Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 852

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

              Дугаар 184/ШШ2017/00852

                          Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2-р хороо, усны гудамж-4 хаягт байрлах “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Их наран хаягт байрлах “Ситишоп” ХХК-нд холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762,457.42 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, А.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, гэрч М.Мөнхчимэг, Б.Эрдэнэцэцэг, иргэдийн төлөөлөгч Л.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ

“Ж.Чинзориг захиралтай “Ситишоп” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Т07/96 тоот зээл, барьцааны гэрээ, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Т07/69 тоот зээлийн батлан даалтын гэрээ тус тус байгуулан 550,000.0 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авч 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр жилийн хүүг 15 хувь болгон өөрчлөлт оруулсан байна. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд “Ситишоп” ХХК-ийн өмчлөлийн дэлгүүрийн суурилагдсан барилга 40 ширхэг, суурьлагдаагүй барилга 20 ширхэг, тус компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 14 хороо, 13-р байрны баруун талд орших 0003261 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч “Ситишоп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 550,000 ам.доллар, зээлийн хүү 645,601.24 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 120,517.81 ам.доллар нийт 1,316,119.05 ам.доллар буюу 2,619,813,936.13 төгрөг нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг шийдвэрт дурдаж өгнө үү.” гэж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 2,940,386,294.37 төгрөг нэхэмжилсэн.

Мөн нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Тухайн зээлийг анх олгох болсон буюу гэрээг “Ситишоп” ХХК-тай байгуулах болсон гол үндэслэл нь банкинд гаргаж өгсөн бүх баримт бичиг, баталгаа, зөвшөөрөл нь үнэн зөв, бодитой, хуулийн шаардлага хангасан гэж

үзсэн явдал байдаг. “Ситишоп” ХХК-аас гаргаж өгсөн зээлийн хүсэлт, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, компанийн дүрэм, гэрчилгээ, бусад баримт зэргийг “үнэн зөв” баримт бөгөөд “бодитой мэдээлэл туссан” гэж үзсэн учир зээлийн гэрээ байгуулж, зээл олгох болсон юм. Түүнчлэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч этгээд нь гарын үсэг зурсан буюу Компанийн тухай хууль, Иргэний хуулийн шаардлагад нийцсэн гэж итгэсэн учир зээлийн гэрээ байгуулсан юм. Мөн “Ситишоп” ХХК нь зээлийн гэрээний 9.2 дахь заалт, 9.3 дахь заалтад тус тус заасны дагуу гаргаж өгсөн бүх барим бичиг, зөвшөөрөл мэдэгдлийг үнэн зөв бөгөөд энэ талаар худал мэдээлээгүй гэсэн баталгаа гаргасан. Энэхүү баталгаа нь зээл олгох гол үндэслэл болсон. Гэтэл “Ситишоп” ХХК-аас зээлийг авахдаа бүрдүүлж өгсөн “компанийн дүрэм” нь тухайн үеийн бодит байдалд нийцээгүй, зөвшөөрөл олгосон хувь нийлүүлэгчийн шийдвэр нь хувьцаа эзэмшигч биш этгээдийн гарын үсгээр баталгаажсан болох нь хожим буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байна.

Тодруулбал 2005 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт Х.Баттулга зурсан байдаг боловч 2005 оны 04 дүгээр сарын  17-ны өдрөөс хойш Ж.Чинзориг нь компанийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа нь хожим илэрсэн баримтаас харагдаж байна. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэм өөрчлөгдсөн байхад өөрчлөгдөөгүй дүрмийг бүрдүүлэн өгч бодит байдалд нийцээгүй мэдээллээр банкыг хууран мэхэлсэн байна. “Ситишоп” ХХК-ийн гаргаж өгсөн компанийн дүрэм, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр зэрэг баримт бичгүүдээс иргэн Х.Баттулга нь хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

