйл байхгүй. ...Нөгөө хоёр залуу архи барьсан байсан. Хир зэрэг согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн хэрэг болох үед Э.Т, манай нөхөр Б.Х, би нөгөө хоёр залуу бид хэд байсан. Тэрнээс өөр хүмүүс байхгүй байсан. ...Ер нь гэзэгтэй залуу нь зодоон эхлүүлж гол асуудлыг тарьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
4. Гэрч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын хажуу талд Нисэхийн Пирамид хотхоны урд талын барилгын хажуу талын цэцэрлэгт хүрээлэн дотор найз З бид хоёр 1 шил 0,75 граммын “Эден” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Орой 21-22 цагийн хооронд ууж дуусаад дахин дэлгүүр яваад архи аваад сууж байсан газраа ирсэн чинь З газар унасан байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь цаад хүмүүс чинь намайг зодчихлоо утас аваад явчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр араас нь хөөсөн. Би түрүүлээд байрны булан тойроод байхгүй болохоор нь эргээд алхаж байсан чинь З Амараа нааш ир нэгийг нь барьсан гэж байсан. Намайг очиход нэг залууг барьсан утас гаргаад өг гээд байж байсан. Тэгэхэд тэр залуугийн хамраас нь цус гарсан хамрын нуруу хэсэгт шалбарсан байсан.Би очоод тэнд явж байсан хүнийг гуйж цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
5. Гэрч Б.Соёлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад Б.Хгийн эхнэр Г.Ц над руу утсаар залгаад нөхрийг чинь 2 хүн зодоод байна. Салгах гэсэн салахгүй байна гэхээр нь яваад очсон чинь цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. ...Намайг цагдаагийн хэлтэс дээр ирэхэд манай нөхөр согтуу, мөн өөр 2 согтуу залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11082 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- Б.Э.Тд хамрын нурууны хугарал, зулгаралт тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56/,
7. Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө ажлаас бууж гэртээ хариад өдөр ажил дээр ирээд А, Г бид 3 үдээс хойш 16 цагийн орчим Нисэхийн урд талын цэцэрлэгт хүрээлэнд архи хувааж ууж байгаад Г нэлээд согтоод яваад өгсөн. Абид хоёр үлдээд дахин 1 шил архи авч уугаад сууж байсан чинь архи дуусаад А дахиад 1 шил архи авч ирэх гээд дэлгүүр явсан. Тэгэхэд хажуу талын саравчинд байсан хүмүүсийн нэг залуу нь ирээд надтай юм ярьж байгаад гөлөг, пизда гэх зэргээр доромжилж байгаад нэг удаа хацарт цохиж авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гараараа хамарт нь 2 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. ....бид хоёр хоорондоо нэлээд ноцолдож, нэг нэгийгээ түлхэж унагаад байсан. ...Э.Т нь намайг согтуу байхад ирээд хэл амаар доромжлоод тэрнээс болж маргалдсан. Э.Т эхлээд намайг нэг цохиж авсан. Би гар утастай байснаа гэнэт санаад гар утсыг гаргаж өг гэж хэлээд маргалдаж байхдаа Э.Тийг нэг цохиж авсан. ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би хоёр удаа Э.Тийн хамарт нь цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 85-94/ болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Згийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.З нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Э.Т-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаа /хх-7/,
- Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би газар унах үед хэн гэдгийг нь мэдэхгүй байна, тэр хоёр залуугийн нэг нь миний хамарт гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Гэрч Н.Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Эрдэнэтөгс дээр очих гээд явтал арай намхан биедээ таарсан махтай бага зэрэг үсээ орой дээрээ боосон, хар канттай цагаан өнгийн биеийн тамирын цамцтай залуу заамдаж аваад гараараа нүүрэнд нь 2-3 удаа цохиж авсан. ...Эхлээд туранхай нь цохиход Э.Тийн хамраас цус гарсан байсан. Сүүлд нь тэр бүдүүн залуу нь барьж аваад доогуур өшиглөөд нуруунд нь цохиж байсан. Нүүрэнд нь бол цохисон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
- Гэрч Д.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг яваад очиход нэг залууг барьсан утас гаргаад өг гээд байж байсан. Тэгэхэд тэр залуугийн хамраас нь цус гарсан хамрын нуруу хэсэгт шалбарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад Б.Хгийн эхнэр Г.Ц утсаар залгаад нөхрийг чинь 2 хүн зодоод байна. Салгах гэсэн салахгүй байна гэхээр нь яваад очсон чинь цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. ...Намайг цагдаагийн хэлтэс дээр ирэхэд манай нөхөр согтуу, мөн өөр 2 согтуу залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11082 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 56/,
- Шүүгдэгч Б.Згийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ... гараараа хамарт нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь хамраас нь цус гарсан. ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би хоёр удаа Э.Тийн хамарт нь цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.З нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э.Т-тэй маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Б.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Тус хэргийн улмаас хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “... шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар хоёр удаа ял шийтгэгдэж байсан, сүүлд Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, ялыг биелүүлсэн байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Нөгөө талаар шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал буюу “Таван толгой түлш” ХХК-д савлагч ажилтай, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.Зд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Зг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-н Зг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Зд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Зд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН