Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа, Б.Бүжинлхам,     

улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/,  

хохирогч О.А,         

шүүгдэгч Ж.Д , түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж О  овогт Ж-ийн  Д-д  холбогдох эрүүгийн 2010000000813 дугаартай 187/2021/0040/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ........... оны ....... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл ........ хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О  овогт Ж-ийн  Д /РД:........................./ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байранд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.А-ийг мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байранд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.А-ийг мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.Д ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энд яллагдагч болоод байж байгаадаа харамсаж байна. Тухайн хэрэг болдог өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч манай гэрт ирсэн байсан. Би эхнэр, 2 охинтойгоо эхнэртэй амьдардаг. Хохирогч манай гэрт удаа ирж охид, эхнэрийг маань айлгаж байсан. Бид хоорондоо хөрөнгө мөнгөний маргаантай байдаг. Тэгээд түүнийгээ шийдэж чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлье, шүүхэд ханд гэж би удаа дараа хэлдэг байсан. Учир нь бид өөрсдөө ярилцаад ойлголцож чадахгүй байдалд хүрсэн. Тэгээд сүүлийн 4 жил хохирогч манай гэрт архи уусан үедээ, өөр хүмүүс дагуулаад хүрээд л ирдэг. Миний насанд хүрээгүй 2 хүүхэдтэй байнга ярьдаг. Тухайн өдөр би өглөө 8 цагт хүнтэй уулзах гээд гарсан хойно манай 2 хүүхэд хаалгаа нээгээгүй байсан. Тэгээд намайг ирэхэд дахин хаалга цохихоор нь би гарах гэсэн чинь өөдөөс шууд хаалга өшиглөсөн. Тэгэхээр нь хаалгаа нээсэн чинь зогсож байхаар нь 2-лаа гаръя гээд гутлаа үдэж байсан чинь намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би боссон чинь намайг хойноос дахиад цохисон.  Тэгээд бид 2 жижиг цахилгаан шатад орсон. Манай байрны бүх газар хяналтын камер байгаа. Бидний үйлдэл бичигдсэн л байгаа. Хохирогч миний урдаас сарвалзаад байхаар би нүүрнээс базаад хана руу шахсан. Тэгээд гараад явсан чинь хохирогч намайг өшиглөхөөр нь эргэж харсан чинь цохихоор нь би цохих гэж байхад манай жолооч ирээд болиулсан. Хохирогч манай гэрт удаа дараа ирээд байхаар нь би 3 удаа дуудлага өгч байсан. Тэрийг мөрдөгчид хэлсэн. Намайг болон миний гэр бүлийг удаа дараа дарамталдаг байсан. Чамайг болон хүүхдийг чинь ална гэх зэргээр ярьдаг байсан. Тэр бүрд нь би мөнгөний асуудал байвал шүүхээрээ яв л гэдэг байсан. Тэгээд хохирогч 7 сард хагалгаанд орсон гэсэн. Би тэр үед нь мөнгө өгч л байсан. Үнэхээр хохирогч тийм хүнд хагалгаанд орсон бол 10 хоногийн дараа босоод хүнтэй хэрүүл зодоон хийгээд явах бололцоо байдаг эсэхийг мэдэхгүй байна. Хохирогч өөрөө над дээр ирж хэрүүл өдсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарна танилцаарай гэж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Хохирогч О.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч бол дандаа худлаа ярьж явдаг залилангийн хүн. Анх бид 2 2010 онд танилцаж байсан. Би тухайн үед барилгаа зараад нэлээн мөнгөтэй болсон байсан. Тэр үед л миний араас шүүгдэгч ахаа ахаа гээд л байдаг байсан. Би нэлээн их мөнгөтэй байсан. Шүүгдэгчийг миний дүү л гэж бодож явсан. Би тухайн үед Залуучууд зочид буудалд оффистой байсан. Тэр үед шүүгдэгчтэй танилцсан байсан учир надад би найз нартайгаа 9 давхар барилга барьсан. Энэ барилгын 5 давхар тэр чигтээ минийх учир та дуртай газраа ор гэсэн. Тухайн барилгын даргын өрөөнд би суудаг байсан. Шүүгдэгч надаас Иргэний хариуцагч мөнгө зээлдэг байсан. Намайг 70,000 доллартой гэдгийг мэдчихээд ахаа 40,000 доллар зээлээч, 20,000 доллар зээлээч гэх зэргээр авсаар байгаад миний мөнгийг дуусгасан. Бид 2 маш иргэний хариуцагч мөнгөний өр авлагатай. Би энэ хүнд 375,000 америк доллар, 200,000 Хонг Конг доллар буюу Монгол мөнгөөр 100-200 сая төгрөг өгч байсан. Энэ хүн надаас 70,000 доллар авсныхаа дараа надад машин авч өгсөн. Ланд 200 маркийн автомашиныг би 83,500,000 төгрөгөөр авч байсан. Тэгээд машиндаа юм хийх үү гэхээр нь 7,000 долларын юм хийсэн. Тэгээд надад 10,000 доллар хадагтай хамт өгч байсан.  