“Ситишоп” ХХК-ийн хувьд эдгээр баримт бичгийг үнэн зөв, бодитой биш, хуулийн шаардлага хангаагүй гэдгийг мэдэж байгаа хэрнээ үүнийг “Капитрон банк”-аас нууж, зээл авах гэсэн зорилгоо хэрэгжүүлсэн байна. Хэрэв баримт бичиг үнэн зөв, бодитой бус, хуулийн шаардлага хангаагүй гэдгийг банкны зүгээс мэдсэн тохиолдолд зээл олгохгүй гэдгийг урьдаас тооцсон байна. Аливаа зээл олгож буй банкны хувьд зээлдэгчийн бүрдүүлж өгсөн баримт бичигт дүн шинжилгээ хийж, хэд хэдэн удаагийн зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэн зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Ийнхүү шийдвэрлэхээс өмнө бүрдүүлсэн баримт бичиг нь үнэн зөв, бодитой бөгөөд хуулийн шаардлага хангасан эсэхэд хамгийн их ач холбогдол өгдөг бөгөөд үнэн зөв бодитой бус мэдээлэл агуулсан баримт бүрдүүлсэн бол зээл олгохоос татгалздаг. Ийм учраас зээлдэгч тус бүрээс баталгаа гаргуулж, үнэн зөв баримт бүрдүүлэхийг сануулдаг. Үнэн зөв, бодитой бус баримт гэдгийг мэдсээр байж зээл олгодог арилжааны банк гэж байдаггүй. Банк бүр өөрийн журмаар гагцхүү үнэн зөв, бодитой баримтыг үндэслэж зээл олгохоор зохицуулсан байдаг. Тодруулбал Капитрон банкны хувьд тухайн зээлийг олгох үед мөрдөгдөж байсан зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журмаар бичиг баримтын зөрчилтэй, хуулийн шаардлага хангаагүй зээлийн материалыг буцаахаар зохицуулсан.

Капитрон банкын хувьд “Ситишоп” ХХК-ийн бүрдүүлсэн бүх баримт бичгийг үнэн зөв, бодитой мэдээлэл агуулсан гэж итгэсэн. Гэтэл зээл олгохоос 20 орчим хоногийн өмнө компанийнхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн атлаа энэ тухай бодитой баримт бичгийг Капитрон банкинд гаргаж өгөөгүй байна. Үүнийг хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Зээл олгохоос татгалзах нөхцөл байдлыг бүрдүүлэхээр байсан баримт бичгүүдийг “Ситишоп” ХХК-ийн зүгээс үнэн зөв, бодитой бус гэдгийг нуун дарагдуулсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр буст тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Капитрон банк түүний удирдлагууд нь Х.Баттулгыг хувьцаа эзэмшигч бөгөөд түүний эзэмшлийн компанитай гэрээ байгуулж байна гэж ноцтой төөрөгдсөн байна. Ноцтой төөрөгдсөн учраас Х.Баттулга удаа дараа холбогдож зээлийн асуудлыг хөөцөлдөж, зээл төлөлтийг хойшлуулж байсан. Х.Баттулга ч гэсэн хувьцаа эзэмшигч биш хэрнээ “зээлийг төлнө, зохицуулна” гэх зэргээр банкийг төөрөгдөлд оруулж байжээ.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр Х.Баттулгыг хувьцаа эзэмшигч байх ёстой тухай баримтуудыг дурдаж, хариуцагчийн өмгөөлөгчөөс сүүлд өгсөн улсын бүртгэлийн лавлагааг үнэн зөв эсэхийг шалгуулах зорилгоор үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргасан нь банкны хувьд ноцтой төөрөгдсөн гэдгийг тодорхой харуулсан гэж үзэж байна.

Ж.Чинзориг нь гүйцэтгэх захирлын хувиар гэрээнд гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигч Х.Баттулгын шийдвэрээр олж авсан байдаг. Гэтэл Х.Баттулга нь үнэн хэрэг дээрээ шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байсан байна. Компанийн тухай хууль болон “Ситишоп” ХХК-ийн дүрмээр их хэмжээний хэлцлийг байгуулах зөвшөөрлийг заавал хувь нийлүүлэгчийн хурлаас олгохоор байна. Гэтэл хувьцаа эзэмшигч биш Х.Баттулгын шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан байна. Энэ нь мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлийг бүрдүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймд Капитрон банк болон “Ситишоп” ХХК-ийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүүгийн орлого болох 762,457.42 ам.долларыг хариуцагч “Ситишоп” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна.” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “Ситишоп” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа

“Нэхэмжлэлийн утгад дурдсан Т07/96 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг “Ситишоп” ХХК нь Капитрон банктай 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг зохигчид сунгаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Капитрон банкинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч нь уг үүргийн гүйцэтгэлийг 2011 оны 05 дугаар сарын   09-ний өдрөөс өмнө “Ситишоп” ХХК-аас шаардах эрхтэй байсан. Гэтэл зээлийн гэрээ байгуулсанаас хойш 8 жил, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 7 жилийн дараа ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Үүнээс өмнө нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй.

Өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, тийм нөхцөл байдал үүсээгүй. Мэдээж зээлийн гэрээний үүргийг шаардахгүй байх олон нөхцөл, шалтгаан гэрээний талууд, хувьцаа эзэмшигчдийн хооронд байсан ба тэдгээрийг энд дурдах шаардлагагүй юм. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу Капитрон банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”,

нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч Капитрон банк нь 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр анх “Ситишоп” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 550,000 ам долларыг зээлдүүлсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээг зохигчид удаа дараа сунгаж байсан бөгөөд 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 дугаартай зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохын тулд байгуулж, зээлийг зээлээр хаасан байдаг. Энэ нь гэрч Б.Мэдрээгийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн үндэслэлээс харвал Капитрон банк иргэн Х.Баттулгатай гэрээ байгуулах гэж байсан мэтээр ойлгогдож байна. Гэвч бодит байдал дээр “Ситишоп” ХХК гэх бие даасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан ба үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тус компанийн тодорхой эд хөрөнгө, эрхүүдийг барьцаанд авсан байдаг. Компанийн тухай хуулийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан. Капитрон банк нь “Ситишоп” ХХК-тай гэрээ байгуулахад тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь Х.Баттулга эсхүл Ж.Чинзориг байх нь ач холбогдолгүй бөгөөд хэрэв тухайн компани гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг компаниас шаардах учир нэхэмжлэгчийн Х.Баттулгын эзэмшлийн компанитай гэрээ байгуулж байна гэж төөрөгдсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 59-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамаарахгүй юм. Тухайн гэрээнд гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь “Ситишоп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байхад зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу “Ситишоп” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд тус тус гарын үсэг зурж, гэрээг байгуулахад хувьцаа эзэмшигчдийн шийдвэр шаардлага болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Ситишоп” ХХК-нд холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762,457.42 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           

Нэхэмжлэгч нь анх 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн Т07/69 тоо зээл, барьцаа, батлан даалтын гэрээний дагуу хариуцагч “Ситишоп” ХХК, “Талх чихэр” ХХК-аас гэрээний үүрэгт нийт 2,940,386,294.37 төгрөг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Т07/96 тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762,457.42 ам.долларыг хариуцагч “Ситишоп” ХХК-аас гаргуулах гэж өөрчилж, хариуцагч “Талх чихэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК болон хариуцагч “Ситишоп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №Т07/96 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №Т07/96 тоот зээлийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 550,000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 12 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, газар барьцаалсан.

           

            Мөн талууд 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн хүүг 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс жилийн 15,0% байхаар өөрчлөлт оруулж, гэрээний бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

            Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг дарж, нотариатаар баталгаажуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж тус тус заасан.     

 

Хавтаст хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, зээл олгох тухай Капитрон банкны удирдах зөвлөлийн даргын 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №31 дугаар шийдвэр, Капитрон банкны хариуцагч “Ситишоп” ХХК-ийн нэр дээр нээсэн зээлийн дансны хуулга баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Х.Баттулга, Б.Мэдрээ, П.Мөнхсайхан нарын мэдүүлэг зэргээр зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “Ситишоп” ХХК-нд зээлийн гэрээний дагуу 550,000 ам.долларыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээ нь хуульд харшлаагүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байх ба гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хариуцагч тал нь нуун дарагдуулсан, Х.Баттулгыг хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэж төөрөгдсөн гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Гэрээнд зээлдэгч тал болох хариуцагч “Ситишоп” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Чинзориг гарын үсэг зурсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар Ж.Чинзориг нь тухайн үед тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан нь тогтоогдож байна.

 

Цаашлаад гэрээ хуулийн этгээд хооронд байгуулагдсан, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар компанийн өмчийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалсан зэргээс үзэхэд Х.Баттулга гэх хүн тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан нь зээл олгох үндэслэл болсон гэж үзэх боломжгүй байна. 

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. 

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дууссан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч тал зээл, зээлийн хүүний төлбөрийг 2009 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахийг хариуцагчид мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил тул нэхэмжлэгчийн шаардах эрх 2009 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүсч, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй ба гэрч М.Мөнхчимэг, Б.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн “ ... Х.Баттулга удаа дараа холбогдож зээлийн асуудлыг хөөцөлдөж, зээл төлөлтийг хойшлуулж байсан, тэрээр “зээлийг төлнө, зохицуулна” гэж хэлж байсан ... “ гэсэн тайлбар зэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах үндэслэл болохгүй, хариуцагч “Ситишоп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн гаргасан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762,457.42 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Талх чихэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул “Талх чихэр” ХХК-нд холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.4-д заасны дагуу гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход нэхэмжлэгч нь нийт 16,460,438 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс 15,017,826 төгрөг төлсөн байна. Иймд дутуу төлсөн 1,442,612 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулж, улсын төсөвт оруулж, “Талх чихэр” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

            ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ситишоп” ХХК-нд холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан хүү 762,457.42 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Талх чихэр” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь тэмдэгтийн хураамжид нийт 15,017,826 төгрөг төлснийг дурдаж, нэмж  1,442,612 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж, “Талх чихэр” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                 ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ

 

                                                                                                   Б.ХИШИГБААТАР