Тэгээд л надаас бага багаар мөнгө зээлдэг.  Сүүлдээ би шүүгдэгчийг айлгах гээд 2015 онд шүүхэд өгч байсан. Миний эхнэрт ресторан авч өгнө. Дансанд мөнгө орно байж бай л гэдэг байсан. 1 дэх өдөр очихоор 3 дах өдөр эсвэл дараагийн 7 хоногт гээсээр байгаад би бараг 100.000 удаа очсон. Би 2, 3 удаа архи үнэртүүлж очиж  байсан нь үнэн. Шүүгдэгчийн эхнэр манай нутгийн хүүхэн байдаг. Шүүгдэгчээс 10 хэдэн насаар эгч хүн байдаг. Шүүгдэгчийн 2 охин Сингапур улсад сурч байхад нь би сургалтын төлбөрийг нь төлж байсан. Зочид буудалд буухад нь эхнэрт нь 3,000 доллар охидод нь 500, 500 доллар өгч л байсан. Шүүгдэгчийн том охин надад их сайн байдаг. Энэ  хэргээс болоод бага охин, эхнэр нь намайг үзэхээ больсон. Би эдний хаалгыг нь байнга цохидог. Шүүгдэгчийг 10 цаг хүлээдэг, тэгээд оройн 1 цагт ирчхээд маш их ажил бүтээчихсэн хүн шиг зүйл ярьдаг байсан. Надад өгөх мөнгө нь сүүлдээ байр болоод л явчихна. Нэг удаа надад Гэгээнтэнд 400 саяар байр авч өгье гэхээр нь тэгвэл тооцоогүй шүү гэсэн чинь нөгөөх нь бүтэхээ байгаад Зайсанд 360 саяын байр үзүүлсэн. Тэгээд шүүгдэгч 280 саяыг нь төлчихсөн гэхээр нь тэгвэл би үлдсэнийг өгөөд оръё гэхэд бас л таг болсон. Энэ хэргээс болоод миний сэтгэл санаа авах юмгүй болж би ходоодныхоо 70 хувийг тайруулж 80 кг-аас 60 кг болтлоо турсан. Тэгээд би хагалгаанд орох гэж байхдаа мөнгөний хэрэг гарчихлаа гэхэд надад бас л мөнгө өгөөгүй. Энэ хэрэг гардаг өдөр би гарч салхилангаа шүүгдэгчийнд очиж мөнгөө асууя гээд эхнэртээ хэлээд гарсан. Тэгээд очоод гэрийнх нь хаалгыг цохиход тайлахгүй байсан. Ер нь эдний хаалганд чихээ тавиад чимээ сонсоход дотор нь хүн явж байгаа нь сонсогддог учир тухайн өдөр чагнахад чимээ гарахгүй байсан. Тэгэхээр нь орцных нь гадаа сууж байтал орцны жолооч утсаа хаячихлаа гэхээр нь би олж өгөөд 9 цаг 20 минутад буцаж ороод унтаж байгаа байх гэж бодоод сэрээх гээд хаалгыг хүчтэй тогштол удалгүй хаалга нээгээд шууд намайг заамдаж аваад цохисон. Надад хүний өмнөөс цохих чадал тэнхээ байхгүй учир тухайн үед эдний том охин нь ааваа хүн аллаа боль гээд түлхэгдэж гарахад охин нь миний утас цүнхийг авчирч өгсөн. Тэгээд гэрийнх нь үүдэнд зугтах гээд чадалгүй байж байхад араас гарж ирээд цахилгаан шат мөргүүлээд намайг 2-3 удаа цохисон. Би яаж ч чадахгүй сарвалзсан. Би өмнө нь ганц ч гарын үсэг зуруулалгүй мөнгө өгдөг байсан. Харин сүүлд 320 сая дээр гарын үсэг зуруулсан. Энэ хүн 6 жилийн ял авсан хэр нь гараад ирчихсэн байна. Энэ хүн Оросуудыг залилдаг, 8 сар мөрдөнд суусан, Эрдэнэтийн Ганзоригийн гарын үсгийг хуурамч зууруулдаг. Энэ хүн хамгийн хайртай дүү байсан. Би хэрэг гардаг өдөр маш сулдай байхад намайг хэд хэд сэгсрээд аймар хүчтэй цохисон. Би манараад ухаан алдах гээд байхаар нь тэр газартаа шууд суусан. Миний хөлс гараад нүд харанхуйлаад эхнэр лүүгээ ярьсан чинь цагдаа дуудсан. Нэгэн цагт ах дүү байсан хүн энэлэгт хэвтэхэд санаа тавьж болно биз дээ. Би Сонгодо эмнэлгийн химийн эмчилгээнд 6 удаа явсан. Нэг удаагийнх 5 сая төгрөг байдаг. Би одоо түрээсийн байранд хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байна. Миний охин ОХУ-д хуульч мэргэжлээр, Итали улсад магистр хамгаалсан. Би худлаа ярьдаг хүн биш...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, бусад баримтууд /хх-ийн 4-6/

            4. Хохирогч О.А-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хурд хороололд Дашдэмбэрэлийн гэрт өмнө нь зээлсэн мөнгөө авах зорилгоор очсон. Тэгээд хаалгыг нь тогшиж хаалгаа тайлахгүй байсан тэгэхээр нь жоохон хүчтэй нүдтэл тайлахгүй байсан тэгэхээр нь орцны гадаа цаг гаран сууж байгаад одоо ирсэн байх гэж бодоод буцаж орооод хаалгыг нь тогштол хаалгаа тайлаад намайг шууд заамдаж дух хэсэгт гараараа цохисон. Тэр үед миний толгой манарч үүдний сандал дээр суусан. Тэгээд намайг түлхэж гэрээсээ гаргасан. Тэгээд араас гарч ирээд намайг ална гэж хэлээд заамдаж цахилгаан шатанд сууж намайг заамдаж байгаад лифтны хана мөргүүлсэн, тэгээд доор 1 давхарт буусан. тэгээд байж байхад Дашдэмбэрэлийн жолооч гэх залуу ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-13/ 

            5. Гэрч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болдбаатар, Батболд 2 хоорондоо маргалдаад Батболд нь Болдбаатарыг цохиж цохиж уруулыг нь сэтэлсэн тухайн үед Болдбаатарын хаана нь хэдэн удаа цохьсон болохыг би хараагүй, зодоон болсны дараа би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/  

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9341/-ний дүгнэлт

           -О.А-ийн биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-21-23/

             7. Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр өглөө эрт 08 цаг өнгөрч байхад Дашдэмбэрэлтэй уулзана гэж хэлээд гараад явсан. Манай нөхөр гадаа үүдэнд нь сууж байсан тэгээд юу болсон талаар асуутал мөнгөө нэхэхэд хаалгаа онгойлгоод шууд цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

             8. Шүүгдэгч Ж.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хурд хорооллын 6а байрны 161 тоотод гэртээ байж байгаад гарч явчихаад буцаж орж ирээд цай уугаад сууж байтал гэнэт хаалга хүчтэй нүдсэн тэгээд би Алтансүх л ингэж хүчтэй нүднэ дээ гэж бодоод гутлаа өмсөх байж байтал дахин хаалга хүчтэй өшиглөсөн тэгээд хаалгаа нээсэн чинь Алтансүх зогсож байсан тэгээд надаас нөгөө л ярьдаг юмаа ярьж ор үндэсгүй мөнгө нэхээд байхаар нь би түлхээд гаргачихсан. Би гутлаа өмсөж байтал араас өшиглөсөн, толгой руу цохисон. Алтансүхийг заамдаж аваад лифт рүү орсон, лифтэнд суутал өөдөөс сарвалзаад дайраад байхаар нь нэг удаа мангасдаж түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгээд лифтнээс буугаад орцны хаалгаар гарахад түлхсэн тэгээд гадаа байж байтал дахин намайг араас цохисон. Тэр үед манай жолооч намайг барьж машинд суулгаж бид 2 явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

                9. Шүүгдэгч Ж.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтансүх нь өөрөө манай гэрт дайрч орж ирж танхайрсан. Би гэрээсээ түлхэж гаргасан тэр үед харин намайг араас нэг удаа өшиглөж, хоёр удаа цохьсон. Би тэр үед Алтансүхийг заамдаж аваад цахилгаан шатанд суулган доошоо бууж орцны гадаа гарсан. Тэгээд гадаа гарах үед манай жолооч салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

            Шүүгдэгч Ж.Д  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9341/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ж.Д  нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байранд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.А-ийг мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч Ж.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Д ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч О.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…надад хохирол 2.000.000 төгрөг өгсөн. Миний хувьд Ж.Д-д маш их гомдолтой байна... бид хоёрын хооронд өр авлагын асуудал ихтэй 70.000 доллар өгсөн...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ж.Д-ийн хувийн байдал /...44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Ж-ийн  Д-ийг  500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч  О.А төлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.      

Шүүгдэгч Ж.Д ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О  овогт Ж-ийн  Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Ж-ийн  Д-ийг  500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч Ж.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч  О.А төлсөн болохыг тэмдэглэсүгэй.  

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.       

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Д д сануулсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

       

  

  

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР